СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан О.Самданпүрэв МҮОНТ-ийн “Хамгийн азтай үе”, найруулагч Б.Нямдаваагийн “Байрны ах”, “Go” студийн “Киносутра” цуврал, “Могул” пикчерсийн “Deja vu” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит киноны гол дүрд тогложээ. Түүнчлэн ирэх 2020 онд үзэгчдэд хүргэх LVA энтертайментын “1990”, “Мэгүүн” фильмийн “Зориг” уран сайхны кино, “Фантастик” продакшны “37 дугаар точка” олон ангит киноны хоёрдугаар бүлэгт тоглосон байна. Залуу уран бүтээлч О.Самданпүрэвийг “Шинэ танил”-д онцоллоо.
-Яагаад жүжигчний мэргэжил эзэмшихээр шийдэв. Хэн багшийн шавь бэ?
-Багаасаа л кинонд дуртай хүү байлаа. Үзсэн киноныхоо дүрүүдийн оронд өөрийгөө тавьж төсөөлөөд л. Гэхдээ дунд сургуулиа төгсөөд архитектор болохоор ШУТИС-д элссэн юм. Зурах авьяас жаахан бий. Тэнд сурч байхдаа “Х ТҮЦ” продакшнд бүжигчнээр ажилладаг байв. Дуртай зүйлээ хийн мөнгө олж, сургалтын төлбөртөө нэмэрлэдэг байсан нь их урам өгсөн. Яваандаа улам л дурлаж, аав, ээждээ “Би урлагийн сургуульд орох хүсэлтэй. Сайн сурч, төгсөж чадна. Надад итгээч” гэж хэллээ. Хамгийн сайхан нь тэд зөвшөөрсөн. Ингээд СУИС-д хүсэлт гаргаж, нэмэлт элсэлт авах үед нь шалгуулж, тэнцээд хүссэн сургуульдаа орсон доо. Би Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшийн шавь.
-Хамгийн анх ямар кинонд тоглов?
-МҮОНТ-ийн “Цахлай нисэх гэж төрдөг” хэмээх олон ангит киноны туслах дүрд анх тоглосон. 2014 онд “Ахлах сургууль” уран сайхны кинонд анх удаа гол дүрд тэнцэж, ажилласан шүү.
-Оюутан байхдаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн тань сургуулиа төгссөний дараа давуу тал болох байх. Гэхдээ хичээлээ цалгардуулж, багш нартаа зэмлүүлэх үе гардаг биз?
-Нэгдүгээрт, би ангийнхнаасаа насаар ах, хөгшин оюутан. Тэгэхээр цаг алдаж болохгүй. Хоёрт, сургуулиа төгссөний дараа биднийг хүлээж авах мэргэжлийн урлагийн байгууллага хэр олдоцтой билээ. Бидэнд ажлын байр ховор шүү дээ. Тэгэхээр олдсон боломжийг ашиглах л хэрэгтэй. Хэн авьяастай, аль сэргэлэн нь л олонд танигдаж чадна. Хичээлээ аль болох цалгардуулахгүй, ангийнхаа амжилтаас хойш татахгүй байхыг хичээдэг ч багш нартаа зэмлүүлэх үе бий.
-Төгсөөд дэлгэцийн уран бүтээлд дагнаж ажиллах бодолтой юу. Театрын тайзан дээр гарах хүсэл байдаг уу?
-Байлгүй яах вэ. Монголдоо ганц байх академик театрын тайзан дээр гарч үзэхийг хүсдэггүй уран бүтээлч байхгүй биз. Би ч гэсэн мөрөөддөг. Өөр өөр найруулагчтай ажиллаж, үзэгчдийн өмнө тоглох нь жүжигчнийг маш их хөгжүүлж, улам задалдаг байх. Тийм боломжийг хүсэхгүй хэн байх билээ.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн кинонд тоглож амжив?
-Нэг болон олон ангит нийлээд 10 гаруй кинонд тоглосон.
-Жүжигчид “Оюутан байхдаа хүссэндээ, харин төгсөөд найруулагчийн оноосон дүрд л тоглодог” гэдэг. Найруулагч нар ихэвчлэн ямар дүр оноодог бол?
-Оноодог биш ээ. Өнөөдрийг хүртэл ажилласан бүх киноныхоо дүрийн сонгон шалгаруулалтад орж, тэнцээд тоглосон. Хаана, ямар киноны шалгаруулалт зарласан байна, гүйж очоод л шалгуулдаг. Тэгж байж л “Ийм залуу уран бүтээлч байна шүү” гэж харуулна.
-Дүрд шалгуулаад, тэнцээгүй гэсэн хариу авсан уу. Тийм тохиолдолд сэтгэлээр унадаг байв уу?
-Мэдээж сайхан биш. Миний шалгуулсан дүрд намайг биш, өөр хүн сонгосныг мэдээд гомдмоор ч санагдах шиг. Гэхдээ сэтгэлээр унадаггүй ээ. “Улам л хичээх хэрэгтэй юм байна” гэж боддог.
-Хүүхдийн, адал явдалт, уянгын, түүхэн кинонд тоглож үзжээ. Одоо аль төрлийн уран бүтээлд ажиллаж, ямар дүрээр үзэгчидтэй “уулзах”-ыг хүсэж байна вэ?
-Тулаант, адал явдалт кинонд тоглохыг мөрөөддөг. Тийм төрлийн кино үзэх ч дуртай. Дүрийн хувьд эерэг, эсрэг ямар байх нь гол биш ээ. Гол нь намайг өөр өөр өнцгөөс харуулаасай гэж боддог юм. Би нэг мөрөөдлөө хэлчих үү. Хүмүүст их юманд санаархдаг хүүхэд гэж санагдах л байх. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуайн “Ижийд минь битгий дуулгаарай” гэж жүжиг байдаг даа. Энэ жүжгийг дэлгэцэд “амилуулбал” Бүүвэйн дүрд нь тоглох сон гэж мөрөөддөг юм.
-Энэ төрлийн кинонд тоглодог олонх жүжигчин тамирчин байсан, эсвэл тулааны урлагаар хичээллэдэг юм билээ. Та хичээллэдэг үү?
-Боксоор хэсэг хугацаанд хичээллэсэн. Өөрийгөө хөдөлгөөний эвсэлтэй гэж боддог шүү.
-Кинонд нь тоглохыг хүсдэг найруулагч бий юү?
-Ж.Сэнгэдорж найруулагчийн кинонд тоглохыг хүсдэг. Болж л өгвөл олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж, үгийг нь сонсон, суралцахыг хүсдэг дээ.
-Ахмад уран бүтээлчид “Жүжигчин болохын тулд эхлээд маш зөв хүн болж төлөвших хэрэгтэй” гэлцдэг. Та жүжигчин хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Мэргэжилдээ үнэхээр дурласан байх. Тийм л уран бүтээлч ажлаа чин сэтгэлээсээ, хамгийн сайнаараа хийнэ.
-Хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг жүжигчнээ нэрлээч?
-УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Н.Ялалт ах гэхчлэн үлгэр жишээ авдаг олон жүжигчин бий. Би Сергей Безруковын улаан фэн. Тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллаж, өөр өөр дүрд “хувирсан” байгааг нь харж, суралцах дуртай.
-Ойрын үед хийхээр төлөвлөсөн ажил, зорилгоосоо хуваалцаач?
-Юуны түрүүнд сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй. Боломж олдвол мэргэжлээ хөрвүүлэн суралцахаар судалж байна.