“Аав, ээж, би хийгээд Сталин” гэсэн нэртэй номыг Оросын ардын жүжигчин, жүжгийн болон үргэлжилсэн үгийн зохиолч, “Никитийн хаалганы дэргэд” гэх театрын уран сайхны удирдагч Марк Григорьевич Розовский бичжээ. Сонирхол татахаар юм уг номд юу байна вэ? Нэгдүгээрт, энэ бол их алан хядлагын эмгэнэлт явдлын талаар өгүүлсэн хувь хүний түүх. Гэхдээ түүгээр сая сая хүний хувь заяаг илэрхийлсэн байна. Хоёрдугаарт, хорих лагерийн ханыг нэвтэлж шүүрсэн аугаа хайрын тухай өгүүлэл юм. Номын гол баатар нь “Би” буюу цаг үеийн шаардлагаар Григорий Захарович Розовский хэмээн хойт эцгийнхээ овгийг авсан Марк Семёнович Шлиндман юм.
-Ийм ном бичих шийдвэрийг Марк Григорьевич та хэзээ гаргав?
-Ээжийг бурхан болсны хойно цүнхнээс нь аавын бичсэн захидлыг олж үзсэн юм. Хорих лагериас бичсэн захидлууд байсан. Тэдгээрийг уншаад би гурав хоног уйлсан. Тэгээд аавд хүлээлгэсэн хэргийн материалыг олж үзэх хүсэл төрлөө. Камчаткад байсан хэргийн материалууд Москвад Холбооны аюулаас хамгаалах алба руу шилжсэнийг хуульч мэргэжилтэй найзынхаа ачаар мэдэж авав.
Дөрвөн хавтаст хэргийг хоёр сар шахам уншив. Өөрчлөн байгуулалтын үед Цагаатгах ажлыг эрхлэх комиссын хөтөлбөрийн дагуу хэлмэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд архивын баримт бичигтэй танилцах эрхтэй болсон юм. Комиссыг Александр Яковлев тэргүүлж байсан шүү дээ.
-Архивт байсан материалуудаас сонирхсон асуултуудынхаа хариултыг авч чадсан уу?
-Мэдээж, чадаагүй. Зарим хуудас нь гурав дахь хүмүүст хамаатай байсан. Бид түүнийг хов юм уу, тамлаж яргалсан тухай өгүүлсэн зүйлс байх гэж ойлгосон. Эдгээр хуудас Яковлевийн үед нууц хэвээр үлдсэн дээ. Өшөө хонзон авахаас айсан байж болох. Хүмүүс янз бүр шүү дээ, хэн тамласан, хошуугаа худалдсаныг олж мэдчихээд хонзон авч мэднэ биз дээ.
-Эцэг, эхийнхээ хоорондоо харилцсан бичиг, захидлыг нийтэлснээр тэдний хувийн амьдралыг илчилчихэж байна гэх бодол төрөөгүй юү?
-Тэнд айх эмээхээр юм ер байхгүй. Зөвхөн цэвэр хайр, тэгэхээр миний эцэг, эх хоёр тэр хүмүүнлэг бус цаг үед жинхэнэ хүнээрээ үлдсэн болохыг харуулсан байгаа юм. Энэ түүхийг миний бодлоор ингэж л ойлгохоос аргагүй. Эцэг минь баривчлагдахдаа ердөө л Зөвлөлтийн хүн байж. Троцкизмыг баримтлагч этгээд гэж баривчлагдсан хэрнээ л тэр үзэл түүнээс ханхалж байсангүй. Сталины дэглэмийн золиос болсон хүмүүс чухам хэн байв гэдгийг харуулах гэж би тэр бичиг, захидлыг олон түмэнд хүргэсэн юм. Тухайлбал, би гэхэд золиос биш гэж үү? Эцэггүй өсөв, овгоо солилоо, дээд сургуульд ороход өчнөөн бэрхшээл учирсан. Өмнө нь Михоэлсийг алж, Европт фашизмыг эсэргүүцэх хороо руу буудаж, “Эмч нарын хэрэг” гэгчийг гаргаж ирж байсан шүү дээ.
Шөнө ээж минь дэрээ нэвтэртэл уйлахыг нь би сонсдог байлаа. Ер орилж чарлахгүй, мэгшинэ. Сэрчихээд би өрөөнд нь гүйж орж “Яав, юу болов?” гэхэд ээж юу ч хэлэхгүй. Гэлээ ч би бүгдийг ойлгоно. Айдас, шаналал хоёр Сталины цаг үеийн амьдрал байсан юм.
-Хорих лагерийн амьдралынхаа талаар эцэг чинь хэзээ нэгэн цагт ярьж өгч байв уу?
-Тэр ганцаараа байхдаа юу ч ярихгүй. Харин Солженицынтэй хамт байвал ярина.
-Александр Исаевичтэй Та уулзаж байсан уу?
-Үгүй, түүний бичсэнийг бол уншиж байсан. Аав минь “ГУЛАГ ольтриг” бол маш үнэн түүхийг өгүүлсэн. Гэхдээ миний үзсэн юм түүнээс зуу дахин аймшигтай” гэж хэлдэг байсан. Энэ үнэн юм билээ. Тэд авс руу өөрийн “ГУЛАГ ольтриг”-ийг аваад орсон юм. Солженицын хорих лагерт 11, аав маань 18 жил болсон. Тэгвэл бүхий л амьдралаа тэнд нар үзэлгүй өнгөрөөж, хорвоог орхисон хүн олон.
-Гадаад оронд очиж амьдаръя гэх бодол Танд төрж байгаагүй юу?
-Огт төрж байгаагүй. Миний эх орон энд байна, би орос соёлдоо, орос хэлэндээ, намайг хүрээлж байгаа хүмүүст хязгааргүй хайртай. Эднийгээ орхих нь амиа хорлосонтой адил.
-Зөвлөлт засгийн үед Таны иргэний үнэмлэх дээр “грек” гэж бичсэн байсан гэдэг. Ээж чинь грек гаралтай хүн байсан гэл үү?
-Тийм ээ, миний цусны хагас нь грек. Ташрамд хэлэхэд, надад гурван цус холилдож байгаа. Орос, грекээс гадна еврей цус бий. Тэгэхдээ Израилд очвол би еврей биш болно, учир нь тэнд эхийн талыг илүүд үздэг юм гэнэ лээ.
-Ээжийг чинь яагаад аавтай тань хамт шоронд хориогүй юм бол. “Урвагчдын” гэргий нарыг хамт хорьж байх заавар 1937 онд үйлчилж байсан юм билээ.
-Энэ хууль олон түмний сонорт хүрээгүй. Түүнийг хэрэгжүүлэхдээ сонголттой ханддаг байсан юм билээ. Хэний гэргийг хамт хорихоо өөрсдөө шийддэг байж. Аавыг минь эхлээд буудахаар төлөвлөсөн байтал аз таарч ийм шийдвэрт гарын зурсан хүн өөрөө “ардын дайсан” болсон гэсэн.
-Аавыгаа хаана байгааг асууж ээжийгээ шаналгадаг байв уу?
-1941 оноос хойш би аавыгаа дайнд явсан гэж боддог байлаа. Түүнд “Германчуудыг бут цохь” гэсэн үгтэй ил захидал явуулна. Тэр үед “Аав чинь шоронд байгаа” гэж хэн нэг нь хэлсэн бол миний сэтгэлийг шархлуулах байсан нь эргэлзээгүй. Арван настай байхдаа аавынхаа барааг анх харж билээ. Шоронгийн эхний хугацаагаа дуусгаад тэр гэнэт хүрээд ирсэн. Миний аманд “аав” гэдэг үг орж ирэхгүй байснаа аажмаар энэ үгийг хэлдэг болсон ч “эцэг” гэх үг л юуны түрүүнд санаанд орно. “Аав” гэж хэлж дасахгүй л байв.
-Дайн эхлэхэд Та хаана, хэнтэйгээ байв?
-Тэгэхэд би дөрвөн настай, эмээтэйгээ хамт байсан. Бөмбөгдөж эхэлмэгц эмээ миний гараас шүүрэн авч орон доогуур оруулсныг санадаг. Байшин нурахад орон доор байхад аюул бага гэж үзсэн хэрэг.
Москва, Ленинградаас болон дүрвэсэн хүмүүсийг ирэхэд Дундад Азийнхан найрсаг хүлээн авч, хүүхдүүдийг гэртээ оруулан хооллож байсан. Өөрийн хүмүүс шигээ халамж тавина. Дайны үед чухам хүмүүсийн энэ чанарын ачаар дүрвэгсэд аврагдсан. Хүний хүмүүс тэр дороо өөрийн ах дүү нар шиг болж байв. Гэхдээ хулгай зэлгий ч гарна. Ерөөс сайн, муу хоёр сүлэлдэж байдаг орчлон юм хойно. Тиймээс Сталины үеийн тухай ярихдаа бид Сталин өөрөө христосын эсрэг үзэлтэн байсныг нь мартаж болохгүй. Түүнийг ер нь хүн гэж нэрлэж үл болно. Тэр чинь Төрийн тэргүүн хэрнээ ээжийгээ нүд анихад оршуулгад нь очоогүй гэж байгаа. “Буудан хороох” гэсэн үгтэй 362 тогтоолд гарын үсэг зурсан “амьтан”.
-Таны еврей төрөл садан ямар хүмүүс байв?
-Тэд большевикууд ч гэлээ бас л их сайн хүмүүс байсан. Сталины цаг үеийн хүмүүжүүлсэн большевикууд шиг улс байгаагүй. Тэд хувьсгалын үзэл санаа, ах дүүсэг ёс, тэгш эрх, эрх чөлөөнд итгэдэг. Хаант засгийн шоронд сууж байсан. Би саяхан “Фанни” гэдэг жүжгээ бичиж дууслаа. Түүнд сонин түүх бий. Миний хойт эцгийн талын нэг хүн өөрийн гараар Фанни Капланыг буудсан байдаг юм. Кремлийн анхны комендант, Балтийн усан цэрэг Павел Мальков миний нагац эгчийн нөхөр.
-Та хэдэн настайдаа хойт эцгээрээ овоглох болов. Тэр хүн Таныг албан ёсоор өөрийн хүүхэд болгосон уу?
-Албан ёсоор өөрийн үр болгосон. 1953 оны дөрөвдүгээр сарын 3-нд би 16 настай болж маргааш нь Марк Григорьевич Розовский гэсэн овог нэрээр иргэний үнэмлэх авсан юм. Сталины амьдралын сүүлийн өдрүүд, түүнийг амьсгал хураасны дараахан хэсэг хугацаанд хэзээ, чухам юу тохиолдохыг таамаглаж үл болох цаг үе байлаа. Еврей эмч нарын талаар хов дуулгаж алдаршсан Лидия Тимошук миний төрсөн өдөр Лениний одонгоо хураалгав. Сталины дурсгалд зориулж зул-өгүүллэг бичсэний учир “Литературная газета” сонины ерөнхий редактор Симонов ажилгүй боллоо. Нэг хүнийг тахин шүтэх үзлээс эхний өдрүүдэд л хүмүүс татгалзаж эхэлсэн. Бид хамгийн гол залгамжлагч гэж тооцож байсан Молотовыг Сталиныг нас барахаас өмнө зайлуулсан. Тэгэхээр нь Маленковт найдвар тавьсан. Энэ үед аав, ээж хоёр минь муу юм болно гэж бодож байв. Ээж минь баривчлагдана хэмээн өдөр бүр хүлээж, намайг хүүхэд асрах газар өгөхөөр зэхсэн. Бид тэгэхэд нийтийн байранд амьдарч байсан.
-Суллагдсаныхаа дараа эцэг чинь яагаад та нар дээр буцаж ирээгүй юм бэ?
-Анх суллагдахаасаа өмнө аав маань баривчлагдсанаа алдаа болжээ гэж эрх баригчид бараг л уучлалт гуйх байх, тэгээд л бидэн дээр ирнэ гэж бодож байсан юм билээ. Гэтэл суллахгүй байгаад байдаг, дээр нь хоригдол байсан хүмүүсийг амьдруулж болохгүй 100 хотын тухай хууль үйлчилж байсан болохоор Москвад ирж чадаагүй. Дөнгөж суллагдтал эцгийг минь дахин баривчилж, сэтгэл санаагаар сүрхий унасан. Их өлсдөг байсан түүнийг нэг үнээтэй польш эмэгтэй тэжээж байсан гэсэн. Үүнийг нь ээж минь ойлгоогүй, уучлаагүй. Үүнд эмээ минь ч сүрхий нөлөөлж “Чи залуу хүн, хүүд чинь эцэг хэрэгтэй” гэж байнга анхааруулсан. Энэ бүхэнд тухайн үеийн нөхцөл байдал буруутай. Иргэдийнхээ өмнө Зөвлөлт засгийн үйлдсэн хана руу зогсоож байгаад буудсанаас дутахгүй том гэмт хэрэг энэ. Олон сая гэр бүл салж, сүйрсэн. “Аав, ээж, би болон Сталин” гэдэг жүжгийг минь одоо үзээд гарч буй хүмүүс тохойноос минь бариад “Би яг ийм юм үзсэн хүн” гэцгээдэг.
Одоо цагт ч гэсэн Сталиныг Гитлертэй адилтгахаас яагаад айгаад байгаа юм бэ? Энэ хоёрт адил юм олон бий. Хүчирхийлэл гэдэг чинь хорлонтой муу юмнаас хүн төрөлхтөнд нүүрлэсэн хамгийн аймшигтай үйлдэл. Гэтэл бид Сталины учруулсан хор хохирлыг өнөө хэр нь яагаад нийтээр шүүхгүй байгаа юм бэ?
-Намын ХХ их хурал дээр шүүх гэж оролдсон шүү дээ.
-Тэр чинь ердөө намын байгууллагуудад тараасан нууц илтгэл л байсан шүү дээ. Тэгэхэд үнэнийг айл өрх, хүн бүрт хүргэх ёстой байсан юм. Большевик үзэл суртлыг цээрлүүлбэл зохих цаг нэгэнт болчихсон цаг үед бид амьдарч байгаа хэрнээ түүнд харин ч хөшөө босгох юм. Түүхэнд Сталины гүйцэтгэсэн үүргийг оросуудын 70 хувь нь эерэг үнэлсэн илтгэлийг “Левада-центр” саяхан олон түмэнд хүргэлээ. Би хийгээд Зөвлөлтийн алуурчны үйлдлээс зовлон шаналал үзсэн хүмүүс удахгүй хорвоог орхино. Таны барьж байгаа энэ ном харин үлдэнэ. Миний болон эцэг, эхийн минь үгээр хүүхдүүдэд чинь үнэнийг хэлж өгнө. Гэтэл үнэнийг сонсохыг хүсэгчид цаашдаа тийм олон байх болов уу? Өнөөгийн байдлаас ажихад нэг ч их олон байхгүй ч байж мэднэ.
-Энэ аймшигт явдал дахин давтагдахгүй байлгахын тулд Таны бодлоор юу хийх хэрэгтэй бол?
-Бидний туулсан гунигт түүхийн талаар үнэнийг өгүүлсэн кино аль болох олныг хийж телевизийн Нэгдүгээр сувгаар цацмаар байна. “Аав, ээж, би хийгээд Сталин” гэсэн бэлэн бүтээл байхад энэ ажлыг одоо эхэлсэн ч болно.
Бэлтгэсэн: Р.Жаргалант