1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засгийг тунхагласны 95 жилийн ой маргааш болно. Энэ өдрийг тохиолдуулан МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Болдбаатартай ярилцлаа.
-1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэдэн парламент дамжин ярьсны эцэст өнгөрсөн хавар, зун, намаржин хэлэлцүүлэг өрнүүлж, сая баталлаа. 1924 онд ч анхны Үндсэн хуулийг гэнэт баталчихаагүй болов уу.
-Манж Чин улс сүүлийнхээ жилүүдэд “Шинэ засгийн бодлого” гээчийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үеэс Чин улс Үндсэн хуульт хаант засаглал руу шилжихээр төлөвлөж эхэлсэн байдаг. Эл бодлогын хүрээнд Засагт тус хийх яам гэгчийг байгуулж, Илдэн бэйл Доржпалам, Дархан чин ван Пунцагцэрэн нар Бээжинд очиж дээрх хэргийг хэлэлцэх арга хэмжээнд оролцсон байдаг. Энэ бол тусдаа түүх.
Монгол Улсад Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил Ардын Засгийн газар байгуулагдсаны дараахнаас л эхэлсэн байдаг. 1921 оны найм, есдүгээр сард Засгийн газраас ардын эрхтэй хэмжээт цаазат засгийн үндсэн хууль, гол хууль, дүрмийг боловсруулах тогтоол гаргаж, энэ ажил эхэлсэн. Энэ явцад Ерөнхий сайд Д.Бодоо, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн нар нэжгээд төсөл боловсруулсан баримт бий. Тухайлбал, Д.Бодоогийн боловсруулсан төсөлд ардын эрх үүргийг тодорхойлохдоо шашин мөргөлийг үйлдэх эрхтэйг тусгасан байдаг. Харин засаг төрийн бүтцийн хувьд Засгийн газар нь таван яамтай байх, Засгийн газрын дэргэд Ардын төлөөлөгчдийн хурал буюу зөвлөх эрх бүхий Их хурал байхаар тусгасан. Гүйцэтгэх засаглал нь илүү их эрх дархтай байхаар томьёолсон байдаг. Харин Ж.Цэвээний төсөлд иргэдийн эрх, эрх чөлөөг нэлээд дэлгэрэнгүй тусгасан. Эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо ам, бичгээр илэрхийлэх, өөр өөрийн сүжгээр шажин, мөргөл үйлдэх зэргээр заажээ. Төрийн бүтэц, зохион байгуулалтын хувьд Төрийн тэргүүн буюу хаан эзэнтэй байх, Улсын хуралдаан, Засгийн газартай байхаар тусгасан. Нэг сонирхолтой зүйл нь Ж.Цэвээний төсөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дурдсан. Гэтэл манай анхны Үндсэн хуульд ийм зохицуулалт байхгүй. 1924 онд Богд хаан нас барсан. Түүнийг амьд сэрүүн ахуйд боловсруулсан энэ хоёр төсөлд Богд хаан ямар эрхтэй байх вэ гэдгийг төрийн нэг институцийн хэмжээнд зааж өгсөн байдаг. Харин Богд хааныг нас барсны дараа, 1924 оны аравдугаар сард Б.Цэрэндоржоор ахлуулсан комисс байгуулж, Зөвлөлтийн Үндсэн хуулийг үлгэр загвар болгосон төсөл боловсруулах ажил эхэлсэн. Энд оросуудын оролцоо, шахалт их байсан.
-Д.Бодоо, Ж.Цэвээн нарын төслөөс анхны Үндсэн хуульд туссан заалт байдаг болов уу?
-ЗХУ Гадаад Монголыг өөрийн нөлөөнд байлгах сонирхолтой байсан. Тийм ч учраас өөрийнхтэй төстэй төрийн байгууллыг тулган хүлээлгэсэн. Гэтэл монголчууд хаан бүхий бүгд найрамдах засаглал тогтоохыг зорьж байв. Өөрөөр хэлбэл, одоогийн Англи, Япон маягийн хэв загвар бүхий Үндсэн хуультай болохоор төлөвлөж байсан. Тиймээс гадаадын олон улсын Үндсэн хуулийг орчуулахдаа Америкийг эс тооцвол, бүгд шахам хэмжээт засагтай улсуудынхыг сонгосон байдаг. Богд хаан үгүй болсон нь большевикуудын хувьд таатай боломж бий болгосон. Хаангүй төрийн бүтцийг зураглах боломж олдлоо гэсэн үг шүү дээ. Оросуудын идэвхтэй оролцоо, шахалтаар Д.Бодоог цаазалж, Ж.Цэвээнийг Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссоос шахан гаргасан. Тэгэхээр ойлгомжтой биз дээ.
-Тэгвэл батлах үйл явц их хурдан болж өнгөрсөн юм байна.
-1914-1918 онд дэлхийн I дайн болсон. Дайны үр дагавар манай гадаад нөхцөл байдлыг их өөр болгочихсон. Оросод хаант засаглал унаж, большевикууд төрийн эрхэнд гарснаар иргэний дайн дэгдсэн. Энэ дайнд Хятад мөн татагдан орж, дотоодод нь самуун дэгдсэн. 1919 онд генерал Сюй Шү Жан Монголд цэрэг оруулж ирээд, манай автономийг устгасан. Тэгээд гадаад Монголын статус ямар байх вэ гэдгийг Зөвлөлт Орос, Дундад иргэн улс тохиролцох ёстой болж ирсэн. Тэр тохиролцоо 1924 оны тавдугаар сард Бээжинд болж, большевикууд гадаад Монгол нь Хятадын салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн. Гадаад нөхцөл ийм болсон тул Монгол улс де факто оршин байгаа гэдгийг нэн даруй баталгаажуулах хэрэгтэй болсон шиг байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийг нэн даруй хэлэлцэн баталсан.
1924 оны аравдугаар сарын 24-нд Үндсэн хуулийн төсөл боловсруулах Засгийн газрын комисс байгуулж, түүнийг Ерөнхий сайд Б.Цэрэндорж ахалсан. Тэр комисст боловсронгуй этгээдийг татан авч, ажиллуулахыг зөвшөөрч, Зөвлөлтийн Үндсэн хуулийг загвар болгосон төсөл боловсруулах чиг өгсөн байгаа юм. Цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан үзвэл Улсын их хурал 14 хүрэхгүй хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 8-нд эхэлсэн. Зөвлөлтийн архивын баримтаас үзвэл, арваннэгдүгээр сарын 2 гэхэд Үндсэн хуулийн төслийг боловсруулчихсан байсан. Үндсэндээ 10 хүрэхгүй хоногийн дотор Үндсэн хуулийн төсөл боловсруулсан дүр зураг гарч ирж байгаа юм. Энэ төслийг боловсруулахад голлон оролцсон хүн бол Т.Рыскулов, П.В.Всесвятский нар. Төв рүүгээ бичсэн Т.Рыскуловын захидалд “П.В.Всесвятскийн оролцоотойгоор миний боловсруулсан Үндсэн хуулийн төслийг комиссын дарга Б.Цэрэндорж хүлээн авлаа. Үндсэн хуулийн төслийг хавсарган явууллаа” гэсэн байдаг. Харин тэр хавсаргасан баримт нь олдохгүй байгаа.
-Бүгд найрамдах засаглал гэж юуг хэлээд байна вэ?
-Төрийн эрх барих байгууллагаа сонгож байгуулдаг хэлбэрийг “Бүгд найрамдах засаг” гэж ойлгож болно.
-Анхны Үндсэн хуулийг сайн, муу янз бүрээр л дүгнэх юм.
-Аливаа түүхэн үйл явдал сайн муу, эерэг, сөрөг үр дагавар үлдээдэг. Эхлээд сөрөг талыг нь ярья. Энэ Үндсэн хуулиар Монголын ард түмнийг жинхэнэ ба жинхэнэ бус ард гэж хуваачихсан. Үндсэн хуульд харьяат ард, жинхэнэ ард гэсэн үг, өгүүлбэр гарч ирнэ. Харьяат ард гэдэг нь нийт ард олныг, жинхэнэ ард гэдэг нь ядуу, дунд ардыг хэлж байгаа хэрэг. 1921 онд засгийн эрх авсан МАН-ын үндсэн зорилго нь Монгол газар нийгэм, журмыг байгуулах явдал байсан. Тиймээс түших гол цөм нь ядуу, хөрөнгөгүй ард олон. Хуучны ван, гүн, хутагт, хувилгаад, олз ашгаар амьдрагч худалдааны этгээд, лам нарыг ангийн тэмцлийн онолоор шахан зайлуулах ёстой болж таарсан. Энэ утгаараа анхны Үндсэн хууль нь нийгмийг хагалсан баримт бичиг. 1930-аад онд улс төрийн их хядлагын жилүүдэд төр олон мянган иргэнээ угсаа гарвал, хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж, хэлмэгдүүлэхэд энэ баримт бичиг нөлөөлсөн. Жинхэнэ ард биш, угсаа гаралтай тайж хүн учраас хөрөнгийг нь хурааж, буудан хороож байсан юм шүү дээ. Үүнийг эрх зүйн талаас нь зөв гэж баталгаажуулсанбаримт бичиг нь энэ Үндсэн хууль. Эерэг тал гэвэл 1922 онд Ардын Засгийн газраас хамжлагат ёсыг халсан. Энэ нь эзэн, харьяатын ёсыг эгнэгт үгүй хийсэн гэсэн үг. Ингэснээр Монголын ард түмэн хуулийн өмнө тэгш эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, би чиний Засаг ноён, чи миний хамжлага байсныг Засгийн газрын 1922 оны нэгдүгээр сарын тогтоолоор хүчингүй болгочихож байгаа юм. Үүнийг баталгаажуулсан баримт бичиг нь мөн энэ Үндсэн хууль. Иргэн бүр, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хуулийн өмнө тэгш эрхтэй болж улмаар төрийн эрх барих байгууллагаа нийтээрээ сонгож бий болгох үндэс нь тавигдсан гэсэн үг л дээ. Анхны Үндсэн хуульд тусгагдсан төр, шашныг тусгаарласан, байгалийн баялаг ард түмний өмчид байх гэх мэт олон зарчим одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байгаа.
-Анхдугаар Үндсэн хуулиар эмэгтэй хүний сонгуулийн эрхийг тунхагласан. Гэтэл 1940-өөд оныг хүртэл сонгох эрхгүй хүмүүс бас байсан юм билээ.
-Дээр дурдсан урьд өмнө ван, гүн байсан, хутагт, хувилгаан гэгдэж байсан хүмүүс сонгуулийн эрхгүй болчихсон. 1940 онд “Чойбалсангийн” гэгддэг хоёр дахь Үндсэн хуулийг батлахдаа ч сонгох, сонгогдох эрхгүй хүмүүсийн квотод гамин, бароны цэрэгт байсан, эсэргүү бослогод оролцогчдыг нэмж оруулсан. Нийгэм, журам байгуулах үйл хэргийг эсэргүүцэж байсан гэж тэднийг төрөөс ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг. Үүнийг одоогийн өнцгөөс харвал байж боломгүй зүйл. Харин тухайн үеийн нам засгаас тавьж байгаа зорилтыг харвал ингэхээс ч өөр аргагүй байсан болов уу. Тэр үеийн түүхийг эдүүгээчилж ойлгож болохгүй. Тэгвэл үр дүн нь буруу гарна гэсэн үг. 1944 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс манай орны ардын хувьсгалт байгуулал батжин бэхэжсэн, хөдөлмөрчин олон түмний улс төрийн идэвх, мэдлэг өссөнийг харгалзан сонгуулийн эрх хасагдагсдад эрхийг нь олгосон тогтоол гаргаж, цуцалсан түүхтэй.
-Бид жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг Улс тунхагласны баяр хэмээн тэмдэглэж ирсэн. Энэ нэрийг сонсохоор улс байгуулагдсан өдөр мэт.
-Энэ нь их ялгаатай ойлголт л доо. Улс тунхагласан өдөр гэдэг бол тухайн улсын хувьд төрсөн өдөр нь. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан, зарласан өдөр. Өөрөөр хэлбэл, Монгол Улс тусгаар тогтнолоо гэсэн үг. Улсын эзэн буюу Төрийн тэргүүн нь Богд хаан.Тиймээс энэ өдрийг хуульдаа Тусгаар тогтнолын өдөр буюу Улс тунхагласан өдөр гэж нэрлэмээр байгаа юм. Харин 1924 онд анхны Үндсэн хуулиар Монгол Улс тусгаар тогтнолоо дахин баталгаажуулж, засаглалын хэлбэрээ сольсон. Хаан нь насан өөд болж, төрийн эрх барих байгууллагаа ард иргэд нийтээрээ сонгодог зарчим баримтлах болсон гэсэн үг. Миний бодлоор арваннэгдүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах засгийг тунхагласан өдөр гэж нэрлэвэл зохимжтой. Нэрээ зөв оноогоод өгчихвөл хүмүүс ойлгоно шүү дээ.
-1990 оноос өмнө арваннэгдүгээр сарын 26-ныг Улс тунхагласны баяр гэж тэмдэглэж ирсэн нь өнөө хэр хадгалагдаад байх шиг.
-Ардчилалтай золгох хүртэл Монголын шинэ үеийн түүх 1921 оны хувьсгалаар эхэлдэг байсан юм. Яагаад гэвэл, формацын онолын дагуу ангигүй нийгэм социализм, коммунизм байгуулах үйл явц 1921 оноос эхэлсэн гэж үздэг байлаа. Одоо соёл иргэншлийн онолын үүднээс 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд туурга тусгаар улсаа байгуулснаар Монголын түүхийн шинэ цаг мөчлөг эхэлсэн гэж үздэг болсон. Бид урьд нь марксист, ленинист үзэл баримтлалыг гол цөм болгож байсан тул Монгол орон 1921 онд тусгаар тогтнолоо олсон, түүнээ баталгаажуулсан үйл явц нь 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхны Үндсэн хууль баталсан явдал гэж хуучин хандлагаар авч үзээд байгаа хэрэг.
-АН-ыг эрх барьж байхад арваннэгдүгээр сарын 26-нд улс даяар амардгийг болиулсан. Дараа нь Ардын намынхан эрх барих болсноор дахин бүх нийтээр амардаг байхаар зохицуулсан. Хуучинд ч, одоо ч ийм хандлага байсаар л байх аж.
-Ер нь энэ хоёр өдрийг тэмдэглэх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ эрэмбэ тогтоох ёстой. Харин манай хууль тогтоогчид нам, эвслээрээ талцаад, аливаа түүхэн үйл явдлыг хувьчлах гээд байдаг хандлагатай болчихож. Уг нь түүхийг хэнбугай ч хувьчлах ёсгүй. Энэ бол бидний нийтийн ой санамж. Үндэстний хамгийн гол шинж нь түүхэн ой санамж байдаг. Гэтэл 1921 оны хувьсгалыг МАН-ынхан “Манай нам үүсэж бий болсон” хэмээн өмчлөх гээд байдаг. Мөн 1990 оны хувьсгалыг “ардчилсан” гэж өөрсдийгөө нэрлэдэг улс төрийн хүчин өмчлөх гэдэг. 1945 оны бүх нийтийн санал асуулгыг МАХН хувьчилж авахыг зорьж байх шиг. Энэ бол маш буруу. Түүхийг аливаа улс төрийн хүчин, хувь хүн өмчилдөггүй юм.
-Манай улс дөрвөн Үндсэн хууль баталж мөрдсөн гэдэг. Түүхийн энэ чиг хандлага хэвээрээ байгаа юу, бас өөрчлөгдсөн үү?
-Хувь судлаачийн хувьд манай Үндсэн хуулийн түүхэн хөгжлийг арай олон үед хувааж үздэг л дээ. Эхнийх нь Тангарагийн гэрээ бичгийн үе. 1921-1924 онд манай төрийн тогтцын үндэс болж байсан баримт бичиг. Дээр өгүүлсэн Д.Бодоогийн боловсруулсан Үндсэн хуулийн төслийн нэг хэсэг нь. Ардын Засгийн газар, Богд хаан хоёрын хооронд байгуулсан баримт бичиг. Дараагийнх нь 1924, 1940 оны Үндсэн хууль. Удаах нь 1949 онд баталсан шинэ Үндсэн хууль. Гэхдээ манай судлаачид үүнийг Үндсэн хууль гэж үздэггүй, тэр ч яах вэ. Дараагийнх нь 1960 оны Үндсэн хууль. Ингээд 1990 онд энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. 1990-1992 оны үеийг миний бие Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт гэхээсээ шилжилтийн үеийн бие даасан Үндсэн хууль гэж үздэг. Та нар мэдэж байгаа. 1990 онд БНМАУ төрийн шинэ тогтолцоотой болсон. Улсын Ерөнхийлөгч гэдэг институц анх удаа бий болсон, хоёр танхимтай парламент байгуулагдсан. Эцэст нь 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль байна даа.