Морьт харвааны 15 дахь удаагийн ДАШТ өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 1-ний хооронд БНСУ-ын Чунжүд болж өнгөрлөө. Долоон төрлөөр зохион байгуулдаг энэ тэмцээнд эх орноо төлөөлж, “Хан Монгол” морьтны холбооны Э.Эрдэнэ ахлагчтай таван тамирчин оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Нийлбэр дүнгээр нэгдүгээр байр эзэлж, алтан медаль, цомын эзнээр шалгарсан Э.Эрдэнэ Монголд ирж, өнгөрсөн амралтын өдрүүдэд “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болсон олон улсын тэмцээнд оролцов. Түүнтэй ярилцлаа.
АМЖИЛТААСАА УРАМ ЗОРИГ АВСАН, ИТГЭЛ НАЙДВАР Ч ТӨРСӨН
-ДАШТ-д амжилттай оролцож алтан медаль хүртэн, цомын эзнээр шалгарсан танд баяр хүргэе. Амжилтаар бэлэг барьж, хүмүүсийг баярлуулах нь эрхэм зүйлийн нэг шүү дээ?
-Баярлалаа. БНСУ морьт харвааны спортыг өөрийн үндэсний салшгүй өв соёл хэмээн үзэж, ЮНЕСКО-д 2006 онд бүртгүүлсэн байдаг. Түүнээс хойш Дэлхийн морьт харвааны холбоо байгуулж, жил бүр тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. 15 дахь удаагийн ДАШТ-д 30 гаруй орны морьт харваач цэц мэргэнээ сорилоо. Энэ тэмцээнээс гадна гурван жилд нэг удаа тулааны бага олимп зохион байгуулдаг. Өмнө нь гаргаж байгаагүй амжилтад хүрсэн нь хамгийн бахархам үйл явдал байв. Би 2012 оноос морьт харваагаар хичээллэж, өөрийгөө мэргэжлийн тамирчны түвшинд бэлтгэсэн. 2015 онд дөрвөн тамирчны хамт зургаан бай харвааны төрлөөс багийн харваанд анх удаа оролцон хүрэл медаль хүртэж байлаа. Амжилтдаа сэтгэл дундуур байсан ч надад маш их туршлага болсон. Суралцах зүйл их байсан болохоор тэмцээн дууссаны маргаашаас бичлэг үзэж, гадаадын чадварлаг тамирчдын харвах арга барилыг судалж эхэлсэн. “Дэлхийн талыг эзэлсэн өвөг дээдсийн үр сад байтлаа яагаад морьт харвааны ганцхан төрөлд оролцох ёстой гэж” бодоод аваргын цом заавал хүртэнэ гэсэн зорилго өөртөө тавьсан.
-Тамирчин хүний амжилт зорилгодоо хүрэхэд л байдаг, тийм үү?
-Тийм ээ. 2016 оны тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэн, мөнгөн цомын эзэн болж, нөхдийнхөө өмнө амласан амлалтаа биелүүлж байлаа. Амжилтаасаа урам зориг авсан, итгэл найдвар ч төрсөн. Тэр жил Малайз улсаас надад “Та манайд болох олон улсын морьт харвааны тэмцээнд оролцоно уу. Бид таны бүх зардлыг, буудаллах байртай чинь даая” гэж урьсан. Тэнд болсон тэмцээнд хол тасархай түрүүлсэн. Шагналаа гардаж зогсохдоо “Морьт харваагаар амжилт гаргах боломж надад байгаа юм байна” гэж өөртөө хэлж билээ. Түүнээс хойш тасралтгүй таван жил дараалан түрүүлсэн. Энэ жил эх орондоо шагналын хуртай буулаа. Сүүлийн үед дасгалжуулагчаар ажиллаж, тамирчид бэлтгэж байгаа. Шавь нараас маань нэг нь энэ жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тамирчны хувьд, багшийн хувьд ч боломжийн амжилт гаргалаа гэж дүгнэж байгаа. Монголчууд дэлхийн хаана ч байхгүй сайхан ёс заншилтай. Дэлхийн шилдэг тамирчин болоод ирэхэд эмээ минь мөнгөн аягатай сүү бариад, баярын нулимстай угтсан. Үүнээс илүү эрхэм зүйл гэж юу байх вэ.
-Морьт харвааны спорт өртөг өндөртэй. Тамирчид тэмцээнд оролцохын тулд хөрөнгө мөнгө багагүй зарцуулдаг уу?
-Таван жил хүсэл зорилгынхоо төлөө зүтгэж, багагүй хөрөнгө зарцууллаа. Энэ спорт өрсөлдөгч олонтой. Морьт харвааны тамирчид морин дээр гарвал өрсөлдөгч, харин мориноос буувал найз нөхөд, нэг гэр бүл шиг байж чаддаг юм. Тэмцээнд зориулсан мөнгөө бодохоор толгой өвдмөөр санагддаг ч амжилт гаргаж авсан цом, медалиа хараад баярладаг. Би БНСУ-ын Чэжүд ажиллаж, амьдардаг. Тэндхийн уул, ус Монголын минь газар нутагтай их ойр санагддаг. Надад эхэндээ Монгол руугаа буцчихмаар бодогддог байсан ч шүд зуугаад тэссэн өдөр хоног олон. Багын найз Г.Идэрбаатарын хамт Монголынхоо морин циркийн урлагийг сурталчлан, 56 хүний бүрэлдэхүүнтэй баг удирдаж байна. “Хан Монгол” холбоо БНСУ-ын “Раунд” компанитай хамтардаг юм.
Манай жүжигчид 100 гаруй морьтой. Өдөрт гурван удаа тоглодог бидний морин циркийн үзүүлбэрийг үзэхээр жилд 6000 жуулчин ирдэг. Тэр дундаа амралтын өдөр, ургацын баяраар үзэгч олонтой байдаг. Морин циркийн урлагаас Монголын морьт харвааны спорт өндийсөн. Монголдоо хөгжүүлж болох энэ спортын салхийг хагалж бид анхны тамирчин боллоо. Морьт харвааны тамирчид бэлтгэхийн тулд морин циркийн залуусаас чадвартайг нь тусад нь бэлтгэл хийлгэдэг. 2015 онд намайг тэмцээнд оролцохоор очиход “Монгол Улс гэж байдаг юм уу. Тэнд сайн харвадаг харваач бий гэж үү” гэж хүлээж авсан. Тэдний тоомжиргүй байдал намайг хурцалж, тэмцээнд амжилттай оролцоход түлхэц болсон. Монголчуудад байдаг дайчин, эрэмгий чанар эргээд сэргэж байна. Монгол хүн морьт харвааны спортод түрүүлэхэд гайхах зүйлгүй.
ОРОЛЦСОН ТЭМЦЭЭН БҮРЭЭСЭЭ ГАНЗАГА ХООСОН ИРЭХГҮЙГ ХИЧЭЭДЭГ
-Монгол эрчүүдийг морь, харваагүйгээр төсөөлшгүй. Энэ төрөлд амжилт гаргах боломж өссөн орчинтой нь холбоотой байдаг байх?
-Өвөг дээдсийн маань эрэмгий дайчин шинж монголчуудын цусанд байдаг. Дэлхийн талыг морин дэл дээрээс тохинуулсан бахархах түүхэн гавьяа ч бий. Морин циркийн жүжигчид морины явдал, хэмнэлийг сайн мэдэрдэг. Товчхон хэлбэл, морийг хөлөө болгож чаддаг. Морийг хоёр хөл шигээ мэдэрч чадвал амжилтад хүрдэг гэсэн үг. Монгол эрчүүдэд байдаг энэ зан морьтой салшгүй холбоотой. Дайчин өвөг дээдсийн үр сад гэдгээ бид хаана ч явсан мартаж болохгүй. Надад багшийн минь зааж сургасан зүйл их хэрэг болдог. 2003 онд Ш.Цогтхүү багшийн удирдлагад “Хан Монгол” циркийн уран бүтээлч болж, жүжигчин болох гараагаа эхэлж байв. Одоо ямар ч тэмцээнд оролцоход гаднынхан “Монголчууд харвах гэж байна”, “Тэд харвах дөхөж байна уу, үзэх юм сан” гэж хошуурдаг. Монголчууд олон тэмцээнд өнгөллөө, бас түрүү булаалдлаа.
-Морьт харваачдын нум, сум үндэсний сурын харваачдынхаас өөр байдаг уу?
-Үндэсний сурын харвааны нум овор ихтэй, хүнд, цаг агаарын байдлаас шалтгаалж халуун хүйтэнд хатуурч, зөөлөрдөг. Сум нь зэвгүй, булцуутай. Морьт харвааны тамирчдын нум, сум авч явахад хөнгөн, морин дээр урагшаа хойшоо харвахад авсаархан, сумны зэв нь хурц, арын онь нь нарийн учраас хол, ойрын зайд хурдтай харвадаг. Тэмцээн зохион байгуулагчид тамирчдын морийг бэлддэг юм. Тамирчид морио өөрөө сугалдаг. Бас цаанаас нь оноолтоор өгдөг. Өндөр амжилт гаргасан тамирчин хамгийн хурдан морь оноолтоор авна гэсэн үг. 120 метр зайг 7-8 секундэд туулдаг морь А, 10-11 секундэд давхидаг нь В зэрэглэлийнх гэж ангилдаг. Хурдан морь сонгож, харвах тусмаа тэмцээнд өндөр үнэлгээ авна. Тиймээс миний хувьд хамгийн сайн морийг нь шилж сонгодог. Морьт харвааны спортод амжилт гаргахад морь үнэхээр чухал.
-Нүүдлийн амьдралтай ойр өссөн хүүхдүүд моринд дуртай байдаг. Та багаасаа моринд гарамгай байсан уу?
-Би Налайхад төрсөн ч хөдөө өвөө, эмээ дээрээ өссөн. Тэрэлж, Ар, Өвөр Жанчивланд нутагладаг байсан. Сургуульд ортлоо хурдан морь унасан. Өвөө хурдан морь уяна. Зун өвөөгийндөө очиж амрахаар яардаг байлаа. Багаасаа моринд дуртай өссөн болохоор 13 настайдаа морин циркийг сонгосон. Тамирчин, дасгалжуулагчийн хувьд өнөө цагийн залуустай шинэ арга барилаар хамтран ажиллаж байгаа. Найзынхаа хамт морин циркийн авьяаслаг залуусаас сонгоод мэргэжлийн тамирчин болгож бэлдэхийг зорьдог. Би оролцсон тэмцээн бүрээсээ ганзага хоосон ирэхгүйг хичээдэг. Тиймээс бидний хойч үе морьт харвааны шилдэг аваргууд байгаасай гэж хүсдэг.
ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЧИХЭЭД МОНГОЛД ИРЖ АМЬДАРНА
-Морь, эзэн хоёр нэгнээ хэрхэн мэдэрч, ойлголцож чаддаг вэ?
-Морь болгон өөрийн гэсэн араншинтай. Хамгийн гол нь морийг мэдэрч унах хэрэгтэй. Бидний хувьд морьтой ойр байдаг болохоор зан араншинг нь сайн судалдаг. Унаж үзээд л хөлний тавилт, хэр адуу болох, зан чанарын хувьд хэр зоригтой, халширч хаширдаг, эсэхийг нь мэдчихнэ. Морь бол адгуус. Тэмцээний үеэр булгиж, бусган яахыг ч урьдчилан таах аргагүй шүү дээ. Зарим адуутай зайлшгүй тохиолдолд ширүүн харилцан номхруулж байхад заримыг нь эвээр, зөөлөн харилцаж унаж эдлэх шаардлага гардаг. Европ морьд монгол морийг бодвол өндөр, унага байхаасаа хүнд гаршиж идээшсэн байдаг. Эмнэг ч гэсэн хүнтэй ойр байдаг тул амархан дасаж гаршдаг.
Номхон, жүчээний морьдыг унахад аюул багатай. Тэгвэл монгол адуу уудам тал нутагт бэлчээрлэдэг болохоор хүн дөхөхөөр үргэн, хазаж хайрч, өшиглөдөг догшин омголон зантай. Гэхдээ монгол моринд олон давуу чанар бий. Хол зам туулах хүч тэнхээ, саад бартааг тэсвэрлээд туулж чаддаг хатуужилтай занг нь ямар ч орны морьд гүйцэхгүй. Гадаадын морьд нимгэн арьстай, хол зайд уралдахад амархан цуцаж ядардаг, урт хөлтэй болохоор хурдан доголдог. Монгол морь мөч богино ч туурай нь улдахгүй, тах хэрэглэхгүй, олон өдрийн уналга эдэлгээ даана. Ямар ч өвс ногоотой газар очиход зохицоод л өөрийгөө хооллочихно. Дэлхийн талыг туулж чадсан монголчуудын гайхамшиг монгол морьтой салшгүй холбоотой. Монгол эр хүн, монгол морины гайхамшигтай давуу тал, сайн чанаруудыг бид хойшдын олон тэмцээнд харуулна.
-Эх орондоо ирж, олон улсын тэмцээн анх удаа зохион байгууллаа. Монголыг танин мэдэх, сонирхож үзэх гэсэн гадаадын олон тамирчин байх шиг байна билээ?
-Надтай хамт ДАШТ-д оролцдог гадаадын тамирчид эх оронд маань хөл тавьсан. Тэд Монгол орны түүх соёл, байгальтай танилцах хүсэлтэйгээс гадна Э.Эрдэнийн нутагт очиж тэмцээнд оролцоно гэсэн өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Би жилд хоёр удаа эх орондоо ирдэг. Монголд маань сайхан намар болж байна. Эх орондоо ирдэг гол шалтгаан нь залуу жүжигчид шалгаруулж авах, тэднээс тэмцээнд оролцох тамирчин сонгох ажлаар ирдэг. Өнөө цагт ямар ч хүний эрүүл амьдрах үндэс нь спортын дасгал хөдөлгөөн болсон. Тэгэхээр би ч гэсэн хүүхдүүдээ өөрийнх нь сонирхож байгаа спортын төрлөөр нь хичээллүүлэх бодолтой байгаа. Монгол хүн болж төрсөн юм чинь эцэг өвгөдийнхөө уламжлалт өв соёл, урлаг, спортоос суралцах ёстой шүү дээ. Монголчуудаас морьт харваа гаралтай гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг болсон.
-Монгол хүний зан чанарыг хараад гадаад залуус морьт харвааг сонгодог уу?
-Англи хэлийг төгс эзэмшиж чадвал надад амжилт гаргах боломж нээлттэй болно. Европын хэдэн орноос “Манайд ирж дасгалжуулагчаар ажиллаач” гэсэн санал ирсэн. Гадаадын залуус надаас “Монголчууд шиг морь яаж сайн унаж сурах вэ, хурдан морин дээр тань шиг яаж эрэмгий болох вэ, та оролцсон тэмцээн бүртээ хамгийн хурдан, догшин морь унаад түрүүлдэг. Моринд гарамгай байдаг энэ нууцыг тань мэдмээр байна, бас суралцмаар байна” гэдэг. Гадаадынхан энгийн зүйлээс эхэлж монголчуудын түүх соёлыг сонирхож эхэлдэг. Тухайлбал, монголчуудын үндэсний хувцас. “Таны өмсөж байгаа хувцас их өвөрмөц загвартай юм, илүү байвал надад бэлэглээч. Танд захиалж, хийлгээд өмсөж болох уу” гэж их асуудаг. Саяны ДАШТ-д оролцоход Туркийн багийн тамирчид “Эрдэнэ ээ, чи манай улсын нэрийн өмнөөс багийн харвааны төрөлд оролцооч. Энэ бол том боломж шүү дээ” гэж санал тавьсан. Хариуд нь “Уучлаарай, би эх оронтой хүн. Монгол орноо төлөөлж, багаа ахалж оролцоно” гэж хариулсан.
-Азийн орнуудаас БНСУ-ын тамирчид морьт харваагаар амжилт гаргаж байгаа. Магадгүй, тэднийг төр, засаг нь маш сайн дэмждэг байх л даа?
-Тэд монголчуудын хамгийн хүчтэй өрсөлдөгч, эн тэнцүү өрсөлддөг. Тамирчдынх нь нас залуу, 18-20 насныхан тэмцээнд оролцдог юм. Тэднийг төр, засаг нь маш сайн дэмждэг. Тамирчид нь эдлэн газартай, сайн морьдтой. Энэ спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилалт хийх боломжоор хангагдан цалинждаг. Ямар ч спортын тамирчдад улсынх нь дэмжлэг, туслалцаа хэрэг болдог. Гэтэл манайх тэнгэр, газар шиг ялгаатай. Европчуудыг ч бас басаж болохгүй. Тэдний дунд алдартай тамирчин олон бий. Монголд болсон тэмцээнд Британиас 78 настай эмэгтэй тамирчин ирж оролцлоо. Ахмад тамирчид асар их туршлага хуримтлуулсан байдаг. Бидэнд тэднээс суралцах зүйл их бий. Монголдоо морьт харвааны спортыг улам хөгжүүлэх юм сан. Олон улсын тэмцээний дараа эх орондоо хэд хоног амраад буцна. Зорилгодоо хүрчихээд Монголдоо ирж амьдарна.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг