Турк улсын Измир хотод зуун буудалт даамын өсвөр үеийнхэн, залуучуудын ДАШТ болж, 23 орны 100 гаруй тамирчинтай Монголын даамчид дөрвөн насны ангилалд өрсөлдсөн. Тэмцээний охидын 11-13 насны ангилалд дэлхийн даамын холбооны мастер Энхболдын Хүслэн 15 оноо (зургаа хожиж, гурав тэнцсэн)-гоор аварга болсон билээ. Тэрбээр Монголын даамчдаас дэлхийн аварга цол хүртсэн гурав дахь, эмэгтэйчүүдээс алтан медаль хүртсэн анхны тамирчин болов. Түүнээс өмнө 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөс алтан медаль хүртсэн. Э.Хүслэнгийн амжилт зөвхөн зуун буудалт даам байсангүй. 2015 онд Нидерландад болсон блиц тоглолтод түрүүлж, турк даамын төрөлд аман хүзүүдэн мөнгө, 2016 онд эл төрөлд түрүүлж, блицэд мөнгөн медаль хүртэн, ур чадвараа ахиулсан юм.
-Эх орныхоо нэрийг өндөр өргөж, дэлхийн аварга болсон танд баяр хүргэе.
-Баярлалаа. Дэлхийн шилдэг даамчидтай өрсөлдөж, аварга болох амаргүй байлаа. Миний хувьд маш их хичээл зүтгэл гаргасан. 2015 онд Нидерланд улсад болсон ДАШТ-д өрсөлдөж, 22 дугаар байрт орсон бол 2016 онд IV байрт шалгарсан. Харин энэ удаа туршлагаараа илүүрхэж, алтан медаль хүртлээ. Зургаан орны даамчидтай тоглоход хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Беларусь, ОХУ-ын тамирчин байв. Би аав, багш хоёртойгоо ДАШТ-д хамт явсан. Багш тэмцээн эхлэхийн өмнө “Хожихыг бодоорой. Хамгийн чухал өрөг дээр хариуцлагатай тоглох хэрэгтэй. Тайван байж, оновчтой нүүдэл хийнэ шүү” гэж зөвлөсөн. Даамчид ДАШТ-д есөн өрөг тоглодог. Үүнээс зургаад нь хожиж, гурав тэнцсэн. Якутын тамирчин Сандара Апросимоватай эн тэнцүү тулалдаж, нэг коэффициентын зөрүүгээр хожсон. Дэлхийн аварга цолыг дагаад нутгийнхаа, сургуулийнхаа, хичээллэдэг клубийнхээ нэр хүндийг өндөр өргөж явах, даамын спортоор хичээллэдэг дүү нараа амжилтад хөтлөх асар их үүрэг, хариуцлага ирсэн.
-Оюуны спортоор олон жил хичээллэж байж амжилт гаргадаг. Хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Долоон настайдаа анх даам сонирхож хичээллэсэн. Анхныхаа тэмцээнд оролцож, есөн өрөг тоглохдоо зургаа хожигдож, гурав тэнцэж байсан. Тэр үед “Хойтон жилийн тэмцээнд заавал хожно” гэж зорилго тавьсан. Дараа жил нь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, аварга боллоо. Зорилгынхоо анхны алхамд ингэж хүрсэн. Надад даам анх зааж өгсөн хүн бол Монгол Улсын шилдэг дасгалжуулагч, спортын мастер Ш.Өвгөн багш. Ээж минь намайг хөтөлж очоод, шавь нь болгож байв. Багшийнхаа удирдлагад хоёр жил хичээллэсэн. Олон улсын тэмцээнд оролцохын тулд тухайн үед хичээллэж байгаагаасаа илүү өндөр түвшинд бэлтгэл базаах хэрэгтэй болсон. Тиймээс хоёр жилийн өмнө Улаанбаатарт шилжин ирж, “Алтан хүү” клубийн дасгалжуулагч, Олон улсын их мастер Р.Манлай багшийн удирдлагад бэлтгэл базааж байна. Энэ клубт хичээллэдэг даамчдаас М.Шийравжамц ах бид хоёр дэлхийн аварга болсон. Бид багшаасаа байнга суралцдаг. Багш биднийг бэлтгэл хийлгэхдээ интернэт, номоос даамын сонирхолтой хичээл зааж, өөрийн сурч, мэдсэн зүйлээс харамгүй хэлж өгдөг юм.
-Дэлхийн шилдэг даамчидтай хөлөг дээр нэг бус удаа халз тулалдсан байх. Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Тэмцээн эхлэхэд сэтгэл бага зэрэг түгшдэг. Хөлөг дээр хамгийн хүчтэй өрсөлдөгчтэйгөө таарсан үед сэтгэл их догдолно. Өмнөх тэмцээнүүдэд түүнтэй хэрхэн тоглож байснаа боддог. Гадаадын тамирчидтай харьцуулахад Монголын даамчид сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлтэй тоглодог. ДАШТ-д гурван удаа оролцохдоо хоёрт нь ээжтэйгээ явсан. Энэ удаа аав маань надтай явлаа. Хэн нь аварга болохыг шийдэх мөчид аав суусан газраасаа нэг ч хөдлөлгүй тэвчээртэй хүлээсэн. Сүүлийн өрөгт тоглохын өмнө “Миний охин өрсөлдөгчөө сайн мэдэрч, айхгүй, өөртөө итгэлтэй, тайван тоглоорой” гэж зөвлөсөн. Оюуны спортоор хичээллэдэг тамирчид нүүдэл хийх бүртээ тунгааж боддог болохоор юунд ч сатаарахгүй төвлөрч, тоглох тэвчээр их гаргадаг.
-ОХУ болоод Евроазийн тамирчид хүчтэй, оюуны спортын бүх төрөлд эн тэнцүү өрсөлддөг. Энэ удаа ч гэсэн Сандара Апросимова мөн л тантай учраа таарч хүч сорилоо шүү дээ.
-Тийм ээ. Өмнөх ДАШТ-д өрсөлдөхөд ОХУ-ын их мастер Тамара Тансыккужинагийн тоглолтын арга барил, тактик нь тун сонирхолтой санагдсан. Даамчид нь ч гэсэн тоглолтын ур чадвар төгс эзэмшдэг болохоор мэдрэмж өндөртэй тоглодог. Энэ удаагийн ДАШТ-д хойд хөршийн шилдэг даамчинтай ана мана өрсөлдлөө. Надтай хамгийн сүүлд аваргын төлөө тоглосон Якутын тамирчин Сандара Апросимова үг цөөнтэй, бодлогширонгуй, дотор хүнтэйгээ их ярилцдаг болов уу гэж санагдсан.
-Тамирчин хүнд хожиж яваад хожигдох, хожигдож яваад хождог хором бишгүй л байдаг. Ийм зүйлтэй нүүр тулж байсан уу?
-Тэмцээн нэг мөр өндөрлөөгүй байхад эрт баярлах дэмий. Баараггүй хожсон үедээ л яллаа гэж бодох хэрэгтэй. Надад сургамж болсон нэг тэмцээн байдаг юм. ДАШТ-д оролцож байхдаа хоёрдугаар өрөгт хожиж яваад хожигдох дөхсөн. Яалт ч үгүй хожсон санагдаад, алдаа гаргасан. Гэхдээ тэмцээн дуусахаас өмнө өрсөлдөгчөө хожиж, алдаагаа залруулж билээ. Тэр тэмцээнээс сургамж авсан тул энэ удаа маш няхуур тоглолоо. Шагналын тавцанд зогсоод, Төрийн дууллаа сонсох үнэхээр сайхан байсан. Тийм азтай мөч тамирчин хүнд ховорхон тохиодог хамгийн сайхан баяр болов уу.
НАЙЗ МИНЬ МИНИЙ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ
-Дэлхийн аварга болох нь мөрөөдөл тань байв уу?
-Тийм ээ. Даамын тэмцээнд эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цол бий. Миний мөрөөдөл эмэгтэйчүүдийн аварга болж, алтан медаль хүртэх. Анх 2018 онд оролцож, 13 байрт шалгарч байлаа. Амжилт минь гэр бүлийнхний дэмжлэгтэй их холбоотой. 2020 онд Малайз улсад Азийн АШТ болно. Эмэгтэйчүүдийн ангилалд эхний гурван байрт шалгарвал ДАШТ-д оролцох эрх авдаг. Тиймээс амжилттай оролцох бодолтой байгаа.
-Тамирчид хэдийгээр өрсөлдөгчид ч гэлээ энгийн үед сайхан нөхөрлөдөг. Гадаадын даамчидтай хөлөг дээр тулалдсаар байгаад сүүлдээ найзууд болчихсон биз.
-2015 онд болсон ДАШТ-ний сүүлийн өрөгт Беларусийн тамирчин Дарьяа Никифороватай өрсөлдөхөд яаж ч тоглосон хождог уран арга хэрэглээд байлаа. Тоглолт дуусахаас өмнө түүнийг өөрийнхөө тоглолт руу оруулж хожсон. Би хөлөг дээр Сандара Апросимоватай 5.30 цаг тулалдан ялж байсан. Тэмцээнд таарсан учраануудаас хамгийн хүчтэй нь тэрбээр байв. Гадаадын тамирчидтай тэмцээн болгонд таардаг учраас танил болчихсон. Тэдний хэн нь ямар тактик хэрэглэж, яаж тоглодгийг ч мэднэ. Хэрвээ өмнө нь таарч байгаагүй тамирчинтай тулбал амжилт хэрхэн гаргаж байсныг нь судалдаг. Хөлөг дээр хэдий ширүүн тулалддаг ч энгийн үед сайхан нөхөрлөдөг гадаад найзууд бий. Намайг дэлхийн аварга болоход беларусь, унгар, турк найз нар минь ирж баяр хүргэсэн. Тэмцээн эхлэхийн өмнө бид нэгэндээ амжилт хүсэж, урам хайрладаг юм.
-Таныг дагаж даам тоглоод, хүчтэй өрсөлдөгч болсон найз бий юү?
-Намайг дагаж даамын ертөнцөд хөл тавьсан найзууд бий. Найз Н.Налжормаа маань даам сайн тоглодог, Азийн АШТ-д оролцож хоёр ч удаа түрүүлсэн. Бид даамын хөлөг дээр өрсөлдөгч болсон удаа цөөнгүй. Хожиж, хожигдсон тохиолдол олон. Одоо найз минь миний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэрбээр Дорноговь аймагт амьдардаг, Дэлхийн даамын холбооны дэд мастер цолтой. Бид нэг нутгийн, нэг ангийн найз. Ш.Өвгөн багш нутгаасаа алдартай даамчид төрүүлсэн болохоор оюуны спортод цахиур хагалдаг тамирчин олон. Өнгөрсөн сард багшийн нэрэмжит тэмцээн болоход олон даамчин өрсөлдөж, ур чадвараа сорьсон. Өдгөө манай аймаг олон улс, дэлхийн тэмцээнд өрсөлддөг даамчдыг бэлтгэдэг төвийн нэг боллоо. Миний амжилтын эх суурь Ш.Өвгөн багшийн хөдөлмөр, хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилалт, заах аргатай холбоотой. Энэ утгаар яривал, би нутгаасаа төрсөн анхны дэлхийн аварга. Үүнээс өмнө 2015 онд блиц төрөлд, 2016 онд турк даамын төрөлд түрүүлж, дэлхийн аварга болсон. Нэг үгээр хэлбэл, ДАШТ-д оролцдог даамын гурван төрөлд амжилт гаргасан.
-Та бас буудлагын спортоор хичээллэдэг гэсэн. Энэ тухайгаа сонирхуулж яриач.
-Буудлагын спорт сонирхолтой. Даамын хажуугаар буудлагаар бэлтгэл сайн базааж, олимпын тэмцээнд онч сорих мөрөөдөлтэй. Дасгалжуулагч, ОУХМ Б.Алтанцэцэг багшид шалгуулж тэнцээд, бэлтгэл сургуулилалт базааж байна. Буудлагын спортоор хичээллэдэг тамирчид бай онохын тулд гарын булчингаа зөв хөгжүүлсэн байх ёстой юм билээ. Тиймээс гарын булчингаа хөгжүүлэх дасгал хийж байгаа. Ямар ч спортод шантармаар зүйл гардаг шүү дээ, буудлага ч гэсэн надаас чамгүй тэсвэр тэвчээр шаардаж байгаа. Би даамд дуртай болохоор өмнөө тулгарсан саадыг сөрж, тууштай хичээллэсэн. Тууштай хичээллэхэд тэсвэр, тэвчээртэй байх их тус болдог. Тухайлбал, тэмцээнд ганцхан удаа өрсөлдөөд аварга болчихдоггүй, хилийн дээс алхах болгонд ирэх, очих замын зардал, байрны мөнгийг аав, ээж минь хувиасаа гаргаж ирсэн. Энэ мэтчилэн наад захын бэрхшээл тоочвол их. Гэхдээ хүсэл зорилгынхоо төлөө тэмүүлэхэд хэцүү бүхэн аяндаа ард хоцордог.
ӨМНӨХ ӨДӨР НЬ ЗААЛГААД Л МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН
-Турк даам зуун буудалт даамын үндсэн төрлөөс ямар ялгаатай вэ?
-Турк даам шатар тоглохтой төстэй. Тэрэг шиг урагш, хойш нүүдэг онцлогтой. Үүгээрээ даамын тоглолтын үндсэн төрлөөс ялгардаг. 2015 онд турк даамын Азийн АШТ-д оролцохдоо өмнөх өдөр нь сурч, мөнгөн медаль хүртэж байлаа.
-Гадагшаа байнга явах заримдаа хэцүү санагддаг уу. Тэмцээнээс ирээд хичээлээ нөхөж бичиж, ойлгох хэрэг гарна. Тийм үед ангийн нөхөд нь дэмжиж, тусалдаг уу?
-Би Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуульд сурдаг. Дэлхийн аварга болсны дараахан сургуулийн удирдлага, ангийн хамт олон маань хүлээж авч, баяр хүргэсэн. Тэмцээнээс ирэхэд олон шинэ хичээл үзчихсэн байдаг тул хоцрохгүйн тулд заавал нөхөж үздэг. Ангийн нөхөд ойлгож, тэмцээнтэй үед үзсэн зарим хичээлийг зааж тусалдаг. Ирэх сараас тэмцээний бэлтгэл базааж эхэлнэ. Миний хувьд одоогоор сургуулийнхаа удирдлага, багш нартай хараахан танилцаж амжаагүй л явна. Удахгүй харилцан таньдаг болох байх аа. Би энэ сургуульд шилжиж ирэхдээ тэмцээний улмаас сурагчийн хувийн хэрэггүй байв. Сургуулийн ерөнхий менежер хувийн хэрэггүй сурагч авахгүй гэхэд нэг багш “Сургуульдаа энэ хүүхдийг авчихвал зүгээр л юм, дараа жил бид дэлхийн аваргатай болчих ч юм бил үү” гэж хэлээд оруулж байлаа. Намайг сургуулийн удирдлагатай уулзаж байхад тэр багш яг энэ түүхийг ярьсан. Тэрбээр “Манай сургууль даамын дэлхийн аваргатай боллоо. Би чамайг зөв олж харсан байна” гээд амжилт хүссэн.
-Хааяа олддог чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Бэлтгэл байнга хийдэг болохоор надад зав тун бага гардаг. Чөлөөт цагаараа уран зураг зурна, төгөлдөр хуур, бишгүүр хөгжим сонирхож тоглодог. Найзуудтайгаа хааяа уулзаж, шинэ кино үздэг. Зав гарвал тархиа аль болох амрааж, ядрахгүй байхыг хичээдэг.
-Даам тоглодог хүний оюун ухаан тэлж, аливаа зүйлд холч ухаанаар хандан, хамгийн зөв шийдвэр гаргадаг гэдэг юм билээ.
-Даам тоглож өөрийгөө олон талаас нь хөгжүүлж болно. Оюуны спортоор хичээллэсэн хүн эхлээд сууж сурдаг. Тэсвэр, тэвчээрт суралцахаас гадна аливаа зүйлийг сэтгэж, тусгаж авахдаа хурдан, асуудлыг нэг талаас бус, олон өнцгөөс харьцуулан бодож шийдвэр гаргадаг. Энэ мэтчилэн даам хүнийг зөв төлөвшүүлж, бие, сэтгэл зүйн хувьд хатуужилтай болгодог давуу талтай. Даам ганц хараад, нэг тоглоод сурчихдаг спорт биш. Тиймдээ ч хүмүүс бодож байгаа шигээ амархан сурдаггүй юм шүү дээ. Олон жил уйгагүй хичээллэж байж, үр дүнд хүрдэг. Энэ спортод хөл тавьсан бол хамгийн түрүүнд хүсэл сонирхолдоо тулгаарлах хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр тоглодог спорт биш тул зарим хүн замын дундаас шантарч буцдаг тохиолдол бий. Тэгэхээр тууштай хичээллэж, мөрөөдөл, тэмүүллийнхээ аль алийг нь даамд харамгүй зориулж байж амжилт руу алхдаг.