Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайхантай ярилцлаа. Өнөөгөөс 100 гаруй жилийн өмнө манай орноор аялсан өрнөдийнхөн тухайн үеийн Монголыг, монгол хүнийг хэрхэн харж, ойлгон, дүгнэснийг өгүүлсэн “Адал явдалт аяллын сонгодог бүтээлүүд” цуврал номыг тэрбээр орчуулан, эрхлэн гаргадаг. Германы иргэн, судлаач, аялагч Херман Констен хэмээх эрхмийн манай орны нутгаар хөндлөн гулд аялсан тэмдэглэлийг тэрбээр орчуулж, “Цөвүүн цагийн эрчлээс дундах Монгол орноор” нэрээр цуврал бүтээлийнхээ X, XI боть болгон хэвлэжээ. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан уг хоёр боть номын нээлтийн ёслол, эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулах юм.
Х.Констений тэмдэглэл “Адал явдалт аяллын сонгомол бүтээлүүд”-д багтжээ. Х.Констен гэж хэн бэ. Тэрбээр хэзээ Монголоор аялж, аль талаас нь онцлон бичсэн юм бэ?
-Х.Констен Монгол орноор 1907-1913 онд хэд хэдэн удаа аялсан. Хожим 1927-1928 онд дахин ирсэн юм билээ. 1912-1913 онд аялахад нь Монгол Улс тусгаар тогтнож, Ховд, Улиастайг чөлөөлж байсан нэлээд үймээнтэй үе таарчээ. Энэ талаар хоёр боть номдоо дэлгэрэнгүй бичсэн. Уг номын нээлт болон Х.Констений түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, “Х.Констений өв, бүтээл туурвил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал гэсэн цогц арга хэмжээ зохион байгуулж байна. Х.Констений хоёр боть номыг орчуулж дуусгах үед сайхан тохиол учирч, Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх боллоо. “Ойн хүрээнд таны хоёр номын нээлтийн ёслолыг зохион байгуулъя” гэсэн саналыг Германы Элчин сайдын яамнаас тавьж, Монгол Улсын Гадаад харилцааны яам ч дэмжсэн.
-Х.Констен Монгол, Германы харилцааг хөгжүүлэхэд ямар ул мөр үлдээж, хувь нэмэр оруулсан юм бол?
-Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийнх нь талаар би гурван зүйл хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, Монгол бие даасан, тусгаар улс болчихоод, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх саналыг Өрнөдийн орнуудад тавьж, ноот бичиг илгээж байж. Х.Констен тухайн үед Германы рейхийн түвшинд “Ар Монгол бие даасан, тусгаар улс боллоо. Герман улс тэнд байр сууриа эзлэх хэрэгтэй. Манай худалдаачид очиж, наймаа хийх ёстой. Бид тэндээс алт олборлож болохоор байна” гэж “хонх цохисон” юм билээ. Мөн Монголын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Гадаад хэргийн сайд М.Ханддорж нар Санкт-Петербургт айлчлахад тэднийг Германы бизнесийн байгууллага, худалдаачидтай холбох гэж ихэд хичээл зүтгэл гарган, уулзалтууд ч зохион байгуулсан. Хоёрдугаарт, 1920-иод оны сүүлчээр монгол залуус Герман, Францад суралцсан. Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан эл ажлыг хариуцаж, 1924, 1925 онд Германд ажиллажээ.
1925 оны эхээр Х.Констен Эрдэнэбатхааныг дагалдан, бараг хоёр сарын турш Германаар аялж, сургууль сонгох, холбогдох байгууллагынхантай уулзах зэрэг ажилд нь тусалж, хэлмэрч, хөтөч хийж явсан байна. Өөрөөр хэлбэл, монгол залуус Германд суралцахад хувь нэмрээ оруулсан. Гуравдугаарт, Х.Констен 1912-1913 онд Ховд, Улиастайгаар дайран Нийслэл хүрээнд ирээд, буцах замдаа тухайн үеийн Монголын ноёд, одоогийнхоор бол бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч нартай уулзаж, заримтай нь дотно нөхөрлөн, тэдний талаар номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн. Хамгийн чухал нь тэр хүмүүсийн гэрэл зургийг авсан явдал. Энэ утгаараа Х.Констений гэрэл зургийн өв маш үнэ цэнтэй. Жишээ нь, Нийслэл хүрээнд байхдаа Богд хаант Монгол Улсын Засгийн газрын бүх гишүүнтэй уулзаад, гэрэл зургийг нь авчээ. Х.Констений эл өвийг дурсах, олон нийтэд таниулах цаг нь болсон. Түүнчлэн хоёр боть номыг нь монгол хэлээр гаргаснаар өв, бүтээл туурвил нь судалгааны эргэлтэд орох ач холбогдолтой.
-Урьд нь монголчууд Х.Констений бүтээлийг төдийлөн судлаагүй гэсэн үг үү?
-Тийм. Яагаад гэвэл Х.Констений бүтээлүүд монголоор байтугай англиар ч хэвлэгдээгүй. Тиймээс герман хэлтэй хүмүүс л эх оронд нь очоод, уншиж судалсан байх. Монголоор хэвлэснээр манай эрдэмтэд судлах боломж бүрдлээ.
-“Адал явдалт аяллын сонгомол бүтээлүүд” цувралынхаа анхны номыг та 2013 онд хэвлэжээ. Энэ санаагаа хэрхэн олсон юм бэ?
-Цуврал бүтээлийн анхны боть бол Хеннинг Хаслунд-Кристенсений “Явна аа!”. Би оюутан байхдаа уг номыг герман хэлээр анх уншсан юм. Монголчууд хэрхэн амьдарч байсныг гаднын хүний нүдээр харж, тун сонирхолтойгоор бичсэн нь гайхалтай санагдаж, гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Уг номыг нэлээд олон удаа уншсан. “Ийм гоё бүтээлийг хэзээ нэгэн цагт би монголчууддаа хүргэх ёстой, монгол хүн үүнийг унших хэрэгтэй” гэсэн бодол олон жил тээж явсан. Би Германы Лейпцигийн их сургуулийг герман судлаач мэргэжлээр төгссөн юм. Ингээд Гадаад харилцааны яаманд, дипломат ажлын хамгийн доод шатнаас Элчин сайд болтол ажиллалаа.
Үүний дараа нэг хэсэг “Монсудар” хэвлэлийн газарт ажиллан, герман, монгол хэлний толь бичиг бүтээсэн. Мөн монгол кирилл зөв бичих зүйн толь бичиг гаргасан. Тэр толь бичигт үндэслэн, одоо бүх нийтээрээ мөрдөж буй Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг бүтээсэн юм шүү дээ. Миний хувьд зөв бичих зүйн толь бичиг боловсруулах олон улсын стандарт, аргачлал, арга зүйг л Монголд оруулж ирсэн. Тэр арга зүйд үндэслээд журамласан толийг бүтээсэн гэсэн үг. Харин сүүлийн жилүүдэд нэлээд завтай болоод, цуврал номуудтайгаа нөхөрлөж байгаа. “Явна аа!”-г хэвлүүлсний дараа Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс “2013 оны орчуулгын шилдэг бүтээл” батламж гардсан. Маш их баярлаж, цуврал бүтээлээ үргэлжлүүлэх урам авч байлаа.
-Таны бүтээлүүдийг түүхийн сурах бичиг, судалгааны бүтээлтэй харьцуулахад хөнгөн, сонирхолтой санагдсан.
-Уншсан хүмүүс “Таны ном маш хөнгөн, сонирхолтойгоор Монголын түүхтэй танилцууллаа. Тиймээс гадаадад амьдардаг хүүхдүүддээ ч авсан” гэж хэлсэн удаатай. Монгол орноор, Төв Азиар жуулчилсан өрнөдийнхөн дараагийн аяллынхаа санхүүжилтийг шийдэхийн тулд буюу мөнгө олох зорилгоор тэмдэглэл, ном бичээд, зардаг байжээ. Өөрөөр хэлбэл, аяллынхаа хамгийн адал явдалтай, сонирхолтой үйл явдлын талаар бичдэг, эсвэл лекц уншиж мөнгө олчихоод, дараагийн аялалдаа гардаг байж л дээ.
Миний сонгосон бүтээлүүд яг тийм, олон нийтэд хандсан, сонирхолтой, хөнгөн хэв маягтай. Тэгсэн хэрнээ түүхийн ач холбогдол өндөр. Монголчууд нүүдэлчин ард түмэн учраас үзсэн, харсан, тохиолдсон үйл явдлаа тэр бүр цаасан дээр буулгаж, тэмдэглэдэггүй байсан. Ам дамжуулан үлдээдэг уламжлалтай. Харин Өрнөдийн аялагчид өдөр үзсэн, харсан үйл явдлаа орой нь майхандаа суугаад тэмдэглэдэг байсан нь бидний өдгөө уншиж танилцаж буй цуврал номууд юм. Жишээ нь, өнөөдөр ийм отго жинстэй, тийм хувцастай хүнтэй уулзлаа. Надаас ингэж асуулаа. Би ингэж хариуллаа гэх мэтээр маш дэлгэрэнгүй бичсэн. Миний эрхлэн гаргасан цуврал номоос 1841-1842 онд монголчууд ямаршуу хувцас хунартай, юу иддэг, сонирхдог байсныг ч мэдэж болно. 170 жилийн өмнөх монголчуудтай ч “танилцах” боломжтой.
Ер нь монголчууд үндэстний хувьд хэн бэ, хаанаас ирэв, бид ямар түүхтэй вэ гэдэг эрэл хайгуулын үедээ яваа гэж би боддог. Хувь хүмүүс ч удам судраа сонирхдог болсон. Тэгэхээр монголчуудын өөрийгөө танин мэдэх, мөн чанараа олох эрэл хайгуулд миний бүтээлүүд хувь нэмэр оруулах болов уу гэж санадаг.
-Орчуулах номуудаа хэрхэн сонгосон бэ. Тодорхой шалтгаант дараалалтай юу?
-Долоон аялагчийн бичсэн бүтээлийг 11 ном болгон хэвлээд байна. Юуны өмнө би хэн, хаагуур аялсныг мэддэг байх ёстой. Тиймээс Монгол орноор аялсан, эсвэл дайрч гарсан хүмүүсийн тэмдэглэлийг сонирхож, хэн, хэдэн онд бичсэн, ямар ном байгааг судалдаг. Тийм номуудын товч мэдээллийг олж аваад, сонирхолтой, ямар ч мэргэжил, боловсролтой хүн ойлгож чадахаар өгүүлэмжтэй, адал явдал ихтэй гэж үзсэнээ орчуулахыг боддог. Тухайн бүтээлд дурдагдсан түүхэн хүмүүс, үйл явдал, газар, усны нэрийн талаар нэмэлт тайлбар, зүүлт номууддаа оруулсан. Яагаад гэвэл өнөөгийн залуус тэр үеийн түүх, түүхэн хүмүүсийн талаар сайн мэдэхгүй. “Тайлбар, зүүлт номыг бүрэн ойлгоход тусалдаг” гэж уншигчид маань ч хэлдэг. Хуучны эд зүйлсийн нэр, ноёдын зэрэг зиндаа зэрэг хэллэг бий. Бас одоо дурдахаа больсон хуучирсан хэлц ч нэлээд таарна.
-Судалгаа хийсэн гэж та дээр дурдсан. Өрнөдөөс хэр олон хүн Монголоор аялсан юм бэ?
-Аялсан хүн цөөнгүй. Монгол 1911 онд тусгаар, бие даасан улс болсон. Тэр үеэс 1920-иод оны төгсгөл хүртэл манай орон нэлээд чөлөөтэй байжээ. Харин 1920-иод оны сүүлчээс гадаадынхныг шахаж эхэлсэн. Чөлөөтэй байх үед манайд Өрнөдийн аялагчид, янз бүрийн хүмүүс орж ирж, пүүс, компани байгуулжээ. Герман хүн шар айраг нэрдэг байж. Америк, Англи, Германы худалдааны олон пүүс, компани үйл ажиллагаа явуулсан. Тэр үед Монголд ирсэн хүмүүсийн зарим нь сонирхолтой тэмдэглэл бичиж үлдээжээ. Жишээлбэл, миний зургаа дахь ном “Монголд сэтгэл хоргодсон есөн жил” гэдэг нэртэй. 1920-1929 онд есөн жил Монголд, тэр дундаа Нийслэл хүрээнд амьдарсан унгар инженер дурсамжаа бичсэн, маш сонирхолтой бүтээл бий.
-Хуучны номуудыг олох хэцүү байх аа?
-11 номоо цаг хугацааны дарааллаар нь жагсаавал, 1841-1842 онд Монгол, Төвөдөөр аялсан хоёр франц хүний тэмдэглэл хамгийн эртнийхэд тооцогдоно. 170 жилийн өмнөх бүтээл. Хамгийн сүүлийн үеийнх нь 1930-аад оны эхээр Өвөр Монголоор хэд хэдэн удаа аялсан, Швейцарын нэртэй зохиолч, сэтгүүлч, гэрэл зурагчин Вальтер Боссхардын “Сэтгэл булаам Монгол орон мину” ном. Ерөөсөө 11 номд 1841-1933 онд Монгол оронд өрнөсөн үйл явдлыг өгүүлнэ гэсэн үг. Мэдээж хуучин номыг олоход төвөгтэй. Германд очоод хуучин номын дэлгүүрүүдээр хайна. “Зарна” гэсэн зар интернэтэд байршуулсан хувь хүмүүстэй холбогдон, худалдаж авна. Иймэрхүү л маягаар олдог. Тухайн цаг үедээ ганцхан удаа хэвлэсэн, олоход төвөгтэй бүтээл ч бий. Жишээ нь, Х.Констений хоёр боть номыг 1919 онд нэг удаа хэвлээд, дахин гаргаагүй. Сайшаалтай нь, маш чанартай хэвлэсэн, сайн хадгалсан. Иймэрхүү хуучны номуудын өртөг өндөр шүү дээ.
-Бүх бүтээлээ герман хэлнээс орчуулсан уу?
-Тийм ээ. Үндсэндээ герман хэлнээс орчуулна. Зургаа дахь ном “Монголд сэтгэл хоргодсон есөн жил”-ийг унгар хэлнээс нь, тус улсад суралцсан хүнтэй хамтран хөрвүүлсэн. Бусдыг нь герман хэлнээс орчууллаа.
-Орчуулахын тулд нэлээд судалдаг гэхээр нэг ном бүтээх хугацаа нэлээд урт уу?
-Эхний 4-5 номоо гаргах гэж багагүй хугацаа зарцуулсан. Байнга хийдэг зүйл гарт орж, даддаг шүү дээ. Сүүлийн үед бол гарт орчихоод байгаа.
-Цувралын дараагийн бүтээлийг уншигчдад хэзээ хүргэх вэ?
-2013 оноос хойш цуврал 11 ном орчуулж, хэвлэлээ. Өнгөрсөн хугацаанд миний номууд өөрийн гэсэн уншигчидтай болсон. Уншигчид маань “Энэ цувралаа зогсоохгүй биз дээ, дуусгаж болохгүй шүү, үргэлжлүүлээрэй, дараагийн ном тань хэзээ хэвлэгдэх вэ” гэж надаас байнга асууж, шаарддаг болсон. Төв талбайд жилд хоёр удаа номын баяр болдог шүү дээ. Тэнд л уншигчидтайгаа уулздаг юм. Мөн л “Зогсоож болохгүй шүү. Үргэлжлүүлээрэй” гэж захидаг. Уншигчдын урам, дэмжлэг надад цааш явах ёстой шүү гэсэн итгэл өгдөг. Мэдээж би цааш үргэлжлүүлэх хүсэлтэй. Хамгийн гол нь цуврал бүтээлийн минь өнгө аяст тохирсон ном олдох, эсэх нь л чухал.
Бэлтгэсэн: Ч.Мөнх