СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн эрхлэгч Б.Даваатай ярилцлаа. Тус тэнхимийн 25 жилийн ой энэ онд тохиож буй юм.
-Та тайзны ярианы багшаар нэлээд олон жил ажилласан. Ер нь тайзны яриа гэж юуг хэлдэг юм бэ?
-Тайзны яриа гэдэг нь нэг талаас жүжигчний өгүүлэх, дуугарах эрхтний үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, хэл ярианы техник, нөгөөтээгүүр, жүжигчний ярих чадварыг хөгжүүлж, уран зохиолын эхийн санаа, далд утгад нэвтэрч, гүн гүнзгий судлан, бие, сэтгэлээр амилуулахыг хэлдэг. СУИС-ийн Тайзны ярианы тэнхим нэрээ Ярих урлагийнх болгож өөрчилсөн. Ярих урлагийн тэнхим жүжигчний ярих ур, чадварыг (хуучин ойлголтоор тайзны яриаг) хөгжүүлэхэд чиглэсэн сургалт явуулдаг юм.
-Тайзны ярианы сургалт Монголд хэзээ үүссэн юм бол?
-Анх 1994 онд СУИС-ийн захирлын тушаалаар тайзны ярианы бие даасан тэнхим байгуулж, таван багштай үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг. Түүнээс хойш 25 жилийг үджээ. Гэвч сургалтын үндэс бол үүнээс ч өмнө үүссэн. 1957 онд МУИС-ийн драмын найруулагчийн, 1959 онд УБДС-ийн кино, драмын жүжигчний ангид элсэлт авч, дуу хоолой, хэл яриа хөгжүүлэх сургалт явуулж байсан. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, ЗХУ-ын Клара Булыгина Намсраевна багшийн хамт нийслэлийн сургуулиудаар явж, уг ангид хүүхдүүд шалгаруулж авсан түүхтэй. Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Гавьяат жүжигчин С.Сэлэнгэ, орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин Д.Элбэгсайхан, Э.Ганболд (“Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Гэлэг хурандаагийн дүр бүтээгч) нар тэдний төлөөлөл юм.
Клара Булыгина Намсраевна багш Монголд тайзны ярианы мэргэжлийн сургалтын эхлэлийг тавьж, ЗХУ-ын театрын сургуулийн сонгодог дэгийг Монголд нутагшуулсан хүн. Ардын аман билиг, яруу өгүүлэхүйн (үлгэр ярих, шүлэг, яруу найраг унших) авьяастай, театрт дэлхийн болон үндэсний сонгодог 200 гаруй дүр бүтээсэн Г.Гомбосүрэн гуай оюутнуудад ерөөл магтаал, оньсого таавар, үлгэр ярих, шүлэг унших зэргийг зааж байсныг ахмад багш нар дурсдаг. Тэр цагаас хойш энэ хичээлийг Монголын нэрт жүжигчид, уран бүтээлчид зааж ирлээ. Монгол Улсын Гавьяат багш, дэд профессор Р.Уртнасан манай тэнхимийг өнөөдрийн зэрэгт хүргэх үндсийг тавьсан. Сүүлийн таван жилд манай тэнхим СУИС-ийн Театрын урлагийн сургуульд харьяалагдан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний соёл, сэтгэлгээний өвөрмөц онцлогоо хадгалсан монгол жүжигчин бэлтгэх зорилготой ажиллаж байна.
-Энэ төрлийн урлаг өдгөө хөгжлийн аль шатанд яваа гэж та дүгнэх вэ?
-Манайхан тайзны яриаг зөвхөн тайзан дээр уран бүтээлээ туурвидаг жүжигчин хүмүүст л хамааралтай гэж ойлгодог. Энэ нэр томьёо Монголд анх, Орос-Зөвлөлтийн театрын дэг сургууль дэлгэрснээр үүссэн. Угтаа тайз дэлгэц болон радио, телевиз зэрэг хэвлэл, мэдээллийн бүх л салбарын үйл ажиллагааг хамарсан, нийтийн хэл ярианы соёлын хэм хэмжүүрийг тогтоох гэсэн утгатай нэршил. Манай тэнхим хэл ярианы соёлын хэм хэмжүүрийг тогтооход нөлөөлж буй мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гэсэн үг. Жүжигчин, найруулагч, хөтлөгч гэх мэтчилэн урлагийн бүх л мэргэжилтнийг хичээлийн хосолсон хөтөлбөрөөр сургадаг. Олон салбар судлагдахуунтай учир тайзны ярианы хөгжлийг эдгээр мэргэжилтний хэл ярианы ур чадвараар тодорхойлоход төвөгтэй.
2001 оноос манай тэнхим анх удаа хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр элсэлт авч, гурав дахь ангиа төгсгөх гэж байна. Сурч, боловсрох хэрэгцээ гэрлийн хурдаар өсөн нэмэгдэж буй энэ цагт хүнийг мэдлэгээр бус, чадамжаар нь үнэлдэг болсон. Энэ шаардлага ч театрын жүжигчдэд тавигдана. Онцолбол, жүжиглэнгээ дуулдаг, дуулангаа бүжиглэдэг, бүжиглэнгээ ярьдаг цогц чадамжтай, хөгжимт театрын жүжигчид л энэ шаардлагад бүрэн нийцдэг. Хөгжимт театрын жүжигчин бэлтгэх мэргэжлийн сургалт харьцангуй сүүлд эхэлсэн ч, манай төгсөгч болох хөтлөгч Э.Ууганбаяр, “А-капелла” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Г.Отгонцэцэг нараараа сургуулийнхан, багш нар нь бахархдаг. Харамсалтай нь, цогц чадамж бүхий мэргэжилтнүүдээ нэг дор багаар нь ажиллуулах театр манайд алга даа.
-Ярих урлаг цаашид хэрхэн хөгжих бол?
-Ярих урлагийн тэнхимээс нийгэмд чиглэсэн, нийтийн хэл ярианы соёлыг дээшлүүлэх ажлууд хийхээр төлөвлөсөн. Хүний дуу хоолой, хэл ярианы судалгаа гүнзгийрэхийн хэрээр тайзны ярианы хөгжил улам шинэ түвшинд хүрнэ гэж тооцож байна. Манай тэнхим тайзны ярианаас гадна кинонд дуу оруулах урлаг, хөтлөгчийн ур чадвар, дуулах ур зүй, хөгжмийн боловсрол зэрэг хичээл заадаг. Мөн СУИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуульд салбар дундын сургалтууд ч явуулдаг. Тодруулбал, бүх төрлийн дуучинд амьсгаа, дуудлага зүй, тод хэллэг, дуу хоолойн дасгалжуулалт хийлгэдэг хэл ярианы техник, соёл, урлагийн удирдлага менежмент, маркетинг, аялал жуулчлал, музейн ангиудад ярих болон илтгэх урлаг, хөтлөх ур зүйн хичээл заадаг. Нөгөөтээгүүр, манай тэнхимийн багш нар нэг зорилгын дор нэгдсэн хамт олон болж бүрэлдсэн нь хөгжлийн бас нэг тулгуур болох юм.
...Тэгэхэд Б.Гантигмаа Стерлита, Д.Жаргалсайхан Тонни, Т.Баярхүү Хорацио Гонзалестэд дуу оруулсан юм. Мөн ч сонин, содон, сайхан дуу хоолойтой хүмүүс шүү...
-25 жилийнхээ ойн хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-2019-2020 оны хичээлийн жилд манай тэнхимийн 25 жилийн ой тохиож байна. Бид ойгоо жилийн турш тэмдэглэнэ. Ингэхдээ таван бүлэг ажил хийхээр төлөвлөсөн. Хамгийн эхэнд салбарын эрдэмтдээ урьж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ тодорхойллоо. Хоёрдугаарт, ахмад багш нарынхаа сургалт арга зүйн онцлог, арвин баялаг туршлагыг өвлүүлэн үлдээх зорилготой “Дамжуулах үг” баримтат кино хийж эхэлсэн. Гуравдугаарт, төгсөгчид болон ажил олгогчидтой уулзалт зохион байгуулж, сургалт, уран бүтээлийн харилцаа холбоог бэхжүүлнэ. Дөрөвдүгээрт, тэнхимийн сургалт, судалгаа, уран бүтээлийн ажлын агуулгаар түүхэн замналын ном гаргаж, сургалтын гарын авлагууд хэвлүүлнэ. Тавдугаарт, олон нийтэд зориулсан богино хугацааны сургалтууд явуулж, багш, оюутны хамтарсан уран бүтээлийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
-Төгсөгчдийн уулзалт зохион байгуулсан гэж сонссон.
-Тийм ээ. Төгсөгчид маань сургууль, багш нартайгаа үргэлж холбоотой байдаг. 1999 оны төгсөгчидтэй өнгөрсөн сард уулзлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор С.Сугар, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш нарын хариуцсан анги. Энэ ангид жүжигчин Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа, Н.Ялалт, А.Мөнгөнзул, радио телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Бямбацогт, Б.Гантигмаа, Д.Жаргалсайхан, Т.Баярхүү, Я.Болорчимэг нар суралцан төгссөн юм. Манай анги юм л даа. Монголын урлаг, телевизийн салбарт амжилттай ажиллаж буй ангийнхнаараа бахархдаг.
-Ангийнхантайгаа уулзахаар хамгийн түрүүнд оюутан насаа дурсдаг уу?
-Оюутан цагийн төрхөөрөө л харагддаг шүү. Манай ангийнхан хамгийн урд талын ширээнд суух гэж уралддаг байсан. Хичээлдээ тийм их дуртай, мэргэжилдээ хайртай хамт олон байсан учир өдгөө урлагийн салбарт амжилттай явж байна. 1995 онд Венесуэлийн телевизийн олон ангит “Халтар царайт” кино Монголд анх гарах үед манай ангийн хэдэн оюутан дуу оруулагч жүжигчнээр ажилласан юм. Тэднийг ангидаа юм ярихаар кино гарч байгаа юм шиг л танил дуу хоолой сонсогддог сон. Тэгэхэд Б.Гантигмаа Стерлита, Д.Жаргалсайхан Тонни, Т.Баярхүү Хорацио Гонзалестэд дуу оруулсан юм. Мөн ч сонин, содон, сайхан дуу хоолойтой хүмүүс шүү. Ингээд бодохоор жүжигчин мэргэжил нь хөрвөх чадвар сайтай, урлагийн чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэхээс гадна хүчирхэг бие хүн болгон төлөвшүүлдэг. Манай ангийн Ж.Баясгаланг хүмүүс андахгүй мэдэх байх. Маш хүнд гэмтсэн ч сэтгэлийн хат, зориг тэвчээр, дасгал сургуулилалт, тууштай эмчилгээ, сайн ханийн халамж, хайрын үрээр өндийн боссон нь бахархам шүү.
-Таны ажил, мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Жүжигчин бол хүн судлалын мэргэжилтэн шүү дээ. Бие, хэл, сэтгэлээр үйлдэхүйг судалдаг мэргэжил учраас маш хүчирхэг бие хүн болж төлөвшдөг. Амьдралын ямар ч зовлон жаргалд ганддаггүй, үзэл санаа нь хувиршгүй, биеэ дасгалжуулж мэддэг, сэтгэлээ хатамжилж чаддаг, өөрийгөө хэзээ, хаана ч нээлттэй илэрхийлдэг хүмүүс. Жүжигчний хэл яриа, дуу хоолойг хөгжүүлдэг багшийн мэргэжил дэндүү чимхлүүр, хувийн чанартай, их нарийн, хариуцлагатай ажил. Сэтгэл судлал, анагаах ухаан, утга зохиол, хэл шинжлэл гээд олон салбартай холбогддог, бүх талын чадамжтай байж, хүнд байгалиас заяасан төрмөл өгөгдлийг нээх билгийн нүдтэй байхыг шаарддаг.
Бэлтгэсэн: Б.Уянга