Олны танил хүмүүстэй спортын тухай хөөрөлддөг “Зөвхөн спортын тухай” буландаа Гавьяат жүжигчин Ж.Оюундарийг урилаа.
-Та багадаа ямар спортоор хичээллэдэг байсан бэ?
-Их спортлог охин байлаа. Волейбол, ширээний теннисээр хичээллэдэг байсан. Би нийслэлийн 52 дугаар дунд сургуулийн төгсөгч. Даваасүрэн багшийн удирдлагад волейболоор хичээллэдэг байсан юм.
-Ямар амжилт гаргаж байв?
-Сургууль, дүүргийнхээ аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байлаа.
-Тэмцээнийг нь зурагтаар юм уу, очиж үзэх дуртай спорт бий юү?
-Асашёорюү Д.Дагвадоржийг ид барилддаг байх үед сүмогийн башёг алгасалгүй үздэг байв шүү дээ. Одоо үзэх нь ховордож.
-Одоо ямар спортоор, хэчнээн жил хичээллэж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд фитнес, йогоор хичээллэж байна. Ажлын ачааллаасаа шалтгаалаад долоо хоногийн хэдэн өдөрт нь дасгал хийхээ шийддэг.
-Спорт хүнд ямар эeрэг өөрчлөлт, зөв дадал суулгадаг гэж боддог вэ. Биe хүн болж төлөвшихөд тань спорт хэрхэн нөлөөлсөн бол?
-Хамгийн гол нь эрүүл, чийрэг болно. Эрүүл хүн амжилтад хүрч чадна. Зан чанарын хувьд дайчин, зорилготой, тэвчээртэй болж төлөвшдөг. Тиймээс залуусыг өөрт тохирсон спортоор хичээллээсэй гэж хүсдэг.