Хөнгөн атлетикийн спортод 17 настайдаа хөл тавин, хүсэл мөрөөдлийнхөө төлөө есөн жил уйгагүй зүтгэж амжилтаас атгасан тамирчин бол ОУХМ Б.Мөнхзаяа. Үндэсний шигшээ багийн тамирчин, өдгөө “Алдар” спорт хороогоор овоглодог тэрбээр 3, 5, 10, 21, 42 км гэсэн таван зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг. Хурд сорьж, шагналын тавцанд медаль зүүсэн олон тэмцээн түүнд бий. Тухайлбал, 2017 онд Тайванийн “New taipei” олон улсын марафонд түрүүлж, алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин. Мөн БНСУ-д зохион байгуулсан Гунсан, БНХАУ-ын Доняан, 2018 онд тус улсын Шиан, Япон, Монгол тал нутгийн, Улаанбаатар олон улсын марафон, УАШТ-ий 5000, 10 000 метрийн зайн уралдаанд тэргүүн байр эзэлж, хос алтан медаль хүртсэн гээд тоочвол урт жагсаалт гарна. Тивдээ амжилтаараа танигдаж, дэлхийн тавцанд зогсох мөч түүнд ойрхон. Марафонч бүсгүйг “Таван цагариг”-ийн “Залуус” буландаа зочноор урьж ярилцлаа.
-Монголын хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчдаас одоогоор олимпын эрх авсан ганц тамирчин нь та. Энэ жил олон тэмцээнд хурд сорьсон. Хонконгод болсон марафон, Австралийн Голд Костын олон улсын тэмцээн, Катарын Дохад зохион байгуулсан ДАШТ-д өрсөлдлөө.
-Австралид өрсөлдөхийн тулд өнгөрсөн зургадугаар сард бэлтгэл сургуулилалтаа шаргуу базаасан. Өөртөө итгэлтэй байсан тул олимпын эрх авах зорилго өвөртөлж явсан. Тэмцээнд 30 улсын 100 гаруй тамирчин хурд сориход эхний зургаан байрт шалгарсан тамирчдад эрх олгосон. Би IV байр эзэлж, хоёр цаг 29 минут 12 секунд гүйсэн амжилтаар “Токио-2020” олимпод оролцох эрх өвөртөллөө. Хөнгөн атлетикийн тамирчид тэмцээнд цаг, нормативаар эрх авдаг. Энэ жил эмэгтэйчүүдийг хоёр цаг 29.30, эрэгтэйчүүдийг хоёр цаг 10.30 секундээр урагш ахиулж, эхний байр эзэлсэн 80 тамирчинд олимпын эрх олгосон. Олимпын эрх олгох тэмцээн урьд урьдынхаас босго өндөртэй болж байгаа. Монголын тамирчид тэмцээнд амжилттай оролцож, олимпын эрх нэмж авна гэдэгт итгэлтэй явна.
-Катарын Доха хотын цаг агаар халуун байсан тул ДАШТ-д өрсөлдсөн тамирчдыг шөнө уралдуулсан. Зарим тамирчин замын дундаас уралдааныг орхиж байсан гэл үү?
-Тийм ээ. Катарын Дохад өдөр нь 45-50, шөнөдөө 30-35 градус халуун байсан. Тиймээс ДАШТ-д оролцсон тамирчид 23.00 цагаас хойш хурд сорьсон. Тэр их халуунд хөлс гарч, ядарсан болохоор миний хувьд замаа дуусгаж, барианд орохыг бодож байлаа. Гараанаас гарсан 70 эмэгтэй тамирчны олонх нь уралдааныг замаас нь орхисон. Хөнгөн атлетикээр алдартай Этиоп улсын шилдэг гурван эмэгтэй тамирчин хүртэл замын дундаас гарсан байна лээ. Mанай эмэгтэй тамирчид асар их тэвчээр гаргасан. Замын дундаас орхимоор санагдсан ч эх орныхоо нэрийг бодож хичээсэн. ОУХМ Б.Хишигсайхан 25, би 35 дугаар байр эзэлж байв. Бүгчим халуунд гүйхэд хүн амьсгалж чадахгүй давчдаж, хөлсөөрөө эрдэс бодисоо гадагшлуулж, амархан сульддаг. 30 градус гарч халдаг ч сэвэлзүүр салхитай Монголоо тэр үед их санасан.
-Шинэ жилийн уур амьсгал хэдийн оржээ. Хөнгөн атлетикийн олон улсын марафон оны дараа болдог. Гэр бүлээрээ баяраа тэмдэглэчихээд тэмцээнд оролцохоор явах уу?
-Шинэ оны дараахан Японд тэмцээн болно. Нөхөр бид хоёр шинэ оныг гадаадад угтдаг болоод удаж байна. Сүүлийн таван жил шинэ жилийн баяраа гэртээ тэмдэглэсэнгүй. Хөнгөн атлетикийн тамирчид байнгын бэлтгэлтэй байхгүй бол амжилт нь амархан буурдаг. Монголд өвлийн улиралд бэлтгэл хийх тохиромжтой газар байхгүй болохоор Хөх хотыг зорьдог. Энэ жил тэнд шинэ оныг угтах болов уу.
-Японы NHK телевизийнхэн таны спортын замнал, амжилт, амьдралын тань талаар өгүүлсэн 50 шахам минутын баримтат кино хийж, өнгөрсөн гуравдугаар сард олны хүртээл болгосон. Та энэ тухай нэг ч дурсаагүй шүү дээ.
-Тийм ээ, ярихгүй байх шалтгаан байсан юм. Би 2018 оны арваннэгдүгээр сард Японы Кобе хотод болсон марафонд уралдаж, II байрт шалгарсан. Тэндээс ирээд удаагүй байтал миний сэтгэлзүйчээр ажилладаг С.Батхишиг эгч “Японы NНK телевизийн уран бүтээлчид өөрийг тань зочноор урьж, баримтат кино хийх санал тавьж байна” гэлээ. Түүнтэй ярилцаад, япончуудтай хамтран ажиллах саналыг нь хүлээж авсан. Тус телевизийнхэн миний тухай баримтат кино хийх гэж сар гаруй дагалдаж зураг авсан. Киноны зургийг Хятадын Тяньжинь, Хөх хотод аваад зогсоогүй Монголд ирж, нутагт минь очин, аав ээж, нөхөр, хүүхэд, ах, дүүстэй минь танилцаж, хөдөөгийн ахуй амьдралыг сонирхсон юм. Сүүлчийн зургаа Хонконгод болсон олон улсын марофоны үеэр авсан. Тэр марафонд гүйсэн агшин бүрийг алдахгүй авч байлаа. Хөнгөн атлетикийн спортод хөл тавьсан миний амьдрал, амжилт, спортын замналын талаар хийсэн баримтат кино Японы NНK телевизээр өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд цацагдаж, олны хүртээл болсон. Япончуудтай хамтран ажиллахдаа хийж буй зүйлдээ хариуцлагатай хандаж, сэтгэлээ зориулж чаддаг чанараар нь бахархлаа. Тэд надад талархсанаа илэрхийлээд “Бидний бүтээсэн баримтат кино олны хүртээл болсны дараа та энэ тухай ярьж болно” гэсэн. Тиймээс би энэ тухайгаа ямар ч хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаагүй, хэнд ч хэлээгүй. Энэ удаа “Таван цагариг”-т задалж, спорт сонирхогчидтой хуваалцахыг хүслээ.
АЗИЙН МАРАФОНЧДЫН ЦЭЭЖИНД ГАРЧ ЭХЭЛСЭН БОЛОХООР СОНИРХЛЫГ НЬ ТАТСАН ГЭСЭН
-Баттай зүйл сонсох гэж би их хүлээсэн. Өөрөөс нь тань энэ тухай яриулахад тун сонирхолтой байлаа. Одоо тэгвэл япончууд Монголын тамирчны тухай хэдийн мэддэг болжээ.
-Баримтат киног олимп болтол олон удаа гаргахаар төлөвлөсөн гэсэн. “Токио 2020” олимпын наадмын өмнө зурагтаар гарч, Японы ард түмэнтэй танил болсондоо сэтгэл өндөр байна. Тэд Азийн орнуудаас монгол тамирчныг сонгож, спортын амжилт, замналаар нь баримтат кино хийх гэж байгаа нь надад эхэндээ сонирхолтой санагдсан. Одоо япончууд тэр чигээрээ олимпоор амьсгалж байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэн нь дэлхийн өнцөг булан бүрээс ямар тамирчин ирэхийг судлан, танилцуулж эхэллээ. Тэд орон орны хамгийн шилдэг, медаль авах магадлалтай тамирчдыг судалж, нэвтрүүлэгтээ оруулж байгаа юм билээ. Тэр үед Монголын тамирчин сүүлийн жилүүдэд тогтмол амжилт гаргах болсон тул сонирхлыг нь татсан юм гэсэн. Манайхан энэ спортоор олимпод оролцсон ч амжилт гаргаж, медаль хүртээгүй. Дэлхийд Кенийн тамирчид энэ спортод хэнийг ч өмнөө гишгүүлдэггүй шүү дээ. Гэтэл сүүлийн хоёр жил Монголын тамирчин Азийн томоохон тэмцээнүүдийн цээжинд гарч, шагнал хүртэж эхэлсэн тул анхаарлыг нь татсан гэж тэд надад хэлсэн. Тал нутагт тэгтлээ хөгжөөгүй хөнгөн атлетикаар монголчууд ямар тамирчин бэлтгэж байгааг сонирхож, намайг судалж эхэлсэн юм байх. Тэр дундаа гэр бүл, үр хүүхэдтэй тамирчин амжилт гаргаад байгаа нь тун сонирхолтой санагджээ. Японд хүүхэдтэй хөнгөн атлетикийн тамирчин байдаггүй юм гэсэн. Японы тамирчдад баримталдаг хатуу зарчим бий. Амжилт гаргаагүй цагт хүүхэдтэй болохыг дасгалжуулагчид нь зөвшөөрдөггүй гэнэ лээ. Кобегийн тэмцээнд II байрт шалгарахад Японы олон телевиз миний тухай нэвтрүүлэг бэлтгэхээр хайсан юм байх. Тэднээс NHK намайг олж, 50 шахам минутын нэвтрүүлэг хийх санал тавьсан нь тэр.
-Японд миний найз нөхөд ажиллаж, амьдардаг. Тэд тус улсад таны фэн клуб байгуулагдаж байгаа тухай дуулгасан.
-Тийм ээ. Тэд энэ нэвтрүүлгээрээ амжилт нь ахиж буй тамирчныг сонгож, олимпод фэн үүсгэх зорилготой байв. Баримтат кино энэ сарын 8-нд Японд дахин гарсан. Одоо тэнд фэн клуб байгуулж, албан ёсны твиттер хуудсаар мэдээлэл цацаж эхэллээ. Баримтат киноны төгсгөл хэсэгт Хонконгийн тэмцээнд оролцох үеэр өнгөрсөн хугацаанд хийсэн бэлтгэл сургуулилалт, тэмцээнд хэрхэн амжилт гаргаж байгааг харуулсан юм. Миний зорилго эхний гурван байрт шалгарах байлаа. Гэхдээ VI байрт орсон. Ямар ч тамирчин тэмцээнд түрүүлнэ гэж оролцоод, байр хойшлоход сэтгэл нь ямар байдаг билээ, би тийм л сэтгэл хөдлөлийг харуулсан байх л даа. Тамирчин хүн ямар их хөлс, хөдөлмөр, хүч зарцуулж амжилт руу тэмүүлдгийг тэд харуулахыг хичээсэн биз. Тийм л үед тамирчдаа хайрлаж, спортын төлөө өөрийнхөө дуртай бүхнээс татгалзан, олон зүйлийг золиосолж ирснийг мэдрэх торгон агшныг баяр, гунигийн нулимстай, тамирчны жинхэнэ баггүй дүр төрхөөс олж харуулахыг л зорьсон юм билээ.
-Хэзээнээс сэтгэлзүйчтэй болов. Амжилт гаргахад тань хэр нөлөөлж байна вэ?
-Би С.Батхишиг эгчтэй 2018 оноос хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн долдугаар сард Австралид болсон тэмцээнд хамт явсан. Япон хэл мэддэг болохоор орчуулагчийн үүрэг давхар гүйцэтгэдэг. Намайг оролцох тэмцээнд бүртгүүлэх, гарааны өмнөх өдөр сэтгэл зүйн бэлтгэл хэрхэн хангасан байх талаар зөвлөгөө өгөх зэргээр түшиг тулгуур болдог. Бэлтгэл хийх үед анхаарлыг минь зөвхөн тэмцээнд хандуулж, хийхээр төлөвлөсөн ажлуудыг миний оролцоогүйгээр амжуулдаг юм. Миний хувьд сэтгэлзүйчтэй болсноор өмнөх тэмцээнүүдээсээ амжилт илүү гаргах болсон.
-Нөхөр тань шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг. Тамирчны хувьд ханиасаа хааяа шүүмжлэл сонсдог уу?
-Гэр бүлийн минь хүнийг Б.Доржпалам гэдэг, ОУХМ цолтой. 2017 оноос хойш хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Үргэлж магтуулна гэж юу байх вэ, нөхөртөө шүүмжлүүлж, хатуу үг сонсдог. Миний хувьд бэлтгэл хийж, тэмцээнд оролцох, эзэгтэйн үүргээ гүйцэтгэж, ар гэртээ анхаарал хандуулах гээд ачаалалтай байдаг. Тэмцээнд алдаа гаргах, дутуу дулимаг зүйл харагдвал үнэнээр нь хэлдэг. Заримдаа нөхөртөө туньж гомдоно, бас уйлна. Тэр үед “Ажлын орчинд ажлаа, гэртээ гэр бүлийнхээ асуудлыг ярилцъя. Би дасгалжуулагч чинь шүү дээ. Чамаас гадна олон тамирчин дасгалжуулж байна. Чи ойлгохгүй бол хэн намайг ойлгох юм. Тамирчдынхаа дэргэд гэртээ байгаа шигээ байж болохгүй. Ажлын талбарт амьдрал, хувийн асуудлаа холихгүй байя” гэдэг юм. Хоёулаа нэг спортод хамтдаа зүтгэж байгаа болохоор нэгнээ сайн ойлгож, дэмждэг. Нэг зорилгын төлөө хөдөлмөрлөхөд амжилтад хүртэл нөлөөлдөг юм. Намайг олимпын эрх аваад эх орондоо ирэхэд нөхөр минь их баярлаж “Ханиараа маш их бахархлаа, үүнээс ч илүү амжилт гаргахын төлөө хамтдаа зүтгэнэ” гэж урам хайрласан.
ОЛИМПОД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОНЫ ДАРАА ХҮҮГЭЭ ДҮҮТЭЙ БОЛГОХ БОДОЛ БИЙ
-Спортод хөл тавьсан тамирчдын ар гэр орхигдох нь энүүхэнд. Энэ бүхнийг тэмцээний хажуугаар хэрхэн амжуулж байна вэ?
-Тамирчид ар гэрийн амьдралаас илүү амжилт гаргахын төлөө анхаарал хандуулдаг. Гэртээ амрах, өөртөө анхаарах зав бараг гардаггүй. Тэмцээнээс тэмцээнд оролцож явтал нэг оныг үдэж, нөгөө оныг угтдаг. Бид нэг хүүтэй. Хүү минь ирэх жил сургуульд орно. Тамирчин хүн залуу насандаа амжилт гаргадаг. Бид амжилт гаргах насандаа яваа болохоор олон зүйлд сатаарахгүйгээр спортын төлөө зүтгэж байна. Тиймээс гэр бүлийн амьдралаа төлөвлөн ярилцаж, бүл нэмэхээ түр хойшлуулсан. Намайг үргэлж дэмжин, урам хайрлаж ирсэн аав, ээждээ их баярладаг. Хүүг минь хайр халамжаар дутаахгүй асарч байгаа болохоор бид сэтгэл тайван явдаг. “Токио 2020” олимпод амжилттай оролцсоны дараа хүүгээ дүүтэй болгох бодол бий.
-Үндэсний шигшээ багт багтсанаар гадагшаа тэмцээнд оролцох боломж нээгдэж, зардалд санаа зовохооргүй болсон биз.
-Хичээл зүтгэл гаргасны хүчинд 2016 онд үндэсний шигшээ багт хөл тавьсан. Одоо бүх зүйлээр хангаж байгаа. Шигшээ багийн тамирчин болоогүй байхад тэмцээнд оролцох амаргүй байлаа. Хоёулаа цалингийн зээл аваад тэмцээнд оролцоно. Тэр үед “Энэ спортод сэтгэл гаргавал хэзээ нэгэн цагт амжилтад хүрнэ. Амжилт гаргавал шигшээ багт багтах боломж ойрхон байна” гэж ярилцдаг байв. Бид зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшилсан. Хэцүү санагддаг бүхэн минь ард хоцорч, одоо “Алдар” спорт хороогоор овоглосон. Амьдрал, зорилгыг минь учир утгатай болгон хөглөж, амжилт руу хөтөлсөн тэр он жилүүдэд бид одоо ч талархдаг.
-Таныг Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэснийг мэднэ. ХААИС-иа яагаад орхих болсон юм бэ?
-Би өмнө нь ХААИС-ийн газрын кадастрын ангид сурч байгаад орхисон. Тамирчин болох хүсэл, мөрөөдөл минь намайг ҮБТДС руу алхуулсан. Багш, дасгалжуулагч мэргэжил минь ч таалагддаг. Намайг тэмцээнд оролцож эхэлсэн цагаас сургуулийн удирдлага, багш нар минь их дэмжсэн. Хөнгөн атлетикаар амжилт гаргаж, байр сууриа олоход төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил маань их нөлөөлсөн. Хүн дуртай зүйлийнхээ төлөө хэцүү бүхнийг даван туулж чаддаг. Би ч бас хэцүү бүхнийг ардаа орхисоор өдий зэрэгт хүрлээ.Намайг суралцаж байх үед манай сургуулийн олонх оюутан хөнгөн атлетикаар хичээллэдэг байв. Одоо тэмцээнд оролцдог тамирчдын олонх нь энэ сургуулийн төгсөгч.
-Хөнгөн атлетикаар хичээллэдэг тамирчдын олонх нь хөдөө өссөн байдаг юм билээ. Өссөн орчинтой нь энэ спорт ойр болохоор сонирхож хичээллэдэг байх л даа.
-Би Дорнод аймгаар овоглодог. Гэхдээ уугуул нутаг минь Сүхбаатар аймгийн Дарьганга сум. Миний нөхөр Увс аймгийнх. Өнгөрсөн зун нөхрийнхөө нутгаар явж, хэд хоног амарч, алжаал тайлсан. Хамгийн чухал, хариуцлагатай оролцох тэмцээний нэг нь олимпын эрх олгох тэмцээн байлаа. Эрх авчихсан болохоор одоо бататгаж тэмцээнд өрсөлдөнө. Намайг энэ спортоор хичээллэж, амжилтын гараагаа эхлүүлж байхад аав, ээж минь “Сонирхож байгаа спортодоо хөл тавьсан бол тууштай хичээллээрэй. Өөрийн зорьсон зүйлдээ хүн сэтгэл гаргаж зүтгэвэл амжилтад хүрдэг юм” гэж хэлж байлаа. Одоо манайхан миний хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч. Энэ спортоор сонирхож хичээллэдэг залууст “Аливаа зүйл эхэндээ хэцүү ч даван туулах тусам амархан болдог. Нэг спортоор хичээллэж байгаад таалагдахгүй бол нөгөөг нь сонгох биш өөрийн дуртай спортод сэтгэл зүтгэлээ зориулаад үз, хөдөлмөрлөсөн цаг хугацаа, хөлс дуслуулсны тань хэрээр амжилт ирдэг юм шүү” гэж хэлье. Энэ ташрамд, чин сэтгэлээсээ туслан дэмжиж ирсэн гэр бүл, найз нөхөд, багийнхаа тамирчдад болоод “Алдар” спорт хорооны хамт олон, багш дасгалжуулагчдад, мөн бидний тэмцээнийг үзэж урам хайрлаж, эрч хүч өгдөг спорт сонирхогчиддоо талархаж явдгаа уламжилъя.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг