Зүүн гар талаас Ч.Марта, Ч.Маралгоо
БНСУ-ын Кимчён хотод зохион байгуулсан Азийн чансаа олгох өсвөрийн теннисчдийн олон улсын тэмцээнд эгч, дүүс Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон билээ. Эгч Ч.Маралгоо нь ганцаарчилсан төрөлд алтан медаль, хосын төрөлд тэргүүн, дүү Ч.Марта нь хосын төрөлд дэд байрт шалгарсан.Тэгвэл Бангладеш улсын Шех Рассэлийн нэрэмжит олон улсын клубийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 11-18-нд болоход 17 орны тамирчид өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо тэргүүн байр эзэлж, аваргын цом хүртсэн юм.Тэрбээр теннисний төрлөөр өндөр шагналтай тэмцээнд түрүүлсэн Монголын анхны тамирчин боллоо. “Эрдмийн өргөө” сургуулийн сурагч эгч, дүүсийг “Хүүхэд” булангийнхаа зочноор урьж, ярилцав.
-Бангладеш улсын Шех Рассэлийн нэрэмжит олон улсын клубийн аварга шалгаруулах тэмцээнээс эх орондоо алтан медальтай ирлээ. Аваргын төлөөх тоглолтод хүчтэй өрсөлдөгчтэй таарсан гэл үү?
Ч.Маралгоо: Тийм ээ, би өрсөлдөгчдөө хожигдох дөхсөн ч тоглолтын цаг дуусахаас өмнө буулгаж авсан. Хожчихоод аав руугаа хамгийн түрүүнд ярьж, баяраа хуваалцлаа. Энэтхэгийн тамирчин надаас эгч болохоор ухаан гаргаж, миний тоглолтын арга барилын эсрэг тактик боловсруулж тоглосон. Оролцсон тэмцээнүүдээс энэ хамгийн өндөр шагналтай нь. Шагналын мөнгөө хадгалж байгаад АНУ-д болох тэмцээнд оролцохдоо зарцуулахаар шийдсэн.
Ч.Марта: Би эгчийгээ үргэлж дэмждэг. Энэтхэгийн хүчтэй тамирчинтай таарсан тул хэн нь хожих бол гэж эмээж бас догдолж суулаа. Эгчийг ярихгүй удахаар нь хожигдчихжээ гэж бодож байтал түрүүлснийг нь сонсоод их баярласан. Спортын төрлүүдээс теннис хамгийн сонирхолтой нь. Эгчийгээ теннис тоглохыг нь харсаар байгаад энэ спортод хөл тавьсан. Тэр үед эгч долоон настай, би таван настай байв.
-Талбайн теннисээр хичээллэсэн эгч, дүүс өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэв?
Ч.Маралгоо: -Талбайн теннисээр хичээллэсэн тамирчин бүх зүйлд авьяастай болдог юм шиг санагдсан. Би ангийнхаа нөхөдтэй сагсан бөмбөг, волейбол тоглоход сайн нь байдаг. Байнгын бэлтгэл хийхээр энэ мэтчилэн олон зүйлд эергээр нөлөөлдөг. Намайг Онцгой байдлын ерөнхий газрын хажууханд байрладаг спорт клубт ээж минь хөтөлж аваачин талбайн теннисээр анх хичээллүүлсэн. Хичээллэсэн цагаасаа ээжийнхээ зөвлөснөөр шаргуу бэлтгэл базаасан. Өмнө нь ганцаараа бэлтгэл хийхэд уйтгартай санагддаг байсан бол дүүтэйгээ хамтарснаар улам сонирхолтой, өдрийг хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлдэг болж билээ. Хамт бэлтгэл хийхээр тоглолт сайжирдаг. Бид сүүлдээ өрсөлдөгчид болж, аваргын төлөө ана мана үзэлцдэг. Дүү надад хожигдчихоод шарандаа уйлдаг. Миний шүтдэг тамирчин АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс. Эгчтэйгээ хамт теннисээр хичээллэж алдарт хүрсэн. Эхлээд эгч нь хождог байхад шарандаа уйлдаг байсан гэдэг. Уйлахаар нь эгч нь “Миний дүү битгий уйл. Энэ удаа эгч нь хожно, дараа чи намайг хождог болно” гэж хэлснийг хожим амжилтад хүрчихээд, хүүхэд насныхаа дурсамжийг өгүүлсэн байхыг нь олж уншсан юм. Намайг их өвөрмөц тоглолттой гэдэг. Заримдаа өөрийгөө ч гайхдаг. Тэмцээнд хожигдох нь уу даа гэтэл алдахаа ер больчихдог. Өөртөө алдах боломж өгддөггүй тоглолтоор өрсөлдөгчөө сандрааж хождог тал бий. Хожигдож яваад хождог гэсэн үг.
Марта: -Би ч гэсэн теннисээр хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн. Тухайлбал, өмнө нь түргэн ууртай, удаан хөдөлгөөнтэй байсан бол хүлээцтэй, хурдан болж, хүмүүсийг хүндэлж сурлаа. Өдөрт гурван цаг бэлтгэл хийдэг болохоор хурд, тэвчээр их шаарддаг. Тэмцээний талбарт эгчийгээ хожиж үзмээр санагддаг. Мэдээж ялах амаргүй, гэхдээ хожих бодлоор өрсөлддөг. Заримдаа эгчтэй тоглож байхдаа сандарна, цохисон ч санаснаар болохгүй шар хөдөлнө. Шарандаа шатаж тоглосоор хожигддог. Тэмцээний дараа эгч аргадаж, урам хайрладаг юм. БНСУ-д болсон хосын төрөлд эгчтэйгээ оролцож, алтан медаль хүртсэн. Мөн Азийн “Дивизон 2” тэмцээнд хамт өрсөлдөж, хоёр удаа түрүүллээ. Тэр тэмцээнд Ираны тамирчдад бид хожигдож яваад хожсон. Теннисийн тэмцээнд Төв Азийн тамирчид хүчтэй өрсөлддөг. Тэд тоглолтын техникээр биднээс илүү гарахгүй ч, арга барилд маань тохируулж хариу барих, гүйлгэж байгаад гэнэдүүлэх зэргээр заль гарган тоглодог.
МУУХАН ТОГЛОВОЛ ААВ ЗЭМЛЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НЭГ ЭВГҮЙ ХАРДАГ
-Өглөө хичээлдээ явна, өдөр бэлтгэл, орой даалгавраа хийнэ гээд энэ бүхнийг амжуулах амаргүй байх даа.
Ч.Марта: -Би “Эрдмийн өргөө” сургуулийн 7e, эгч 9e бүлэгт сурдаг. Манай сургуулийн удирдлага, багш нар биднийг дэмжиж, тэмцээнд оролцоход хичээлээс чөлөөлдөг юм. Надад бүх хичээл таалагддаг. Тэр дундаа монгол бичгийн хичээлд дуртай. Бичих нь хүртэл сонирхолтой. Би тэмцээн хурдан болоосой гэж хүлээдэг. Эхэн үедээ хэн гээч тамирчинтай таарч, яаж тоглох бол гэж бага зэрэг түгшдэг байлаа. Огт тоглож байгаагүй тамирчинтай таарвал арга барилыг нь мэдэх гэж нэг хэсэг сандардаг. БНСУ-ын Гуми хотод болсон тэмцээнд өрсөлдөгчийнхөө тоглолтын барилыг мэдэх гэж сандарсан. Тоглолтын техникийг нь мэдэж, хожиж эхлэнгүүт нөгөө тамирчин уурлаж эхэлсэн. Намайг хожих гэж шарлахсаар байгаад хожигдож билээ.
Ч.Маралгоо: -Тэмцээнээс ирэхэд ангийн багш, нөхөд минь баяр хүргэж угтдаг. Би ч бас монгол бичгийн хичээлд дуртай байлаа. Өөр сургууль руу шилжиж очиход үзсэн хичээлийг минь зааж байсан. Буцаад сургуульдаа иртэл бүх үсгээ үзээд дуусчихаж. Одоо надад математикийн хичээл сонирхолтой санагддаг. Манай анги спортоор хичээллэдэг олон сурагчтай. Сургуульдаа спортлог байдлаараа ялгардаг. Чөлөөт цагаараа бид сагсан бөмбөг, волейбол тоглож, нэгнийхээ хичээллэдэг спортын давуу тал, гайхамшгийн тухай ярилцдаг юм. Хааяа өглөө босмооргүй, өдөржин хэвтмээр, эсвэл бэлтгэлдээ явмааргүй гэртээ өнжмөөр санагддаг үе бий. Тийм үед хамгийн түрүүнд тэмцээнээ бодож бэлтгэлдээ явдаг юм. Зорилго бодогдож байгаа үед залхуурлыг хойш тавьдаг.
-Охидоо теннис тоглохыг харсаар байгаад аав тань хүртэл энэ спортод хөл тавьсан байна шүү дээ.
Ч.Марта: -Аав намайг эгч шиг теннисээр хичээллүүлж байгаад өөрөө бидэнтэй хамт бэлтгэл хийсэн. Бид талбайд өдөржин тоглож өнждөг байлаа. Гурвуулаа шаргуу бэлтгэл хийсний ачаар тэмцээнд амжилттай оролцдог болсон.
Ч.Маралгоо: -Аав, ээжийн ач тус их. Биднийг бэлтгэлд явахаас өмнө ээж хоол, цай зэхнэ. Орой бэлтгэлээс ирэхэд мөн л халуун хоолтой угтдаг. Өглөө эрт босоод ээж хувцсыг маань угаагаад индүүчихсэн, аав цохиурын утсыг сольчихсон байдаг юм. Аав, ээжийн минь хайр халамж биднийг амжилт гаргахад их нөлөөлдөг.
Ч.Марта: -Ээж өөдрөг үгээр үргэлж урам хайрладаг. “Миний охид хичээгээрэй, шантарч болохгүй шүү, та хоёр чадна. Хожигдох нь хожихын эхлэл. Хожих боломж дахиад бий шүү” гэдэг.
-Аавтайгаа хамт тэмцээнд явахад хэр зөвлөдөг вэ?
Ч.Маралгоо: -Биднийг дагаад аав тэмцээнд байнга явдаг. БНСУ-д болсон тэмцээнд “Миний охин хичээгээрэй, чи сайн тоглож, амжилт гаргаж чадна” гэж хэлээд тоглолтын талбай руу гаргасан. Муухан тогловол зэмлэхээсээ илүү нэг эвгүй хардаг юм. Аавын тэр харц нэг хэсэгтээ л мартагдахгүй. Би оролцсон тэмцээн болгоноосоо медаль, цомтой ирдэг. Энэ жил олон тэмцээнд өрсөлдлөө. Гэрт 15 цом бий. Солонгосчууд намайг одоо мэддэг болсон. Шагналын цом том болохоор наашаа ирэхэд ачаа хүнддэг тал бий.
Ч.Марта: -Аав минь бидэнд их түшиг болдог. Талбайд гарахын өмнө “Сайн тоглоорой, талбайд гаргана гэж бодсон зүйлээ л гаргана шүү, өөрт байгаа бүхнээ дайчлаарай” гэдэг. Аавыг урам хайрлахаар эрч хүч нэмэгддэг. Ид тоглож байхад аавын хэлсэн үг өөрийн эрхгүй толгойд орж ирнэ шүү дээ.
-Зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр амжилт гаргадаг тамирчин ховор. Дасгалжуулагчийн зөвлөгөө, бэлтгэл сургуулилалт хийлгэхээс өгсүүлээд олон зүйл нөлөөлдөг юм билээ?
Ч.Маралгоо: -Би олон улсын теннисний холбооны I зэргийн дасгалжуулагч Б.Дүүрэнбаяр багшаар анх теннис заалгасан. Одоо Монголын теннисний холбооны шигшээ багийн дасгалжуулагч С.Сүхжаргал багшийн удирдлагад бэлтгэл сургуулилалт хийдэг. Намайг тэмцээнд оролцоход “Макс” групп ивээн тэтгэдэг. “Хавай” спорт цогцолборт бэлтгэл хийлгэх таван тамирчныг сонгоход би багтсан. Тэнд бид солонгос багштай бэлтгэл хийдэг.
Ч.Марта: Надад теннисийг аав анх заасан. Аавтай хамт хоёр сар бэлтгэл хийж, эгчтэйгээ шигшээ багт орж байв. С.Сүхжаргал багшийн удирдлагад гурван жил бэлтгэл базааж, одоо “Хавай” спорт цогцолборт эгчтэйгээ хичээллэдэг.
-Ямар фирмийн цохиур, бөмбөгөөр тэмцээнд оролцдог вэ?
Ч.Маралгоо: -Теннисний олон төрлийн цохиур, бөмбөг байдаг. Япон, АНУ-д үйлдвэрлэсэн цохиураар бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог. Теннисний тамирчид өөртөө тохирсон цохиураар тоглох нь зөв байдаг. Бидний цохиурын утсыг аав хэд хоноод сольж өгдөг. Эхэндээ гурван цаг зарцуулдаг байсан бол одоо 30 минутын дотор сольдог болсон. Цохиур хэр эдэлгээтэй байх нь утаснаасаа шалтгаалдаг. Утас нь муу бол бөмбөг хэд цохиод л тасардаг. Сайн цохиурын утас сар тэснэ. Аавыг завгүй үед би ч цохиурынхаа утсыг сольдог. Теннисний тамирчид цохиураа зургаан сар тутамд, эсвэл нэг жил бариад солих ёстой байдаг юм. Монголд тоглолтын шаардлага хангах теннисний цохиур байхгүй болохоор утсыг нь солиод л бэлтгэл хийж байна.
Ч.Марта: -Холоос эрчтэй ирж байгаа бөмбөгийг оновчтой цохихгүй бол цохиурын утас амархан тасардаг. Би теннис тоглож сурч байхдаа цохиурынхаа утсыг их тасалдаг байв. Жилээс жилд туршлагажиж байгаа тул одоо цохиурынхаа утсыг таслах нь цөөрсөн.
ТЭМЦЭЭНД БИД ЯРИХААС ИЛҮҮ ХАРЦААРАА ОЙЛГОЛЦДОГ
-Талбайн теннисний тэмцээн үзэгч олонтой. Шагналын тавцанд эх орныхоо нэрийг гаргах сайхан санагддаг биз.
Ч.Маралгоо: -Шагнал гардуулахын өмнө “Маралгоо Чогсомжав, Монголиа” гэж дуудахад сэтгэл их хөдөлдөг. Яг ингэж дуудахад би монгол хүн шүү дээ гэж бодож, эх орноороо бахархдаг. Тамирчин хүний амжилт эх орныхоо нэрээр л гардаг. Тэмцээнд өөрийнхөөсөө илүү эх орныхоо нэрийг гаргахыг их хичээдэг юм. Шагналын тавцанд зогсож байхдаа эх орон, аав, ээж минь ямар агуу юм, энэ спорт ямар гайхамшигтай юм гэж боддог.
Ч.Марта: -Эгчтэйгээ хамт түрүүлж, Азийн аварга болохдоо яг ингэж бодож зогссон. Медаль зүүсэн хэрнээ л өөртөө итгээгүй, тэр үед яг зүүд шиг санагдсан шүү.
-Одоо ямар тэмцээнд хамтдаа оролцох вэ?
Ч.Маралгоо: -Одоогоор төлөвлөсөн тэмцээн алга. Бид насны зөрүүтэй. Ирэх жил би 15 нас хүрнэ. Тэгэхээр 15-18, дүү 11-14 насны ангилалд өрсөлдөнө. Тэгэхээр насны ангиллаас хамаараад хосын төрөлд хойшдоо хамт оролцохгүй ч байж магад.
Тэмцээний талбарт нэгнээ мэдэрч тоглохдоо хэр вэ?
Ч.Маралгоо: -Дүүг ууртай, сайхан зантай байгааг хөдөлгөөнөөс нь хараад мэднэ. Марта ууртай байвал анхаарал нь төвлөрдөггүй, хүчтэй цохиод эхэлдэг. Тэмцээнд бол хариуцлагатай тоглох учраас бид ярихаас илүү харцаараа ойлголцдог. Дүү минь ямар ч үед “Эгч ээ, та мундаг шүү, заавал хожно” гэж хэлдэг юм.
Ч.Марта: -Хэдий дүү нь ч гэлээ эгчид хааяа зөвлөмөөр санагддаг. Үнэнийг нь хэлэхээр эхэндээ уцаарлаж байснаа дараа нь тайвшраад хүлээж авдаг. Эгч уурласан үедээ бөмбөгөө хаашаа цохихыг нь би сайн мэднэ. Тиймээс ямар үед уурлуулж, ямар үед урам хайрлахаа мэддэг болсон. Эгч намайг “Миний дүү хичээгээрэй, чадаж байна. Хожигдчихоод битгий уурлаж бай. Тэмцээнд ялалт, ялагдал аль аль нь бий. Ялж сур, бас ялагдаж сур” гэдэг.
-Үеийн тань олон хүүхэд теннис сонирхон хичээллэдэг. Тэдэнд хандаад тамирчин болохын тулд юу анхаарч, суралцах талаар зөвлөгөө өгөөч?
Ч.Маралгоо: -Теннис хурд, хөдөлгөөн, мэдрэмж шаарддаг. Тэр ч хэрээрээ идэвхтэй, эрч хүчтэй, өөдрөг байлгадаг. Тамирчид сэтгэл зүйн хувьд хаттай болдог тул аар саар зүйлд сэтгэлээр тэр бүр унадаггүй. Хатуужил тэвчээрт теннис ч бас сургадаг болохоор аливаа зүйлд цэгцтэй, няхуур ханддаг. Энэ спортоор хичээллэгсэд спортын хүнд төрлийн тамирчдыг бодвол бэртэж гэмтэх нь бага. Зорилгынхоо төлөө зүтгэж чадвал теннис амжилтад хүргэдэг спорт. Сонирхож хичээллэсэн бол тууштай байгаарай. Спортод хэн хичээсэн нь амжилтаас атгадаг. Теннисээр хичээллэдэг тамирчны бие эрүүл, чийрэг, хөдөлгөөний дутагдалгүй байдаг. Хүн хөдөлж байвал эрч хүчтэй, залуу харагдана. Биеэ гоё байлгая гэвэл теннисээр хичээллэх нь хамгийн тохиромжтой.
Ч.Марта: -Тоглож үзэх юм сан гэж цагийг битгий дэмий үр. Зорьж ирээд тоглоод үз. Талбайд цохиур барьсан бол энэ спортын гайхамшгийг өдөр бүр мэдэрнэ. Бид теннисээр өөрийгөө хөгжүүлж чадсан. Амархан алхаж ороод, амжилтад хүрдэг спорт гэж байхгүй. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл тань тэр босгоор алхуулдаг. Замд чинь шантрах зүйл олон тохиолдоно. Үүнийг хичээл зүтгэлээр даван туулдаг. Бид одоо клуб рүүгээ яарч ирдэг болсон. Намайг шантрах үед зорилго минь урагшлуулж, талбай руу алхуулдаг. Тийм үед би энэ спортод эргэж буцахааргүй хөл тавьснаа ойлгосон. Аливаа зүйл хурдан хөгжиж байна, тиймээс аль болох хоцрохгүйг хичээгээрэй. Надад ч гэсэн заримдаа халшрах үе гардаг, тэр үед сэтгэл доторх хүн минь “Хурдлаарай, хурдлаарай” гэж шавдуулдаг.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг