Япон Улсад ажиллаж, амьдардаг ятгачин Ч.Мягмарсүрэн арлын оронд монгол ятга хөгжмийг танилцуулах зорилгоор цомгийн нээлт, тоглолт хийх гэж байгаа тухай сонсоод, холбогдож мэдээлэл авсан юм.
-Сайхан намаржиж байна уу. Японд өвөл болчихсон уу?
-Үгүй ээ, намраараа байна. Урьд урьдынхаас дулаан намар болж байна.
-Арлын оронд олон жил амьдарч байна уу?
-Суурин бол 2000 оноос амьдарч байна. Анх 1997 онд Морин хуурын чуулгатай аялан тоглолтоор ирсэн юм. Алдарт уртын дуучин Н.Норовбанзад, Гавьяат жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Г.Эрдэнэбат, Самбалхүндэв багш гээд урлагийн алдартнуудтай цуг Окинавагаас Хоккайдо хүртэл 16 хотоор аялан тоглосон. Түүнээс хойш ирэн, очин тоглолтод оролцож байгаад, 2000 оноос бүрмөсөн амьдрахаар ирсэн юм. Япон хэлний сургуульд суралцаж, Худалдаа менежентийн коллеж төгсөж, нэлээд хэдэн жил оффисын ажил хийлээ. Энэ хооронд хөгжмөө орхиогүй. Тоглолтуудад боломжоороо оролцдог байлаа. Харин одооноос хөгжмөөрөө дагнаж эхэлж байна.
-Үндсэн мэргэжлээрээ ажиллах нь. Морин хуурын чуулгын бүрэлдэхүүнд тоглохдоо юунд ч санаа зовохгүй, дунд нь хөвөх мэт явсан байх. Ганцаараа уран бүтээл хийх хэцүү байх даа?
-Ёстой л хөл газар хүрэхгүй байгаа мэт хөвж явсан даа. Ц.Батчулуун багшийнхаа нөмөр нөөлөгт хэн хүнгүй юу ч бодохгүй явдаг байсан. Ганцаараа уран бүтээл хийх хэцүү. Морин хуурын олон улсын “Асар” чуулгыг үүсгэн байгуулагч, Дэлхийн морин хуурын холбооны ерөнхийлөгч, морин хуурч А.Бат-Эрдэнэ гэж залуу бий. Тэрбээр 2001 онд энд ирсэн юм. Бид хоёр хамтарч тоглодог байлаа. Нэг жилийн түрүүнд ирсэн болохоор би хэдэн үг илүү мэддэг байсандаа тэр юм байх даа, орчуулагч болчихно. Одоо бодохоор ичдэг юм. Надаар орчуулуулж тоглож байсан хүн олон жилийн тууштай хөдөлмөрийн үрээр дэлхийн морин хуурын чуулга үүсгэн байгуулсан даа.
-Японд амьдардаг монгол үндэсний хөгжимчид “Их татлага” хэмээх хамтлаг байгуулсан юм билээ. Хэдүүлээ ажилладаг вэ?
-Бид тавуулаа. Морин хуурч А.Бат-Эрдэнэ, А.Долгион, ёочинч Б.Нэргүй, хөөмийч, хуурч Б.Болд-Эрдэнэ, би гэсэн таван уран бүтээлчтэй. Бид хаана тоглолт гарна, очдог. Бага, дунд насны хүүхдүүдэд зориулсан тайлбартай тоглолтод явна. Саяхан Нагояд гурав хоног тоглоод ирлээ. Тэр сургуулийн хүүхдүүд морин хуурыг маш сайн мэддэг юм байна. Харин ятгыг танихгүй. Хөгжим тоглож сонсгоод, тайлбарлаж ярьж байх зуураа хүүхдүүдээс хэн ятга хөгжим дээр гар тавьж үзэхийг хүсэж байгааг асуухад ангиараа “Би” гэж гараа өргөв. Ятга хөгжим сонирхож байгаа нь надад гоё санагдаж байлаа.
-“Асар” чуулгын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-Энэ нь морин хуурч А.Бат-Эрдэнэ санаачилж байгуулсан, олон улсын хөгжимчид хамтарч тоглодог, дэлхийн гэсэн тодотголтой чуулга. Морин хуурын чуулга шиг бүрэлдэхүүнтэй. Монгол, япон, герман, ОХУ-ын буриад, БНХАУ-ын өвөрмонгол хөгжимчид хамтардаг. Тавдугаар сард цуглаж гурван өдрийн турш тоглодог юм. Тэгэхээр бид ганц ганцаараа, эсвэл хоршиж, шаардлагатай үед нийлж тоглосоор байна.
-Одоо цомгийн нээлт, тоглолтын тухай ярих уу. Ямар уран бүтээл багтаасан цомог вэ, нээлтийг нь хаана, хэрхэн хийх вэ?
-Японы хөгжим сонирхогчдод монгол ятга хөгжмөө танилцуулах зорилгоор “Урсгал” цомгийнхоо нээлтийг энэ сарын 21-нд хийх гэж байгаа юм.
-“Урсгал” гэж өвөрмөцөөр нэрлэжээ.
-Голын, эгшгийн, сэтгэлийн, амьдралын, соёлын урсгал гэсэн утгатай. Мөн дэлхийн уур амьсгалын дулааралтай холбоотойгоор янз бүрийн асуудал үүсэж байгаа учраас үр, ачийнхаа ирээдүйн төлөө хүн бүр ямар нэгэн алхам хийхгүй бол аюулаас мултрахад хэцүү болно гэсэн санаагаар би ийм хөгжим бичсэн юм. Түүгээрээ нэрлэсэн.
-Та хөгжим зохиосон юм уу?
-Тийм. Анх удаа оролдож, гараас гаргасан бүтээл минь. Нийт гурван зохиолтой болсон. “Огторгуйн зүүд”, “Урсгал”, “Наран ээжийн тольдоон” гээд. Эдгээр нь гурван өөр өнгө аястай. Ятга таван эгшигтэй, пентатоникоор хөглөдөг. Хөгийг үндсэн зарчмаас бага зэрэг өөрчилсөн болохоор аялгуу үл ялиг өөр, орчин үеийн маягтай хөгжим сонсогдож байгаа. Ино Үэ
Акира гэж алдартай хөгжмийн найруулагчтай хамтарч ажиллаж байна. Хөгжим найруулгаас шалтгаалаад их өөр болдог юм байна. Ино Үэ гуай бол попын ертөнцөд алдартай. Ятга хэдийгээр үндэсний хөгжмийн зэмсэг ч гэлээ арай өөр төрлөөр тоглож, сонсгож болох юм гэдгийг харуулахаар ажиллаж байгаа. “Огторгуйн зүүд” зохиолоос энэ тухай тодорхой мэдэж болно. “Урсгал” бол монголжуу мэт бүтээл. “Наран ээжийн тольдоон”-д би багынхаа амьдралыг тусгасан. Хөдөө нутгийн үзэсгэлэн, нар хараад бүжиглэж байгаа жаахан охиныг дүрсэлж, түүний дотоод сэтгэлийг илэрхийлэх гэж оролдсон. Би багадаа жаргах гэж байгаа нар харахаараа бүжиглэж, дуулдаг хүүхэд байлаа. Тэр дурсамжаа хөгжимд шингээсэн юм.
-Анхны CD-гээ гаргах гэж байна уу?
-Бие даасан анхны CD. Өмнө нь “Их татлага” хамтлагтайгаа хоёр, мөн хуучир хөгжимчинтэй хамтарч нэг цомог гаргасан. Энэ CD-г гаргахад дуучин О.Солонго их тусалж, дэмжиж байна. 1993 онд Токиод болсон олон улсын хүүхдийн наадмын гран при шагналыг авсан, Б.Оюунтүлхүүрийн дараа Японд танигдсан монгол уран бүтээлч. О.Солонго маань дуучин, хөгжмийн зохиолч, бас хөгжмийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Солонго онгаку” компанийн захирал. Тэрбээр надад зориулж нэг ая бичиж өгсөн юм. Үүндээ өөрийнхөө дуу хоолойг шингээж өгсөн. Түрүү жил “Нутгийн салхи” гэж нэрлэсэн CD хийхэд нь би хамтарч ажиллан, дөрвөн дуу тоглосон юм. Тэгэхэд продюсер Ино Үэ гуай монгол ятгыг ихэд сонирхон асууж, ярилцаж байсан бол нөгөөх, дуучин О.Солонготой хамтарч ажилладаг продюсер Сэнба Томожи надад “Цомог гаргавал яасан юм бэ” гэж хэлсэн. Эндээс үүдээд “Урсгал” CD болон тоглолтын санаа төрсөн юм. Цомогт зөвхөн шинэ бүтээлүүд багтаж байгаа. Хоёрыг нь Ино гуай монгол ятгад зориулж зохиосон.
-Тоглолт гоё танхимд болох уу?
-Токио хотын Шибүяа дүүрэг дэх “Дайкан яма” гэдэг “амьд” хөгжмийн өргөөнд болох юм. Цөөхөн суудалтай танхим ч, бүхий л төрлийн хөгжмийн алдартай одод ирж тоглодог газар юм билээ.
-Өндөр үнээр түрээслэх үү?
-Хөгжмийн найруулагч маань бүхнийг зохицуулж, зохион байгуулж байгаа. Бас О.Солонгын компани ивээн тэтгэж байна.
-Тасалбар худалдаалах уу?
-Худалдаалж байна. Бүх суудалд захиалга авчихсан байгаа. Анх удаа CD гаргаж байгаа болохоор таньдаг хүмүүс, найз нөхөд үзэхийг хүсээд байх шиг байна.
-Уран бүтээлч хүнд бүх суудал эзэнтэй байх шиг сэтгэл ханамж гэж юу байх вэ.
-Харин тийм ээ.
-Гадаадын үндэсний хөгжимчидтэй хамтарч тоглож байв уу?
-Тоглоно оо. Морин хуурч А.Бат-Эрдэнийн “Бодол” хэмээх зохиолыг БНХАУ-ын алдарт ятгачин Жан Шао Чинтэй хамтарч тоглосондоо баяртай байдаг.
-Хөгжим бүжгийн коллежийг хэн багшийн удирдлага дор төгссөн бэ?
-Цолмон багшийн шавь.
-Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэтэй нэг төгсөлт үү?
-Мөнх-Эрдэнэ эгч дээд ангийн хүүхэд.
-Танай сургуулийнхны ганц насны зөрүүтэй байсан ч дээд ангийнхнаа ах, эгч гэдэг харилцаа, жудаг гоё санагддаг юм.
-Ах, эгч нараа хүндэлдэг. Мэргэжлийн онцлог, ёс зүй юм болов уу.
-Ц.Батчулуун багштайгаа хэр дотно байв?
-Маш дотно. Бидний аав шиг л хүн шүү дээ. Японд олон хотоор аялан тоглож байхдаа багш болон хамт явсан ах, эгч нар биднийг дандаа инээлгэж явдаг байлаа. Манай ангийн, ятгачин Жамбалсүрэнг буузхан, намайг ууцхан, Амарбаясгаланг сахалхан гэнэ.
-Яагаад ууцхан гэдэг байсан юм?
-Би тэр үед мяраалаг байсан юм. Амарбаясгаланг сайхан хүүхэн сахалтай гэдэг утгаар тэгж егөөднө. Их гоё байжээ. Би айлын бага. Бид аав, ээжээсээ долуулаа. Бага нь болохоор нэлээд эрх. Тэгсэн хэрнээ харийн оронд суурьшаад харихгүй олон жил болчихлоо.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач.
-Манай нөхрийг Ганхуяг гэдэг. Мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтэй. Бид есөн настай охинтой.
-Хөгжимд дурласан бүсгүй юм гэж ойлгож байна.
-Тийм ээ. Нийслэлийн 44 дүгээр сургуулийн хөгжмийн оройн ангийн сурагч байлаа. Ятга хөгжим дээр гар тавиулсан анхны багш минь Магнайсүрэн. Олон хүүхдийг хөгжимд бүрмөсөн дурлуулсан сайн багш. Би хөгжим, дуунд их дуртай хүүхэд байлаа. Багадаа Норовбанзад гуайг дуурайж дуулах гэж их оролддог байв. Чадахгүй байж хоолойгоо шахаад л байна. Гэтэл 1997 онд Морин хуурын чуулгатай Японоор аялан тоглохдоо бишрэн шүтдэг дуучинтайгаа хамт нэг баг болж явдаг юм байна. Би тэгэхэд өөрийгөө зүүдлээгүй байгаа даа, ийм юм гэж бас байх аа гэж бодож байсан удаатай. Норовбанзад гуай уртын дуу дуулах шиг ер бусын гайхамшигтай өнөө хэр учраагүй юм шиг санагддаг. Япончууд алдарт уртын дуучныг хүндэтгээд тэр байх, өөр онгоцонд суулгаж аваачиж байсан нь санаанд тод байна.
Нэг юм хэлмээр санагдлаа. Аав минь намайг 15-тай байхад өөд болсон юм. Бие нь их муудахад ээж хүүхдүүддээ “Аавтайгаа уулз” гээд өрөөнд нь оруулаад байсан л даа. Тэгэхэд аав гарыг минь атгаад инээмсэглэхэд нь би “Аав аа, би хөгжимчин болж чадах болов уу” гэж асууж билээ.
Дараа нь монголчууд “Эцэг, эхийн санаа үрд, үрийн санаа хаданд” гэж ярьдаг нь ямар үнэн юм бэ дээ гэж бодож байсан сан (санаа алдав).