“Элит жим” клубийн багш дасгалжуулагч, ОУХМ Н.Алзахгүйбаатарыг спорт сонирхогчид андахгүй. Тэрбээр пауэрлифтингийн спортод амжилт гаргасан Монголын шилдэг, ууган тамирчдын нэг. 2017 онд Швед улсын Сундсвалль хотод болсон пауэрлифтингийн мастеруудын ДАШТ-ий 93 кг-ын жинд хүч сорьж, хүрэл медаль эх орондоо авчирч байв. Тэгвэл 2018 онд Монголд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, аваргын цом гардсан. Үүнээс өмнө түүнийг медалийн тавцанд гаргасан олон тэмцээн бий. 2007-2015 оны УАШТ-ээс газраас таталтын төрөлд алт, 2016 онд штангтай суулт, газраас таталтын төрөлд, нийлбэр дүнгээр алт, мөн Raw classic, газраас таталтын төрөлд мөнгө, 2017 онд Raw classic, суулт, хэвтээ шахалтын төрөлд алт, газраас шахалтын төрөлд мөнгө, нийлбэр дүнгээр алт, 2017 онд УАШТ-ээс дөрвөн алтан медаль хүртсэн амжилттай. Түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урьж ярилцлаа.
-Таныг спортын гараагаа пауэрлифтингээр эхэлсэн гэж боддог байлаа. Тэгтэл чөлөөт бөхөөр барилддаг байжээ.
-Тийм ээ, 1988 онд Спорт сургалтын төвд чөлөөт бөхийн дасгалжуулагч О.Мөнхбат багшийн удирдлагад хоёрдугаар ангийн сурагч байхдаа анх хичээллэсэн. 20 нас хүртлээ дэвжээнд барилдаж, бөхийн спортын суурьтай болж билээ. Хүүхэд байхдаа чөлөөт бөхийн алдартай тамирчидтай дэвжээнд бэлтгэл базааж, тэмцээнд оролцдог байснаа хааяа дурсах сайхан санагддаг. Бидний үед сургуулийн удирдлага, багш нар сурагчдаа урлаг, спортод уриалж, бие болоод сэтгэл зүйг нь зөв төлөвшүүлэхэд чиглэдэг байв. Сурагчид нь багшаа, багш нь сурагчдаа хүндэлж харилцах хандлага их ойр байж. Чөлөөт бөх спортын бусад төрлийн суурь болдог. Барилдааны явцад авхаалж самбаа гаргаж, хөдөлгөөнөөр тархийг хурдан сэтгэх чадварт сургадаг спорт. Чөлөөт бөхөөр хичээллэсэн тамирчин спортын ямар ч төрөлд хөрвөх чадвартай. Гэтэл спортын зарим төрөлд хөрвөх боломж байдаггүй. 1998 онд дархан аварга Ж.Мөнхбат агсны байгуулсан Их шавийн дээд сургуулийг чөлөөт бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. Би пауэрлифтингийн спортод хожуу хөл тавьсан. 2005 онд Монголд пауэрлифтингийн УАШТ анх болоход оролцож, IV байрт шалгарч байв. Намайг энэ спортод хөл тавьж, амжилт гаргахад чөлөөт бөхөөр барилддаг байсан минь их нөлөөлсөн.
-2017 онд Монголын чөлөөт бөхийн мастерүүдийн тэмцээнд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн гэж тамирчдаас сонссон.
-Тэгсэн. -100 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медаль зүүсэн. Дэвжээнд 20 жилийн дараа дахин гарсан нь тэр. Тэр тэмцээнд улсын начин Л.Наранбаатар түрүүлж, ОУХМ Т.Гансүх удаалж, улсын начин М.Жамьянпүрэв бид хоёр хүрэл медаль хүртсэн юм. Чөлөөт бөхөөр хичээллэсэн суурь олон жилийн дараа тэмцээнд оролцоход орхигдоогүй байгаа нь анзаарагдсан. Дэвжээнд гараад л өөрийн эрхгүй огшсон, хүүхэд байх үеийн дурсамжууд нүдэнд харагдах шиг болж билээ. Хүрэл медаль хүртчихээд маш их урам авсан даа. Тэр үеийн сэтгэл догдлол, мэдрэмжийг үгээр илэрхийлэх аргагүй. Надтай хамт дэвжээнд барилдсан бөхчүүд “Чамд чөлөөт бөхөөр үргэлжлүүлж хичээллэх боломж байна. Мастеруудын ДАШТ-д оролцооч” гэсэн. Хүүхэд байх үеийнхээ хүсэл, мөрөөдөлд хөтлөгдөж, тэмцээнд оролцсон болохоор надад хүрэл медаль минь хангалттай байлаа. Тэр үед чөлөөт бөхийн дасгал сургуулилалт пауэрлифтингтэй уялдаа холбоотойг ойлгосон шүү.
-Монголд пауэрлифтинг залуу спортын тоонд ордог. Дэлхийн болон Азийн орнуудыг бодвол манайд хожуу хөгжсөн. Энэ спортод хөл тавьсан анхны тамирчдын нэг нь та болов уу?
-Надад чөлөөт бөхөөс өөр спортоор хичээллэхэд пауэрлифтинг хамгийн ойр санагдсан. Пауэрлифтинг штангтай суулт, хэвтээ шахалт, газраас таталт гэсэн хүчний гурван төрөлтэй. Амжилттай оролцсон тамирчдад төрөл тус бүрт нь медаль өгдөг ч нийлбэр дүнгээр нь аваргаа тодруулдаг. 2006 онд газраас таталтын төрөлд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн бол 2007 онд гурван төрөлд хүч сорьж, нийлбэр дүнгээр УАШТ-д түрүүлж, аваргын цом гардсан. Миний хувьд богино хугацаанд хичээллэж, амжилтад хүрсэн.
-Чөлөөт бөхөөр яагаад үргэлжлүүлж хичээллээгүй юм бэ. Барилдаж, ноцолдохоос халширч шантарсан хэрэг үү?
-Биднийг спортоор хичээллэхэд нийгмийн шилжилтийн байдал их нөлөөлсөн. Тэр үед олон тамирчин спортдоо үлдэх үү, эсвэл өөр зам сонгох уу гэдэгтэй нүүр тулсан. 1990 оны үед “Хүч” нийгэмлэгт хоёр жил харьяалагдаж, улсын заан Ч.Бямбадоржийн удирдлагад бэлтгэл базааж, тэмцээнд оролцдог байв. Тухайн үед чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн, улсын харцага Н.Алтансүх, улсын начин У.Балжинням, Д.Намдаг нартай хамт бэлтгэл хийнэ. Өглөө аяга цай ууж, атга боорцог идээд гарна, өдөржин бэлтгэл хийн, орой гэрийн бараа харж, аяга хоолтой золгодог байлаа. Хүүхэд байсан болоод ч тэр үү, спортын төлөө өлсөж, цангаж, ядарснаа ч мэдэхгүй явдаг байж дээ. Тэсвэр гаргаж, тамираа тасартал хичээллэсэн нь спортдоо үлдэж, чадаагүй нь тус тусын зам мөрөө хөөсөн. Тэр үед аж, амьдралаа залгуулахын тулд ганзагын наймаа эрхэлж, урагш, хойшоо яваагүй тамирчин ховор доо.
ТЭСВЭР ХАТУУЖИЛД СУРАЛЦСАН ХҮН БЭРХШЭЭЛИЙГ ХҮНДЭЭР ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ
-Тэгвэл ОУХМ Т.Мөнхбаяр, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар зэрэг тамирчидтай нэг үеийнх байх нь ээ?
-Бид үеийнхээ тамирчдаас их суралцаж, үлгэр дуурайл авдаг байлаа. Тэр үед О.Пүрэвбаатар сайн барилдаж, оролцсон тэмцээн болгоноосоо алтан медаль хүртэнэ. Тамирчдаас амжилтаараа илүүрхэж, сонирхол татсан барилдаангаргадаг байсан үе л дээ. Олон хүн барилдааныг нь үзэх гэж ирдэг байв. Миний хувьд чөлөөт бөхөөр 10 гаруй жил хичээллэхдээ тамирчин хүний зовлон, жаргалыг багагүй мэдэрсэн.
-Үндэсний бөхчүүд, бодибилдингийн тамирчид пауэрлифтингээр хичээллэдэг. Тэдэнтэй өрсөлдөж, амжилт гаргахад танаас хичээл зүтгэл их шаардсан биз?
-Тэмцээнд оролцоход эхний байруудыг штангийн төрөлд бодибилдингээр хичээллэдэг Гавьяат тамирчин Ж.Нурлан, Г.Дорж, үндэсний бөхчүүдээс улсын гарьд Д.Рагчаа, улсын заан О.Одгэрэл, Ч.Батзориг, Ц.Магалжав, улсын начин Г.Олзгэрэл нар эзэлдэг байв. Ч.Батзориг заан бөхчүүдээс штангийн төрөлд алдартай нь. Сүүлийн үед пауэрлифтингээр дагнаж хичээллэсэн тамирчид тэмцээнд амжилт гаргах болсон. 2009 оны УАШТ-д улсын заан О.Одгэрэл газраас таталтын төрөлд 270 кг-ыг өргөж, Монгол Улсад анхны рекорд тогтоосон. Миний хувьд 290 кг-ыг татан, 20 кг-аар ахиулж, анхны дээд амжилтаа тогтоож байлаа. 2010 оны тэмцээнд 300 кг-ыг татаж, рекордоо дахиж ахиулсан. Бага жинтэй миний хувьд рекорд эвдсэний гол нууц нь чөлөөт бөхөөр барилдаж байсантай холбоотой.
-Пауэрлифтингийн спортод өөрийн хүсэл сонирхлоор хөл тавив уу, эсвэл найз нөхдийнхөө зөвлөснөөр үү?
-Би өвөө, эмээтэйгээ өссөн. Өвөө, эмээ, ээжийгээ мөнх бусыг үзүүлсний дараа сэтгэлээр унаж, буруу зөрүү алхах боллоо. Залуу явахад амьдралд аль алдаж, онохыг тэр гэх вэ. Амьдралдаа буруу алхам хийх гээд байсан тул спортдоо эргэн ирсэн. Спорт хүний амьдрал, хувь заяа, зан төлөвшилд эергээр нөлөөлдөг. Хүн зөвхөн эзэмшсэн мэдлэг, боловсролоороо өөрийгөө төгс авч явна гэдэг хэцүү. Үүнийгээ спорттой хослуулан хөгжүүлж, амжилт руу алхана. Спортын тэсвэр хатуужилд суралцсан хүн аливаа саад бэрхшээлийг хүндээр хүлээж авдаггүй, амьдралын аар саар зүйлд ч амархан хөл алдахгүй. Зорилготой амьдрахаар цагийг үр бүтээлтэй зүйлд зарцуулж сурдаг.
-“Тайхар” клубийн тамирчин гэж зарлуулаад пауэрлифтингийн тэмцээнд оролцдог байсныг тань санаж байна.
-Тэр үед “Тайхар” хамгийн нэр хүндтэй клуб байлаа. Би пауэрлифтингээр Д.Энхжаргал багшийн удирдлагад зургаан жил хичээллэсэн. 2010 онд Монголд Азийн АШТ анх удаа зохион байгуулахад 15 улсын шилдэг тамирчинтай өрсөлдөж байлаа. Миний хувьд мөн л газраас таталтын төрөлд хүрэл медаль хүртсэн. Казахстан, Ираны тамирчид маш хүчтэй. Казахстаны дасгалжуулагч “Монголын тамирчид пауэрлифтингийн техникийн тал дээр дутмаг ч амжилт гаргах боломжтой” гэсэн. Олон улсын чанартай тэмцээн эх орондоо зохион байгуулах давуу талтай. Учир нь гадаадын тамирчдын ур чадвар, туршлага, амжилтаас харж, суралцах, юуг анхаарч, түлхүү хөгжүүлэхээ мэдэж авах боломжтой. Сүүлийн жилүүдэд манай тамирчид дэлхийн рекордуудыг эвдлээ. Б.Алтангэрэл, Б.Чимэдцэрэн, Х.Энхболд, Ш.Чанарав, Л.Ганбаатар, М.Галсайхан, Б.Мянганбаатар нар ДАШТ-д амжилттай оролцож байгаа. Монголын тамирчид амжилтаараа пауэрлифтингээр Азид дээгүүр байрт ордог.
ТАМИРЧДАД ЗӨВ ХҮН БАЙХ ТАЛААР ЗӨВЛӨДӨГ
-Тэмцээнд оролцохын хажуугаар тамирчдыг дасгалжуулах хэцүү санагддаг уу?
-“Тайхар” клубт багш дасгалжуулагчаар ажилладаг байлаа. Тэр үед Б.Соронзонболд, А.Бямбажав нар аймгийн арслан цолтой байхдаа анх ирж хичээллээд л хоёр жилийн дараа улсын цолд хүрсэн. Тэд одоо ч хичээллэдэг. Уйгагүй бэлтгэл хийдгийн үр дүн барилдаанаас нь харагддаг. Шударга хөдөлмөрлөөд, бэлтгэлдээ хичээл зүтгэл гаргавал зорьсондоо хүрч болдгийг тамирчид амжилтаараа харуулдаг. Энэ спортоор хичээллэдэг залуусын хүрээ жилээс жилд тэлж байна. Хэчнээн бяртай, хүчтэй байгаад ашиглаж чадахгүй, эсвэл арга барил, техник муу бол амжилт гаргахгүй. Бэлтгэлээр тодорхой үр дүнд хүрэх ч үүнээс гадна хөдөлгөөний эвсэл, овсгоо самбаа, хичээл зүтгэл, итгэл найдвар гээд олон зүйл нөлөөлнө.
-Тамирчид хүчийг уян хатан чанартай хослуулж, таарсан бэлтгэл хийх нь зөв үү?
-Үндэсний бөх манайд мэргэжлийн тал руугаа хөгжиж байна. Бөхчүүд хүчний бэлтгэлийг маш нарийн системтэй хийх болсон. Тухайлбал, штангтай суулт, нурууны таталтыг бяртай болохын тулд хийвэл тийм ч сайн биш. Учир нь үндэсний бөх хурд, хүч гаргаж барилддаг, уян хатан хөдөлгөөнтэй спорт. Тэгэхээр нэг чиглэлийн булчинг хамаагүй хөгжүүлж болохгүй. Бөхөөс хэдийчинээ уран барилдаан гарна төдийчинээ уян хатан байна гэсэн үг. Уран барилдаан гаргахад жин их байх биш, хүчийг уян хатан чанартай уялдуулж таарсан бэлтгэл хийх нь зүйтэй. Бөхчүүд пауэрлифтинг, бодибилдингийн бэлтгэлээр дагнах ёсгүй. ДАШТ-д хүч үздэг тамирчдыг харахад бодибилдингийн тамирчин шиг биетэй байдаг. Тэд тийм биетэй хэрнээ уян хатан хөдөлгөөнтэй, олон цаг ачаалал даах чадвартай байгаа нь хүчний дасгал зөв хийсэнтэй холбоотой. Манай зарим бөх “Дэвжээнд гарч барилдахаар хатуурч, зуураад болохгүй байна” гэж ярьдаг. Энэ нь бэлтгэл буруу хийсэн гэсэн үг. Бэлтгэл хийсэн ч булчин агшиж, сунах ёстой шүү дээ. Харахад хатуу юм шиг хэрнээ зөөлөн байх ёстой. Энэ бүхнийг хийж буй дасгалуудаар засаж болдог.
-Та тамирчидтайгаа багш дасгалжуулагчаас илүү найз нөхөд шигээ харилцах юм?
-Би тамирчидтай ойр дотно байдаг. Заримтай нь сайхан нөхөрлөнө. Тэднийхээ амжилтаар бахархдаг. Дасгалжуулагчийн хувьд өдөр бүр өөр зантай хүмүүстэй харилцдаг. Тиймээс хоёр өөр хүнийг нэг системээр бэлтгэл хийлгэж болохгүй, зан чанар, бие бялдрынх нь онцлогт тохируулах хэрэгтэй байдаг юм. Сэтгэл зүй нь биеийн бэлтгэлтэй зөрж болохгүй. Тухайлбал, түргэн зантай хурдан барилддаг бөхөд хүч, тайван хүлээцтэй барилддаг бөхөд тэвчээрийн бэлтгэл түлхүү хийлгэнэ. Би тамирчдад зөв хүн байх, мөн спортоор өөрийгөө зөв төлөвшүүлэн, алдаа дутагдлаа засаж болдог талаар зөвлөдөг. Тамирчин хүн штанг, хүчний дасгалаар биеэ төгс хөгжүүлж болно, харин бяртай биеийг авч явах ухаан, хандлага нь зөв байх ёстой юм. Пауэрлифтинг эрсдэл ихтэй спорт. Хамгийн гол нь зөв техникээр хичээллэж байж амжилтад хүрнэ. Нэг л алдаа гаргавал эрсдэл ойрхон. Хөлөө буруу гишгэснээс болж жингээ алдахад үе, тохой, мөр бэртэж гэмтэнэ. Энэ утгаар яривал пауэрлифтинг эрчүүдийн, эр зоригийн спорт. Тэгэхээр гаргаж болзошгүй эрсдлийг заавал тооцоолдог байх хэрэгтэй. Үүнд нөгөө л техник хэрэг болно.
-Тамирчдын гэр бүл спортын мэдлэгтэй болчихсон байдаг юм билээ. Үнэнээр нь магтаж, шүүмжилдэг хамгийн үнэнч фэн нь гэр бүлийнхэн л байдаг.
-Манай эхнэрийг О.Нандинцэцэг гэдэг, Худалдаа үйлдвэрийн дээд сургууль дүүргэсэн. Манайх хүү, охинтой. Хүү минь ШУТИС-д суралцдаг оюутан, сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Эхнэр надаас дутуугүй дасгалжуулагч шүү дээ. Миний оролцсон тэмцээнүүдийг үзсээр байгаад мэддэг болчихсон. Нэг жинд өрсөлддөг тамирчдын зан чанар, амжилтын тухай ч мэднэ. Энэ утгаар яривал миний уяа, сойлгыг тааруулдаг юм. Тэмцээн дөхөхөөр тэгж ингэж бэлтгэл хий, энэ тэр зүйл дээрээ анхаар гээд зөвлөнө. Сүүлийн үед би үгийг нь авч, зөвлөгөөг нь дагадаг болоод байгаа шүү. Энэ ташрамд сэтгэлийн дэм өгч, тусалж дэмждэг ангийн найз нөхөд, “Элит жим” клубийн хамт олондоо талархаж явдгаа уламжилъя.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг