Богинохон үс, том алаг нүдтэй, албаны, саарал хослол өмссөн бүсгүй япон маягаар бөхөлзсөөр угтсан нь Б.Ариунзаяа. Япондоо тэргүүлдэг, мэдээллийн технологийн чиглэлийн ууган компаниудын нэг болох “Fuji soft”-ын Борлуулалт, маркетингийн хэлтэст тэрбээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа. 1970 онд байгуулсан, Японы өнцөг булан бүрт төдийгүй олон улсад салбартай, 30 гаруй охин компанитай “Fuji soft” өдгөө 10 мянга гаруй ажилтантай. Тэдний 80 орчим хувь нь инженер юм билээ. Эрчүүд голдуу ажилладаг тус компанийн анхны монгол, хэлтсийнхээ ганц гадаад ажилтан нь Б.Ариунзаяа. Өдгөө тус компанид түүнээс гадна хоёр монгол хүн ажиллаж байгаа гэсэн. Ажлынхаа онцлогийг тэрбээр анчинтай зүйрлэсэн. Учир нь хаана шинэ бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлж байгааг авхаалж самбаа, түншүүдийнхээ тусламжаар хэн бүхнээс түрүүлэн олж, оновчтой “буудан”, компанидаа хөрөнгө оруулалт татдаг нь түүнийг “анчин” болгодог. Энэ чадварынхаа ачаар тэрбээр дөрвөн жилийн хугацаанд компанидаа 60 гаруй тэрбум төгрөгийн төсөл авчирчээ.
Б.Ариунзаяа дөрвөн жилийн өмнө Японы Оберлин их сургуулийг бизнес маркетингийн чиглэлээр, тэтгэлгээр сурч төгссөн. Хэдийгээр тэтгэлгээр сурдаг ч тэрбээр зав гарвал дэлгүүр, кафед цагийн ажил хийхээс гадна Японы бага сургуулиудад морин хуур тоглож, уг хөгжмийн зэмсэг хэрхэн бүтсэн тухай түүх, домгийн талаар хичээл заадаг байжээ. Учир нь Японы бага ангийн сурах бичигт Монголын тухай, морин хуур хөгжимтэй холбоотой сэдэв багтсан аж. Монгол хүн, тэр тусмаа морин хуур тоглодог охин уг хичээлийг заах нь улам бүр сонирхолтой болгодог гэж япончууд үнэлдэг юм байна. Тэрбээр 10 настайгаасаа морин хуур сурчээ. Морин хуурын аялгуу, хэмнэл маш их таалагдаж, эрчүүд голдуу энэ хөгжмийг тоглодог нь түүний сонирхлыг татжээ. Одоо морин хууртаа дурласан гэсэн юм. Түүнд яагаад ч юм эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй гэх бодол нэвт шингэжээ. Морин хуур тоглож сурсан нь ч, багадаа охидтой гэхээсээ илүү хөвгүүдтэй хөлбөмбөг тоглодог байсан нь ч, эрчүүд голдуу байдаг энэ салбарт ажилладаг нь ч үүнтэй холбоотой. Б.Ариунзаяа энэ талаараа “Би феминист. Гэхдээ хэт туйлширдаггүй. Хүн гэдэг утгаараа эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш байх ёстой гэж боддог. Тийм болохоор
өөртөө итгэлгүй япон, монгол, тайвань охид, бүсгүйчүүдэд сургалт явуулж байсан. Хүн зоригтой, итгэлтэй байж зөв, сайн сайхны төлөө шударгаар тэмцэж чаддаг. Ямар ч зориггүй, өөртөө итгэлгүй хүн зөв гэж бодсон зүйлийнхээ ч төлөө тэмцэж чаддаггүй. Эмэгтэй хүнд энэ маш хэрэгтэй” хэмээсэн юм.
Японд ирээд найман жил болсон тэрбээр монгол соёл, уламжлалаа тус улсад сурталчлахын төлөө жижиг биедээ багтамгүй олон зүйл амжуулдаг. Морин хуураараа Орос, Герман, Тайваньд наадамд оролцож, олон шагнал хүртсэн. Мөн Олон улсын оюутнуудын урлагийн тэмцээнд түрүүлж, Тайваньд болсон олон улсын гоо бүсгүйн уралдаанд өөрийгөө сорьж, 60 гаруй орны оролцогчдоос авьяаслаг миссээр шалгарчээ. Түүнчлэн өрх толгойлсон аав, ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй уулзаж, өндөр настны асрамжийн газарт тоглолт хийж, орлогоо тэр хүмүүст хандивлах гэх мэт арга хэмжээ зохион байгуулсан туршлагатай. Мөн Японы TBS телевизийн нэвтрүүлэгт Монголоо төлөөлж оролцдог. Тус нэвтрүүлэгт 60 гаруй орны амжилттай яваа хүмүүс оролцдог аж. Ингэхдээ нэг сэдэв сонгон, тухайн үндэстэн болон хүмүүс ямар өнцгөөс харж буйг хөгжилтэй байдлаар ярьж, үзэл бодлоо хуваалцдаг, хөгжөөн цэнгээнт нэвтрүүлэг юм.
Хэдийгээр 25-тай ч үзэл бодлын хувьд наснаасаа хэд дахин буурьтай Б.Ариунзаяатай компанийнх нь байранд уулзаж, хүсэл мөрөөдөл, зорилго, Монгол орны хөгжлийн талаарх бодлыг нь хуваалцлаа.
-Яагаад “Fuji soft” компанид орохоор шийдсэн бэ?
-Сургуулиа төгсөөд хэд хэдэн компанид ажиллах хүсэлт явуулсан. Мэдээллийн технологийн салбар маш ирээдүйтэй. Нөгөө талаас манай улс газар зүйн хувьд далайд гарцгүй, тээвэрлэлтийн асуудалтай. Тиймээс Монгол Улсын цаашдын хөгжлийн нэг гарц гэж бодож энэ ажлыг сонгосон.
-Удирдлагын зүгээс гадаад хүн гээд харж үзэх тохиолдол бий юү?
-Байхгүй. Япон хүнтэй яг адилхан хариуцлага хүлээнэ. Харин ч надад анх маш хатуу ханддаг байсан.
-Цаашдын зорилго юу вэ?
-Ойрын хугацаанд Монгол, Японы хамтарсан мэдээллийн технологийн компани байгуулна. Одоохондоо дэлгэрэнгүй хэлж чадахгүй нь.
-TBS телевизийн нэвтрүүлэгт оролцох саналыг хэзээ, хэрхэн авсан бэ?
-Би оюутан байхаасаа Монголоо төлөөлж олон арга хэмжээнд оролцсон. Нэг арга хэмжээнд морин хуур тоглож байхдаа нэвтрүүлэгт оролцох санал хүлээн авсан. Тэгээд шалгаруулалтад оролцоод тэнцсэн.
-Маш завгүй амьдардаг шиг санагдсан. Өглөө хэдэн цагт босож, орой хэдэд унтдаг вэ?
-Би завгүй байх дуртай. Гэхдээ энэ нь юу ч хамаагүй хийнэ гэсэн үг биш. Үр ашигтай зүйлд л цагаа зарцуулахыг хичээдэг. Завгүй байх нь надад амралт болдог. Хүмүүстэй уулзах бол ажлын минь нэг хэсэг. Өглөө 06.00 цагт босоод, 01.00 цагт унтдаг. Гэхдээ мэдээж аль болох амрахыг хичээдэг.
-Шантарсан үе бий юү?
-Хүн төгс, хүчтэй биш. Ганцаараа Японд ирээд, найман жил амьдрахад амар байгаагүй. Хэцүү үедээ арагш нэг алхана. Тэгээд цаашдын зорилгоо ахин дахин бодно.
-Хэзээ хамгийн хэцүү байв?
-Оюутан байхад амралтаараа цагийн ажил хийсэн ч нэлээд завтай байсан юм. Тийм болохоороо ч юм уу Монголоо их санасан. Завтай байх дэмий юм билээ. Яагаад заавал энд байгаа билээ гэж бодох үе цөөнгүй. Гадаадад амьдардаг хүн бүрт ингэж бодох үе гардаг байх. Хамгийн хэцүү үе ажил хийж эхэлсний дараа юм байна. Бид томоохон төслүүдэд захиалга авдаг. Нэг удаа би маш том төсөл алдаж, хэцүү байдалд орсон. Надад хамгийн их хатуурхдаг хэлтсийн дарга минь тэр үед тусалж, дэмжсэн шүү.
-Арван жилийн дараах Ариунзаяа юу хийж байгаа бол?
-Өөрийн компаниа хөл дээр нь босгочихсон, мөн Монголын нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байх болов уу.
-Япончуудаас монголчууд юуг нь илүү суралцаасай гэж хүсдэг вэ?
-Япончуудаас жижиг гэлтгүй авах зүйл маш их. Цэгүүд нийлж зураас болдог шүү дээ. Жижиг гээд орхиж болохгүй. Нэгдүгээрт, хүнийг бодох, бусдад төвөг учруулахгүй байх гэдэг бол маш зөв чанар. Ингэснээрээ цаг барьдаг, ажлаасаа хоцордоггүй, хариуцлага хүлээдэг. Энэ бол бүх зүйлийг өөрчлөхөд маш чухал хандлага.
Анх япон хүмүүсийг цаг наргүй ажилладаг, ажлаас болж амиа хорлодог зэргийг нь гайхдаг байсан. Одоо харахад япончууд өвөрмөц соёл, философитой, бусдын төлөө өөрийгөө золиослодог хүмүүс. Хувийн амьдрал, гэр бүл, мөрөөдлөө хаяж, бусдын болон компани, нийгмийнхээ төлөө бүхнээ зориулж байна гэж бодож ажлаа хийдэг. Тиймээс ч ажилдаа маш хариуцлагатай ханддаг. Тэр хэрээр ажлын гүйцэтгэл сайн байж, улс орон нь ч хөгждөг. Хувиа хичээдэггүй, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулдаг учраас Япон өндөр хөгжсөн юм байна гэдгийг энд амьдарснаасаа хойш ойлгосон.
-Монголын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Манай улс түүх, соёлын хувьд агуу, газар нутаг том орон. Гэвч хөгжил хоцронгуй, хүн ам цөөн. Гэхдээ Монгол одоо ямар байх нь хамаагүй. Бидэнд хөгжих гарц олон байна. Одоо цаг бол мэдээллийн технологийн эрин үе. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй мэдээллийн эрин зуунд бид амьдарч байгаа учраас дижитал ертөнц, маркетинг маш олон боломж олгоно. Дэлгүүрт заавал очих шаардлагагүйгээр интернэтээр юу хүссэнээ авч болж байна. Тиймээс бидэнд хөгжлөөрөө хоцрохгүй байх боломж 100 хувь бий. Мэдээллийн технологи болон аялал жуулчлалаа түлхүү хөгжүүлбэл эдийн засгийн гарц байгаа гэж хардаг.
Монголчууд бид цөөхүүлээ. Гадаадад байгаа монгол хүн бүр Монгол Улсын Элчин сайд гэж би боддог. Тиймээс гадаадад байгаа хүн бүр биеэ хичээж, тухайн оронд Монголынхоо нэрийг сайнаар гаргаж, улсаа сурталчлах хэрэгтэй. Гадаадынхан манайхныг монгол гэр, морь унаснаар л төсөөлдөг. Залуучууд нь хэрхэн хөгжиж байгааг харуулж, эдийн засгийн боломж, сэтгэхүй, философи нь ямар вэ гэдгийг сурталчлах нь бидний үүрэг.
-Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?
-Боловсролын салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Мөн алсын хараатай байх шаардлагатай. Өнөө, маргааш, хоёр жил, сонгуулийн дөрвөн жилээр харж болохгүй. Улсын бодлого 100, 50, 30, 10, тав, гурав, нэг жилээр байх хэрэгтэй. Тэгээд хийх ажлаа хагас жил, гурван сар, сараар, өдрөөр төлөвлөх ёстой. Манайд алсын бодлого, зорилго алга. Мэдээллийн технологийн компани гэхэд салбартаа тэргүүлнэ гэдэг зорилго тавьдаг. Үүнтэй адил эко улс болно гэдэг ч юм уу зорилго хэрэгтэй. Зорилго, мөрөөдөлгүй хүн төөрчихсөн мэт ямар ч зам мөргүй байдаг. Эстони улс компьютерын программ бичих хичээлийг бага ангийн сургалтын хөтөлбөртөө оруулсан. Япон мөн оруулах гэж байна. Зорилго мөрөөдөлтэй бол бид юу ч бүтээж чадна. Гэхдээ юу юунаас илүү хүн болох хэрэгтэй. Ёс суртахуунтай байж, хандлагаа өөрчлөх ёстой.
Бэлтгэсэн: Э.Эрдэнэцэцэг