ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Ариунболдтой ярилцлаа. Тэрбээр “Хүрэлтогоот-2019” эрдэм шинжилгээний хуралд “Бог малын мялзан өвчний ийлдэс судлалын оношлуур бэлтгэн туршсан нь” судалгааны бүтээлээр оролцон, БСШУС-ын сайдын нэрэмжит судалгааны тэтгэлэг хүртсэн юм.
-2016 онд Ховд аймагт бог малын мялзан өвчин тархаж, олон тооны мал болон бөхөн үхсэн. Үүнээс үүдэн судалгаагаа эхлүүлсэн үү?
-Энэ судалгааг 2018 оноос хийж эхэлсэн. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай улс ч энэ зорилтод нэгдсэн. Анх 2016 онд манай улсад бог малын мялзан өвчин дэгдэж, 2017 онд зэрлэг амьтдад халдварласан. Уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, вакцины өмнөх тандалт судалгааны дүнг үндэслэн баруун таван аймгийн (Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий) 70 сумын бүх бог малыг вакцинжуулсан. Тиймээс бог малын мялзан өвчний дархлааны түвшнийг тогтоохын тулд вакцинжуулалтад хамруулсан баруун таван аймгийн 10 мянган бог малаас ийлдсийн дээж авч шинжилдэг. Францын IDVET компанид үйлдвэрлэсэн рекомбинант технологиор нийлэгжүүлсэн нэг уургийг эсрэгтөрөгч болгон уг шинжилгээнд ашигладаг. Энэ өндөр үнэтэй Фермент холбоот эсрэг биемийн урвалыг худалдан авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-д дээрх шинжилгээг хийдэг. Бидний судалгааны ажлын үр дүнд бий болсон ийлдэс судлалын оношлуурын шинэ цомог нь IDVET компанийнхтай адилхан үр дүн үзүүлсэн. Тиймээс энэ оношлуур нь импортын бүтээгдэхүүнийг орлох боломжтой.
-Импортын өндөр үнэтэй бүтээгдэхүүн орлох оношлуур бий болгожээ. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлбэл эдийн засагт хэр хэмнэлттэй байх бол?
-Судалгааны ажлын хүрээнд Франц улсын IDVET компанид үйлдвэрлэсэн бог малын мялзан өвчнийг оношлох 384 ийлдсийн дээж шинжлэх нэг цомгийг судалгааны үр дүнг харьцуулах зорилгоор 2.1 сая төгрөгөөр худалдан авсан. Манай улс жил бүр 10 мянган ийлдсийн дээж шинжлэхэд ашиглах бүтээгдэхүүн импортолно гэхээр хэдэн төгрөг болохыг та тооцоолж буй биз. Үүнээс гадна бидний бэлтгэсэн оношлуурын эсрэгтөрөгч уг өвчний вирусийн бүх уургийг агуулсан учир мэдрэг чанар өндөр, зөвхөн бог бус, өөр олон төрлийн мал, амьтнаас энэ өвчнийг илрүүлэх боломжтой. Манайд бог малын мялзан өвчин дэгдэхэд сарлаг өвчилсөн. Дэлхийд урьд нь ийм тохиолдол бүртгэгдэж байгаагүй бөгөөд бог малын мялзан өвчин бусад төрлийн амьтдад халдварлах боломжтойг нотолсон. Тиймээс өвчин дэгдсэн бүс нутгийн бусад төрлийн мал, амьтныг шинжлэх зайлшгүй шаардлагатай боловч оношлуур нь манайд одоогоор байхгүй. Бидний шинэ оношлуур энэ асуудлыг шийдэх боломж олгож байгаа юм. Цаашид бог малын мялзан өвчин дэгдсэн бүс нутгийн бүх төрлийн мал, амьтны ийлдсэнд шинжилгээ хийж, баталгаажуулах шаардлагатай.
-Нарийн туршилт, шинжилгээгээр шинэ цомгийг гарган авсан байх. Хэдий хугацаанд, хэр их өртөг зарцуулсан бэ?
-Энэ судалгааг ямар нэг төслийн хүрээнд хийгээгүй, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, доктор Б.Болдбаатар багшийн удирдлагад эхлүүлж, тус лабораторийн судлаачидтай хамтран хийсэн. Эерэг болон сөрөг ийлдсийн дээж шинжлэн бэлтгэсэн оношлуурын мэдрэг болон өвөрмөц чанарыг тогтоодог. Өөрөөр хэлбэл, бог малын мялзан өвчний вакцин хийсэн, хийгээгүй малаас ийлдэс авч, шинжлэх хэрэгтэй. Энэ сацуу ямааны годрон өвчин устсан, эсэхийг баталгаажуулах ажлын хүрээнд баруун аймгаас ийлдсийн дээж цуглуулж, манай хүрээлэнгийн Халдварт өвчин, дархлаа судлалын лабораторид шинжилсэн учир үүнээс ийлдэс авсан. Лабораторийн судалгаа амжилтгүй болох, шөнөөр ажиллах тохиолдол олон бий. Судалгааны ажил бүр үр дүнд хүрч, үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь ховор шүү дээ. Дотоод нөөц боломжоо ашиглан өөр төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирсэн бэлдмэл, цомгийг илүүчилж энэ судалгаагаа дуусгасан.
...Манайд бог малын мялзан өвчин дэгдэхэд сарлаг өвчилсөн. Энэ бол дэлхийд урьд нь бүртгэгдэж байгаагүй тохиолдол бөгөөд бог малын мялзан өвчин бусад төрлийн амьтдад халдварлах боломжтойг нотолсон...
-Манайд 2016 онд дэгдсэн бог малын мялзан өвчин ямар замаар халдварласан юм бол?
-Энэхүү өвчин нь анх 1942 онд Кот д’Ивуар улсад бүртгэгдэн, Сахараас урагш, экваторын бүсээс хойш орших Африкийн ихэнх орон, Турк болон Ойрхи Дорнодын бараг бүх улсад халдварласан. Улмаар Энэтхэг, баруун өмнөд Азид өргөн тархаж, сүүлийн үед Хятад, Мароккод орж ирсэн халдвар ноцтой байдал үүсгэсэн. Үүсгэгч вирус дангаар болон бусад халдвартай хавсран бөхөн, аргаль, зээр, усны одос үхрийг өвчлүүлсэн тохиолдол бий. Хүмүүс шинж тэмдэг болон нэр нь ижил учир гахай, үхрийн мялзан өвчинтэй адилтгаж ойлгодог. Гэхдээ үүсгэгч вирус нь гахайн мялзангаас өөр байдаг. Эдгээрээс би бог малын мялзан өвчнийг судалсан. Манайд ямар замаар халдварласан нь тодорхойгүй ч бог малын мялзан өвчнөөр бөхөн, янгир зэрэг зэрлэг амьтан өвчилсөн. Энэ нь хил дамжин халдварладаг гоц халдварт өвчин бөгөөд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын “Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код” жагсаалтад оруулсан байдаг. Үүний дагуу гишүүн орнууд тохиолдол бүрийг нь мэдээлэх, хорио цээр тогтоох үүрэг хүлээдэг.
-Манайд энэ өвчний вакциныг үйлдвэрлэх боломжтой юу?
-Дэлхийд бог малын мялзан өвчний хоёр төрлийн омгоор вакцин хийж байна. “Sungri 96”, “Nigeria 75” гэх омгоор үйлдвэрлэсэн вакцин нь үйлдвэрлэгчээс хамааран 1-3 жилийн дархлаа тогтоох чадвартай. Монголд мялзан өвчний вакцин үйлдвэрлэх бүрэн боломжтой. Түүнчлэн энэ өвчин нь нэг ийлдсэн хэвшилтэй учир оношилгоо хийх болон вакцинжуулахад хүндрэл багатай. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн зарим судлаач бог малын мялзан өвчний вакцин үйлдвэрлэхээр төсөл бичин, санхүүжүүлэгч байгууллагуудад хүргүүлсэн юм билээ.
-Судалгааны арга зүй, онцлогийн талаар товчхон танилцуулах уу. Франц, Өмнөд Солонгос зэрэг орны цомгийг ашигласан юм билээ.
-Бид судалгаандаа Африкийн ногоон сармагчны бөөрний буюу vero эсийн өсгөвөр ашиглан, түүндээ бог малын мялзан өвчний омгийг халдаах замаар эсрэгтөрөгч бэлтгэсэн. Бидний бэлтгэсэн эсрэгтөрөгч нь рекомбинант технологиор нийлэгжүүлсэн ганц уураг бус, тухайн үүсгэгчийн бүтцийн болон бүтцийн бус бүх уургийг агуулснаараа онцлогтой. Манай судлаачид судалгааны үр дүнгээ олон улсын жишигт нийцүүлэхийн тулд гадаадын чанартай бодис, урвалж хэрэглэхийг зорьдог. Мөн вакцин тарьсан бүс нутгаас цуглуулсан бог малын ийлдэс ашиглан, Франц улсын IDVET компанид үйлдвэрлэсэн рекомбинант уураг бүхий худалдааныхтай шинэ цомгоо харьцуулан судалсан.
-Судалгааны бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг хэрэгтэй. Холбогдох яаманд энэ талаар төсөл бичиж хүргүүлсэн үү?
-Ямар нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд олон шат дараатай ажил хийдэг. Үүнд тодорхой хэмжээний төсөв шаардлагатай. Бид энэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд холбогдох газруудад төсөл бичихээр төлөвлөсөн.
-Таныг Японд мэргэжил дээшлүүлсэн гэж сонссон. Лабораторийн шинжилгээ, судалгааны тоног төхөөрөмж, аргачлалын хувьд манайхаас хэр ялгаатай байна вэ?
-Япон болон Монголын мал эмнэлгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд жил бүр нэг малын эмчийг Япон Улсын аль нэг их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх боломж олгодог. Үүний хүрээнд 2017 оноос Японы Нихон их сургуульд нэг жилийн хугацаатай суралцаж, мэргэшсэн. Манай улсад эсийн өсгөвөрт суурилсан судалгааг одоогоор Мал эмнэлгийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, УМЭАЦТЛ зэрэгт л ашигладаг. Гэтэл Японы их сургуулиуд эсийн өсгөвөртэй, түүнийгээ турших техник, технологитой байна. Гэхдээ манай мал эмнэлгийн салбарын хөгжил, тоног төхөөрөмжийн хүчин чадал, аргачлал Японыхоос нэг их хоцроогүй.
-Саяхан Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VI чуулган боллоо. Чуулганаар ямар асуудлыг чухалчлав?
-Монголын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн төлөөх дэвшилтэт шинжлэх ухаан” уриатай залуу эрдэмтэн судлаачдын үндэсний VI чуулган болж, 300 гаруй залуу судлаач оролцлоо. Энэ чуулганаар Mонгол Улсын шинжлэх ухааны тогтолцооны хувьсгал, бүтээлч харилцаа ба төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдвээр сонирхолтой илтгэл танилцуулж, хэлэлцсэн. Японы их сургуулиуд болон хүрээлэнгүүд тоног төхөөрөмжөө хуваалцаж, хамтран ажиллах замаар илүү хурдан үр дүнд хүрдэг юм билээ. Монголд үүнийг нутагшуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн нь авууштай байсан.
Бэлтгэсэн: Б.Уянга