Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн сард Төрийн дээд цол, одон медалийг онцгой гавьяа байгуулсан эрхмүүдэд гардуулсан. Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр Монголын радиогийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч, МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт, хэл бичгийн ухааны доктор Л.Мөнхтөрийг шагнасан юм. 1978 оноос ажлын гараагаа эхэлж, 1992 оноос Монголын радиод сурвалжлагч, редактораар ажиллах хугацаандаа “Ургацын далай” нэвтрүүлгийг бэлтгэн, “Ургадаг алт” найман цувралыг уншигчдад хүргэсэн эл уран бүтээлчтэй ярилцлаа.
-Та нутаг ус, хүүхэд насаа дурсаач.
-Би Говь-Алтай аймгийн Хөх-морьт сумынх. Элсэн манхан, их говь, тал хосолсон нутаг бий. Би айлын өргөмөл ганц хүү. Өргөмөл эмэгтэй дүүтэй.
-Нутгаасаа хэзээ гарав?
-1974 онд наймдугаар анги төгсөөд Архангай аймаг руу багшийн сургуульд явж, нутгаасаа гарсан. Тэнд дөрвөн жил сурч, бага ангийн багш болоод Говь-Алтай аймагтаа очиж, нэг жил ажилласан. Хавар нь цэрэгт татагдаж, халагдаад Улаанбаатар луу зүтгэсэн дээ.
-Радиотой амьдралаа хэрхэн холбосон юм бэ?
-Улаанбаатарт ирснийхээ дараа Багшийн дээд сургуульд сурсан юм. Сургуулиа 1992 онд төгсөөд л долдугаар сараас нь радиод ажиллаж эхэлсэн дээ. Түүнээс хойш энэ байшингаас холдсонгүй. Монголын радио бол сэтгүүлчдийг боловсруулдаг лаборатори. Телевизийн нэрд гарсан сэтгүүлчдийн олонх нь радиогоор дамжсан байдаг. 85 жилийн түүхтэй энэ “айлд” ороход өндөр босготой. Ороод сэтгэлээрээ зүтгэх юм бол нээлттэй. “Шинэ эрин” редакцад миний уран бүтээлийн ихэнх хувь нь “төрж”, ажил, амьдралын хамгийн урт, удаан хугацаа өнгөрсөн дөө.
-Хамгийн олон Гавьяат төрсөн редакц байх аа?
-Тийм ээ, Төрийн шагналт нэг, 12 Гавьяат төрсөн байна. Д.Амбасэлмаа эгчээс авхуулаад Б.Цэдэндамба, М.Цагаан, Д.Шагдарсүрэн, Ц.Чимэддорж, Т.Бямбадорж нарын мундаг уран бүтээлч энд ажиллаж байлаа. Өрөөгөө их л санадаг юм.
-Монголын радиод ороод “Бүдүүн дуут” хэмээн олонд алдаршсан Б.Цэдэндамба гуайн шавь болсон юм билээ. Багшийнхаа тухай дурсаач.
-Би 1992 оны долдугаар сард ажилд орж, багш аравдугаар сард нь тэтгэвэрт гарсан юм. Миний ажил мэргэжлийн гэлтгүй утга зохиолын ч багш. Сүүлдээ аав, хүү хоёр шиг болсон. Багш минь Монголын радиогийн нэрийн хуудас байлаа. Их авьяастай, том зохиолч атлаа даруухан, нэрэлхүү. Хэчнээн олон дуу, яруу найргийн ном бичиж, ямар олон роман орчуулсан билээ. Сар гаруйн өмнө би багшийнхаа дурсгалд зориулж, “Ярьдаг роман буюу Базарын Цэдэндамба” гэж ном гаргасан. Хошин гэж жигтэйхэн, түмэн онигоо мэддэг хүн байсан даа, багш минь.
-Багшаасаа хатуу үг их сонссон уу?
-Багш минь буриад хүн шүү дээ. Тэгэхээр ямар ааш зантай байсан нь ойлгомжтой. Үгээ нөөж байгаад л үе үе гаргадаг хүн байв. 1960-аад оны үеийн сэхээтэн учраас биеэ авч явах соёл, өөрөөрөө үлгэрлэх нь дэндүү. 1996 онд бил үү дээ, багш намайг нутагтаа авч очиж билээ. “Би чамд ажлаа өгсөн. Одоо нутгаа чамд зааж өглөө” гэж хэлсэн.
-“Ургацын далай” нэвтрүүлэг 55 дахь жилдээ сонсогчдод хүрч байна. Үүний 25 жилд нь та бэлтгэсэн. Бэлтгэсэн анхны “Ургацын далай”-гийнхаа тухай яриач. Аль үтрэмээс бэлтгэж байв?
-1964 онд анх “Ургацын далай” нэвтрүүлгийн редакцыг байгуулж, анхны нэвтрүүлэгчээр Б.Дэндэв гэдэг уран бүтээлч ажилласан. Тэр хүн 1965 онд “Ургацын далай” дууны шүлгийг бичсэн юм. “Ургацын далай” нэвтрүүлгийн 55 жилийн хугацаанд миний багш есөн жил редактораар, би 25 жилд нь ажилласан. Мөн миний найз П.Баярсайхан 10 жил хийсэн байдаг юм. Маш өвөрмөц, сонин нэвтрүүлэг юм шүү. Тариа, ногоо мэдэхгүй хүн хотод ирээд л тариаланчийн мэргэжил эзэмших дөхлөө шүү дээ. Олон хүн намайг сэтгүүлч биш, агрономич гэж гэлцдэг.
1964 онд Б.Туяа, З.Далхжав нар “Ургацын далай” нэвтрүүлгийн анхны дугаарыг бэлтгэхээр Зүүнхараад очиж л дээ. Очтол тариан талбайд нь улаан мотоциклтой агрономич давхиж явсан гэнэ. Тэр хүнийг нэвтрүүлгийн анхны зочноор сонгож, оролцуулсан нь одоогийн Гавьяат агрономич, шинжлэх ухааны доктор Б.Дорж гуай. Дараа нь П.Баярсайхан “Ургацын далай”-г бэлтгэхээр болохдоо Б.Дорж гуай дээр очиж газар тариалангийн талаар хичээл заалгаж байсан гэдэг. Мөн миний багш энэ нэвтрүүлгийг бэлтгэхдээ Б.Дорж гуай дээр очсон байдаг. Намайг 1992 онд “Ургацын далай”-г хийхээр болоход багш “Миний хүү Дорж гуайтай л уулзана шүү” гэж захисан. Би ч тэр хүнээс номын дуу сонсож байв. Анхны сурвалжилгаа Баруунхараагаас бэлтгэсэн. Багш, П.Цагаан найруулагч хамт явж, хүмүүстэй танилцуулж, зааж зөвлөж байсан.
-Таны хэлсэн “Ургадаг алт” гэж үг өдгөө бараг л афоризм мэт болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд шагнал гардуулах үеэрээ ч таны “Ургадаг алт” найман ботийг онцгойлон дурдсан.
-1990-ээд онд газар тариалангийн салбар уналтад орж, хэцүү байлаа. Салбарынх нь зарим мэргэжилтэн ганзагын наймаанд явж, хаа сайгүй газар хонхойлж, алт ухдаг болчихсон үе. Тухайн үед “Тайга ярьж байна”, “Тайга уйлж байна”, “Элсээ идэцгээ”, “Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя” гэхчлэн экологийн чиглэлээр олон нэвтрүүлэг бэлтгэсэн. Тэр үед ургадаг алт, ухдаг алтыг харьцуулсан нэвтрүүлэг хийсэн юм. Өөрөөр хэлбэл, газрын алтыг ухаад л барагдана. Юу ч үлдэхгүй. Харин тариа будааг тариад байвал ургаад л байна. Тиймээс ухдагийг нь биш, ургадгийг нь дэмжье гэсэн сэтгүүлчийн эргэцүүлэл, нийтлэл бичсэн юм. Ингэснээрээ “Ургадаг алт” гэдэг үгийг сэтгүүл зүйд “идээшүүлсэн”. “Ургадаг алт” найман ботид 140 гаруй тариаланчийн хөргийг багтаасан.
-Гарын шавь бэлтгэж амжив уу?
-Уран зохиолын хоёр шавь бий. Сэтгүүл зүйн гэвэл Х.Дугарсүрэн, Ө.Цогт-Эрдэнэ нарын цөөн залууг нэрлэнэ. Шавь нартаа “Хийж буй бүхнээ бүтээл гэж бод. Тэгвэл ажил хөнгөрдөг” гэж захидаг даа. Сонины өгөөш бол гарчиг, макет. Харин радиогийнх гарчгаас гадна монтаж. Үүнийг санаж явах хэрэгтэй. “Шар луувангийн хар өвгөн”, “Цагаан толгойн том толгойт” гэх зэрэг ёжтой, оносон гарчигтай хөрөг бичиж байлаа.
-Монголын утга зохиолд таны оруулсан хувь нэмэр их. Өнөөдрийг хүртэл хэчнээн бүтээл хэвлүүлж уншигчдын гарт хүргэв?
-50 орчим ном бичсэн. Яруу найраг, өгүүллэг, эсээ, сэтгүүл зүйн, судалгаа, шүүмжийн бүтээлүүд бий. Анхны номоо гаргачихаад “Би чадлаа шүү дээ” гээд л жигтэйхэн урам авч билээ. Одоо залуусдаа үлгэрлэх сэн, аятайхан бүтээл хүргэх сэн л гэж хичээдэг. Би жаахан замбараагүй хүн. Сүүлийн жилүүдэд л үүнийгээ ухаарч, бүтээлүүдээ эмхэтгэн, хураангуйлж байна. 2012 онд “Жаргалын найман морь” найман боть гаргаж овоо эмхэтгэсэн. Одоо сүүлд хийснүүдээ шинэтэйгээ сүлж, багцлахаар шийдээд байна.
-Яруу найраг, өгүүллэг, эсээ гээд олон төрлөөр та бичиж байна. Алийг нь бичиж суухдаа жаргалтай байдаг вэ?
-Хүн их уйдамтгай амьтан юм. Нэг зүйлээсээ уйдахаараа барьж тавиад л. Тэгснээ өөр зүйл сонирхоод л. Бодвол нэг нь нөгөөгийнхөө амралт болдог байх. Сайхан шүлэг бичмээр үедээ бичнэ. Бодож явж байгаад боллоо гэсэн үедээ эсээ бичнэ. Янз бүрийн л сэдэл төрдөг юм. Өөрийгөө сорих, чадлаа мэдэх гэж зүйл бий. Нэг уяаны морьд нэгнээ дагадаг гэдэг дээ. Түүн шиг хажууд олон сайхан уран бүтээлч байхад дагаад хөгждөг. Олон сайхан уран бүтээлчдийн дунд орж ажилласнаараа би азтай. “Архангайн үнэн” сонинд анхны минь шүлэг хэвлэгдэж байлаа. Наймдугаар анги төгсөөд удаагүй хүү байв.
“Мөөгөн гэрийн дээвэрт
Мөнгөн хяруу цав цайна
Миний аавын тэргүүнд
Мяндсан сор бууралтана...” гэж аавын тухай шүлэг бичсэн минь санаанаас гардаггүй.
-Дууны уран бүтээл бас чамгүй олон биз. “Зөөлөн зөөлөн замбуулин” дууг мэдэхгүй хүн үгүй байх.
-100 гаруй дуу бий. Би 1999-2000 онд Бээжинд Хятадын олон улсын радиод мэргэжилтнээр ажиллаж байв. Тэнд байхдаа “Зөөлөн зөөлөн замбуулин” шүлгээ бичсэн. Хөгжмийн зохиолч Н.Баасандоржид энэ шүлгэнд аялгуу хийгээрэй гээд өгтөл жил гаруй таг болчихсон. Тэгэхээр нь дараа уулзахдаа дахин өглөө. Ингэж 2003 онд дуу болсон. Би дууны шүлэг олныг бичиж, хөгжмийн олон зохиолчтой ажиллаж байсан. Гэхдээ ганц энэ дуундаа хөгжим хийлгэхдээ Н.Баасандоржид “Завханы С.Батсүх Гавьяат дуулна гэж бодож хөгжмөө зохиогоорой” гэж захиалга өгсөн юм. Өвөр Монголд Гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуулснаар сайн мэддэг юм билээ.
-Одоо олны хүртээл болгохоор зэхэж буй хэчнээн бүтээл байгаа вэ. Хэдийд хүргэх бол?
-2020 он гаргаад хоёр номоо хэвлүүлэх гээд бэлдэж байна. Өвөр Монголын Хөх хотод бичсэн шүлгүүдээрээ “Хөх хотын шүлгүүд” гэж ном гаргана. Мөн 365 нэртэй сонирхолтой ном бичиж байна. 2020 оны дундуур хэвлүүлнэ.
-Сүүлийн жилүүдэд та ӨМӨЗО-д ажиллаж, амьдарч буй. Тэнд хэр удчихав?
-Дөрөв дэх жилдээ амьдарч байна. Өвөр Монголын төв радио, телевиз хорооны “Талын дуу хоолой” редакцад мэргэжилтнээр уригдан ажиллаж байгаа.
-Хүний нутагт удахаар уран бүтээлийн тань өнгө аяс өөрчлөгдөж байна уу?
-Их тайван, амар амгалан болохоор ч тэр үү, уран бүтээлээ чөлөөтэй хийх нөхцөл бүрдэх юм. Түүнээс гадна нутгаасаа хол байхдаа илүү мэдрэг, мэдрэмжтэй болдог шүү дээ. Өнгө аясын хувьд хүний сэтгэл рүү өнгийсөн бүтээл туурвихыг хичээж байна. 2015 онд “Сэтгэл” номоо гаргасан. Түүнийгээ үргэлжлүүлж, “Нүд”, “Зүрх” номоо гаргалаа. Нэг талаас нийгмийн хөгжил хүний сэтгэлийг их эвддэг, хүн чанарын мөстлөг болоод буйг хөндөхийг хичээсэн. Нөгөө талаас залуус монгол хэлнийхээ өв санг уудалж чадахгүй, чөдрийн морь шиг хэдхэн үгэнд эргэлдэж байгаад шүүмжлэлтэй хандаж, мартагдаж буй хэлц үг, хэллэгүүдийг хэрэглэхийг эрмэлзсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэнд дөрөв, энд хоёр ном хэвлүүллээ.
-Тэндхийн залуусын энэ л дадлыг монгол залуустаа суулгах юм сан гэж ажиглаж л суугаа байх.
-Сүүлийн 30-аад жил хоёр орны харилцаа идэвхтэй болж, соёл, боловсрол, эдийн засаг гэхчлэн бүх талаар харилцан, хамтран ажиллаж байна. Өвөрмонгол залуусыг ажих нь ээ, их хариуцлагатай. Өндөр шалгуур давж ажилд ордог болохоор ягштал, тууштай ажилладаг.
-Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулах болсон тухай баярт мэдээг хэзээ дуулав?
-Шагнал гардахаас 36 цагийн өмнө Төрийн ёслолын албанаас утсаар дуулгасан. Тэр даруй Хөх хотоос шуурхайлан гарсан.
-Энгэрээ цоолуулах мөчид танд ямар бодол төрсөн бэ?
-Багшийгаа бодсон. Би багшийнхаа тухай бичсэн номоо өвөртлөөд, “Багштайгаа очиж байна” гэж бодоод Төрийн ордонд орсон.