Одоогоос таван жилийн өмнө хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Монгол Улсад ирсэн Тамура Мина өдгөө монгол хүнтэй гэр бүл болон амьдарч байна. Түүнийг "21 мянга" реалити шоуны ялагч гэдгээр уншигч нар та бүхэн сайн мэднэ. Түүнтэй ажил, амьдралынх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Танд юуны өмнө 25-р суваг телевизийн 21 мянга реалити шоуны ялагч болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Уг шоунд оролцох санал тавихад та яаж хүлээж авсан бэ?
-Би үнэндээ "21 мянга" гэж ямар шоу байдгийг огт мэддэггүй байсан. Өмнө нь үзэж ч байгаагүй. Тэгсэн нэг өдөр нөхөр маань надад "Чамайг 21 мянган төгрөгөөр 10 хоног амьдрах шоунд оролцох уу гэж асуулгаж байна" гэж хэлсэн. Тэгээд
надад их сонирхолтой санагдсан учраас тэрхүү урилгыг хүлээж аваад оролцохоор шийдсэн. Яагаад гэхээр Японд нэг сарын хугацаанд 10 мянган иенээр амьдардаг нэвтрүүлэг байдаг. Үүнтэй адил нэвтрүүлэг гэж сонсоод надад их сонирхолтой санагдаж, баяртайгаар хүлээж авсан.
Японоос өөр хаана ажиллах боломжтойг судалсан чинь Монголд их боломжтой гэж сонсогдсон. Яагаад гэхээр Японд балетчин хүнд их хэцүү. Өөрсдөө тасалбараа зарна, цалин бага байдаг.
-21 мянгаар 10 хоног амьдрахад хэцүү зүйл байв уу? Өмнө нь гадаад иргэд энэ шоунд оролцож байгаагүй болохоор үзэгчдэд их сонирхолтой санагдаж байсан.
-Надад огт хэцүү байгаагүй. Яагаад гэхээр ивээн тэтгэгчид маань өдөр бүр гоё бүтээгдэхүүн өгч байсан. Бас 21 мянгаар 10 хоног амьдрахад үнэхээр гоё, дурсамжтай өдрүүд өнгөрсөн. Жаахан хэцүү зүйл нь нөхөр, хүүхдээ их санасан даа.
-Уг шоунд оролцсоноор хүмүүсийн танд хандах хандлага хэр өөрчлөгдөж байна вэ?
-Шоунд оролцохын өмнө ба дараа надад хандаж байгаа хүмүүсийн ялгаа их гарсан. Намайг өмнө нь зөвхөн гэр бүл, ажлын хүрээнд л хүмүүс таньдаг байсан бол одоо гудамжинд явж байхад миний танихгүй хүмүүс намайг таньж зургаа авахуулдаг болсон.
-Монголд анх хэдэн онд ирж байсан бэ?
-Анх 2014 оны есдүгээр сард Дуурийн театрт орох шалгалт өгөхөөр хоёр гурван хоногийн хугацаатай ирж байсан. Тэгээд багш маань дуурьд ажиллаж болно гээд тухайн оны 11 дүгээр сараас эхлээд Монголд суурин амьдарч эхэлсэн.
-Ямар ч улс оронд амьдрахад хэлний бэрхшээл их тулгардаг шүү дээ. Та Монгол хэлээр их сайн ярих юм аа.
-Би Монгол орныг хээр тал нутгаар нь төсөөлж анх ирсэн. Тухайн үед би Монгол хэл, соёлын талаар ямар ч мэдлэггүй байсан. Тэгээд өндөр барилга, олон машин хараад үнэхээр гайхсан шүү. Хамгийн гоё нь хүмүүс намайг хэл мэдэхгүй байхад дохио зангаар ойлголцож найрсагаар хүлээж авсан. Монгол хүний найрсаг зан нь үнэхээр их таалагдаж, Монголд амьдарч болох юм байна гэсэн итгэл төрсөн. Өмнө би Францад амьдарч байхад хэцүү байсан. Яагаад гэвэл хэл мэдэхгүй бол тэнд хэн ч биш мэтээр ханддаг. Харин Монголд бол дохио зангаар ойлголцож, ажил дээрээ дэвтэр балтай ирж хүмүүсээр өдөр тутмын хэрэглэгддэг үг бичүүлээд гэртээ очоод Япон хэл рүү орчуулж японоор ийм үг юм байна гэж ойлгож явсаар хэл сурсан даа.
-Нөхөртэйгөө анх яаж танилцсан бэ? Гэр бүлийнхээ талаар ярьвал.
-Би нөхөр хүүхэдтэй гурвуулаа амьдардаг. Нөхрийг маань Төгөлдөр гэдэг. Бид хоёр ижил мэргэжилтэй. Ер нь бол мэргэжлээрээ дамжуулж танилцсан гэж хэлж болно. Анх Монголд ирээд онгоцны буудал дээр нөхрийгөө харж байсан. Тэр цагаас хойш надад маш их тусалдаг байж байгаад нэг мэдсэн хамт амьдардаг болсон. (Инээв)
-Хэдэн настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн бэ?
-Дөрвөн настайгаасаа эхлээд балетаар хичээллэж эхэлсэн. Мөн Америкт нэг жил, Францад хоёр жил суралцсан. Тэгээд Токиод балетын хувийн компанид ажиллаж байгаад хүүхдэд балет заах сонирхолтой болсон. Яагаад ч юм надад тухайн үед балет бүжиглэх биш, харин балет заах сонирхол давамгайлж байсан. Магадгүй олон жил балетаар хичээллэсэн болоод ч тэр үү өөр зүйл хийж үзмээр санагдаад таван жил цагийн багш хийсэн. Тэгээд нэг мэдсэн чинь 25 нас хүрээд "би ирээдүйд юу хийх вэ" гэж өөрөө өөрөөсөө асуусан юм. Балетаас өөр зүйл сайн хийж чадахгүй мэт санагдаад тайзан дээр дахиад бүжиглэмээр санагдсан. Японоос өөр хаана ажиллах боломжтойг судалсан чинь Монголд их боломжтой сонсогдсон. Яагаад гэхээр Японд балетчин хүнд их хэцүү. Өөрсдөө тасалбараа зарна, цалин бага байдаг.
Ямар ч холбогдох хүн байхгүй яах вэ гэж бодоод байж байтал Монголын дуурьд япон эрэгтэй хүн ажилладаг гэж сонсоод холбогдсон чинь ирээд шалгалт өгөөд үз ажилд авч магадгүй гэсэн. Тэгээд 2014 онд шалгалт өгч тэнцээд одоог хүртэл УДБЭТ-т ажиллаж байна.
-Монголд амьдраад олон жил болсон байна шүү дээ. Бүр монгол хүнтэй гэр бүл болсон байна. Япон, Монгол гэр бүлийн ялгарах онцлогийг та юу гэж боддог вэ?
-Японд гэр бүлийн зөвхөн эрэгтэй хүн нь мөнгө олох ёстой гэсэн ойлголт байдаг. Эмэгтэй нь ажил хийхгүй, зөвхөн гэртээ хүүхдээ асардаг. Тэгээд хүүхэд нь хорин нас хүрвэл бүх зүйл чөлөөтэй болж, эмэгтэйчүүд ажил хийж эхэлдэг. Харин Монголд бүх зүйл эсэргээрээ сайхан байна. Хүүхэдтэй болсон ч ажил хийх боломжтой. Наад захын ялгаа нь гэвэл япон хүн зөвхөн нэг л зүйлийг сайн хийж чаддаг бол монгол хүн олон юм хийж чаддаг. Жишээ нь Японд ширээ эвдрэхэд заавал чаддаг хүнээр нь янзлуулдаг. Харин Монголд манай нөхөр өөрөө янзалж чаддаг нь үнэхээр гайхмаар.
-Япончууд хорин насны төрсөн өдөрт маш их ач холбогдол өгдөг гэж сонссон. Яагаад тийм их ач холбогдол өгдөг юм бол?
-Японд хорин нас хүрвэл том болсон гэж үзээд өөрөө бие даан ажиллаж эцэг эхээсээ тусдаа амьдардаг. Бүх зүйл нь нээлттэй болдог учраас хорин насны баяр гэж тэмдэглэдэг. Харин Монголд бол хэдтэй байсан ч ээж аавтайгаа амьдардаг нь их сонин санагдсан. Хэрэв япон хүн хорин нас хүрчихээд ээж аавтайгаа амьдарвал ичмээр зүйл.
-Ирээдүйд буцаад Япондоо амьдрах төлөвлөгөө бий юу?
-Японоос илүү Монголд амьдрах боломж их байдаг болохоор эндээ л амьдрах бодолтой байгаа. Хамгийн сайхан нь гэр бүлдээ цаг их гаргаж чаддаг. Японд бол хоол идэх зав байхгүй, зүгээр суух цаг байхгүй ямар ч үед ажил гэсээр гэр бүлдээ гаргах цаг хомс.
-Таны сэтгэлдээ хамгийн их мөрөөдөж явдаг зүйл тань юу вэ?
-Хамгийн анх мөрөөдөж байсан зүйл маань сайн балетчин болно гэж бодож байсан. Үүний дараа сайхан гэр бүлтэй болно гэсэн мөрөөдөл минь биелж сайхан гэр бүлтэй болсон. Одоо хүүгийнхээ төлөө сайн ээж байхыг хичээдэг.
-Ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Бэлтгэсэн: Д.Баяр-Отгон