ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхантай өнгөрсөн амралтын өдөр ярилцлаа.
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг УИХ өнгөрсөн зургадугаар сард баталлаа. Энэ хууль жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн хууль болж чадсан уу?
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг 2019 оны зургадугаар сарын 6-нд баталсан. Энэ хууль маш сайн болсон гэж үзэж байгаа. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж нэг хайрцагт байсныг салгаж, жижиг, бичил, дунд гэж ангилж өглөө. Ингэснээрээ жижиг үйлдвэр эрхлэгчдээ хэрхэн томруулах, том үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжих вэ гэх мэтээр ялгамжтайгаар төрийн бодлого боловсруулах боломж бүрдсэн. Мөн экспортыг дэмжих, төрийн байгууллагуудын уялдаа холбоо зэргийг энэ хуулиар зохицууллаа.
Түүнээс гадна төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийнхөө хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан зээл авч байсныг хууль болон журмаар зохицуулж, хаасан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн ИТХ-ын болон Засаг дарга, төрийн өмчит компанийн захирал, тэдгээрийн хамаарал бүхий гэр бүлийн гишүүд төсөл сонгон шалгаруулахад оролцохгүй, оролцсон тохиолдолд төслийг буцаах зохицуулалт тусгасан. Энэ жил бид төрийн өндөр албан тушаалтан 920 гаруй хүний мэдээллийг төсөл ирүүлсэн аж ахуйн нэгжийнхтэй тулган шалгаж үзсэн. Ингэж зохицуулснаар төрийн өндөр албан тушаалтан нэг ч хүн төсөл ирүүлээгүй.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг дагаж хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлууллаа. Түүний нэг нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль. Уг хуульд зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж жилд нэг удаа тайлан гаргана. Нэг хувийн татвар төлөх, тайлангаа хялбаршуулсан журмаар гаргахаар зохицуулсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дотоодын үйлдвэрлэгчдийн хийж чадаж буй, чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг төрийн байгууллагууд шууд худалдан авах зохицуулалт оруулсан зэрэг давуу талтай хууль болсон.
-ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ЖДҮХС хоёрыг нэгтгэж болдоггүй юм уу?
-Хуульд энэ талаарх зохицуулалт орсон. 2008-2012 онд Жижиг, дунд үйлдвэрийн газар гэж тухайн үед сайн ажиллаж байсан газрыг сонгуулийн дараа шинэ Засгийн газар татан буулгасан юм. Ингэснээр тус салбарын бодлого алдагдсан. Үүнийг засаж залруулан 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс агентлаг байгуулахаар болсон ч төсөв, мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалан хойшлогдож болзошгүй байна.
-Монголд өнөөдөр жижиг, дунд хэчнээн үйлдвэр байгаа бол?
-2018 оны сүүлчийн статистикаас үзвэл 150 000 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгийн 77 000 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Эдгээрээс 60 330 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэх ангилалд хамаарч байгаа. Өмнө мөрдөж байсан хуульд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт иргэн, аж ахуйн нэгж хоёулаа багтдаг байсан юм. Харин шинэ хууль мөрдөж эхэлснээр иргэнийг нь хасаад, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохицуулалтаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хамаарахаар болгон ялгаж өгсөн. Үүгээр өрхийн хөдөлмөр эрхлэн татвар, нийгмийн даатгал төлөхгүй явдаг байсныг халсан. Тиймээс жижиг, дунд аж ахуйн нэгж байгуулах иргэдийн хандлага нэмэгдэж байна. Энэ жилийн статистик мэдээлэл хараахан гараагүй ч 90 000 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч бий болсон гэсэн баримт байгаа. Ингэж өссөн нь хууль зөв чиглүүлж буйн баталгаа. Яагаад гэхээр олон улсад үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 90 гаруй хувь нь жижиг, дундынх байдаг.
-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг гадаадын зах зээлд гаргах талаар шинэ хуульд хэрхэн тусгасан бэ?
-ЖДҮХС гэхээр манайхан зөвхөн зээл олгодог байдлаар хараад байна. Энэ салбарт төрөөс маш олон чиглэлийн бодлого, үйл ажиллагаа явуулдаг. Үүнийгээ дотор нь санхүүгийн, санхүүгийн бус гэж ангилан шинэ хуульд тусгасан. Санхүүгийн гэдэг нь зээл,зээлийн хүүгийн татаас олгох, батлан даалт, лизингийн үйлчилгээ үзүүлэх зэрэг дэмжлэг орно. ЖДҮХС жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд цогцоор нь харж, цогц үйлчилгээ үзүүлэх агентлаг хэлбэртэй болгох хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зээл өгөх, тэр нь шударга байх, өмнө нь тулгарч буй асуудлыг шийдэх, бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг цогц үйлчилгээ, цогц бодлого баримтлах хэрэгтэй. Ийм бодлого барьснаар хөгжих боломжтой нь судалгааны явцад харагдсан.
Түүнчлэн экспортод чиглэсэн арга хэмжээ нэлээд хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард “Монгол, Хятадын экспо”-г ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулж, үүнд манай 450 гаруй аж ахуйн нэгж оролцон 7.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, тэр мөнгө Монгол Улсад орж иржээ. БНХАУ Хайнань мужаа эдийн засгийн чөлөөт бүс болгон зарласан. Тэнд олон улсын үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаа юм билээ. Түүнд Монголоос аж ахуйн нэгжүүдээ оролцуулаач гэсэн хүсэлт өмнөд хөршөөс ирсэн. Бид аж ахуйн нэгжүүдээ оролцуулахаа илэрхийлээд байна. Мөн “Экспорт Монгол-2019” арга хэмжээ болж, 20 гаруй орны төлөөлөл ирж, өөрсдийнхөө зах зээлд хэрхэн нэвтрэх талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн.
-Санг татан буулгах, нэгтгэх талаар ярьж байсан. Түүнийг хэрхэн шийдвэрлэв?
-Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг 2020 оны Төсвийн тухай хуультай хамт өргөн барьсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Мал хамгаалах, Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэгтгэх санал гаргасан юм. Хуралдаанаар ЖДҮХС-г хэвээр нь үлдээхээр болсон. Өнгөрсөн хугацаанд нийгэмд үүсээд байсан асуудлыг тус сангийнхан болон ХХААХҮЯ-ныхан цэгцэлж чадсан тул санг хэвээр нь үлдээхээр болсон. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах санг нэгтгэн Хөдөө аж ахуйг дэмжих сан болгох тухай хууль батлагдлаа.
-Жижиг дунд үйлдвэрээс зээл авсан холбогдох албан тушаалтнууд зээлээ эргүүлэн төлсөн болов уу?
-Уг сангаас өөрийнхөө нэр дээр зээл авсан төрийн өндөр албан тушаалтан бий. Гэхдээ цөөхөн. Нийгэм даяараа 30, 40 гаруй өндөр албан тушаалтан зээл авчихсан мэт яриад байсан. УИХ-ын гишүүдэд тойргийнх нь иргэдээс санал, өргөдөл, хүсэлт ирдэг. Үүнийг нь холбогдох байгууллагад нь шилжүүлэх шаардлагатай. УИХ-ын гишүүдээс ЖДҮХС-д иргэдийн өргөдөл, хүсэлтийг шилжүүлэхдээ хууль тогтоомжийн хүрээнд шийдэж өгнө үү л гэсэн байсан. Үүнтэй нь холиод нийгэмд буруу мэдээлэл хүрсэн. Зээл авсан хүмүүс өнгөрсөн хугацаанд авсан зээлээ төлөөд дууссан.
-Та бүхэнд тулгараад буй бэрхшээл юу байна. Иргэд ихэвчлэн ямар гомдол, санал гаргаж байна вэ?
-Өмнө нь бол ЖДҮХС-гаас олгож буй зээлээ үнэн, шударга болгож өгөөч гэх гомдол их ирдэг байсан. Өдгөө энэ асуудлыг бүрэн шийдсэн гэж үзэж байгаа. Шилэн байдлаар явагддаг тул шударга болсон. Харин одоо жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажиллах хүчний хомсдолыг бууруулах, бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхэд тусламж үзүүлээч гэх санал ирэх боллоо. ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улаан томилогдож ирсэн даруйдаа ЖДҮХС-гийн асуудлыг цэгцлэх үүрэг өгсөн. Хоёрдугаар сараас нь эхлэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг боловсруулах ажлын хэсэг байгуулж миний бие ахалж ажилласан. Засгийн газраас 87 дугаар тогтоол гарч, энэ журамд тодорхой анхаарах асуудлуудыг тусгах болсон. Үүний хүрээнд аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ санал солилцох уулзалт, зөвлөгөөн хийсэн. Нийт 1000 гаруй санал иргэдээс ирсэн. Мөн цахим хуудсаар дамжуулан нэг сар гаруйн хугацаанд санал хүлээн авсан. Журмаа дөрөвдүгээр сард баталж, тавдугаар сард ХЗДХЯ-нд хүргүүлж, зургадугаар сард төсөл сонгон шалгаруулалтаа зарласан. Нийт 467 төсөл шалгарсны 300 гаруй нь санхүүжилтээ авсан. Үлдсэн нь гэрээгээ хийх, банкны шалгуураа хангах зэрэг шатандаа явж байна. Шинэ хуульд зааснаар журмыг сайд баталдаг байсан бол Засгийн газар баталдаг болсон. Хууль хэрэгжиж эхэлсэн тул энэ жил төсөл сонгон шалгаруулсан шалгаруулалт одоо байгаа журмаар явсан. Энэ удаа журмаа дахин хэлэлцэн Засгийн газраар батлуулж, ирэх жил түүнээс хойш явагдах төсөл сонгон шалгаруулалтыг тэр журмаар явуулна гэсэн үг.
-Зээл олгох журмыг өмнө нь сайд баталдаг байсан шүү дээ. Тухайн үед хууль бус зүйл цөөнгүй гарсан тухай сонсогдсон. Үнэн үү?
-2012-2016 оны хооронд ЖДҮХС-гаас зээл олгох журмыг сайд баталдаг байсны сул тал бий. Нэг сайд ирээд журамдаа өөрчлөлт оруулдаг. Ингэхдээ “Төсөл сонгон шалгаруулах хороо болон сайдын тушаалаар зээл олгоно” гэж бичээд олон аж ахуйн нэгжид зээл өгсөн. Үүнийхээ дараа тэр журамдаа өөрчлөлт оруулж, сайдын тушаалаар гэсэн үгээ хассан. ЖДҮХС-тай холбоотой үйл явдал зөвхөн 2018 онд гарсан юм биш. Харин ч 2012-2016 онтой харьцуулахад төсөл сонгон шалгаруулах хороо хуралдаж, тодорхой хэмжээнд шийдвэр гаргаж, зээл олгож байсан. Өмнө нь нэг сайдын тушаалаар зээл олгодог байв. Тэр битгий хэл, шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжид зээлийг нь олгоогүй атлаа огт материал бүрдүүлж өгөөгүй компанид олгосон явдал ч тухайн үед гарч байлаа. Мөн 2016 онд өөрийнхөө нэр дэвших гэж байгаа тойрогт 90 гаруй хувийнх нь санхүүжилтийг сайд тушаал гаргаад өгсөн гэх зэрэг алдаа, завхрал гарсан. Энэ нь 2018 оныхтой харьцуулахад илүү ноцтой зүйл. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас шийдвэр гарсны дараа бүх зүйл тодорхой болж, хууль сахиулах байгууллагаас мэдээлэл өгөх байх. Өнгөрсөн онд УИХ-ын цөөн тооны гишүүн хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл авснаар нь хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл түүнээс өмнө илүү ноцтой асуудал байсан юм.
-Барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа талаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар гомдол гаргадаг л даа. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр тусгав?
-Барьцаа хөрөнгөтэй холбоотой гомдол байнга гардаг. Энэ жилийн хувьд бид хараат бус байх зарчим баримтлан хөрөнгийн үнэлгээний 10 гаруй компаниас сонгон шалгаруулж, хоёртой нь хамтран ажиллахаар болсон. Ингээд тэднээр үнэлгээ хийлгэж, хэр бодитой үнэлснийг нь бас давхар шалгаж байгаа. Банкнаас зээл авахаар хөөцөлдөж буй тохиолдолд барьцаа хөрөнгө шаарддаг нь үйл ажиллагаа нь тогтворжоогүй, дөнгөж байгуулагдсан бичил аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулдаг. Бичил аж ахуйн нэгжүүдэд сангаас зээл шууд олгохоор хуульчилсан. Банкны өндөр шаардлагаас арай бага босготой шалгуур тавиад байна. Ингээд бичил аж ахуйн нэгжийнхэн хоорондоо өрсөлдөөд төслөө илүү бичсэн, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадах нь зээл авна гэсэн үг.
Түүнчлэн энэ жил банкаар дамжуулж байгаа зээлийн хүүг бууруулсан. Өмнө нь найман хувь байсныг энэ жил 5.4-5.8 хувь болгон буулгаж чадлаа. Даатгалын тогтолцоог оруулж ирлээ. Энэ мэтчилэн маш олон шинэлэг зүйл нэвтрүүлсэн. Үүнийгээ урт удаан хугацаанд хадгалах хэрэгтэй гэж үзэж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй дараагийн асуудал нь ажиллах хүчний хомсдол. Үүнийг шийдвэрлэхээр ХНХЯ, Үндэсний хөгжлийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг гарч, миний бие ахлан ажиллаж байна. Ажилгүй байгаа иргэдийг богино хугацаанд ажлын байртай болгох, ажиллах хүчний хомсдолтой байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн холбох, тэднийг тухайн ажилд нь хэрхэн сургаж авах вэ гэдэгт бодлого боловсруулж байна.
-Хоршооны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт та багтжээ. Юугаараа онцлог хууль боловсруулж байна вэ?
-Өнөөдөр дэлхийн долоон тэрбум гаруй хүний дөрвөн тэрбум нь хоршооны үр шимийг хүртэж байна. Тэднээс нэг тэрбум нь буюу долоон хүн тутмын нэг нь хоршооны гишүүн гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан байдаг. Манай орны хувьд сүүлийн үеийн залуус хоршооны талаар ямар ч ойлголтгүй. Хоршоо Монголд хөгжөөд 100 гаруй жил болсон салбар. Тухайн үед үр өгөөжөө өгсөн шүү дээ. Хоршооны хамгийн анхны гишүүн нь Богд хаан хатантайгаа байсан түүхтэй. Анхны 100 гаруй хүнтэй хоршоо байгуулж, түүхий эдийг гадаадын зах зээлд гаргах алсын хараатай хүн байжээ. Социализмын буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ч хоршоо үүргээ гүйцэтгэсэн. Монгол Улсын түүхий эдийг үйлдвэрүүдэд нь хүргэж өгдөг, хоршоогоор дамжуулж нэг дор төвлөрүүлэн гадаадын зах зээлд гаргаж чаддаг байв. Харамсалтай нь, зах зээлийн системд шилжсэнээр хоршоо татан буугдаж, нэгдэл тарж, түүхий эдийн үнэ ханшийг хэдхэн ченж дураараа тогтоодог болсон. Өнөөдөр хонины нэхий гэхэд боодол бохины үнэгүй боллоо гэж иргэд ярьж байгаа шүү дээ. Энэ маань хоршоо хэмээх зөв систем алдагдсаных.
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад маш олон дэвшилттэй зүйлийг тусгасан. Үүнийг баталж чадвал түүхий эдийн үнэгүйдэл, орон нутгийн ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэхэд нэн хэрэгтэй хууль болно гэж харж байгаа. Өнгөрсөн баасан гарагт энэ хуулийг хэлэлцэх, эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хоршооны тухай хууль бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй дүйцэхүйц хэмжээний хууль. Тиймээс маш сайн хууль боловсруулан батлах хэрэгтэй. Яаруу, давчуу тааруухан хууль хийвэл хоршоо дахиад ойлгомжгүй, хөгжихгүй, байрандаа байсаар байна” гэж байсан.
Хоршоо өөрийн хөрөнгөтэй байх, ноогдол ашиг тараах зэрэг олон улсын хоршооллын зарчимд нийцсэн дэвшилттэй заалт оруулсан.