Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөөмийч, СУИС-ийн хүндэт профессор Баатарын Одсүрэнг “Хоймор”-тоо залан ярилцлаа. Монголчуудын биет бус соёлын өв болсон хөөмийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, дэлхий нийтэд таниулахын төлөө энэ биеэ зориулж яваа тэрбээр шавь нарынхаа хамт “Галайхан” хэмээх хөөмийн дуурилга бүтээн толилуулаад буй. Өдгөө ч тэрбээр шинэ дуурилгын санааг оюундаа боловсруулан, хөөмийн хөгжилд дахин нэг бүтээл бий болгохыг зорьж байгаа аж.
-Хуучин тогтолцооны үед ховдынхон л хөөмийлдөг гэж үздэг байсан. Одоо нутаг, нуга хамаарахгүй хөөмийлдөг болж. Үүнийг таны гавьяа гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу?
-Ямартай ч 21 аймагт хөөмийчтэй болоод байгаа. СУИС-д хөөмийн анги байгуулаад, саяхан 15 жилийнхээ ойг тэмдэглэлээ. СУИС-ийн энэ ангийг Булган, Баян-Өлгий аймгаас нэг ч хүн төгсөөгүй. Гэхдээ Булганд миний шавь Балданцэрэнгийн Баттүвшин, н.Лувсандагва нар бий. Тэд бүжигчнээр ажиллаж байгаа. Булганы театр өдийг хүртэл хөөмийчгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Баян-Өлгийн теарт тува хөөмийтэй л дөө. Батсүх гэж Тувад төгссөн залуу тэнд ажиллаж байгаа. Тэгэхээр 21 аймаг бүхэлдээ хөөмийчтэй болсон гэж болно.
-Та хөөмийг хэрхэн сурч байв. “Амьсгаа тавих” гэж мэргэжлийн нэг чухал зүйл байдаг юм билээ.
-Тухайн үед нутгийн ах нараа дуурайгаад л ямар нэг ая дуугаргаад явдаг байлаа. Ах нар морин дэл дээрээ ямар нэг ая эгшиглүүлэн гунганаад л давхина. Тэр нь сайхан санагддаг байв. Намайг багад, 1958, 1959 оны үед нэгдэлжих хөдөлгөөн өрнөлөө. Тэр үед миний төрсөн нутаг Завхан аймгийн Алдархаан сумд “Өгөөмөр” гэж нэгдэл байгуулсан юм. Завханы Дөрвөлжин зэрэг хойд сумууд, Говь-Алтайн Жаргалангаас олон айл нүүн ирж нэгдэлд элсэж байв. Дөрвөлжингөөс нүүж ирсэн н.Совдынх Мягмар, Жамбал гэх хоёр хүүтэй. Мягмар нь том, Жамбал нь бидний үе байсан юм. Анх тэднийг л дуурайж сурч байлаа. Зун болохоор Борхын голын усанд орно. Шаагуурын дээд талд голд орж байхад ах нар усан дотор толгой дараад урт амьсгаа аваад дуугар гэнэ. Ус залгичихаад уйлаад л суудаг байлаа. Дараа нь шоглоод гэдсэн дээр суучихна. Одоо бодоод байхад ямар юмаараа шоглох байх вэ дээ. Тэр үед л ийм байдлаар бидэнд “амьсгаа тавьж” байсан шиг байгаа юм. Тэгэхэд биднийг дээрэлхээд байна л гэж боддог байж л дээ.
1959 онд сургуулийн урлагийн үзлэгээр 7-8 настайдаа тайзан дээр гарч билээ. Тэр үед яаж дуугарч байснаа огт санадаггүй юм. Уран бүтээлч болж багшийнхаа гар дээр ирж л урлагт орсон доо. Хүн хөгжим гэж хөөмийг ярьдаг. Хүнээр л хөгжим хийгээд байгаа ухаантай юм даг уу даа, би.
-Танхимын сургалттай болсон өнөө цагт амьсгааг хэрхэн тавьж байгаа вэ?
-Танхимд онолын хичээл зааж, эхний үеийг нь тавьчихаад хээрийн дадлагад гарч, гол хичээлээрээ амьсгаа тавьж байгаа л даа. Манай СУИС-ийн хээрийн дадлагын сургалтын бааз Цонжин болдогийн цаахна, Харзтайд бий. Уул, устай сайхан газар. Тэнд л хүүхдүүдтэйгээ очоод хичээллэж байна. Тэнд шавь нараа газрын өөд зөөлөн алхуулах, сүүлдээ чулуу өргөж явах гээд дасгал хийнэ. Эмэгтэй хүүхэд тав, эрэгтэй нь 10 кг чулуу өргөж, зөөлөн явдаг юм. Түүнийгээ үүрээд өөд газар яваад ирэхээр амьсгаа доош сууж өгдөг. Газрын өөд харуулж хэвтүүлэх, уруу нь харуулаад хөлийг нь өргүүлэх гээд олон янзын аргаар л суурьтай болгож байна. Тэгээд бас хүүхэд ахуй насандаа хийж байсан голын усанд толгойг нь дүрүүлж, дуугаргах аргаа ч хэрэглэдэг л юм. Голын чимээ сонсгоод ширгэн дээр дээш харуулж хэвтүүлэн үүл харуулна. Нэг амьсгаа авахад үүл хэрхэн задрахыг хараад хүүхдүүд их урам авдаг.
Морь унаад хөөмийлөх нэг өөр. Өнөөдөр “Дөрвөн настай халиун”, “Цомбон туурайтай хүрэн”-ийг хөөмийлөхийг Улаанбаатарт өссөн хүүхдүүд сайн мэдэхгүй шүү дээ. Цомбон туурай, морио ергүүлэх, хатируулах, цогиулах гэдгийг мэдэхгүй хүүхдүүдэд морь унуулаад явдлыг нь мэдрүүлэн хөөмийлүүлэхэд сэтгэлд нь бууж өгдөг юм. Туулын урсгал харж байгаагүй хүн “Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг, эсвэл Буянт голын урсгал, усны дуу чимээг сонсоогүй, үзээгүй хүн “Буянт гол” дууг хөөмийлөх гээд дөрвөн хананы дунд хэчнээн давтсан ч сайхан аялгуу гаргаж чадахгүй. Тиймээс өөрийн амьдралаар үзээд, сэтгэлгээгээ ургуулаад хөөмийлөхөд сайхан аялгуу эгшиглэнэ. Байгаль, дэлхий бол хөөмийд чухал үүрэгтэй. Исгэрээ хөөмий эгшиглүүлэхэд яагаад салхи сэвэлздэг юм, их халуун өдөр уруулын исгэрээгээр исгэрэхэд салхи сэвэлздэг шүү дээ. Тэгэхээр хөөмийлөх, исгэрэхэд байгаль дэлхийг уярааж байна гэж боддог. Хөөмий бол хүн, байгаль, амьтан гурвын шүтэлцээ гэж би хувьдаа үздэг. Халуун өдөр морь унаж явахдаа исгэрэх, хөөмийлөхөд салхиа гарган өгч байгаль дэлхий баярлаж буйгаа илэрхийлж байна, морь чихээ соотго, соотго хийлгэн солбилзуулж чагнадаг. Олон үхэр, хонь, сарлагийн дэргэд хөөмийлөхөд чагнаад, зогсон хараад, сонсоод байдаг юм шүү дээ. Тиймээс л хөөмийг хүн, байгаль, амьтан гурвын шүтэлцээ гэж би дүгнээд байгаа юм.
-Танаар хөөмий заалгасан хүмүүс дан ганц Монгол Улсаар тогтохгүй. Багшлах хугацаандаа хэчнээн шавьтай болсон бэ?
-Долоо хоногоос дөрвөн жилийн хугацаагаар хүмүүст мэдсэн сурсан зүйлээ хуваалцаж, хөөмийн өв соёлыг дэлгэрүүлэх гэж хичээж л байна. Зүсийг нь хараад ч танихгүй хүн “Таны шавь” гэх тохиолдол бий. Би дор хаяж 30 цагийн хичээл заасан хүнээ л шавь гэж үздэг дээ.
Одоогоор 1000 гаруй шавьтай болжээ. Буриадын “Байкал” чуулга, Орос, Япон, Өмнөд Солонгос, Франц, Герман, Испани гээд 27 оронд миний шавь нар бий. Одоо ч тэгээд царайг нь хараад таниад, нэрийг нь хэлэх гэхээр мартсан байх юм.
-Европынхон хөөмий сурахдаа хэр зэрэг байна вэ?
-Хөгжимлөг, авьяаслаг хүмүүс. Гэхдээ хамар нь хавчаад жаахан гуншаад олигтой болдоггүй юм. Гэхдээ хөөмий судалдаг хүн олон.
-Япончууд ямар бол?
-МУИС-д сурч байсан япон залуугаас эхлээд энэ улсын шавь олон бий. Би Хүүхдийн паркийн Үлгэрийн өргөөнд хүүхдүүд орилуулчихсан (хөөмий зааж байснаа хэлэв) байж байтал нэг хүүхэн, залуу хоёр орж ирлээ. Тэр нь Японоос манай улсад суугаа ЭСЯ-ны мэргэжилтэн байсан. Тэрбээр анх эхэлж хөөмийг сонирхож сурсан юм. Дараа нь Монголд ирэхдээ ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичиг дарга болчихсон байсан. Одоо тэр хүн АНУ-ын Денверт дипломат ажлаа хийж байгаа юм билээ. Түүгээр дамжуулаад олон япон хүн хөөмий сурсан даа. Одоо Баатаржавын Болд-Эрдэнэ гэх хүн Японд олон жил болж, хөөмийг дэлгэрүүлж байгаа. Түүгээр дамжуулаад хөөмий ойлгодог хүн олон болж буй бололтой.
-Хөөмий нутаг нутагт өөр байдаг уу?
-Тува хөөмий сайхан. Суурь дамжсан, шингэн хөөмий байдаг. Манайх бол эхэлсэн өнгөнөөсөө суурь дамждаггүй, амьсгаа, хүч их шаардсан хөөмий. Завхан, Увс чиглэлд хөөмий байхгүй гэж үздэг нь шал худлаа. Удамшиж ирсэн хөөмий олон жил хадгалагдсан байдаг. Завханы Баянтэс, Баянхайрхан, Алдархаан, Дөрвөлжин гээд баруун талын сумд хөөмийтэй. Увсын Тэс, Баян-Өлгийн Цэнгэл, Ховдын Чандмань зэрэгт хөөмий байдаг. Зундаа их халдаг, өвөлдөө их хүйтэн, уулархаг, Их нууруудын хотгор гээд эрс тэс уур амьсгалтай газарт эрс тэс дуугаралт удамшин үлдсэн юм болов уу гэж би хувьдаа үздэг.
Ховд аймгийн Чандмань сумд гэрийн сургалтаар хөөмий өвлөгдөж ирсэн. Энэ талаар соён гэгээрүүлэгч, манай багш Ж.Бадраа “Найман настайгаас 80 нас хүртэл хөөмийлдөг” гэж бичиж байсан. Тэрүүгээр л ховдынхон хөөмийлдөг гэсэн яриа гарсан гэлцдэг. Тэр нь яах вэ. Монгол туургатны л өмч, монголчуудын дуугарах ёстой аялгуу, устаж үгүй болох гэж байсан үе бий.
Тухайн нийгмээсээ болж монгол туургатны өмч болсон энэ урлаг хэлмэгдсэн удаатай. Харгиа, хархираа зэрэг бүдүүн дуугаралтыг хуучин тогтолцооны буюу социалист гэх нийгмийн үед хорьсон юм. Ламын унзад хоолой гээд.
Исгэрээ хөөмий бол гэгэлзсэн сэтгэлтэй, сэтгэл тогтворгүй, эрчүүд өвөл ч гэсэн исгэрч, айлын гаднаас хөлдүү газар дээгүүр морин туурай хадаан явах ч хүүхэд байхад сайхан санагддаг байлаа. Би ч багадаа нутгийн ах нараа дуурайн тэгж давхиж явдаг л байсан.
1950-аад оны үеэс Г.Чимэддорж, С.Цэдээ нарын хүн тайзан дээр исгэрээ хөөмийг гаргасан түүхтэй. Г.Чимэддорж гуай Завханых, анх тайзан дээр “Дөрвөн настай халиун”-ыг хөөмийлсөн байдаг. Гадаадад анх хөөмийлсөн хүн бол Ховд аймгийн Чандмань сумын харьяат С.Цэдээ 1954 онд Хятад, Солонгост хөөмийлж байжээ. Түүнээс хойш Шарав, Сундуй гээд олон сайн хөөмийч байсан. Завханы Түмэнжаргал, Луужгий гээд сайн хөөмийчдийн улбаа нь Гавьяат жүжигчин, Ховд аймгийн Чандманийн Н.Сэнгэдорж, Д.Цэрэндаваа, Увсын Зүүнговийн харьяат Э.Тойвгоо, мань мэт юм болов уу даа.
Хөөмийч бид гэрийн сургалтаар уламжилж ирсэн энэ өв соёлыг шинжлэх ухааны эргэлтэд оруулахаар зүтгэсэн юм. Ингээд МУИС-д тав, СУИС-д 15 жил хөөмий заалаа. Одоо хөгжих зөв замдаа орж байгаа юм болов уу даа.
-Соёлын биет бус өв болсон хөөмийг ийнхүү нийтэд түгээн дэлгэрүүлэхээр зүтгэхэд амаргүй байсан биз?
-Цөөхүүлээ байгаад хөөцөлдөхөд яриа хэл их гардаг юм байна. Дэмжлэггүй үед их хэцүү шүү дээ. 15, 20, 30 жилийн өмнөх баримтгүй бол хэцүү. Уг нь соёлын биет бус өв болсон хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд эхлээд хөөмийлдөг хүнээ олон болгоё гэж бодсон юм. Эмэгтэй хүнийг ч дуугаргая гэж үзсэн. Тэгэхэд “Одсүрэн юм мэддэг, чаддаг гэхэд арай дэндлээ. Эмэгтэй хүнд хөөмий заана, хөөмийлүүлнэ гэж юу байсан юм бэ” хэмээх хэл үг гарч байлаа. Тэгээд яах вэ, Г.Алимаа гэж дуучин байсан хүн хөөмий сурч, сайхан ч хөөмийлж, араасаа олон эмэгтэйг дагуулсан шүү дээ. ЮНЕСКО-д хүн төрөлхтний өвд бүртгүүлэхээр хичээж байтал өвөрмонголчууд түрүүлчихсэн. Энэ үед “Одсүрэн хөөмий гадаадынханд, хятадуудад зааж өгсөн луйварчин, дээрэмчин, урвагч, Хятадад мөнгөөр зааж өгсөн” гээд бөөн юм боллоо. Бөөгийн хараал хийж элс цацах, машинтай шахаж шон мөргүүлэх гээд нэг хэсэг намайг элдэвлэсэн. Хэцүү л байв. Тэгээд л ЮНЕСКО-д зарга үүсгэж, бичиг өргөн барихад Ё.Отгонбаяр сайд, Чингис гэж залуу их тус болсон. Надад Өвөрмонголд хөөмий зааж байгаа дүрстэй материал байсан л даа. Түүгээрээ баримт болгож, заргалдаад 2010 онд Монгол Улс хөөмийг дангаараа бүртгүүлсэн.
-Хөөмийг дангаараа ЮНЕСКО-д бүртгүүлсэн мэдээ авахад энэ бүх дарамт шахалтын дараа сайхан байсан биз?
-Нэг шөнө, шөнө ч юу байх вэ, үүрээр унтаж байтал утас дуугарав. Автал Жованни гээд миний франц шавь ярьж байна. Тэрбээр “Монгол хөөмий ЮНЕСКО-д бүртгүүллээ” гэж хэллээ. Тэгэхэд нүднээс нулимс асгараад, чих шуугиад, гар чичрээд хачин болж билээ. Тэгээд маргааш нь маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зурагт, радиогийнхон ярилцлага авахаар ирж сүйд болсон. ЮНЕСКО-д өвөрмонголчууд хөөмийг бүртгүүлсэн гэх үед надаас харилцаагаа тасална, багш гэхээ болино гэж хэвлэлийн бага хурал хийж байсан улсууд эргэж холбогдоод л. Сүрхий л юм болж байв. Ер нь хүн алдаад, буруудаад ирэх үед нуруугаа харуулах хүн олон болдог юм билээ.
-Танай сургуулийнхан саяхан “Галайхан” гээд хөөмийн дуурилга олны хүртээл болголоо. Энэ бүтээл соёлын биет бус өвийг уламжлуулан авч үлдэхэд чухал зүйл болсон биз?
-“Галайхан”-ыг бүтээхээс өмнө надад гал л бодогдоод байсан юм. Ер нь хүн төрөлхтөн галыг олж, манаж болдог. Галын гашуун зовлон нэг дэгдвэл амаргүй, тиймээс галаа хадгалж манах гэдэг хэцүү. Тиймээс галаа, гэрээ, хилээ, төрөө манах гэсэн бодол миний толгойд яваад байсан юм. Ингээд хөгжим судлаач, манай сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Г.Ганцэцэг захирал маань намайг Эрхэмбаяр гэдэг залуутай танилцуулж, миний санааг сонсгосон юм. Эрхэмбаяр миний хичээлийг бүтэн нэг сар дагасан. Тэгээд зохиолоо бичиж, “Хөсөгтөн”-ий Д.Ариунболд маань хөгжмийн зохиолчоор, зураачаар Нямхүү, нүүр хувиргагчаар Нарангэрэл нар нэг баг болж сайхан ажилласан. Улмаар хөөмийгөөр аритай, цууртай болгосон. Нуман, хулсан хуур, хурган чих, икэл зэрэг хуучны хөгжмийн зэмсгийг ч ашиглаж, оруулсан. СУИС-д хөөмийн анги байгуулагдсаны 15 жилийн ойдоо зориулж бүтээл болгон гаргаж, зохиол, ноот, партитуртай нь бэлэн болгоод байна.
-Цаашид өөр дуурилга гаргах уу?
-Эрхэмбаяртайгаа энэ талаар ярилцаад л байна. Энэ удаа аалз гэсэн сэдвээр бүтээл гаргах санаатай. Хээрийн дадлагад явж байхдаа аалзны шүлс зэргийг нэлээд ажиглалаа. Уруйд урсаж ирсэн модны ганцхан үндэс ногоорч байгааг хараад мөхлөөс цэцэглэж болдог юм байна, шүлс хэдий олон орооцолдсон ч үзүүр нь байдаг гэдгийг гаргах санаатай байгаа. Аялгуутай, хөгжимтэй нь бичих санаа бий. Бас газар шилгээх гэж нэг айхтар явдал бий. Тахихгүй байгаагаас болж шилгээж байна уу, эсвэл булаг шанд ширгэж байгаа асуудлыг ч хөндөх хүсэлтэй. Булгийн ус амьтай шүү дээ. Дэргэд нь очоод хөөмийлөхөд булгийн ус буцалж байгаа юм шиг ундраад гараад ирдэг. Гэх мэтээр толгой орооцолдсон зүйлүүд бодоод л явна даа. Хангай дэлхийг яаж сайхан байлгах талаар олон хүнд хүчээр бус, шавь нартаа зөвөөр л ойлгуулах хүсэлтэй байгаа. Шашин шүтлэгтэй холболгүй хөөмийн учрыг олъё гэж бодоод байгаа юм. Манай шавь нар Харзтайд анх гурван чулуу тавьж байлаа. Одоо тэнд овоо боссон. Шавь нартаа би “Энд олон наст ургамлын үр цацаж байгаарай, архи бус, цайны дээж өргөх, хадаг яндар уяхгүй байхыг захидаг. Тэр овооныхоо дэргэд очоод “Дөрвөн цагийн тал”, “Уяхан замбуу тивийн наран” зэргийг хөөмийлж, нар мандаж буйг харуулах нь бодитоор бууж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уламжлалт аргыг ашиглаж байгаа нэг хэлбэр л дээ.
-Биет бус соёлын өвийг уламжлуулах, хамгаалахад юу хийх хэрэгтэй талаар таны бодлыг сонсъё.
-Балжинням, Дашнятай өдөр манайхан ерөөлч магтаалч хайгаад давхичих юм. Ерөөл, магтаалд өдөр бүр хэрэглэдэггүй тансаг, сайхан, нарийн үг байдаг. СУИС-ийн язгуур урлагийн ангид ерөөл зааж, өвлүүлж байна. Тууль мөхлөө гэдэг. Мөн л манай сургуульд зааж байна. Зааж л үлдээхгүй бол болохгүй нь. Интернэтээр гурван бадаг зүйл дүрсжүүлээд үлдээх тийм ч үр дүнтэй арга биш. Цуур, хурган чих хөгжмийг ч зааж байна. Өвлүүлж байж энэ өв соёл үлдэж, оршин тогтнох болно. Эдгээр өв устаж үгүй болоход маш амархан. Рок хөгжим, битбокс гээд гадаадын хөгжмийн урсгалтай нийлүүлж хөгжүүлэхдээ амин сүнсийг нь заавал оруулж, алдагдуулахгүй байхыг шавь нартаа захидаг. Язгуур урлаг устаж үгүй болоход амархан учраас заавал шавь бэлтгэх хэрэгтэй.
-Таны ярьж буй зүйлийн томоохон жишээ бол дэлхийг байлдан дагуулж буй “Хү” хамтлаг. Рок, поп хөгжмийг үндэсний язгуур урлагтай хослуулж байгаа. Тэдний уран бүтээлийн талаар ямар бодолтой байдаг бол?
-Тэр хамтлагийн лимбэчин Нямжамцан нь миний шавь. Тэд сайхан байна. Шавь минь цуур, лимбэ, бишгүүрээ үлээж, хөөмийлж байна. Нэлээд хэдэн өв соёлоо ягштал өөртөө суулгачихсан болохоор язгуур нь, сүнс нь байгаа юм. Наана нь нөгөөдүүл нь рок хөгжмөө тоглоод байгаа нь зүгээр. Биет бус соёлын ийм олон төрлийг өөртөө шингээгээд аваад явж буй Нямжамцан шиг хүн өнөө цагт их ховор. Түүгээр, тэднээр бахархахгүй байхын арга алга.
-Туульч А.Балдандорж гуай ч бас соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүн дээ. Ааваасаа чамгүй зүйл удамшуулж авсан болов уу?
-Урианхай туулийг А.Балдандорж шиг хайлдаг хүн Монголд өнөөдөр байхгүй. Авга дүү болон хүү нь харин сайн туульч болох шинжтэй. Түүний аав Б.Авирмэд гуайтай би ойр дотно байсан. Надад бэлэглэсэн товшуур нь одоо хүртэл байгаа. Авьяас, биет бус соёлын өв удамшиж байгаа хэрэг.
Харин миний гурван хүүхэд дунд хөөмийг өвлөж авах хүн алга. Хоёр охин, ганц хүүтэй ч тэднээс намайг уламжлах хүн одоогоор байхгүй. Ач, зээ нар хөгжмийн мэдрэмж өндөртэй ч одоогоор авьяас нь тодорсон зүйлгүй.
-Хөөмийлдөг болохоор хоолой тань ийм баргил юм уу гэж асуух хүн олон биз?
-Хөөмийлдөг хүний хоолой ийм болчихдог юм уу гэж асуух хүн зөндөө. Энэ бол эцэг эхээс минь надад өгсөн хишиг. Энэ хишгийг минь хөгжүүлсэн хүн бол миний багш Булган аймгийн Сайхан сумын харьяат Жамцын Чоён гэж хүн байлаа. Урлагийн замд хөтөлсөн нь Жамцын Бадраа гэж Хөвсгөлийнх, цэргийн үлээвэр хөгжимд оруулсан хүн бол Жамбалсүрэнгийн Дэндэв гэдэг хүн байв. Ж үсгээр эхэлсэн, Жамц гэсэн овогтой хүмүүсийн гарыг дамжаад л өдий зэрэгт хүрч дээ. Ж.Чоён багш бол ерөөлч, магтаалч хүн. Миний баруун, зүүн мөрөн дээр аав, ээжийн, толгой дээр багшийн сүнс байдаг гэхэд хилсдэхгүй болов уу.
-Найз нөхөд хүний амьдралд түшиг тулгуур болж явдаг. Таны дотны найз бол Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан гэж сонссон. Хэрхэн нөхөрлөж байв?
-Хүнд найзлах нөхөд маш чухал. Би цөөхөн найзтай хүн юм билээ. Дундговь аймгийн харьяат, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж бол оюунлаг, агуу найз минь. Тэр намайг хөтөлж явсан хүн. Морин хуур, хөөмийн концертыг анх миний найз бичсэн. Ер нь найз нөхрөө дагаж хүний оюун задардаг юм. Найзыгаа тэнгэрт хальснаас хойш их л ганцаардаж байна. Дуурилга хийж байхад найз минь бодогдоод их хэцүү байсан. Тэр үед бүр уйлж ч байлаа. (Ярилцаж байхдаа ч нүдийг нь нулимс бүрхэж, хоолой нь зангирч байв) Тэнгэрт халиад олон жил өнгөрч дээ. Мөнгөгүйдээ биш л дээ, дундаа нэг таваг хоол авчихаад хоёр талаас нь халбагадан иддэг, ярьдаг зүйл нь уран бүтээл л байлаа.
Уран бүтээлийг, соёлын өвийг хөгжүүлэхэд дэмжлэг их чухал. Манай сургуулийн үе үеийн захирлууд болох Д.Цэдэв, Э.Сонинтогос, Г.Ганцэцэг гээд олон сайхан хүн үргэлж дэмжиж, Ц.Нацагдорж, Б.Одсүрэн гэх хоёр хэцүү хүнийг сургуульдаа авч байсан юм шүү дээ.
-2014 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж байхад юу бодогдож байв?
-Анх сонсоод их бүдүүлэг юм болсон. Би Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тус бүр хоёр удаа хүртсэн хүн. 2014 оны арванхоёрдугаар сард шавь нар минь тууль цээжилдэггүй, нэлээд бухимдсан, 22.00 цагийн үед машинаа гараашид тавьж байтал утас дуугараад “Урлагийн гавьяат зүтгэлтэн болсонд баяр хүргэе” гэж байна. Уур хүрээд “Нусан буу минь, битгий хөгшин хүнээр тоглоод бай” гээд утсаа салгачихсан юм. Тэгсэн дахиж залгаад “Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Та нөгөөдөр ёслолын хувцастай Төрийн ордны баруун хаалганд ирээрэй” гэлээ. Гэртээ орохдоо түлхүүрийн нүхээ ч олохгүй, гар салгалаад л. Төрийн минь л хишиг юм даа. Ийм цолд хүрсэн хүн хойч үедээ юм хийж үлдээх л хэрэгтэй.
-Олон аавын хөвгүүд, охидод язгуур урлагаа өвлүүлэн үлдээх жаргал биз?
-Хүмүүс хурдан морь харахаараа хамар шархирдаг гэдэг шиг би шавь нараа тайзан дээр харахаар огшоод байдаг юм. Миний амьдралын жаргалтай мөчүүд бол шавь нар минь тайзан дээр гарах үе. Шавь нартаа өвөө, аав, ах гээд юм юм нь болох юм даа. СУИС-д заримдаа үнэхээр сайхан авьяастай хүүхдүүд ирдэг. Даанч сургалтын төлбөрөө төлөх чадваргүй. Би зээл авч байгаад хүртэл тэдний төлбөрийг хийж байсан удаатай. Зарим нь ар гэрийн гачигдал гарлаа, хөдөө явах гэсэн юм, замын зардалгүй гэхээр “Мөнгө үлдээгээрэй чи” гээд картаа өгчихдөг. Хүүхдүүд минь зөв хүн болж хүмүүжиг дээ. Хөөмийч хүн бусдыг зоддоггүй, тийм л төлөвшилтэй болдог.
-Нутгаасаа гараад хэчнээн жилийн дараа эргэж очив?
-Би нутагтаа очилгүй 43 жил болсон юм. Тэгэхэд миний авга эгч 106 насалсан хүн байлаа. Тэрбээр 101 настай, ануухнаараа “Миний дүүгийн том хүү ороод ирэв үү” гээд, төрсөн жилийг минь хүртэл хэлж байв. Нутагтаа очиход яг л аав, ээждээ очиж байх шиг санагдсан. Өвөлжөө байсан газар минь яг хэвээрээ. Жийп машин харагдахгүй байгаа өндөр өвсөн дундаас багцаалж байгаад би худгаа оллоо. Гэрийн буурийн чинээ газарт аав минь амны хужир суулгаж байсан нь байх юм. Аавтайгаа цуг гаргаж байсан худаг устайгаа, мод нь өмхөрч, чулуу нь хагарсныг эс тооцвол. Хүүхэд нас, аав, ээж бүх зүйл нүдэнд харагдаж байлаа. 43 жилийн дараа тэгж очсоноос хойш жил бүр нутгаа зорьдог болсон. Борхын голоосоо би анхны Гавьяат цолтон юм билээ. Нутагтаа очих сайхан даа. Дунд сургуулийн ангийнхнаас минь гурван хүн л үлдэж. Очихоороо тэдэнтэйгээ уулзах сайхан шүү.