УДЭТ-ын залуу найруулагч, ОХУ-ын Театрын урлагийн сургууль (ГИТИС)-ийн оюутан Э.Ёндоншаравыг “Залуус” буландаа урилаа.
-Үзэгчид таныг төдийлөн мэдэхгүй, зарим нь нэрийг тань огт дуулаагүй байж ч мэднэ. Өөрийгөө танилцуулаач?
-Би ОХУ-ын Театрын урлагийн их сургуулийн найруулагчийн ангийн тавдугаар дамжааны оюутан.
-Яагаад урлагийн мэргэжил эзэмшихээр шийдсэн юм бэ?
-Урлагийн мэргэжил эзэмшье гэж шийдэх үед одоогийн би байгаагүй болохоор чухам юу гэж бодсоноо мэдэхгүй юм. Кинонд тоглоод л, олны танил болбол гоё гэж бодсон байх. Урлагийн тухай нэг их бодоогүй л болов уу. 2009 онд СУИС-ийг төгсөхдөө ч урлаг гэж юу болохыг мэдсэн нь юу л бол. Ер нь тэгээд эрдэмтэн Сократ өөд болохынхоо өмнө “За за, би юу ч мэдэхгүй юм байна” гэж хэлсэн юм билээ.
-УДЭТ-т хэчнээн жил ажиллав. Тэр хугацаанд ямар ямар уран бүтээлд ажилласан бэ?
-УДЭТ-таа 2011-2015 онд туслах найруулагчаар ажилласан. Тухайн үед театрын урын санд байсан болон шинээр тавьсан бүх уран бүтээлд оролцсон. 2014 онд бие дааж “Буруугүй буруутан” жүжгийг Ардын жүжигчин А.Очирбат гуайн зохиолоор найруулан, үзэгчдэд хүргэсэн. Тэр үед Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар хэмээх гайхамшигтай найруулагчийн шавь болсондоо одоо ч сэтгэл хангалуун байдаг юм. Анхны уран бүтээлд минь сайхан уран бүтээлчид тоглосон доо.
-Найруулагч хүнд байх зан араншин, авьяасыг харсан болоод л танд итгэл хүлээлгэсэн болов уу?
-“Ажиллаж чадах уу” гэхэд нь “Чадна” гээд л эхэлсэн. Ер нь хүн өөрөө л өмнөө байгаа хаалгыг нээж, байхгүй боломжийг бий болгон, урагш алхдаг биз дээ.
-УДЭТ-т байхдаа хатуу үг хэр сонсов. Ихэвчлэн ямар шүүмж хэлж байв?
-Хатуусах юу байх вэ. Улсын ажил хийж байж “Энэ надад хатуурхлаа. Тэр намайг шүүмжиллээ” гээд хөдөө байдаг аавдаа хэлэлтэй ч биш. Театрынхаа уран бүтээлчдэд хайртай.
-Хоосон магтаал, үнэн шүүмжлэлийг ялгаж, дааж чаддаг уу?
-Үнэн шүүмжлэл, худал магтаал сонсох хэмжээнд хүртэл ажиллаж амжаагүй болохоор хэлж мэдэхгүй юм. Одоо бол энд, оросуудад зөндөө л загнуулж, муулуулж, магтуулж байна.
-Дэг жаяг хатуу, мэргэжлийн шалгуур өндөртэй театрын найруулагч болохоор суралцаж буй шалтгаан тань юу вэ?
-Яг яагаад, ямар шалтгаантай вэ, бүү мэд. Аав, ээжийн хэлж өгөхгүй, амраг садны мэдэхгүй, амьдралын асар том асуултуудын хариуг ном зохиол, эрдэмтэн мэргэдээс хайж, жаахан юм олбол намайг таних нь битгий хэл, нэрийг минь ч дуулаагүй үзэгчидтэй хуваалцах юм сан. Жүжиг үзсэн 500 үзэгчээс нэг л тухайн уран бүтээлээр юу хэлэх гэснийг минь бодон, гэр хүртлээ дуугүйхэн алхвал болох нь тэр. Энэ асуултад таван жилийн дараа би өөрөөр хариулах байх. Хүний ертөнцийг үзэх үзэл нэг цэгтээ зогсдоггүй, төвөгтэй юм.
-Яагаад ГИТИС-ийг сонгосон юм бэ?
-“Энэ л хамгийн сайн сургууль” гэж сонгоогүй. Би Л.Лхасүрэн багшийн шавь. “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр нь үзэгчид андахгүй. Миний багш, цаашлаад Л.Ванган, С.Гэндэн, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, И.Нямгаваа нарын найруулагч энэ сургуулийг төгссөн. Тиймээс л сонгосон. Энд ирснийхээ дараа манай сургуульд солилцоогоор ирсэн гадаадын оюутнуудтай хамтран ажиллаж, бусад улсын сургуулиудтай танилцан, боломж гарвал жүжиг тавьж байна. ГИТИС бол Европт дээгүүр үнэлэгдэх сургууль. Харин эндээс хэр их эрдэм “хутган авах” нь л чухал.
-Алдартай ямар уран бүтээлч нараар хичээл заалгаж байна?
-Москвагийн академик театрын уран сайхны удирдагч Е.Б.Каменькович, ОХУ-ын театрын орчин цагийн томоохон төлөөлөгч Д.А.Крымов, түүний аав, домог болсон найруулагч Анатолий Васильевич Эфрос нараар хичээл заалгаж байна. Гэхдээ энэ нь алдартай, тэр нь тийм гэх нь утгагүй. Хэнээс юуг, хэрхэн сурах нь чухал байх.
-Гадаадын улсуудаар явж, жүжиг тавьж байгаа гэлээ. Хаана, ямар уран бүтээл хүргэв?
-Сургуулиас өгсөн даалгаврыг гүйцэтгэсний дараа боломжийн байвал гадаадын наадамд оролцуулах, эсвэл жүжиг болгох санал тавьдаг юм. Одоо би Украинд байна. Эндхийн жүжигчидтэй хамтран Марк Камолеттийн “Боинг, боинг” зохиолоор жүжиг тавина. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ. Өнгөрсөн хугацаанд Грект Эврипидийн “Электра”, Хятадад “Лир хаан”, Францад Фёдор Достоевскийн “Албингууд”-ыг найруулан тавьсан.
-Монголдоо хэзээ уран бүтээл хийх вэ. Ямар уран бүтээл хийхийг хүсэж байгаа вэ?
-Сургуулиа төгсөөд шууд харина гэсэн чинь энд ажлын саналууд ирээд байна. Тэдгээрийгээ хийж, хүлээлгэж өгчихөөд л харина даа. “Би ээжийгээ санаад байна. Харья” гэлтэй биш. Миний оронд хэн ч байсан үлдэж ажиллах л байсан. Хүмүүс намайг “Гэрээ мартсан Гэсэр” гээд л байдаг юм. Очиж байгаад “Гэсэр”-ийг тавина аа, театртаа (инээв).
Монголдоо хийх уран бүтээлээ төсөөлдөг л юм. Шар, ногоон, ягаан гэрэл чийдэнгүй. Жүжигчин, тэгээд үзэгчид суух хэдэн сандал. Тэгээд л боллоо.
-Бүтээлч байдлаа өдөөх, нэг үгээр онгод оруулах ямар нэг үйлдэл хийдэг үү. Хийж буй зүйл тань гацсан үед яадаг вэ?
-Ажил бүтэхгүй үед ганцаардал руу “ордог”. Ажил бүтэмжтэй байсан ч адилхан. Хүн ер нь ганцаардлаар дамжиж өсдөг, ахидаг байж мэдэх юм. Гэхдээ ганцаард гэсэн үг биш шүү. Ажил болохгүй үед “Чамайг хэн сураад өгөөч гэж гуйсан юм бэ” гээд л өөртэйгөө ярилцана.
-Хүн зарим тохиолдолд хайрлаж, хүндэлдэг хүнээсээ эмээдэг. Танд театрт, ахмад уран бүтээлчид дундаас эмээдэг хүн бий юү?
-Айх, эмээх гэдэг асар ялгаатай. Хүндлэл гэдэг ухаан болохоос биш, айхын нэр биш. Театрынхаа уран бүтээлчдийг хүндлэлгүй яах вэ. Тэндээс гараагаа эхэлсэн хүн юм чинь. Тэдний үгийг сонссоны хүчинд өнөөдөр Украины Гавьяат жүжигчинд найруулагчийн үүднээс зааварчилгаа өгөөд сууж байна шүү дээ.
-Өнөөгийн Монголын нийгэмд таны бухимдлыг төрүүлдэг ямар асуудал байдаг вэ?
-Хариулмааргүй л байна, бүгд бухимдаж байгаа энэ үед. Чи өөрөө эх орон. Бухимдахаасаа өмнө би нэг шинэ зүйл сурвал эх орныхоо хөгжлийг нэг алхам урагшлууллаа гэж бод.
-ОХУ-д нэлээд хэдэн жил сурч, амьдарлаа. Тэндээс эх орондоо ирээд нутагшуулах сан гэсэн авууштай зүйл байна уу?
-Оросууд сэтгэлгээний хувьд манайхтай төстэй. Гэхдээ нэг илүү зүйл байна. Хүүхэд, залуусынх нь өөрийгөө хөгжүүлэх гэсэн чин хүсэл, эрмэлзэл.
-Эх орондоо хэзээ ирэх вэ. Ирээд хаана, хэрхэн уран бүтээл хийх вэ?
-Удахгүй очно. УДЭТ-таа л очно. Би хаа холдох вэ. Театрынхан “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ” гээд л намайг явуулсан. Тэгээд Орост ирэхэд галуу байсан, Грект очиход бас л байна лээ. Тэгэхээр галуу байгааг бодвол би эрдмээ өвөртлөөгүй юм байлгүй (инээв).
-Эх орон, гэр бүлийнхнээсээ хол амьдарч байна. Хол байхаар хамгийн түрүүнд танд үгүйлэгддэг зүйл юу вэ?
-Ээж, охин.
-Дэлгэцийн урлагт хорхойсдог уу. Кино найруулах бодол бий юу?
-Юу ч хийж эхлээгүй байж тайз, дэлгэц гээд шунаад яах вэ. Юутай ч эхлээд сургуулиа амжилттай төгсөөд, гэртээ харья.
-Та жүжигчдэд хэрхэн жүжиглэхийг, бусад уран бүтээлчид яаж ажиллахыг нь зааж, шаарддаг хүн. Амьдрал дээр өөрт тань жүжиглэх тохиолдол гардаг уу, бусдад таалагдахын тулд жүжиглэж байв уу?
-Яг одоо миний нэрийг ч мэдэхгүй хүмүүст таалагдах гэж сургуулилалтаа хойшлуулаад ярилцлага өгөөд сууж байгааг бодоход жүжиглэж л буй байх. Гол нь бид огт жүжиглээгүй юм шигээр жүжиглэдэг хүмүүсийг ялгахгүй байгаа юм.
-Үзэгчид “Шинэ залуу найруулагч төрөхгүй байна” гэх шүүмжилдэг ч уран бүтээлчид “Жинхэнэ авьяастай найруулагч олдохгүй байна” гэсэн хариу өгдөг. Харин та юу гэж боддог вэ?
-Амьдралын ухаан, хүний сэтгэл, дотоод мөн чанарыг тайзны уран бүтээл болгон буулгадаг болохоор энэ бүхнийг залуудаа ухаараад, айхавтар мундаг уран бүтээл хийх нь юу л бол. Эхлээд хүн болох хэрэгтэй биз дээ.
-Өөрийнхөө ямар зан чанарт хамгийн сэтгэл хангалуун, бас ямарт нь хангалуун бус байдаг вэ?
-Сэтгэл хангалуун бус байдаг чанар зөндөө бий. Харин шантрахгүй зүтгэдэг зан чанар байж магад. Хөдөлмөр хүнийг хэзээ ч хаядаггүй.