Гэрэл зураг тэр дундаа байгаль, ан амьтны зураг сонирхох хүмүүс сүүлийн жилүүдэд олширчээ. 10 орчим жил зураг авч, хойч үедээ XXI зууны Монгол орны байгаль болон амьтны зургийг үлдээх зорилготой гэрэл зурагчин Х.Сэргэлэнбаттай ярилцлаа.
-Та хэдэн оноос гэрэл зураг авч эхэлсэн бэ?
-2010 оноос хойш байгалийн гэрэл зураг авч байна. Уг нь бол би программ хангамжийн инженер мэргэжилтэй. Гэхдээ гэрэл зураг, видео сонирхдог учир сүүлийн жилүүдэд үүнийгээ илүү хөгжүүллээ. 2009 онд хөдөө аялж байгаад анх нэг цэцгийн зураг авсан юм. Зургийг нь хальсанд буулгаад удаагүй байтал дээрээс нь хүн гишгэчихсэн. Тэр үед хүмүүс байгаль дэлхийгээ сүйтгэж танигдахын аргагүй болохоос нь өмнө хойч үедээ зургийг нь буулгаж үлдээе гэж шийдсэн юм. Түүнээс хойш ажлын хажуугаар сонирхлын түвшинд нэг жил гаруй зураг авсан. Дараа нь бүр мөсөн зурагчин болсон доо. Байгалийн зураг авч эхэлснээс хойш 2015 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Байгаль, ан амьтны гэрэл зураг авахдаа баримталдаг хэдэн зүйл бий. Жишээлбэл, хүний гар хүрээгүй тусгай хамгаалалттай, онгон дагшин газрын зургийг авахыг хичээдэг. Учир нь хүн бүр тэнд очиж үзээгүй тул ядаж зургийг нь хараасай гэж боддог. 2013 онд Монгол орны ойн тооллого хийсэн юм. Тухайн үед БОАЖЯ-нд ажиллаж байсан болохоор хөдөө их явна. Тооллогод явж байгаад дөрвөн улиралд ой мод хэрхэн өнгө төрхөө хувиргадаг бол гэх бодол гэнэт ороод ирсэн. Тэгээд жилийн хугацаанд ой модны зураг авлаа. Намар нь авсан модоо өвөл нь авах гээд очихоор олдоггүй. Байршил заагч модыг энд байна гээд заагаад байдаг. Харин нүдээр харахад тэс өөр болчихсон байв. Байгаль өнгө төрхөө тэгж хувиргахыг хараад улам л татагдах боллоо.
-Байгалиас гадна ан амьтны зургийг яагаад сонирхох болов?
-Зэрлэг амьтдын зураг авах үнэхээр сонирхолтой. Нэг секунд хүрэхгүй хугацаанд харчихаад л үргээд явчихдаг. Тэр нэг хоромд зураг буулгана гэдэг хэцүү. Байгалийг бол өнцгийг нь олж олон талаас нь буулгаж болдог бол ан амьтан зурагчинд тийм боломж олгодоггүй юм. Мөн зэрлэг амьтдад ойртож зураг авах их хэцүү. Эрсдэл өндөртэй шүү дээ. “Улаан ном”-д орсон хөхтөн 33 амьтны гэрэл зургийг авахаар ажиллаж байна. Бараг 20-ийг нь авчихсан. Үлдсэнийг нь төдий хугацаанд авна гэж тооцсон юм алга. Учир нь амьтнаа олно, зургийг нь яг сайхан буулгана гэдэг хэцүү. Мазаалайн зургийг авах гэж 43 хонож байлаа. Өвлийн хүйтэнд хээрээр амьтан хайж явах амаргүй. Тиймээс энэ ажлаа хэзээ дуусгахаа сайн мэдэхгүй юм.
-10 жил гэрэл зураг авчээ. Хэчнээн үзэсгэлэн гаргаад байна.
-Нийтдээ 20 гаруй үзэсгэлэн гаргажээ. 21 аймгийн 520 000 сурагчид “Миний эх орон” үзэсгэлэнгээ толилуулсан. Би гэрэл зургаараа байгалиа хамгаалах үйлсэд бусдыг уриалан дуудахыг хичээдэг. Гэхдээ томчууд байгаль дэлхийгээ хайрлахаасаа нэгэнт өнгөрсөн. Учир багаасаа тийм дадал, хэвшилд суралцаагүй болохоор тэр. Тиймээс хүүхдүүдэд багаас нь мэдлэг олгох нь чухал. Мэдлэг гэдэг хамгийн чухал нь шүү. Мэдлэг олгоогүй байж байгаль, ан амьтнаа хайрла гэх нь тэнэглэл. Амьтад хэрхэн өсөж, яаж хооллож, юу идэж уудгийг нь мэдэхгүй, амьдрах гэж зэрлэг байгальд ямар их бэрхшээл, аюултай тулгардгийг мэдэхгүй хүн тэднийг хайрлана гэдэг юу л бол. Тиймээс хүүхдүүдэд байгаль, ан амьтнаа хайрла гэхээс илүү мэдлэг олгох нь чухал. Дан ганц амьтны зураг хараад ойлголт авна гэж байхгүй. Тиймээс үзэсгэлэн үзэхээс өмнө хоол тэжээл, амьдрах орчин нөхцөлийг нь тайлбарладаг. Би үзэсгэлэнгээ хэзээ ч дан ганц гэрэл зургаар дүүргэдэггүй. Хажууд нь заавал бичлэг хийж толилуулдаг. Эхлээд тодорхой хэмжээнд мэдлэг олгочихоод, зургийг үзүүлж, амьдарч буй орчин нөхцөлийг нь бичлэгээр харуулдаг. Ингэсний дараа ан амьтнаа хайрла гэж хэлэх нь зөв шүү дээ.
Энэ үзэсгэлэнгээс гадна БНСУ-ын дөрвөн хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Гурван жил гаруй хугацаанд төлөвлөж тус улсын гэрэл зурагчин Пак Мин Гёнтой хамтран “Говь шиг далай, далай шиг говь” үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Мөн Итали, Герман, Швейцарын Базил хотод үзэсгэлэнгээ толилуулсан. Гадаад орны хүмүүс манай улсын байгаль, ан амьтны зургийг их сайхан хүлээж авдаг. Жилийн дөрвөн улиралтай, онгон дагшин газартай, ан амьтан ихтэй учир хүний хараа булаах нь аргагүй шүү дээ. Швейцарт очиж үзэсгэлэнгээ гаргахад хүмүүс их өөрөөр хүлээж авч байгаа. Ан амьтдыг минь их өндрөөр үнэлсэн.
-Зураг авахад олон бэрхшээл тулгардаг гэлээ. Зургийн багт нь ямар хүмүүс байдаг бол?
-Ганцаараа явж зураг авна гэдэг амиа хорлож байгаагаас өөрцгүй. Найз нөхөд, байгаль хамгаалагч, жолооч гээд нэг удаад 4-6 хүн явдаг. Олон хүнтэй явахаас гадна аюулгүй байдлаа хангах нь хамгийн чухал. Дулаан хувцас хэрэгсэл, сайн тоног төхөөрөмж хэрэгтэй. Яг зураг авах гэдэг камер нь хөлдчихөөд асахгүй бол тэр олон хүний хүч хөдөлмөр талаар болно. Тиймээс аюулгүй, найдвартай байдлаа хангах нь чухал. Мазаалайгаас гадна баавгайн зураг авах гэж өвлийн ид хүйтэнд долоо хонож байв. Өвдөг давсан зузаан цасанд удаан явахаар өмд, гутал нороод яс янгинадаг юм билээ. Тиймээс залуу зурагчид маань баг, хамт олон болж аюулгүй байдлаа сайн хангах нь зүйтэй.
-Зарим хүн ан амьтнаа хамгаалж байхад нөгөө хэсэг нь устгаж үгүй хийдэг. Амьтны зургийг хальсандаа буулгадаг хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-20 гаруйхан настай залуучууд машин унаж, буу бариад чоно агнах нь энүүхэнд болж. Шунал нь арай л ихдээд байна даа гэж хардаг. Хулан, зэрлэг гахай, тарвага, чоно зэргийг хамгийн ихээр агнаж байна. Өнөөх л байгаль, амьтны талаар мэдлэг дутмаг болохоор тэр шүү дээ. Зургийг нь авсан амьтнаа хаагуур нутагладгийг нь хүртэл нуудаг болсон. Яриан дундаа “Яасан сайхан амьтан бэ, хаагуур нутаглаж байна” гэж асуугаад, очоод агнах тохиолдол бий. Үр хойчдоо үлдээх ёстой гэдгээ одоохондоо тэд сайн мэдэхгүй л байна.
-Олон жил хөдөө яваад ирэхээр байгаль хамгаалагчаас дутахгүй болж байна уу?
-Мэдээж хэрэг амьтнаа нууж, хулгайн анчдыг төөрүүлэхээс эхлээд бараг л байгаль хамгаалагч болж байна даа. Байгальд удаан яваад ирэхээр цай, хоол гээд бүгдийг нь байгалиасаа авчихдаг юм байна лээ. Ургамал, амьтан гээд судалж уншсаар байтал бүгдийг нь тогтоочихно. Энэ ургамал уушги, зүрхэнд сайн гээд л хандлаад цайгаа чанаад уучихна шүү дээ.
Хүн ер нь өөрийн хэрэглээгээ тэнцвэржүүлэх зайлшгүй шаардлагатай. Хэрэглэх хэмжээндээ л эд зүйлээ ав гэсэн үг. Жишээлбэл, та өдөрт хоёр аяга кофе ууя гэж бодъё. Аль нэг нь өтгөн санагдвал уухгүй асгачихна. Хүн ер нь өөрт нь таалагдахгүй зүйлсээ хийх дургүй шүү дээ. Гэхдээ эцсийн дүндээ өнөөх кофег чинь байгалийн ямар нэг зүйлээс л гаргаж авдаг. Тиймээс хэрэглээгээ танах нь ногоон хөгжил юм.
-Баавгайн зураг авснаараа их бахархдаг гэж сонссон. Цуглуулгаас тань хамгийн их үнэ цэнтэй нь ямар зураг вэ?
-Би баавгайн зургаараа үнэхээр их бахархдаг. Маш ойрхноос авч чадсан. Мөн 300 гаруй хулангийн зураг авч байлаа. Тухайн үед Б.Лхагвасүрэн гуай “300 гаруй хулангийн тоосонд дарагдсан эр хүн насаараа л хийморьтой явна даа” гэж хэлсэн нь их урам өгсөн. Ер нь надад бүх зураг минь үнэ цэнтэй.
-Цаашид зургийг нь авахыг хүссэн өөр зүйл бий юу?
-Би усны зургийг авна гэж бодож байна. Өнгөц харахад зүгээр нэг цэнхэр далай боловч доор нь бидний мэдэхгүй ертөнц байдаг. Тиймээс одооноос усны зураг авна гэж бодож байгаа. Солонгос улсын далайн зургийг аваад эхлэлийг нь тавьчихсан.
-БНСУ манайхыг бодвол ус ихтэй. Тэд далай, тэнгисээ хэрхэн хамгаалж байна вэ?
-Олны дунд сайн ч хүн бий, муу нь ч байгаа гэдэг дээ. Уг нь хөгжил сайтай орон боловч далайдаа хог хаяж, бохирдуулдаг нь цөөнгүй юм билээ. Гэхдээ иргэд нь бус, улс нь сайн хамгаалдаг юм байна гэж ажиглагдсан. Манайхан бол иргэд нь хичээгээд байхад улс нь дэмждэггүй шүү дээ. Нэг үеэ бодвол залуучууд их ухамсартай болсон. Хүн бүр хариуцлагатай аялахыг уриалдаг болсон тул хог хаях нь багассан гэж хардаг.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул