“Дуэль” клубийн тамирчин, спортын мастер Б.Баттөмөр Монголын туялзуур сэлмийн холбооноос өнгөрсөн наймдугаар сард нийслэлд зохион байгуулсан “Жи мобайл-2019” УАШТ-д түрүүлснийхээ дараахан Европын нээлттэй тэмцээнд оролцохоор зорьсон юм. Тэрбээр ХБНГУ-ын Хамбург хотод болсон “Hamburger marathonturnier” нээлттэй тэмцээнд оролцон алтан медаль хүртсэн байна. Тус тэмцээнд зургаан улсын 70 гаруй тамирчин өрсөлдөж, ур чадвараа сорьжээ. Сэлэмчин залуу УАШТ-д дөрвөн удаа тэргүүн байрт шалгарч, ДАШТ-д эх орноо төлөөлөн мөн л дөрвөн удаа тулалдсан туршлагатай. Тэрбээр Герман улсад суралцаж байхдаа туялзуур сэлмээр сонирхон хичээллэж, Монголдоо энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж явна. Европоос гаралтай ч Монголд богино хугацаанд хөгжиж байгаа туялзуур сэлмийн спортод тэрбээр өөрийн хичээл зүтгэлээр амжилтаа ахиулсаар буй. Одоогоос 11 жилийн өмнө Германы “Грүн-Вайс аямсбүтел” клубээс спортын гараагаа эхэлсэн Б.Баттөмөр өдгөө олон улсын тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэн шилдэг сэлэмчдийн нэг болжээ.
-Монгол Улсад туялзуур сэлмийн спорт хөгжөөд 10 жил болжээ. Манайд хөгжиж буй спортоос хамгийн залуу нь ч сонирхож хичээллэгсэд жилээс жилд нэмэгдэж байна. Монголд туялзуур сэлэм олимпын төрлийн бусад спорт шиг хөгжих боломжтой юу?
-Тийм ээ, боломж их бий. Холбоо байгуулагдаад 10 жил болж байгаа ч бид чамлахааргүй амжилт гаргасан. Зөвхөн тэмцээнд оролцож, гаргасан амжилт бус, энэ спорт Монголд богино хугацаанд хөгжиж байгаа нь харагддаг.
-Туялзуур сэлмийг язгууртны спорт гэж ярьдаг. Тиймдээ ч Европын орнуудад илүү хөгжсөн. Тив, дэлхийн тэмцээнд оролцдог тамирчдын дунд өндөр албан тушаалтай, нэр нөлөө бүхий улстөрч, бизнесийн манлайлагчид хүртэл байдаг юм билээ.
-Энэ спорт Европоос гаралтай. Тулааны хувцас, хэрэгсэл нь гоёмсог харагддаг тул язгууртны спорт гэж ойлгох хүн олон. Туялзуур сэлэм дээхэн үед үнэхээр язгууртнуудын дунд хөгжсөн байх талтай. Орчин цагт энэ спортоор хүн бүхэн хичээллэх боломж нь нээлттэй. Би мэргэжлийн тамирчин биш. Чөлөөт цагаараа энэ спортоор хичээллэдэг. Өөрийн орны спортын салбарын санхүүжилтийг системээр нь шийдэж чадсан Япон, БНСУ, Европын зарим улсад тамирчид нь мэргэжлийн хэмжээнд хичээллэх боломжтой байдаг. Дэлхийн сэлэмчдийн дунд инженер, эмч, эрхзүйч, багш, санхүүч мэргэжилтэй хүмүүс бий. Монголчууд эрэмгий, дайчин. Дайн тулаанд эр зориг, авхаалж самбаагаараа оройлж явсан эцэг өвгөдөөс улбаатай ген бидний цусанд байдаг нь тэмцээний үеэр ажиглагддаг. Сэлмээр тулалдахад омогших мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Анх хичээллэхэд надад ч бас тийм мэдрэмж төрж байсан.
-Спортод хүнийг татдаг онцлог, бие, болоод сэтгэл зүйг нь хөгжүүлдэг гайхамшиг бий. Энэ спортод ч байдаг байх.
-Өрсөлдөгчдөө оноо алдахгүйн тулд анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Өнөө цагт хүүхэд, залуус гар утас, интернэтэд анхаарлаа хандуулаад аливаа зүйлд бүрэн төвлөрөх чадвар нь суларч байна. Харин сэлмийн спорт хүнийг анхаарлаа бүрэн төвлөрүүлэх чадварыг сайжруулдаг. Учир нь ганцаарчилсан тулааны спорт шүү дээ. Өрсөлдөгчөө ялах, ялагдах нь тухайн тамирчнаас хамаардаг. Ялахын тулд ямар нэгэн стратеги боловсруулна. Өөрөөр хэлбэл, энэ спортоор хичээллэснээр хүн хүлээцтэй байх, хэзээ өөрт олдсон боломжоо ашиглах, хэрхэн зорьсондоо хүрэх, тулгарсан бэрхшээлийг даван туулж сурдаг. Ямар ч тамирчин тэмцээнд амжилттай оролцохыг хүсдэг. Өсвөр насны хүүхдүүдэд бэлтгэл сургуулилалт хийхэд тууштай байх хандлага суулгадаг. Туялзуур сэлмээр хичээллэдэг хүүхдүүд тэсвэр тэвчээрт суралцахаас гадна өөртөө итгэлтэй болж, зөв шийдвэр гаргадаг. Сэлмийн спортоор хичээллэсэн хүмүүст бие бялдар нь өв тэгш хөгжих, илүүдэл жингээсээ салах, стресс тайлагдах зэргээр эерэг зүйл ажиглагддаг. Тэгэхээр энэ спорт хүнд байх ёстой бүх чадварыг цогцоор нь хөгжүүлдэг онцлогтой.
-Туялзуур сэлмийн тамирчдын хийж гүйцэтгэдэг элемент, тоглолтын арга барил, техник нь бие хамгаалах урлагтай төстэй санагддаг.
-Сэлмийн спорт хүнээс гар, хөлийн ажиллагаа, зайны мэдрэмж, тэсвэр тэвчээр, тэсрэлт шаарддаг. Тиймээс бокс, газрын болон ширээний теннисний спорттой жишиж болох юм.
2020 ОНЫ ОЛИМПЫН ЭРХ ОЛГОХ ТЭМЦЭЭНД БЭЛДЭЖ БАЙГАА
-Холын хүнээс үг сонс гэдэг. Өнгөрсөн сард Германд болсон олон улсын “Наmburger mara-thonturnier” тэмцээнээс таныг алтан медаль хүртсэнийг сонссон. Монгол тамирчнаа түрүүлснийг сонсоод баярлаж суулаа.
-Өнгөрсөн сард ажлын шугамаар Европоор явсан юм. Үүнийхээ хажуугаар ХБНГУ-ын Хамбург, Берлин, Шведийн Стокхолм, Финландын Турку гэсэн дөрвөн хотод болсон тэмцээнд оролцлоо. Тив, дэлхийн аваргын болон гран при тэмцээн биш ч өрсөлдөөнтэй болсон. Монголдоо болдог тэмцээнүүдийг Олон улсын туялзуур сэлмийн холбооны албан ёсны хуваарьт багтаахын тулд зохион байгуулагч тал, бусад орны тамирчныг оролцуулах, тэмцээнийг амжилттай зохион байгуулах, шагнал урамшуулал олгох зэрэг олон зүйлд ач холбогдол өгдөг юм байна лээ. Би түрүүлсэндээ сэтгэл өндөр байгаа.
-Та ажиллахынхаа хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог. Энэ бүхнийг зохицуулахын тулд ажлаа сар, улирал, жилээр нь төлөвлөдөг үү?
-Миний хувьд энэ спортоор олон жил хичээллэлээ. 2014-2017 онд түр завсарлаад дахин хичээллэж эхэлсэн ч тэмцээнд бэлдээгүй. 2019 оноос идэвхтэй хичээллэж, өнгөрсөн зун дотоод, гадаадын тэмцээнд оролцсон. Оролцсон нь ч учиртай. 2020 онд олимпын наадам болно. Сонирхлоороо хичээллэдэг ч олимпын наадамд оролцох хүсэл бий. Тиймээс ажлынхаа зав чөлөөгөөр бэлтгэлээ базаах, тэмцээнд оролцох хуваарь гаргасан. 2020 оны хавар олимпын эрх олгох тэмцээнд өөрийгөө бэлдээд байгаа хэрэг.
-Европын тамирчидтай тулалдсан тамирчны хувьд тэдний тоглолтын техник, Азийн тамирчдынхаас хэр өөр байдаг тухай яриач. Тухайлбал, ямар улсын тамирчидтай өрсөлдөх амаргүй вэ?
-Багийн спортын төрөлд өөрийн дутууг өөр нэг тамирчнаар нөхөх боломж тодорхой хэмжээгээр байдаг. Сэлмийн спортоор ганцаарчилсан төрөлд өрсөлддөг. Тиймээс тамирчинд дутуугаа нөхөх боломж зөвхөн олон жилийн бэлтгэл сургуулилалтаар бий болдог. Өөрийн сул талыг өрсөлдөгчдөө харуулахгүй байх нь хамгийн чухал. Тулалдахад тохиромжгүй өрсөлдөгч гэж байдаг. Монгол бөхөөр бол тал таардаг, таардаггүй гэдэг шиг. Дэлхийд өөрийн гэсэн уламжлал, сэлмийн дэг, сургууль, хэв маягтай болсон улс байдаг. Унгар, Итали, Франц, Оросын тамирчдаас энэ бүхэн харагддаг. Сүүлийн жилүүдэд БНСУ, Япон, Энэтхэг, Вьетнам улс тамирчдынхаа биеийн онцлогт тохируулан тулааны шинэ хэв маяг бий болгож, дэлхийн тавцанд хүч түрэн гарч ирж байна. Энэ нь ч тэдэнд амжилт авчирч буйг өнгөрсөн тивийн болон ДАШТ, олимпын наадмаас харж болно. Монгол хүний бие, сэтгэл зүйн давуу талыг харуулсан тулааны хэв маягийг бий болгох хэрэгтэй. Бид үүнд анхаардаг. Бага ч гэсэн үр дүн гарч байгаа. Манай клубийн тамирчид эх орондоо болсон сүүлийн тэмцээнүүдэд түрүүлсэн. Монголын тамирчдын хувьд Итали, Франц, Германы тамирчидтай тал таардаг тул эн тэнцүү өрсөлддөг, харин Оросын тамирчидтай тал таарахгүй байх шиг санагддаг.
-Монголдоо хэр олон өрсөлдөгчтэй болж байна вэ?
-Манай тамирчдын ур чадвар өсөж, өрсөлдөөн ширүүсэж байгаад баярладаг. Өрсөлдөхийн хэрээр тамирчдын туршлага, хүч чадал нэмэгддэг. Би туялзуур сэлмийн тэмцээнийг үндэсний бөхтэй зүйрлэх дуртай. Өвдөг шороодсон бөх хасагдаж, давсан нь нэг даваа ахидаг зарчим сэлмийн спортод ч байдаг. Зарим тэмцээнд туршлагатай тамирчид нэг, хоёр, гурвын даваанд ялагдах болсон нь өрсөлдөөн сайжирсныг харуулж байна.
ТУЯЛЗУУР СЭЛЭМ ЗАРДАЛ БАГАТАЙ СПОРТЫН ТӨРӨЛД ОРНО
-Бодибилдинг, фитнес, авто, мото спорт өртөг өндөртэй. Та бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээнд оролцохдоо хэр их мөнгө зарцуулдаг вэ. Ойрын үед тэмцээнд оролцох уу?
-Сэлмийн спортыг хүмүүс өртөг өндөртэй гэж боддог. Харин ч боломжийн өртөгтэй. Тухайлбал, манай клубт хичээллэхэд насанд хүрэгчид сард 80 мянган төгрөг төлдөг. Ийм өртгөөр бие бялдраа хөгжүүлэхээс гадна тамирчин болж төлөвшдөг. Сэлмийн спортоор хичээллэхэд нас харгалздаггүй. Найман настай балчраас 80 настай буурал хүртэл хичээллэж болно. Дэлхийн ахмад сэлэмчдийн аварга шалгаруулах тэмцээн Египетийн нийслэл Каир хотод энэ сарын эхний долоо хоногт болж өндөрлөлөө. Монголд болох тэмцээнд оролцоход тэмцээний хураамж 20 мянган төгрөг. Харин олон улсын тэмцээнд оролцох бол хаана, ямар улсад болохоос шалтгаалж зардал нь янз бүр. Туялзуур сэлэм зардал багатай спортын төрөлд орно. Миний хувьд энэ оны сүүлчийн хагаст Монголын туялзуур сэлмийн холбооноос, мөн шинэ он гаргаад Олон улсын туялзуур сэлмийн холбооноос зохион байгуулах тэмцээнд оролцохоор төлөвлөсөн.
-Туялзуур сэлмээр хичээллэдэг тамирчдын хувцас, малгай, баг сонирхол татдаг. Энэ нь залууст хичээллэх сонирхол төрүүлдэг байх. Тухайлбал, таны тоглолтын сэлэм чанараасаа шалтгаалаад үнэ өртөг нь өөр байдаг уу?
-Сэлэмчин хүний хувцас, хэрэглэлийн чанар оролцох тэмцээнээсээ хамаардаг. Дотоодын тэмцээнд үнэтэй хувцас хэрэглэх шаардлагагүй. Олон улсын тэмцээнд оролцоход тодорхой стандартад нийцсэн хувцас, сэлэм хэрэглэж, ашиглахыг шаарддаг. Сэлмийн спортын хувцас цагаан өнгөтэй байдаг болохоор хүмүүст сайхан харагддаг биз. Үнэхээр ч ийм хувцас, хэрэглэл өмсөөд тулалдах нь гоё. Энэ нь ч туялзуур сэлмийн спортод хөл тавих залуусын сонирхлыг татдаг болов уу.
-Монголд энэ спортыг хөгжүүлэхийн тулд ямар алхам хийхийг зорьдог вэ. Өндөр хөгжилтэй орнуудын спортын үүсэл хөгжил, тамирчдынх нь ур чадвар юутай холбоотойг Та судалсан байлгүй.
-Одоохондоо Монголын эдийн засгийн чадал спортын салбараа өндөр хөгжилтэй орнууд шиг системтэй санхүүжүүлэх хэмжээнд хараахан хүрээгүй байна. Гэхдээ спортын төрлийг ухаалгаар хөгжүүлсэн туршлага олон бий. Тухайлбал, Чех улсын сэлмийн холбоо бага өртгөөр олон улсын тавцанд өрсөлдөх хэмжээнд уг спортыг хөгжүүлж байна. Бид өөрийн нөөц бололцоог хэрхэн үр дүнтэй ашиглах шийдлийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Миний хувьд тамирчин ч гэлээ энэ спортыг ирээдүйд хөгжүүлэн олон нийтэд таниулах, эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргахын төлөө холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Өнөөгийн байдлаар бидний хийж чадах хамгийн энгийн зүйл бол туялзуур сэлмийн тэмцээнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбартай дамжуулах. Манайд бөхийн төрөл өндөр хөгжсөн нь спортыг ойлгож үзэх, дэмжих, баярлаж, гуних зэргээр сэтгэл хөдлөлөө дамжуулан илэрхийлэх соёл үзэгчдийн дунд бусад спортоос илүү байдагтай холбоотой. Тиймээс дараагийн 10 жилд бид туялзуур сэлмийг өөрийн оронд хөгжүүлэхийн тулд үзэгчдэд сэлмийн тухай ойлголтыг зөв өгөх ёстой гэж боддог.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг