Үндэсний урлагийн их театрын үндэсний их найрал хөгжмийн ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатартай ярилцлаа. Монгол Улс жинхэнэ утгаараа үндэсний урлагийн театртай болохоор, өөрөөр хэлбэл театрыг өөрийн гэсэн байртай болгохоор ажиллаж буй энэ үед түүний хэлэх үг, байр суурь чухал юм.
-Та саяхан нэлээд бухимдангуй “Би ярилцлага өгмөөр байна” гэж байсан. Одоо харин тайвширсан янзтай. Асуудал байгаад, шийдэгдээ юү?
-Үнэнийг хэлэхэд багагүй бухимдсан шүү. Тэр үед ширүүхэн ярихаар байлаа (инээв).
-Юу болсон юм бэ?
-Засгийн газраас бариулахаар төлөвлөж буй үндэсний урлагийн театрын барилгын загварыг биднийг гаргасан, захиалсан гэж хаана, хаанаа яриад. Ур хийц муутай ордон бариулах гэлээ гэж ил, далд зэмлэх маягтай болж ирсэн.
-Биднийг гэж хэнийг хэлж байгаа юм бэ?
-Манай театрын дарга Цоггэрэл бид хоёрыг хамгийн түрүүнд буруутгах маягтай байлаа. Үүнд тайлбар хийе гэж бодсон юм. Одоо ч ярьж болно л доо. Манай байгууллагын зүгээс дарга, уран сайхны удирдагч, ер нь хэн нь ч театрын барилга ямар байх тухайд уран бүтээл талаас нь санал өгөх л болохоос загварын талд санаа оноо хэлэх, захиалах, өөрсдийн хүслийг тулгах, шийдвэр гаргахад нөлөөлөх эрх байхгүй. Тухайлбал, би 2006 оноос Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад өөрийн гэсэн байр хэрэгтэй байна, уран бүтээлд тустай, уран бүтээлчид, үзэгчдийн ч эрх ашиг шаардаж байна гэж ярьж, хэлсээр ирсэн. Тэр утгаар намайг дур зоргоороо аашиллаа гэж бодсон хүмүүс байсан байх.
Театрын барилгын зургийг биднээс хамаарахгүйгээр тендерт шалгарсан компани, консорциум гаргана шүү дээ. Гаргасан ч байна.
-Анхны загвар нь мэргэжлийнхний ч, олон нийтийн ч санаанд нийцээгүй, шүүмжлүүлсэн. Өөрчилж байгаа юм болов уу?
-Өөр болгосон байна лээ.
-Танай театрын барилгыг хаана барих гэж байгаа юм бэ?
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд гэсэн. Их тэнгэрт барих Байгалийн түүхийн музейн барилгын зургийг гаргах багийнхан, Үндэсний урлагийн театрын барилгын зургийг гаргах, тендерт шалгарсан консорциумын төлөөлөл гээд хэдэн хүн урд хөршийг зорих гэж байна. Хөх хот, Бээжин, Шанхай, Ханжоу хотод очиж музей, театруудын барилгыг үзэж, танилцахаар маргааш явах юм (өнөөдөр). Манай театраас би явах болсон. Уг нь энэ хүмүүс аль хэдийн зорих ёстой байж. Гэхдээ яах вэ, мянга сонсохоор нэг үз гэдэг. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Соёл урлагийн газрын дарга Б.Сэргэлэн, манай театрын дарга Цоггэрэл нар ирэх арванхоёрдугаар сарын 3-нд өмнөд хөршид, Монголын соёлын өдрүүдийн хүрээнд болох уран бүтээлчдийн тоглолтын тайзыг үзэнгээ эдгээр хотод зорчиж, танилцах тухай саналыг БНХАУ-ын Соёлын яам, холбогдох газруудад тавиад зөвшөөрүүлээд ирсэн байна лээ. Энэ нь барилгын зургийнхны хувьд оройтож байгаа боловч нэг алхам юм. Юу ч үзэж харалгүй, харьцуулж бодолгүй зураг гаргаад, театрын барилга босгох гэж оролдохоос дээр л дээ.
-Танай театр өөрийн гэсэн байртай, барилгатай болно гэдэг түүхэн үйл явдал биз?
-Тэгэлгүй яах вэ. Үндэсний урлагийн их театр бол 70 жилийн түүхтэй. Үндэсний урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын хамгийн том мэргэжлийн байгууллага. Нийт 200-гаад уран бүтээлчтэй, уран бүтээлийн гурван том ангитай. Би энэ томоохон байгууллагыг төлөөлж театрын барилгын зургийг гаргах багийнхантай санал, бодлоо солилцоод явж байна. Манай театрынхан үүнийг “Зууны бүтээн байгуулалт” гэж нэрлэсэн. Зууны бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хийж, гүйцэтгэх нь оролцогч талуудын бүгдийнх нь үүрэг. Бид уран бүтээлийн хувьд дэхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхдаг. Маш олон оронд тоглодог, Урлагаа, улсаа сурталчлан таниулдаг. Тэгэхээр дэлхийн мэргэжлийн театрууд ирж тоглох бүрэн боломжтой, өөрөөр хэлбэл тайз, дэлгэц, гэрэлтүүлэг, дуу авианы хувьд дэлхийн, орчин үеийн стандарт хангасан театр байгуулаасай гэж хүсэж байгаа.
-Манай барилгын зураг төсөл гаргадаг компаниудын хувьд ч, барилга барьдгуудад ч театр барих туршлага дутах байх гэж та боддог уу?
-Монголчуудад театрын барилга барих туршлага байхгүй. Театр гэдэг нь одоо аймгуудын төвд бариад байгаа соёлын төвийн барилга биш шүү дээ. Аймгуудын театруудын барилгыг барих гэж маш хариуцлагагүй ажиллажээ. Төв аймгийнхыг аваад үзье. Хөгжимчид маш нарийхан орон зайд сууна. Үзэгчид дундаа баганатай. Тэр жижигхэн театр байтугай зай талбайгаар арав дахин том танхимын таазыг тулгуургүй хийж болоод байгаа цаг үе. Тайз гэж дөрвөлжин юм, үзэгчид суух талбайтай л бол театр, соёлын ордон гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Дэлхийд бол ойлголт өөр, өндөр түвшинд хүрсэн. Хөгжмийн, дуурийн, балетын, драмын, хүүхэлдэйн театр, соёлын, соёл урлагийн төв гээд зориулалтаараа бүгд ялгаатай. Урлагийн төрөл жанр бүрт тохирсон барилга, зургийн шийдэл, барьж байгуулах технологи өөр.
-Тендерт шалгарсан зураг төслийн компанийнхны үзүүлсэн загвар Ерөнхий сайдад ч, олон нийтэд ч таалагдаагүй. Яаж өөрчилж байгаа юм бол?
-Монголынхоо үнэт зүйлийг хайрладаг хэн бүхэнд бахархал төрөхүйц загвар байх болов уу гэсэн хүлээлт хаана, хаанаа байсан байх. Гэтэл төсөөлж байсан хэмжээнд нь хүрээгүй болохоор хэн хүнгүй бухимдсан. Нийгмийн сүлжээнд бол бүр шуурга дэгдлээ.
-Тэр загварт ҮУИТ-ынхны саналыг тусгаагүй гэж ойлгох нь ээ?
-Бид театрын барилга гадна талаасаа хэрхэн харагдах тухайд санал ер өгөөгүй. Бидний ажил биш. Мэргэжлийн хүмүүс мэдээд хийх хэрэг. Барилга дотор мэргэжлийн урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулах учраас тайз ямар байх, хөгжимчдийн суудаг хэсэг доошоо, дээшээ, тайз хажуу тийш болдог байх ёстой гэх зэргээр саналаа хэлсэн. Гэрэлтүүлэг, акустик талд бүр тодорхой хэлсэн. Театр гурван танхимтай байна. Нэг нь бүжгэн, дуулалт жүжиг тоглох, жишээ нь “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтоо явуулдаг танхим, нөгөөх нь симфони оркестр тоглох багтаамж, акустиктай найрал хөгжмийн танхим, гурав дахь нь юу л бол юу хийж болдог универсаль танхим байх юм. Бид ийм л зүйл дээр саналаа хэлсэн. Түүнээс барилгын хэлбэр, хэмжээ, загварын тухайд тодорхой юм хэлээгүй.
-Үзүүлэлтүүд уран бүтээлийн шаардлага хангаж л байвал барилгын загвар, хийц ямар ч байсан гэсэн “Шалгаруулалтад тэнцэж, зураг гаргах эрх авсан компанийн шийдэл ийм л юм байж” гээд хүлээгээд авах юм байна, тийм үү?
-Барилгын зургийн компанийнхан уран бүтээлчид хүлээж авахаас татгалзах хүртэл доогуур түвшний зураг гаргахгүй байх гэж найдаж байна.
-Анхны загвар бол хэцүү харагдсан шүү.
-Өөрчлөөд, дээрээс нь харахад монгол гэрийн хэлбэртэй болгосон байна лээ. Тендерт шалгарсан компанид бол туршлага дутна. Ер нь Монголын ямар ч компанид энэ талын туршлага дутна. Театрын барилга онцлог учраас нарийн мэргэжлийн, энэ талд мэргэшсэн зураг төслийн компаниудын туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Үүнийг төр, засгаас зөвөөр ойлгоод, дэлхийн шилдэг дизайнерууд, зөвлөх компаниудтай харилцаа, холбоо тогтоож, мэргэжлийн зөвлөгөө авах ёстой гэж үзэж байна. Зардал нэлээд гарна. Засгаас шийдэж өгөх ёстой гэж бодож байна.
-Гурван театр нэг дор олон жил ажил явуулж байна шүү.
-Бараг нэгэн жарны турш цуг байна. Гурван өрөө байранд гурван ам бүл амьдардагтай адил.
-Театрын барилгатай болсноор уран бүтээлд ямар ахиц гарах вэ?
-Театр тусдаа барилгатай болсноор бид ажлаа сайтар, алсаас төлөвлөнө. Мэргэжлийн тоноглолтой тайзтай болоход уран бүтээлийн чанар сайжирна. Бид одоо яадаг гэж санана. Зориулалтын бус тайзтай болохоор чанга яригчаа тавихаас авхуулаад асуудал их. Хөгжимчид суудалдаа багтдаггүй. Найрал хөгжимчдийнхөө хагасыг хоёр талын үзэгчдийн суудалд хувааж суулгадаг. Оркестрыг гурван хэсэг болгодог. Театрын барилгатай болсноор энэ бүхэнд санаа зовох хэрэггүй болно. Уран бүтээлийн төлөвлөлт сайжирна. Бүх юм ойлгомжтой, болж ирнэ. Тоглолтоо гадаадад нүүр бардам сурталчлах болно. Одоо бол нөгөө театр хэзээ юу зоох бол гээд чаддаггүй. Өрөвдөлтэй.
-Театрын барилга гаднаасаа яаж харагдах нэг хэрэг. Хамгийн гол нь уран бүтээлийн өндөр чанарыг хангах тоноглол, шийдэл чухал гэж ойлголоо.
-Орчин үед тайзыг ганц хүн компьютероор удирддаг болсон байна. Бидэн шиг нэг хүн дээр гарчихаад “За, одоо үүнийгээ нааш нь, түүнийгээ тийш нь” гэж хашхирч байдаггүй. Хамгийн ойрын жишээг харъя. Оросууд их театраа гаднах төрхийг нь өөрчлөлгүй, доторхыг нь бүрэн автоматжууллаа. Яг л гадаадын сайн театрууд шиг. Манай улсад одоо барих театрынхаа тайз, тоноглолыг түүн шиг хийх боломж байна. Австри улсын Засгийн газраас манайд нийгмийн салбар бүрээ хөгжүүлэхэд зориулаарай гэж урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгодог юм байна. Би олон жилийн өмнөөс театрын барилгын загвар, тайз заслын шийдэл зэргийг сонирхож, цуглуулга хийж ирсэн. Эдгээрээс Австрийн “Вагнер бюро” компанийн санал болгодог тайзны системийн шийдэл их таалагддаг. Түүнийг манай улс авч хэрэглээсэй гэж бодож байгаа. Хоёр улс хамтын ажиллагааны хүрээн дэх ажлаа уялдуулбал болохоор юм шиг санагдсан.