Спортоор хичээллэдэг оюутан залуус олон бий. Тэдний дундаас нэг охин залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртэж, шилдэг хамгаалагч болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татсан юм. Түүнийг Н.Баасанжав гэдэг. Волейболоор хичээллээд есөн жил болж байгаа ч чамлахааргүй амжилт гаргажээ. Аавыгаа дагаж волейболын тэмцээн үзсээр спортын ертөнцөд хөл тавьсан тэрбээр 2015 онд УАШТ-ээс мөнгө, 2017 онд Монгол туургатан олон улсын тэмцээнээс хүрэл, мөн насанд хүрэгчдийн УАШТ-ээс алт, 2018 онд U18 насныхны дунд зохион байгуулсан АШТ-ээс алт, “Кубок Бгу” олон хотын нээлттэй тэмцээнээс алт, 2019 онд олон улсын АШТ-ээс алт, “Hobby cup” тэмцээнээс мөнгө, “Тэнүүн огоо cup” клубүүдийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
-Оюутан залуусын дунд намар тэмцээн олон болдог. Хичээл, спортын аль алинд нь завгүй гүйх заримдаа амаргүй санагддаг уу?
-Тийм ээ. Би МУИС-д бизнесийн менежментийн чиглэлээр суралцдаг, II курсийн оюутан. Хоёр өөр зүг рүү өдөр бүр гүйхээр амрах зав гардаггүй. Оюутан болсноор хичээл, тэмцээний аль алийг нь зохицуулах гэж хэрэндээ л хичээж явна. Шил шилээ дарсан намрын тэмцээн дөнгөж өндөрлөөд байна. Тоглолтын хугацаа шахуу байсан тул хичээлдээ сар гаруй суусангүй. Удахгүй явцын шалгалт эхэлнэ. Тиймээс хичээлдээ түлхүү анхаарна. Оюутан болсон эхний жил лекцээ нөхөж бичих, шалгалт шүүлэгт цаг гаргаж бэлдэх гээд үнэхээр чанга байлаа. Тэмцээнээс ирэхэд олон мэдээллээс хоцорчихсон байдаг юм. Хэн гэдэг багш ямар хичээл зааж байгааг ч мэддэггүй. Би багшаа танихгүй, багш намайг танихгүй явсан үе бий.
-Аавыгаа дагаж волейболын тэмцээн үзсээр байгаад спортод дуртай болсон гэл үү?
-Волейбол эмэгтэйчүүдэд тохирсон хамгийн гоё спорт. Би ес дэх жилдээ хичээллэж байна. Аав маань намайг энэ спорт руу хөтөлсөн. Волейболын спортод намайг аз үргэлж ивээсээр ирсэн. Багш минь надад энэ спортын суурийг маш сайн тавьж өгсөн. Сайн багшийн удирдлагад бэлтгэл хийж, тамирчин болох гараагаа эхэлж байлаа. Нэг өдөр биеийн тамирын багш намайг хүүхдүүдтэй гар бөмбөг тоглож байхыг харчихаад “Чи их эвсэлтэй юм. С.Алтанхундага дасгалжуулагчийн клубт очоод бэлтгэл хийгээд үзээч” гэж хэлсэн. Өмнө нь аав надад “Аав нь охиноо волейбол тоглодог нэг найзынхаа шавь болгоё” гэж хэлж байсан юм. Аав, биеийн тамирын багш хоёрын санал болгосон хүн нь спортын мастер, дасгалжуулагч С.Алтанхундага багш байж таарсан.
-Өөрийг тань волейбол тоглодог болохоор өндөр биетэй охин байх болов уу гэж төсөөлж байлаа.
-Би багийнхаа гишүүдээс хамгийн намхан нь. Дасгалжуулагч багш намайг багийн хамгаалагч болгоход “Би багийнхаа гишүүд шиг тоглохгүй, зөвхөн ирсэн бөмбөг алдахгүй авах л үүрэгтэй юм байна шүү дээ” гээд дурамжхан суусан. Намайг багш цаашлуулж “Баасанжав минь хичээгээрэй, хичээхгүй бол хамгаалагч шалны алчуур болдог юм шүү дээ” гэж дургүйг минь улам хүргэнэ. Харин одоо хамгаалагч болсондоо баярладаг. Хамгаалагч довтлогчдыг бодвол тэмцээнд бэртэл авах нь харьцангуй бага. Хэрвээ би довтлогч байсан бол хамгаалагч шиг нэр хүндтэй байхгүй л байсан болов уу. Хамгаалагч багтаа хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүс волейболын тэмцээн үзэж байхдаа довтлогчдыг онцолж хардаг бол сүүлийн үед холбогч, хамгаалагчийг нь хардаг болсон байна лээ. Волейболын спортод “Хожигдвол холбогчийн буруу, хожвол довтлогчийн зөв” гэдэг үг бий. Би олон жил хамгаалагч хийсэн болохоор тэмцээнд оролцохдоо эсрэг багийнхаа тоглогчдоос хамгаалагчийг нь түрүүлж хардаг. Намайг волейбол тоглодог гэхээр хүмүүс их гайхдаг юм. Анх харчихаад “Чи волейбол тоглодог гэж үү. Ийм намхан байж яаж тоглодог юм бэ, арван жилийн сурагч уу” гэж асуудаг.
ӨӨРИЙГӨӨ ЯЛСАН ТАМИРЧИН ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ БАЙДАГ
-Өнгөрсөн сард болсон волейболын залуучуудын УАШТ-ээс та алтан медаль хүртэж, шилдэг хамгаалагч болсон байх аа?
-Тухайн үед шилдэг хамгаалагчаар шалгарсандаа өөртөө итгэхгүй байлаа. УАШТ-ий дараа ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд болсон волейболын оюутан залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг амжилттай оролцож, алтан медаль хүртсэн. Өнгөрсөн жилийн тэмцээнд бид мөнгөн медаль авч байсан бол энэ жил медалийнхаа өнгийг хувиргалаа. Эсрэг багийн охид биднийг харчихаад ялна гэсэн бодлоор эхэндээ бардам байсан нь тоглолтын явцаас анзаарагдсан. Тиймээс бид арга барилаа өөрчилж, тэднийг хожихын тулд тактик боловсруулсан. Өндөр нуруулаг охидын довтолгооны хаалтаас гарахын тулд бид маш хурдтай тоглосон. Багш бидэнд “Өрсөлдөгч багийнхныг холболтоо өндөр хаяхад нь хүлээж байгаад хаагаарай” гэж зөвлөсөн. Бид багшийн зөвлөснөөр тоглож өрсөлдөгчөө хожсон. Хожигдоод эхлэнгүүт өрсөлдөгч багийнхан сэтгэлээр амархан унасан. Тэр тусмаа хамгаалагч нь тааруухан байсан нь хожигдох шалтгаан болсон. Бид тоглож байх явцдаа дохионы хэлээр ярилцаж байв. Манай багийн холбогч нуруугаа үүрч зогсоод, гарынхаа хуруугаар “Хоёр, дөрөв яв. Бөмбөгөө хагас дээшээ өг, одоо дамжуул” гэх мэтээр бидэнд хэрхэн тоглохыг зааж байлаа.
-Хэрвээ волейболоор хичээллээгүй байсан бол гэж төсөөлдөг үү?
-Төсөөлж байсан, дэндүү уйтгартай санагдсан. Хичээлээ давтсан жирийн нэг охин гэр, сургууль гэсэн ганцхан жимээр явах байлаа. Энэ спорт намайг нийгэмшүүлж, олонтой харилцахад нээлттэй болгосон. Волейбол намайг байгаагаас минь өөрчилсөн. Тэр хэрээрээ найз нөхөд, танилын өргөн хүрээтэй боллоо. Спортоор хичээллэхийн ач тус олон зүйл дээр харагддаг. Би өмнө нь үг даадаггүй, хатуухан шүүмжлэл сонсвол уйлчихдаг байсан бол одоо хэн нэгний магтаал, шүүмжлэлд авах, гээхийн ухаанаар ханддаг болсон. Сэтгэл зүйн хувьд ч өөрийгөө ялж, ямар ч их ажилтай байсан ачаалал дааж сурлаа.
-Өөрийнхөө дутагдлыг хүнээс сонсох эхэндээ амаргүй л байдаг. Гэхдээ хатуу, үнэн үг гашуун хэдий ч хэтийн явдал тустай байх нь бий.
-Дасгалжуулагч Л.Отгонцэцэг багш тамирчин хүн бие, сэтгэл зүйгээ хэрхэн зөв удирдах талаар бидэнд зөвлөдөг. Би өмнө нь дутагдал гаргаж байгаагаа мэддэггүй байв. Бэлтгэл дээр багийнхаа тоглогчийн өмнүүр орж бөмбөг аваад байхыг харчихаад тэрбээр “Баасанжав аа, багийн тоглогчийн өмнүүр орж бөмбөг битгий аваад байгаач” гэлээ. Шүүмжлэлийг нь хүлээж авсан ч уурлаж бухимдсандаа болоод ч тэр үү олигтой тоглохгүй байлаа. Тэгсэн дахиад л “Баасанжав аа, битгий уурла, чи уурлахаараа гараа савчаад, үсээ шидлээд эхэлдэг. Чи энэ дутагдлаа мэддэг үү” гэлээ. Тэмцээн дээр “Чи довтлогчтой хэтэрхий ойр зогсоод байна, холд” гэхээр нь “Өмнө нь тоглодог байсан шигээ тоглож байхад яагаад ингэж хэлээд байгаа юм бол, би өөрийгөө мэдэж байхад” гээд их гайхсан. Тэмцээний дараа тоглолтын бичлэг үзтэл багш миний дутагдлыг яг үнэнээр нь хэлсэн байсан. Тамирчин хүн дасгалжуулагч болоод багийнхаа гишүүдийн шүүмжлэлийг хүлээж авдаг байх хэрэгтэй. Хүнээс өөрийнхөө дутагдлыг сонсох тийм ч муу зүйл биш. Хэрвээ дутагдлаа зөвшөөрч байвал өөртөө ялагдсан гэсэн үг. Өөрийгөө ялж чадсан тамирчин хамгийн шилдэг нь байдаг гэж боддог.
БИ ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТАХААР НАЙЗТАЙ
-Аавынхаа дэмждэг спортод хөл тавихад ээжийн тань халамж их нөлөөлсөн биз.
-Тэмцээнд байнга оролцохоор хааяа шантардаг. Волейбол гэж явсаар байгаад өөрийгөө орхих нь, хичээлдээ анхааръя гэж бодно. Тэмцээн дөхөхөөр хичээлдээ аль болох хоцрохгүйг хичээж төлөвлөгөө гаргадаг. Хааяа бодсон зүйл санаснаар болохгүй төлөвлөсөн ажил нурах тохиолдол бий. Тамирчин хүнд өөдрөг сэтгэл хэрэгтэй. Аливаа зүйлийг эерэг талаас нь хараад сурчихвал тулгарсан асуудлыг амархан шийддэг. Аав, ээж минь дэмжиж, “Хичээл, спортын аль алийг нь хослуулж урагшил. Спортын амжилтыг хүн залуу насандаа гаргадаг юм. Тиймээс нас залуу байгаа дээрээ волейбол тогло. Спорт хүний амьдралд сайхан дурсамж үлдээдэг, цаашлаад нэр хүндэд чинь нөлөөлнө. Бид чамайг бүх талаар дэмжинэ. Харин чи волейболдоо анхаарал хандуул” гэдэг юм. Тэмцээнтэй үед ээж надад энгийн өдрүүдээс илүү анхаарал хандуулдаг. “Миний охин ядарч байвал эртхэн амар, аминдэмтэй хоол сайн идэж бай” гэнэ. Ээжийнхээ хайр, халамжийн ачаар тамирчдад тулгардаг шөрмөс татах, булчин чангарах гэх мэтийн асуудалтай тулгараагүй л явна. Ээжийн өгдөг аминдэмийг хэдэн өдөр хэрэглэхгүй өнжвөл амархан эцэж ядардаг. Волейбол хурд их шаарддаг спорт. Нуруу, хурууныхаа үеийг гэмтээхээс өгсүүлээд жижиг бэртэл авчих гээд байдаг.
-Волейбол багийн спорт. Тэр тусмаа багийн гишүүдийн уур амьсгалаас амжилт шалтгаалдаг. Ингэхэд нөхөдтэйгөө хэр ойр дотно байдаг вэ?
-“Энагурэ” клубт хөл тавиад хоёр жил боллоо. Багийнхаа гишүүдтэй нэгдэж, ойлголцоход амархан байсан. Захирал намайг клубтээ тоглуулах санал тавихдаа “Манай клуб шинэ баг бүрдүүлж байгаа. Үе тэнгийн чинь охидыг сонгож авсан, тэдэнтэй ойлголцоход чамд илүү амар байх болно” гэсэн. Намайг ирэхэд тэмцээнд өмнө нь харж байсан охид нэг баг болж бүрдсэн байлаа. Бид эхэндээ дасахгүй, тэмцээнд оролцсон ч хувийн тоглолт гаргаад байх шиг санагддаг байв. Дасгалжуулагч багш тэмцээн дөхөхөөр биднийг нэгнээ ойлгоход ойр болгох үүднээс хамт нэг байранд байлгаж, тоглолтын ур чадварыг маань дээшлүүлсэн. Багийн гишүүд нэг зорилготой байж чадвал амжилт гаргадгийг бидэнд олон зүйл дээр ойлгуулсан. Одоо бид нэгнийхээ занг сайн мэддэг. Би өнгөрсөн зун бэлтгэл хийлгүй амарч өнжсөн. Тэгсэн багийнхан минь “Бааска хүрээд ирээч. Бид чамайг санаж байна шүү дээ” гэдэг байлаа. Бид нэгнээ бэлтгэл базаахгүй хэд хоновол бүр үгүйлдэг болчихсон байна лээ. Тэмцээнтэй үед багш утсаар яриулдаггүй. Гэрийнхэнтэй нь холбоо бариулаад утас хураагаад авчихна. Бидний сэтгэл санааг аль болох тайван байлгаж, эрт амраахыг боддог. “Дутуу нойртой тамирчин тоглолтдоо төвлөрдөггүй юм, эрт унтаж амар” гэж зөвлөнө. Тамирчин хүнд нойр, хоол, амралт чухал гэдэг зарчмыг багш чанд баримталдаг.
-Тамирчдад найзуудтайгаа уулзах зав бараг гардаггүй. Тиймээс цаг хугацааны явцад шигшигдэж үлдсэн цөөн нөхөдтэй л үлдсэн байдаг юм билээ.
-Би гарын таван хуруунд багтахаар найзтай. Тэднийхээ ямар ч үед миний талд зогсож, жаргал, зовлонг минь хуваалцдагт баярладаг. Намайг тэмцээнтэй үед ангийн охид чөлөөний хуудас бариад багш руу гүйнэ. “Найз аа, бид чиний хичээлийг нөхөж бичиж байгаа, санаа битгий зов, тэмцээндээ амжилттай оролцоорой” гэж урам хайрладаг. Найзууд маань ингэж хэлэхээр баярлаад, урам авдаг байв. Би төрсөн өдрийн баяраа ойрын хэдэн жил найзуудтайгаа хамт тэмдэглэсэнгүй. Миний төрсөн өдрөөр тэмцээнтэй, эсвэл тоглолтын тов дөхчихсөн, бэлтгэл сургуулилалт гээд завгүй байж таарсан. Уулзахгүй удахаар зарим найз хөндийрч холддог. Дунд сургуульд хамт сурдаг байхдаа миний хичээлүүдийг нөхөж бичдэг, чөлөөний хуудсыг минь багшид өгөх гээд гүйж явсан, тэмцээний үед урам өгч байсан нөхөд маань л найз хэвээр үлдлээ.Саяхан найзуудтайгаа уулзахад “Чи алийн болгон тэмцээн гэж явах вэ. Одоо хичээлдээ анхаарах цаг болсон шүү” гэж зөвлөсөн.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг