- Хуванцар саванд исгэсэн бол айраг биш-
Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо уржигдар ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны XIV хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталжээ.
Тус хуралд оролцож буй БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Н.Уртнасан, Соёлын өвийн үндэсний төв болон төрийн бус байгууллагын төлөөллүүд багтжээ.Энэ үйл явдалтай холбогдуулан “Айрагны нутгаар” ТББ-ын тэргүүн, түүхийн ухааны доктор, бригадын генерал Ч.Сосорбарамтай ярилцлаа.
-Айраг гэж юу вэ гэвэл мэдэхгүй монгол хүн үгүй. Ёстой найман настай хүүхэд ч хэлнэ. Харин үндэсний уламжлалт энэ идээг олон жил судалсан хүний үг өөр байх.
-Айраг бол монголчуудын идээ ундааны нэгэн уламжлалт соёл юм. Нэгдүгээрт, нүүдэлчдийн ундааны нэг төрөл. Айраг исдэггүй газарт тараг хийж уудаг нь ч бас ундааны нэг хэлбэр. Айргийг эко ундаа гэж хэлнэ. Нөгөө талаараа хүндэтгэлийн нэгэн ёс уламжлал. Солонгост сөжүний, Японд сакэйний, Герман, Польш, Чехэд шар айрагны, Франц, Итали, Испанид дарсны, Хятад, Энэтхэгт цайны баяр хийдэг. Энэ бол тухайн орны соёлын өв учраас уламжлалаа авч үлдэж байгаагийн илрэл. Үүн шиг монголчуудын хувьд айрагны баяр хийх гэдэг бол эцэг, өвгөдөөсөө уламжлан ирсэн идээ ундаагаа хүндэтгэж байгаа уламжлал гэж үздэг. Айраг зун шингэн төрлийн ундаа байсан бол намар дарс, шар айрагны хэмжээнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн зугаа цэнгэл, найр, наадмын идээ ундаа болдог.
-Монголчууд зарим нутгийн айргийг илүү сайхан амттай гэдэг. Жишээ нь, Булганы Могодын, Сайханы, Өвөрхангайн Бүрдийн, Архангайн Хотонтын гэх мэт. Энэ нь юутай холбоотой вэ?
-Үүнд таван шалтгаан байдаг. Нэгдүгээрт, цаг агаар маш чухал. Сайхан амттай айраг исгэхэд хэт халуун ч биш, хүйтэн ч биш байх ёстой. Энэ талаар судлаач Ц.Дамдинсүрэн гуайн судалгаанаас тодорхой харж болно. Гүүгээ тавьчихаад саамаа хийх үеийн агаарын температур их чухал. Жишээ нь, Сэлэнгэд харьцангуй хүйтэн учраас айраг исдэггүй. Говийнхон айраг хийдэггүй шалтгаан нь халуунд хахраад жинхэнэ айраг болдоггүй. Үүнийг малчид сайн мэднэ. Халуун зун унага харангадаж, гүү барих байтугай том асуудал гардаг. Хоёрдугаарт, тухайн нутагт ургаж байгаа өвс ургамал, бэлчээрээс шалтгаалдаг. Адуу, малын идэж буй ургамлууд нутаг бүрт ялгаатай учраас айраг янз бүрийн амттай болдог. Жишээ нь, Баянхонгорт айргандаа лиш цэцэг, сүү, ус хольж исгэдэг онцлогтой. Мөн Орхон, Туул голын бэлчир нутагт өвс ургамал элбэг учраас айраг сайхан амттай исдэг. Гуравдугаарт, айраг исгэдэг уламжлалтай газар нутаг гэж бий. Олон зуун жилийн турш исгэсэн болохоор бусад нутгийг бодвол илүү арга, технологид суралцсан байдал харагддаг. Дөрөвдүгээрт, ямар хөрөнгөөр яаж исгэж байгаагаас шалтгаалдаг. Тавдугаарт, тухайн айлын үүд гэсэн ойлголт бий. Зэргэлдээ хоёр айл айраг исгэлээ гэхэд амт нь мэдэгдэхүйц өөр байдаг. Адуу нь ижилхэн ургамал иддэг, айраг нь адилхан температурт исдэг. Тэгсэн хэдий ч амт нь өөр болдог. Энэ нь тухайн айл гэрийн уур амьсгал, сэтгэл санаа, хүмүүжил зэргээс шалтгаалдаг гэж үздэг. Дээрээс нь монголчууд айргийг яг л хүүхэд шиг аргаддаг. Хүүхэд мэт асаргаа шаарддаг, халууныг нь байнга үзэж мэдэж байхгүй бол амт нь өөрчлөгддөг гэх мэт соёлын уламжлалт зан үйл бий.
-Та хэдэн жил айрагны судалгаа хийж байгаа вэ?
-2011 онд “Айрагны нутгаар” ТББ байгуулаад үндэсний уламжлалт ундааныхаа талаар судалгаагаа хийж эхэлсэн. Манай байгууллага нийт найман жилийн турш нутаг, нутгийн айргийг судалж байгаа, сүүлийн гурван жилийн хугацаанд “Хөхүүрийн айрагны наадам” зохион байгуулж байна. Айргийг хөхүүрэнд исгэх гэдэг чухал. Улмаар байгальтайгаа ойр, илүү эко, эмчилгээний чанар нь ч сайн. Харин хуванцар саванд исгэхэд тэдгээр чанар бүгд алдагддаг. Ер нь хуванцар хүний биед сөрөг нөлөөтэй гэдгийг бид байнга ярьдаг хэрнээ хэрэглэсээр л байна. Тиймээс хөхүүрийн айргийг илүү суртачлах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Хөхүүрэнд айраг исгэхэд илүү хөдөлмөр шаарддаг. Жишээ нь, хөхүүрээ хураах, арчлах, өвөл хөлдөөхгүйгээр хадгалах гээд тэр чигээрээ соёл. Сүүлийн үед залуучууд энэ байдлаас илүү төвөгшөөдөг болсон. Би айрагтай нутгийн хүү болоод ч тэр үү айраг бол миний сонирхол. Нөгөөтээгүүр би цэргийн түүхч хүн. Миний судалгааны ажилтай айраг салшгүй холбоотой. Ажлын хүрээнд Орхон голын бэлчир гэж ямаршуухан газар вэ, голын түмэн гэж ямар хүмүүс вэ гэх мэтээр тэдгээрийн онцлогийг судлах зорилт тавин, ажиллаж байна. Би түүхийн ухааны докторын зэргээ “Монгол Улсын халхалт, хамгаалалтын тогтолцоо” гэдэг сэдвээр хамгаалсан. Үүнтэй айраг тодорхой хэмжээнд холбогддог.
-Сүүлийн үед угаалгын машинд айргаа исгэж байгаа сураг дуулдсан.
-Энэ бол өмнөх нийгмийн үед ч гарч байсан. Яг үнэндээ угаалгын машины эргүүлэх технологи, модон бүлүүрээр бүлэх технологи хоорондоо маш их ялгаатай. Жишээ нь, угаалгын машинаар эргүүлвэл тодорхой хэмжээнд исэх хэдий ч жинхэнэ айрагны амт, бүтэц, хэлбэр нь алдагддаг.
-“Айрагны нутгаар” ТББ жил болгон л айрагтай нутгаар явж, судалгаа хийдэг гэлээ. Таныхаар хамгийн сайхан айрагтай нутаг хаана вэ?
-Нутаг болгон өөрсдийнхөө айргийг сайхан гэдэг. Гэхдээ олон нийт юу гэх нь хамгийн чухал. Үүнийг монголчууд ерөнхийдөө тодорхойлчихсон гэж хэлж болно. Булганы Сайханы, Архангайн Есөнзүйл, Өвөрхангайн Бүрд, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн, Дундговийн Эрдэнэдалай, Адаацаг гэх мэт сумд сайхан айрагтай. Гэхдээ Булганы Могодын айргийг тодорхой хугацаанд хадгалсан ч гэсэн дараа нь уухад амт нь өөрчлөгдөөгүй байдаг. Төв аймгийн, Булганы Сайханы айргийг нутагт нь очоод уухад хачин сайхан. Өөрөөр хэлбэл, зарим нутгийн айргийг хот руу тээвэрлээд авчирсан хойно нь уухад амт нь өөрчлөгдсөн байдаг.
-Айргийг монголчууд төдийгөөс хүнсэндээ хэрэглэж иржээ гэсэн түүхийн эх сурвалж байдаг уу?
-Хүннүчүүдэд исмэг ундаа байдаг талаар Хятадын олон эх сурвалжид бичсэн байдаг. Мөн X зуунаас айраг нь монголчуудын нийтлэг ундаа болсон тухай эртний түүх, шаштирт ихээр бичсэн. “Монголын нууц товчоо”-нд айрагны талаар дурдсан хэсэг олон. Жишээ нь, “Сорхон шарынх шөнөжингөө айргаа бүлж хонодог уламжлалтай. Тэднийхыг шөнөөр айргаа бүлж байгаа дуугаар нь амархан олдог” гэж бичсэн. Мөн гүү сааж байсан Боорчи Тэмүүжиний анд болдог шүү дээ. 1258 онд Францын жуулчин Вилгельм Рубрук тэмдэглэлдээ “Баруун Европт айраг байсан талаар болон Татарын хааныд согтоох чанартай ундааг гүүний сүүгээр исгэдэг” талаар дурдсан. Мөн эртний нийслэл Хархорум хотод мөнгөн модны нэг цоргоос нь айраг гоожиж байсан гэх мэт олон сурвалж бий. Тиймээс айраг бол монголчуудын өнө эртний уламжлалт идээ ундаа юм.
-Айрагны зан үйлийн талаар танаас асууя гэж бодлоо. Жишээ нь, гүү барих, адуу тамгалах, хөрөнгө залах зэрэг зан үйл бүгд айрагтай холбоотой.
-Соёлын биет бус өв хэмээж байгаа энэхүү уламжлалаа монголчууд хүндэтгэж, олон ёс, үйл хийдэг. Жишээ нь, унага барих ёс гэж байдаг. Ямар унага барихаас шалтгаалж өдөр, цагаа тогтоон, айл, хотлоороо цугларч ёс гүйцэтгэдэг. Айргаа бүлэх цаг, хөхүүр, саах саваа хүртэл бэлгэ дэмбэрлийг нь бодон бэлддэг. Цаашлаад айргаа хаана байлгах, юугаар бүлэх вэ зэрэг нутаг болгоны зан үйл өөр өөр. Дээрээс нь айрагны хул бол монголчуудын хувьд их чухал. Айраг аягладаг хутгуур нь хүртэл ямар хээтэй байх вэ гэдгийг бодож хийдэг. Хөрөнгөө гаргаж авах ч гэсэн том өв, соёл юм.
-Монголчууд эдгээр соёл, зан үйлийг хэр мартсан бэ? Мэдэхгүй хүн олон байгаа.
-Социализм монголчуудыг уламжлалт амьдралын хэв маягаас салгасан. Зарим соёл, уламжлал мартагдахад хүрсэн. Гэхдээ яг өнөөгийн нүдээр харахад чухалд тооцогдох уламжлалаа хадгалж үлджээ. Өнгөрсөн арван жилийн хугацаанд л гэхэд гүүгээ бариад, айргаа исгэдэг байсан айл улам ховордлоо. Хамгийн гол асуудал энэ соёлын өвийн залгамжлагч нар нь хэн байх вэ гэдэг асуудал. Өмнө нь айраг хийдэг байсан миний мэдэх зарим айл гэнэтхэн адуугаа зараад хот руу нүүчихсэн. Учир нь, хүүхэд нь томроод, сургуульд орох болсонтой холбоотой гэнэ. Зарим айл хөдөөний амьдралын хэв маягаас салах зорилготойгоор сумын төвд амьдарч байна. Айраг исгэнэ гэдэг бол гэрийн эзэн, эзэгтэй, үр хүүхдийн хувьд хүнд, хүчир, хамтын хүч шаардсан ажил учраас уламжлалт ундаагаа бэлтгэдэг айл цөөрч байгаа нь бидний санааг зовоодог. Монголчуудаас бусад газар айраг хийх уламжлал алдагдсан. Жишээ нь, Тажикистан, Киргиз, Казахстанд айраг хийдэг уламжлал байдаг ч үйлдвэрийн аргаар гарган авч байна. Энэ нь гүүгээ бариад, хөхүүрэнд исгэх аргаас гажсан. Өвөрмонголчууд энэ уламжлалаа сэргээхээр оролдож байна. Төв аймгийн Баянцогт сумын хоёр малчныг сарын 5000 юанаар хөлслөн, туршлага судалсан талаар нэг судлаач ярьсан. “Айрагны нутгаар” ТББ-ын хувьд эхний ээлжинд айрагны соёлыг сурталчлах, ялангуяа хөхүүрэнд нь айраг исгэхийг уриалж байгаа. Үр дүн нь гарч эхэлсэн.
-Францын судлаач Изабелла Бианка Монголын айргийг судлах гэж манай оронд 14 удаа ирж судалгаа хийсэн гэдэг. Тэгвэл Mонголд өөртэй чинь ижил айрагны талаар судалдаг судлаач хэр олон байдаг юм бол?
-Францад “Гүүний сүүний найрлага” сэдвээр шинжлэх ухааны доктор хамгаалсан судлаач Б.Очирхуяг энэ зун бидэнтэй хамт явж, тодорхой ажил хийхээр зорьсон. МУИС-д Дамдинсүрэн гэж айрагны талаар судалгаа хийсэн эрдэмтэн бий. Бид эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа. Хажуугаар нь энэ соёлоо түгээх тал дээр ажилладаг. Саяхан эмч Б.Болдсайхан “Айраг, борцноос илүү сайн хоол гэж байдаггүй” гэж хэлсэн. Энэ бол маш үнэн. Өнгөрсөн зун Японы 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг манай оронд ирээд айрагны бүтцийн талаар судалсан. Францчууд Булган аймагт айрагнаас хуурай сүү гаргах технолгийг судалж, хөгжүүлж байгаа. Мөн хөрөнгө бэлтгэх талаар судалгаануудыг ч бас судалсаар байна. Тэгэхээр айргийг гадаадынхнаас илүү бид судлах хэрэгтэй. Учир нь, айрагны соёлыг бид л үргэлжлүүлэн авч явна шүү дээ. Үүнийг манай байгууллага уриалдаг.
-Айрганд эмчилгээний чанар хэр их байдаг вэ?
-Айраг хүний уушгинд маш сайн гэдэг нь тогтоогдсон. Казахстан, Киркиз, Тажикистан, Өвөр Монголд айргийг голцуу эмчилгээний зорилгоор уудаг. Харин монголчууд хахир хатуу өвлийг давахад тустай C витаминаа нөхөхөөр уудаг.
Бэлтгэсэн: Т.Идэр