Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс (хуучин нэрээр) Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт”-ийг судалжээ. Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) М.Гантулгатай ярилцлаа.
-Монгол Улсад зам, тээврийн ослын улмаас өдөр бүр хүн эрсдэж байна. Монголчууд жилд олон зуугаараа ийнхүү амиа алдаж буй зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг судалсан нь анхаарал татлаа. Судалгааны зорилго юу байв?
-Эрүүгийн хууль, тогтоомж хэрэгжсэнээс хойш Монгол Улсад гэмт хэргийн статистик мэдээ өсөлттэй гарч, хэрэг бүртгэлт нэмэгдэж, тодорхой төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт, шалтгааныг криминологийн судалгааны аргачлалаар тодруулах шаардлага гарсаар байна. Тиймээс манай улсад гарч байгаа Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг тогтоох шаардлагатай болсон.
Энэ судалгаа бол 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл буюу “Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийг шийдвэрлэсэн байдлыг судлан, дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авах зорилготой. Ингэхдээ энэ төрлийн хэргийн сүүлийн хоёр жилийн нөхцөл байдлыг судалж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон, дүн шинжилгээ хийж, Зам, тээврийн ашиглалт, түүнд тавих стандарт, журмуудын тухай эрх зүйн баримт, тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг тогтоох, гэмт хэрэг гарч буй эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох, осолд нөлөөлөх байдал, замын байгууламжийн нөхцөл осолд хэрхэн нөлөөлж байгаа, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа, шийдвэрлэлт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар зөвлөмж, санал боловсруулах зэргийг тодорхойлоход оршсон. Уг судалгааг манай төвийн хяналтын прокурор Б.Цоодол, Ц.Мөнхбат, Г.Оюунболд, шинжээч, судлаач А.Энхболд нар хийж гүйцэтгэн, миний бие судалгааг удирдан явуулж, хяналаа.
-Зун хүмүүс амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорьдогтой холбоотойгоор осолд өртөх нь их байгаа юм шиг санагддаг. Өнгөрсөн зун л гэхэд хүний амь үрэгдсэн осол их гарлаа шүү дээ.
-Монгол Улсад гарч байгаа зам, тээврийн ослын тоо жилээс жилд өсөх хандлагатай байгаа. Тухайлбал, 2007-2017 онд буюу өнгөрсөн 10 жилд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17 511 бүртгэгдэж, замын хөдөлгөөнд оролцогч 15 077 хүн осолд өртөн, 3859 хүн үрэгдэж, 11 218 иргэн хүнд, хөнгөн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирчээ. Ослын улмаас нас барсан хүмүүсийн 91 нь өвөл, 108 нь хавар, 179 зун, 129 намар байгаа бол, гэмтэгсдийн 1129 нь өвөл, хавар 1142, зун 1121, намар 1320, гэмт хэргийн 267 нь өвөл, хавар 231, зун 495, намар 532 гарсан байгаагаас дүгнэхэд зун, намрын улиралд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг их гарч байна. Монгол Улсын 100 000 хүнд ногдох зам тээврийн ослын улмаас нас баралтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоогоор авч үзвэл 15.3 хүн хэмээн маш өндөр үзүүлэлт гарлаа. Энэ нь хүн ам багатай манай орны хувьд дэлхийн бусад улс, оронтой харьцуулахад харьцангуй их учраас зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах зайлшгүй шаардлага тулгараад байна.
-Жолооны хүрдний байрлалтай холбоотойгоор осол, хэрэг өссөн, буурсан үзүүлэлтийг танайхны хийсэн судалгаа тодорхойлсон болов уу?
-Монгол Улсад ашиглаж байгаа автомашины 49.7 буюу 410 206 нь баруун талдаа жолооны хүрдтэй. Жолооны хүрдны байрлалаас хамаарсан гэрлийн тусгал нь зам, тээврийн ослын үзүүлэлтэд нөлөөлдөг болохыг 2017 онд хийсэн судалгаагаараа мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Уг судалгаагаар гэрлийн тусгалын хэмжээ, далайц зам, тээврийн осолд шууд нөлөөтэй болохыг харуулж, жолооны хүрдний байрлал буюу түүнтэй тохируулан хийсэн гэрлийн тусгалын инженерийн шийдэл гэж үзсэн.
Европын зарим оронд буруу тусгалтай тээврийн хэрэгсэл улсын хилээр гарах үед гэрлийн шилний урд хэсэгт наалт нааж сөрөг хөдөлгөөнд яваа тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулахгүй байх арга хэмжээ авдаг юм билээ. Мөн их гэрлийн тусах өнцгийг нь зөв талдаа илүү байхаар гэрлийн суурийг өөрчилж, тааруулдаг байна. Энэ нь жолоочийн нүдэнд очих гэрлийн хүчийг бууруулах, зорчих хэсгийн баруун захыг гэрэлтүүлэх боловч төгс шийдэл биш юм байна. Бурууталдаа хүрдтэй тээврийн хэрэгслүүдийн ойрын гэрлийн тусгал нь өөдөөс яваа жолоочийн нүдийг гялбуулахдаа холын гэрлийнхтэй ойролцоо байдгийг АТҮТ-ийн техникийн хяналтын ажилтан Н.Алтанхуяг, Б.Бүрэнзэвсэг нарын судалгаанд дурдсан байдаг.
Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоороо “Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хүрдний байрлалыг солих, гэрлийн тусгалыг өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар буруу талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлнэ” хэмээн стратеги, төлөвлөгөө баталсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтад сөргөөр нөлөөлж буй нь судалгааны явцад тогтоогдсон гэж үзэж болох юм.
-Зам, тээврийн ослын нэг хүрэхгүй хувийг замын нөхцөл байдлаас болсон гэж дүгнэдэг. Жолооч нар замын эвдрэл гэмтлийг тойрч гарах гэж байгаад л осол, зөрчилд холбогдоод байхад ийм бага хувь нь замын нөхцөлөөс шалтгаалдаг гэж үздэг нь юуных вэ?
-Монгол Улсын албан ёсны статистик мэдээнд зам, тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг жолоочийн, явган зорчигчийн буруутай үйлдэл, замын нөхцөл, техникийн гэмтлийн улмаас гарсан осол хэмээн бүлэглэн авч үзэж байна. Эдгээрээс замын нөхцөл буюу авто зам, түүний төлөвлөлт, ашиглалт, арчлалтаас хамаарч гарсан нь нийт осол, хэргийн дотор дөнгөж 0.1 хувийг эзэлж байгааг л тогтоосон. Гэтэл авто замын сүлжээ өндөр хөгжсөн ОХУ, Их Британи, Франц, Герман зэрэг оронд замын нөхцөлөөс шалтгаалан гарч буй нь нийт ослын 24-30 хувийг эзэлдэг юм байна. Өнөөдөр манай орны авто замд халтиргаа, гулгаа, эвдрэл гэмтэл, норм, стандартад нийцсэн гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл, аюулгүйн зурвас, зорчих хэсгийн өргөн зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлүүдээс шалтгаалсан зам, тээврийн осол, хэрэг цөөнгүй гарч байгаа хэдий ч замын нөхцөл байдлаас шалтгаалан гарсныг нь албан ёсоор тогтоож, бүртгэж чадахгүй байна.
Авто замын сүлжээний төлөвлөлт, арчлалт муутай манай орны хувьд замын нөхцөлөөс шалтгаалсан осол, хэрэг маш цөөн бүртгэж буйг бүртгэл мэдээллийн буруу тогтолцоо, ослын шалтгааныг бодитой тогтоох чиглэлээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж чаддаггүйтэй холбон үзэх нь зүйтэй юм.
Дэлхийн хэмжээнд нэг жилд гарч байгаа авто ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс, 49.6 хувь нь нойтон болон халтиргаатай замаас үүдэлтэй гэж олон улсын судлаачид үзжээ. Манайд зам, тээврийн осол, зөрчил, гэмт хэргийн статистик үзүүлэлтэд замын нөхцөл байдлаас шалтгаалсан ослын хүчин зүйлд техникийн гэмтэл, зорчих хэсгийн гэрэлтүүлэг, зам орчны нөхцөл байдлыг авч үзэж байгаа ч авто зам, замын байгууламж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйлдлийг тогтоодоггүй.
Зам, тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн болон хариуцлага тооцсон бүртгэл байхгүй, замын нөхцөлөөс шалтгаалсан зам, тээврийн осол, хэргийн үзүүлэлт бага бүртгэгдсэн хэвээр байна. Замын нөхцөлөөс шалтгаалан гарсан зам, тээврийн осол, хэрэг улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд гарсан нийт ослын 0.1-0.3 хувийг эзэлж байгаа гэсэн статистик тоо мэдээ бий. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар явган зорчигчдын 67.4 хувь нь 2013 онд аюултай гэж үнэлж байсан. Энэ үзүүлэлт өмнөх судалгааны үеэс 4.3 функтээр нэмэгдсэн байжээ.
Дээрх судалгааны дүнгээс үзэхэд бидний судалж буй зам, замын байгууламж, орчны гэрэлтүүлэг, замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл шаардлагатай түвшинд хүрэхгүй, муу гэж үнэлсэн. Жишээлбэл, замын байгууламж муу хэмээн зохицуулагч цагдаа нарын 64.2, жолооч нарын 58.1 хувь нь хариулсан. Мөн зам, орчны гэрэлтүүлэг муу гэдгийг зохицуулагч цагдаа нарын 69.2, жолооч нарын 52.1 хувь нь хариулсан байна. Монгол Улсын авто замын сүлжээний байдал болон замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл төдийлөн сайн биш байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байгаа бөгөөд зам, тээврийн осол гарахад ч нөлөөлж буй гэж үзэх хангалттай үндэслэл бий.
Мөрдөж буй хууль тогтоомж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, ашигладаг техник технологи, алба хаагчдын мэдлэг хандлагыг олон улсынхтай харьцуулан үзэхэд замаас шалтгаалсан зам, тээврийн осол 0.1 хувь байх боломжгүй. Харин 35 хувиас дээш хувьтай байх боломжтой. Өнөөгийн байдлаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хор уршиг, хохирлын бодитоор үнэлэх, мөн замын нөлөөллөөс шалтгаалсан хүчин зүйлийг бүрэн тогтоож чадахгүй байна.
-Та сая авто зам, замын байгууламж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйлдлийг тогтоодоггүй гэлээ. Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэн, эвдэрсэн зэргээ засаж, цэвэрлээгүйгээс цөөнгүй осол гарч хүний амь, эрүүл мэнд хохирдог шүү дээ.
-Судалгаагаар замын засвар, арчлалтыг цаг хугацаанд нь зохих ёсоор хийж зам тээврийн осол, зөрчил гарахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлэхгүй байгаа нь тогтоогдсон. Авто зам, гүүр барьж ашиглалтад оруулсан өдрөөс эхлэн эрх, үүрэг бүхий албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар арчлалт, урсгал засвар тогтмол хийж байх ёстой. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг жилийн туршид байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд саадгүй байлгах нь авто замын арчлалт, засварын ажлын туйлын зорилго. Гэтэл түүнийг бүрэн хийдэггүй, орхигдож байна. Зам барьж байгуулахдаа стандарт, нормыг чанд мөрдөөгүйгээс олон тооны эвдрэл, гэмтэл гарч замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, хүний амь, эрүүл мэнд, эд материалын асар их хохирол учрах болсон.
Цаашид үүнд анхаарч авто замыг стандарт, норм шаардлагын дагуу барьж байгуулахад тавих хяналтыг эрс сайжруулж, зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Замд олон эвдрэл, үүссэн нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлдөг болох нь судалгааны явцад тогтоогдсон. Авто зам барьж байгуулахдаа Монгол орны цаг уурын нөхцөл байдалд нийцсэн стандартыг ягштал мөрдөж, чанартай барих нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Улсын хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн 36 591 зам, тээврийн ослын 77.8 хувь нь авто замын нөхцөл байдал хэвийн бус, арчлалт, үйлчилгээ хийгээгүй, замын хийц хөдөлгөөний аюулгүй байдлыг хангавал зохих стандарт шаардлагын түвшинд хийгдээгүй, замын байгууламжийг иж бүрэн шийдвэрлээгүй замд гарсан нь замын нөхцөл байдал нийт зам тээврийн осол, гэмт хэргийн 0.1 хувьд нөлөөлсөн гэж гаргасан статистик тоо баримтаас илт зөрүүтэй болохыг харуулж байна.
-Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж дүгнэв?
-Зам, тээврийн осол, гэмт хэргийн улмаас нас барсан тохиолдол орон нутгийн замд 78 хувь гарч байгаа нь энд тавих хяналтыг сайжруулах, харин Улаанбаатар хотод зам, тээврийн ослоор нас барсан иргэдийн дийлэнх хувийг явган зорчигч эзэлж байгаад анхаарч холбогдох арга хэмжээ авах шаардлагатайг харууллаа. Түүнчлэн зам, тээврийн осолд жолоочийн буруутай үйлдэл 98 хувь байгаа тул жолооч бэлтгэх, мэргэшүүлэх, сургуулийн наснаас дадал зуршил бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх цаг болсон байна.
Түүнчлэн Монгол Улсад ашиглаж байгаа автотехникийн хяналтын үзлэг явуулах цэгийн тоо, чанар өнөөгийн шаардлага хангахгүй байгаа тул тээврийн хэрэгслийн тоо, алба хаагчийн технологийн карттай уялдуулан нэмэх, Хяналтын үзлэг хийх цэгийн тоог өсгөж, хяналтын үзлэгийг чанаржуулах шаардлагатай нь мөн судалгаагаар тогтоогдсон.
Бэлтгэсэн: Г.Равжаа