Гитар, бөмбөр эвлэгхэн тоглочихдог Ц.Энхманлай Пионерын ордонд гитар тоглодог Я.Одсүрэнтэй танилцсанаар тэдний нөхөрлөл эхэлжээ. Удалгүй, 13 настайгаасаа бөмбөр тоглосон Н.Пүрэвдашийг, өрсөлдөгч хамтлагийнхаа гитарчин Ц.Чулуунбатыг эгнээндээ нэгтгэснээр Монголд хард рок хамтлаг байгуулах гэсэн мөрөөдөлдөө нэг алхам ойртсон аж. Харин тэдэн дээр унаган чадвар, удмын авьяастай Х.Лхагвасүрэн нэмэгдсэнээр 14 жил мөрөөдсөн “Харанга” хамтлагаа байгуулсан түүхтэй. Энэ таван залууг өдгөө монголчууд бүгд таньдаг болчихож. Эцгийн нэрээр бус, хамтлагийнхаа нэрээр овоглоод 30 дахь жилээ угтсан “Харанга”-ын хоёр гишүүн өнгөрсөн сарын 29-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгасан юм. Отгон гавьяат Я.Одсүрэнг “Нямын зочин”-оор урилаа.
-Ярилцлагаа таны төрсөн нутгийн тухай асуултаар эхэлье. Та хаана төрж, өссөн бэ?
-Аав, ээж минь Увс аймгийн Бөхмөрөн сумынх. Харин би Дорноговийн Чойрт төрсөн. Аав минь нягтлан бодогч хүн байлаа. 1954 онд Улаанбаатар хотод ирээд, 1955 онд Санхүү, эдийн засгийн техникумыг төгсөж, Төмөр замд ажиллаж эхэлсэн гэдэг. Удалгүй Чойр луу хуваарилагдан, 1957 онд би тэнд төрсөн юм билээ. 1962 онд манайх Сэлэнгэ рүү нүүж, дараа жил нь буцаад хотод ирсэн юм.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Тавуулаа. Би эгч, гурван дүүтэй.
-Найман настайдаа анх гитар барьсан гэл үү?
-Нэгдүгээр ангидаа. Зоригоо гэж найз минь байдаг. Одоо бол хурандаа цолтой мундаг залуу бий. Тэдний ээж, аав манайхантай дотно нөхөрлөдөг, гэр бүлийн найзууд. Хичээлээ тараад л тэднийд тоглоно. Нэг удаа очтол эгчийнх нь гитар ил байна. Хоёулаа зэрэгцэж суугаад л гитарыг нь дамнуулж бариад оролдож байтал эгч нь манай эгчтэй хамт ороод ирлээ. Тухайн үеийнхэн эр, эмгүй л гитар эвлэгхэн тоглочихдог байсан даа. Ингээд хоёр эгч бидэнд ля минор, гитарын анхны барилтуудыг заасан. Түүнээс хойш хичээлээ тараад л Зоригоогийнх руу гүйчихнэ. Гитарыг нь бариад л суучихдаг байв. Ээжийг орос айлаас гитар авч өгөх хүртэл Зоригоогийнх руу гүйсэн дээ.
-Та хэр хөдөлгөөнтэй хүү байв?
-1-4 дүгээр анги төгсөтлөө би сайн дүн авч үзээгүй. Зөвхөн онц л авдаг сурлагатай хүү байлаа. Дөрөвдүгээр ангид дуу хөгжмийн багш “Одсүрэн хичээл тараад хөгжмийн кабинетад очоорой” гэлээ. Яваад очтол намайг хамтлагтаа авах болсныг хэлсэн. Багш аккордеон, хоёр сурагч саксафон, бөмбөр тоглодог, нэг хүүхэд дуулдаг. Энэ хамтлагтайгаа Үндэсний телевизээр хүртэл гарч байлаа.
-Аавынхаа тухай ярьж болох уу. Таныг хүүхэд байхад таагүй явдал тохиолдсон гэж сонссон. Аавыгаа үгүйлдэг байсан уу?
-Намайг гуравдугаар ангид байхад аав Төмөр замын санхүүгийн хэлтсийн дарга болчихсон байв. Нэлээд эрх мэдэлтэй. Манайх ч гурван өрөө байранд амьдардаг. Тэр хавийн айлууд манай гэрт сумын клуб шиг зурагт үзэхээр шавдаг байлаа. Нэг өглөө хичээлдээ явчихаад иртэл манайх хов хоосон. Ганц төмөр орноос өөр юу ч үлдээгүй байв. Аавыг баривчлаад аваад явчихсан. Тэр үед амьдрал ёстой л хөмөрсөн дөө. Аав минь ч 15 жилийн ял авч, би даргын хүү гэгдэж байснаа нэг л өдөр хулгайчийн хүү гэж нүд үзүүрлэгдэх болов.
-Тэр үед ээжид тань л хамгийн хэцүү байсан байх даа.
-Ээж минь Төмөр замын орос даргын нарийн бичиг байв. Би тэр үед юу гэж бодож байсан гээч. “Ямар ч хамаагүй хэрэг хийгээд шоронд орж, аавынхаа өвөрт л унтах сан” гэж боддог байв. Буруу гарын хүүхдүүдтэй нийлж ч үзлээ. Гэхдээ тэгж буруу тийш хазайхаас гитар минь намайг аварсан юм.
-Яаж?
-1970 оны Шинэ жилээр Харшийн сүлд модны наадамд манай хамтлаг тоглов. Хэд хоногийн дараа манай дуу хөгжмийн багш “Пионерын ордны Пүрэвжав багш чамайг нэгдүгээр сарын 10-нд ир гэж дуудсан” гэлээ. Пионерын ордны хаалгаар ороод л ертөнцийг өөр өнгөөр харсан. Пүрэвжав багштай уулзтал шууд л “Тэр хар гитарыг аваад тогло” гээд л хамтлагтаа авчихсан. Ямар гоё гитар байсан гэж санана. Нөгөө гитараа гэр лүүгээ авч явъя гээд багшаас гуйхаар “Чи эвдэлчихнэ” гээд өгөхгүй. Арай гэж зөвшөөрүүлээд авч явахаараа өвөртөлж унтдаг байлаа. Нот сурч, оркестртой тоглодог боллоо. 1971 оноос Сэлбэ зусланд зун бүр 42 хоног амардаг байв. Тэр үеэс найз нөхдийн хүрээлэл ч өөрчлөгдөж, би ч хичээдэг болсон. Дунд ангиасаа өмд, цамцаа өөрөө оёод өмсчихдөг боллоо. Гэм нь гутал л тэсэхгүй. Эгч Болгар луу сургуульд явж, би ээж, гурван дүүтэйгээ үлдлээ. Тэр үед ээжийгээ зовоож, дараа болохгүй, өөрөө өөрийгөө болгоод явъя гэж хичээдэг байсан даа. Эхэндээ санаа зовоод аавынхаа тухай хүмүүсээс нуудаг байлаа. Сүүлдээ нууж хаахаа больсон. Хүний мөн чанарыг тийм л үед таньдаг юм билээ.
-Таны хамтлаг байгуулах мөрөөдөл “Deep purple”-ээс үүдэлтэй юм билээ. Энэ хамтлагийн тухай анх яаж мэдсэн бэ?
-Сок (Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд) бид хоёр Пионерын ордонд хамт хөгжим тоглодог байв. 1973 онд Пионерын ордны хүүхдүүдийг Унгарт зусланд амраахад Сок явсан юм. Ирэхдээ хэдэн пянз авчирсны нэг нь “Deep purple”. Яг л миний дотоод ертөнцийг илэрхийлэх хөгжим байлаа. Нэг найздаа “Би яг “Deep purple” шиг рок хамтлаг байгуулна” гэж хэлсэн юм. Гэтэл тэр найз маань надад “Чи юун том юм яриад, онгироод байгаа юм” гэснээс болж бид хоёр муудалцаж байлаа. 2000 он гарсны дараа нөгөө найзтайгаа таарахад “Хүн зорилготой, тэмүүлэлтэй байх яасан сайхан юм бэ” гэж хэлж билээ. Хүн амьдралдаа нэг зүйлд зориод явбал эцсийг нь үздэг. “Харанга”-ынхан үүнийг биелүүлсэн. Онгирч байгаа юм биш шүү.
-14 жил хамтлаг байгуулахыг мөрөөдөж, түүнийхээ төлөө гүйжээ. Шантрах, болихоор эргэлзэх үе байсан уу?
-1975 онд дунд сургуулиа төгссөнөөсөө хойш “Ногоон гэрэл”, “Соёмбо” хамтлаг, Улсын циркт тоглосон гээд хөгжмөөсөө огт холдоогүй. “Ногоон гэрэл” хамтлагт байхдаа маш том зааланд тоглолтоо хийж, пиг дүүрэн үзэгч орилолдоод л Төрийн далбаа намируулаад үзэж байна гэж зүүдэллээ. Түүнийгээ Манлай (Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхманлай)-д ярьж, улам их мөрөөдөж байлаа. Яг 14 жилийн дараа “Харанга” хамтлагаа байгуулж, “Амьдрал” тоглолтын хөшиг нээгдэхэд яг л миний зүүдэндээ харсан дүр зураг харагдсан. Тоглолтын дараа би сөхөрч суугаад зөндөө уйлж билээ. Яг үнэндээ 30 нас хүртлээ эхнэр аваагүйн шалтгаан минь ч бас энэ. Хамтлаг байгуулъя, уран бүтээл хийе л гэж зорьдог байлаа.
-“Харанга”-ын хамгийн оргил үе хэзээ вэ?
-Эхлэлийг гүйцэх төсгөл үгүй. “Амьдрал” тоглолт миний хувьд хамгийн шилдэг нь. Би “Амьдрал” дуунд ч хамгийн дуртай. Хөгжмийн зохиолч З.Хангал ах “Та нарт “Амьдрал” нэртэй дуу зохиож өгнө” гэж хэлсэн юм. Гэхдээ өгөөгүй. Манай Манлай олон таван үггүй мөртлөө их шартай хүн шүү дээ. “Би өөрөө “Амьдрал” гэж дуу зохионо” гээд үгийг нь биччихээд “Ая хий” гэдэг даалгавар надад өгсөн. Надад эхлэл хэсгийн ая нь орж ирчихээд цааш явдаггүй. Бараг сар боллоо. Сар гаруйн дараа Манлай миний эхлүүлсэн аяыг дуусгаж, “Амьдрал” дуу бэлэн болсон юм.
-Хамтлагийн түүхэнд уруудсан үе ч бий. Таныхаар “Харанга”-ын хамгийн уналтад орсон үе хэзээ бол?
-Хүний амьдрал яг л зүрхний хэмнэл шиг. Өгсөнө, уруудна, эргээд өгсөнө, тэмцэнэ. “Харанга”-ын хамгийн тааруу үе 1999-2004 оны хооронд. Яг үнэндээ 2004 онд гаргасан цомог ч өмнөхүүдээсээ муу болсон. Бүгд уран бүтээлээсээ холдож, хувийн амбиц гаргасан. Гэхдээ бид ойлголцож, уран бүтээлээ үргэлжлүүлж чадсан.
-Танаар овоглох хэчнээн дуу “төрүүлсэн” бэ?
-Тоолоогүй ээ. Сайндаа л 60 орчим байх.
-Овоо болсондоо гэж өөрөө хамгийн тоодог нь аль вэ?
-Зохиосон анхны дуу болохоор ч тэр үү, “Хүжийн гал”-даа хайртай. Цэрэгт татагдаад жил гаруй болчихсон байлаа. Гэтэл нэг шинэ цэрэг л “Энэ дууг миний танил зохиосон юм. Ийм, тийм түүхтэй” гээд бурж өгч байна. Би “Наад дууг чинь би зохиосон юм аа” гэж хэлж чаддаггүй, ичээд. Тийм байдалд орох эвгүй юм билээ.
-Ямар үед сайхан аялгуу санаанд тань орж ирдэг юм бэ?
-Баярласан, эсвэл гунигласан үед. Харин түүнийг чин сэтгэлээсээ “ургуулах” хэрэгтэй. Гурван жил “нухсан” дуу байхад, 30 минутад “төрдөг” нь ч бий.
-Сэдвээ жаахан өөрчилье. Та хэдэн хүүхэдтэй вэ. Хэр чанга аав бэ?
-Би гурван хүүтэй. Том хүү минь Хөгжим бүжгийн коллежийг хийлчээр төгсөөд, одоо АНУ-д удирдаачаар суралцаж байгаа. Дунд хүү минь инженер. Бага нь одоо арваннэгдүгээр ангийн сурагч. Том хоёр хүүдээ нэлээд хатуурхсан. Бага нь хэнз юм болохоор арай зөөлөн өсгөсөн. Эцгээсээ жавтий хүртээгүй эр байдаг юм уу.
-Том хүүгээ урлагийн хүн болгох нь таны шийдвэр байсан уу?
-Том хүүг гурван настай байхад Булган (хөгжмийн зохиолч З.Хангалын хүү, “Харанга” хамтлагийн даралтат хөгжимчин агсан)-ыд аваад очлоо. Хангал ах хүүг дагуулаад өрөө лүүгээ орчихов. Хэдэн минутын дараа хүү минь “Дурлаагүй шүү, чамдаа би” гээд л дуулаад эхэллээ. Хэсэг байзнаснаа Хангал ах гарч ирээд “Нэгт, хүүдээ хүүхдийн дуу зааж өг. Хоёрт, хоосонгүй хүүхэд байна шүү” гэсэн. Тэр үеэс хүүгээ англи хэл, төгөлдөр хуурын дугуйланд хичээллүүлсэн юм. Нэг өглөө унтаж байтал Булган “Хөгжим бүжгийн коллежийн шалгалт эхэлсэн гэнэ. Аав “Одсүрэнгийн хүүг шалгуул” гээд тайван суулгахгүй байна” гэсээр ороод ирлээ. Ингээд хүүгээ шалгуултал, хийлийн ангид тэнцсэн юм.
-Охинтой байсан бол гэж бодож байв уу?
-Бодолгүй яах вэ. Хөвгүүд ээждээ, охид аавдаа амь гэдэг дээ. Тэр мэдрэмжийг үзэх сэн гэж хүсдэг байлаа. Одоо өнгөрсөн. Ямар сайндаа хөвгүүддээ хэлдэг юм “Анхны ач охиноо би өөрөө өсгөнө шүү” гэж. Охин хүүхэд өсгөж үзмээр л байна.
-Өвөө болоход бэлэн гэсэн үг үү?
-Найзууд эхнээсээ өвөө болчихсон. “Өвөө болоход ийм, тийм мэдрэмж төрдөг. Ач, зээгээ хүүхдээсээ илүү хайрладаг” гэхийг нь сонсож л байлаа. Гэхдээ өөрийгөө төсөөлөхгүй юм. Өвөө болсон найзуудыгаа харахад харц нь зөөлрөхөөс гадна сэргэчихсэн байдаг. Аргагүй л дээ, амьдралд нь дахин өөр өнгө гэрэлтэж байгаа юм чинь.
-Жил гаруйн өмнө хүү тань таны зохиосон дуунуудын найруулгыг өөрчилж, оркестртой тоглуулах талаар ярьж байсан. Тэр ажил нь юу болсон бэ?
-Нэг суугаад л хийчих ажил биш шүү дээ. Урагшлуулж л байгаа. Жишээ нь, “Өнгөрсөн үе” дууг дөрвөн морин хийлчээр тоглуулбал сонирхолтой сонсогдоно. Энэ мэтчилэн шинэчлэх, “нухах” ажил их болохоор яаруулж болохгүй.
-Нээрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг хэр хүлээж байв. Баярт мэдээг хэзээ, хэрхэн мэдсэн бэ?
-Өмнө нь гурван ч удаа тодорхойлуулаад бүтээгүй болохоор хүлээхээ больчихсон. Гэтэл аравдугаар сарын 28-ны 20.40 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж “Маргааш 11.00 цагт ирээрэй” гэж мэдэгдсэн. Гайхах, тулгамдах зэрэгцсэн дээ.
-Хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж зогсоход юу мэдэрсэн бэ?
-Хамтлагаа байгуулах үед энэ бүхэн бидэнд дэндүү хол санагдаж байсан юм шүү дээ. Гэхдээ бид хийж байгаа бүхнээ ажил болгож, түүгээрээ бахархаж, жаргал амсаж яваа. Өнгөрсөн бүхнээ л эргэж бодож байлаа. Пүүжээ (Н.Пүрэвдаш)-тэйгээ хамт шагнуулсан болохоор сайхан санагдсан. Төрийн ордноос гарч ирэхэд хамтлагийнхан, гэр бүлийнхэн, хамтран ажилладаг уран бүтээлчид, сонсогчид минь бид хоёрыг тосож авсан нь үнэхээр сайхан байсан.