Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Б.Мөнх-Амьдралыг “Залуус” буланд урилаа. Тэрбээр энэ сард үзэгчдийн хүртээл болгох УДЭТ-ын шинэхэн уран бүтээл “Миний аав, миний баатар” хүүхдийн жүжгийн зохиолыг бичиж, найруулж буй юм.
-Найруулагчийн мэргэжил хаана эзэмшив. Хэн багшийн шавь бэ?
-Би КУДС-ийг 2006 онд Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж багшийн удирдлагад төгссөн.
-Аав тань таны ажиллаж буй театрт насаараа ажилласан юм билээ. Театрын тайзны ард өссөн болохоор багаасаа урлагт дурласан байх даа?
-Аав минь Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт зураач байлаа. Театрын уран бүтээлчдийг тарсны дараа аав минь том цагаан даавуу дэлгэж байгаад л дараагийн тоглолтын зарлал бичдэг сэн. Тэр хооронд нь би театраар сэлгүүцнэ. Хүүхдүүд цэцэрлэгт өнждөг бол би театрт тоглож өссөн. Гэхдээ хэзээ ч тайзан дээр дураараа гарч байгаагүй. Аав минь болохгүй гэж сургасан юм. “Батаагийн хүү Мөнх-Амьдрал дуулна” гээд л аав намайг зарлангуут би цонхны хөшигний араас гарч ирээд хангинатал дуулдаг байв. Намайг урлагт хөтөлсөн хүн бол миний аав.
-Залуу уран бүтээлчдийн олонх нь орон нутагт бус, Улаанбаатар хотод ажиллахыг урьтал болгодог. Харин та сургуулиа төгсөнгүүтээ Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт ажилласан юм билээ. Яагаад ингэж шийдсэн юм бэ?
-Төрсөн нутагтаа ажиллахаас юунд халгах вэ дээ. Сургуулиа төгссөний дараа хотод ажиллах санал их ирсэн ч нутаг руугаа буцахаар шийдсэн юм. Тухайн үед аавын бие муудаж, удалгүй өөд болсон. Аавынхаа ажиллаж байсан театраас уран бүтээлийн гараагаа эхлэх нь зөв санагдаж, ажилласан даа. Ер нь хот, хөдөө ялгаагүй л бүтээлээ туурвиж, үзэгчдэд хүргэдэг. Хөдөлмөрлөж л чадвал орон нутагт сайхан амьдрах боломж бий.
-Гараагаа ямар уран бүтээлээр эхлэв. Өнгөрсөн хугацаанд хэчнээн уран бүтээл үзэгчдэд хүргэж амжив?
-Би театртаа 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх жүжигчин, найруулагч Б.Нарансаруул эгчийн бүтээлд хамтран ажиллаж байлаа. Өнгөрсөн хугацаанд драмын таван жүжиг, бүрэн хэмжээний уран сайхны таван кинонд ажиллажээ.
-Залуу уран бүтээлч орон нутгийн театрт өсөж хөгжих боломж бий юү. Танай театрын зүгээс залуу уран бүтээлчдээ хэрхэн дэмждэг бол?
-Театрт мөнгөнд бус, мэргэжилдээ хайртай уран бүтээлчид ажилладаг. Уран бүтээлчдийн олонх нь Дорнодын уугуул. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт сургууль төгсөөд, манай театрт ирж ажиллах хүсэлтэй залуус олон болж байна. Зориод ирж байгаад нь баярладаг.
-Орон нутгийн үзэгчид театрын урлагийг хэр сонирхдог вэ. Үзэгчдээ хэрхэн бэлтгэж байгаа вэ?
-Театрын уран бүтээл ямар байдгийг УДЭТ хоёр жилд нэг удаа аялан тоглолтоор ирэхдээ мөн үзүүлдэг. Бид ч тэдний үзүүлснийг батлахыг хичээдэг. Манай үзэгчид ч маш их сонирхдог, ойлгодог.
-“Гэгээн Муза” олон улсын театрын 14 дүгээр наадмын хүүхдийн жүжгийн төрөлд та “Ярьдаг мод”-оороо шилдэг зохиолч болон найруулагчаар шалгарсан. Эл жүжгээ хүүхдүүдээсээ сэдэвлэн бичсэн байх аа?
-Миний ээж цэцэг тарих дуртай. Би ч гэртээ болон ажлын өрөөндөө цэцэг тарьдаг. Нэг өдөр хүүхдүүддээ “Цэцгээ өдөр бүр усалж бай. Эд чинь амьтай. Нэг навчийг нь тасалбал яг л бидэнтэй адил өвддөг юм шүү дээ” гэж ургамал цэцгийн ашиг тусын тухай ярьж өглөө. Тэр л үед гэнэт энэ зохиолын санаа толгойд орж ирсэн. Тэгээд хүүхдүүдийнхээ хоорондоо ярилцаж, тоглож байгааг ажиглаж, үг бүрийг нь анхааралтай сонсон, зохиолоо бичсэн юм.
-“Гэгээн Муза” хүртсэний дараа уран бүтээлийн өнгө аяс тань өөрчлөгдсөн үү?
-Дахин уран бүтээл хийх хүч, урам, итгэл өгсөн. Түүний хажуугаар хариуцлага дагалдсан. “Ярьдаг мод” жүжгээрээ Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад байгаль дэлхий амьтай, хайрлах хэрэгтэйг ойлгуулахыг хүссэн. Дараагийн “Мангасуудын шорон” бүтээлдээ гар утас, цахим тоглоомын буруу хэрэглээ, хор уршгийг уран сайхны аргаар хүргэхээр төлөвлөсөн.
-УДЭТ-ын энэ сард үзэгчдэд хүргэх “Миний аав, миний баатар” жүжгийг та найруулж буй. Жүжгийн зохиол шалгаруулах уралдаан, найруулагчийн сонгон шалгаруулалтад хэрхэн оролцов?
-Уралдаан зарласныг сонсоод халгасан ч үзээд алдахаар шийдсэн юм. Ан амьтдыг хайрлах, хог хаягдлаа хаяхгүй байх сэдэл төрүүлэх үүднээс эл жүжгийн зохиолоо бичсэн. Уралдааны хоёрдугаар байрт шалгарсныг сонсоод их баярласан. Найруулагчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, өөрийнхөө зохиолыг тайзнаа амилуулах болсондоо бүр ч олзуурхаж байгаа.
-Эл жүжгээ ямар онцлогтой байлгахыг хичээж байна вэ?
-Зөвлөх найруулагчаар Ч.Түвшин ах ажиллаж байгаа нь их түшигтэй байна. УДЭТ-ын уран бүтээлчдийг манай театрт аялан тоглолтоор ирэх үед нэлээд ажигласан. Хэрэв миний жүжиг уралдаанд шалгарч, би найруулахаар болбол гол дүрүүдэд эдгээр жүжигчнийг тэр үед л онцолж, тоглуулна даа гэж шийдчихсэн.
-Хүүхдийн жүжиг бусад төрлөөс сонирхолтой юу?
-Амттай шүү дээ. Надад нэг том давуу тал бий нь би дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ ертөнцөөс “ургасан” санаануудыг би уран бүтээл болгож, түүнийгээ бусад хүүхдэд түгээн, хүмүүжүүлэхийг хүсэж буй юм.
-Сургуулиа төгсөөд хотод үлдсэн бол тайз, дэлгэцийн уран бүтээлд түлхүү ажиллаж, олны танил болох боломж танд байсан. Хэрэв хотод үлдсэн бол гэж харамссан удаа бий юү?
-Бий бий. Дорнодод очоод юуг, хаанаас нь эхэлж хийхээ мэдэхгүй самгардаж явсан үе бий. Тэр үед “Яах гэх эргэж ирэв дээ” гэж боддог байлаа. 2013 он хүртэл театртаа ажиллахын зэрэгцээ Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагч, Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд ахын туслах найруулагчаар ажилласан. Ингээд 2013 онд зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Миний хайрыг хүлээ”, дараа нь Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун гуайн “Хайр” жүжгийг албан ёсны эрхтэйгээр театртаа найруулж, үзэгчдэд хүргэсэн. “Аз жаргалын эрэлд”, “Би хулчгар” гэхчлэн киногоо хийсэн дээ.
-Хэрэв УДЭТ-т ажиллах санал ирвэл нутгаасаа явах уу?
-Энэ талаар ёстой бодож байгаагүй. Аавынхаа ажиллаж байсан театрт уран бүтээлээ үргэлжлүүлж буйдаа бахархдаг.
-Таны уран бүтээлдээ баримталдаг зарчим юу вэ?
-Бүтээлээрээ үзэгчдийг хүмүүжүүлэх нь уран бүтээлч хүн бүрийн зорилго, зарчим. Манай театрын бүтээлийг үзсэн хүн ямарваа нэг зүйлийг тунгааж, ухаарч чадвал баярлана.
-Өнгөрсөн жил олны хүртээл болгосон “Ах, дүү гурав” инээдмийн киноны зохиолыг та бичсэн гэсэн үү?
-Дорнод аймгаас гаралтай, яг одоо идэвхтэй ажиллаж буй бүх л уран бүтээлчийг хамруулж, кино хийх юм сан гэж мөрөөддөг байв. Энэ санаагаа Амбий (Ц.Батхуяг) ахтай хуваалцаж, хамтран хийхээр төлөвлөсөн ч амжилгүй, ах минь өөд болсон. Ингээд “Захиалгат инээд” хамтлагийн захирал Х.Манлайбаатар ахад санаагаа хэлтэл дэмжиж, хамтрахаар болсон юм. Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ ах “Ах, дүү гурав” кино зохиолыг шинэчлэн бичиж, найруулсан.
-Ер нь хэзээнээс зохиол бичсэн юм бэ?
-Үнэндээ ядуугаасаа болж бичиж эхэлсэн. Бие даан кино хийх хүсэл байвч надад мөнгө байгаагүй. Зохиолчид төлөх хөлс байхгүй, дээр нь намайг тоох хүн байгаагүй болохоор өөрөө оролдоод үзэхээр шийдсэн юм. 2012 онд “Глоб интернэшнл” ТББ-ын захирал, Х.Наранжаргал багшаас кино зохиол хэрхэн бичих зөвлөгөө авч, удалгүй “Аз жаргалын эрэлд” киноны зохиолоо бичсэн. Ингэж л бичиж эхэлсэн юм.
-Тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах амаргүй биз?
-Сүүлийн хэдэн жил дэлгэцийн уран бүтээлд ажилласангүй. Зөвхөн театрынхаа ажилд анхаарч байна.
-Уран сайхны кино дахин хийхгүй юм уу?
-Бодол бий. Зохиол нь ч бэлэн байгаа.
-Та бас дуулдаг юм билээ. Энэ төрлийн уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа юу?
-Багаасаа л дуулах дуртай байсан. Гарын таван хуруунд багтах дуутай.