Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Уралын холбоотын их сургуулиас санаачлан зохион байгуулсан ЗХУ, ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн чуулган Улаанбаатарт болж өнгөрөв. Чуулганд хүрэлцэн ирсэн хүндтэй нэгэн эрхэм бол ОХУ-ын Төрийн шагналт зохиолч, Жуков судлаач, Уралын холбоотын их сургуулийн профессор Сергей Николаевич Гущин байлаа. Тэрбээр 1960 онд Уралын политехникийн дээд сургуулийг металлургийн инженер мэргэжлээр дүүргэсэн бөгөөд ЗХУ-ын шилдэг зохион бүтээгч, ОХУ-ын Биеийн тамирын гавьяат ажилтан, хоккейн олон улсын шүүгч зэрэг олон чиглэлээр алдар нэрээ дуурсгасан нэгэн юм. Сергей Николаевич Гущинтай хийсэн ярилцлагаа уншигч та бүхэнд хүргэж байна.
АЖИЛСАГ АРД ТҮМЭНТЭЙ ОРОН ХУРДАЦТАЙ ХӨГЖДӨГ
-Монголчуудын хувьд намар хамгийн өрнүүн улирал байдаг. Тэмцээн уралдаан ч их болдог. Манай эх орон Танд ямар сэтгэгдэл төрүүлж буйгаас ярилцлагаа эхэлье?
-Намайг сониныхоо хүндтэй зочноор урьсанд баярлалаа. Монголчууд намайг халуун дотноор угтаж авсанд сэтгэл өндөр байна. Намрын улирал надад ч таалагддаг. Энэ улиралд зөвхөн танайд бус манайд ч бас олон ажил өрнөдөг юм. Тухайлбал, ургац хураалт. Цэцэрлэгтээ тарьсан ургацаа би хурааж амжаагүй л явна. Ажил хаана ч өрнүүн байгаасай гэж боддог. Монгол орон цэцэглэн хөгжихийн тулд ажил ихтэй байх хэрэгтэй. Ажилсаг ард түмэнтэй орон хурдацтай хөгжин цэцэглэдэг. Энэ үнэн юм шүү.
-Таныг хоккейн тамирчин, шүүгч, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн гэдгээр чинь бага сага гадарлана. Монголд зорьж ирсэн гол ажлаа яриач?
-Ний нуугүй хэлэхэд, би Монголд санамсаргүй ирлээ. Монголд ирэх болсон шалтгааны гол “буруутан” нь япончууд. Тэднийг энд “хэрэг тариагүй” бол би ирээ ч үү, үгүй ч үү. Тэд одоогоос 80 жилийн өмнө Монгол руу довтолъё гэсэн тэнэг зорилго тавьсан улс. Тэгээд тархин дундуураа нэг дэлсүүлж аваад л буцсан (инээв). Ирсэн гол ажил маань ерөөсөө энэ. Сонирхуулж ярихад, миний бичсэн “Их маршалын анхны ялалт” номыг монгол хэлнээ Ц.Магсар хөрвүүлж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баяраар монгол уншигчдын хүртээл болголоо. Сайн ном болсон, үүнийг надад тохиосон нэг аз гэж би олзуурхаж сууна. Монголын ард түмэн энэ номыг сонирхож уншаасай гэж хүсэж байна.
-Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Түүх судлаачид дайны тухай янз бүрээр бичдэг. Танаас сонирхож асуухад Халхын голын дайн, дайн байсан уу эсвэл зүгээр нэг байлдаан, хилийн тулгаралт байсан уу?
-Дайн биш гэж яаж хэлж болох вэ дээ. Халхын гол руу япончууд 75 мянган цэрэг, 500 танк, 300 онгоц, 150 их буутай орж ирсэн. Энэ бол зүгээр нэг хилийн жижиг тулгаралт байгаагүй жинхэнэ дайн юм. Япончууд Монголыг эзэлж авчихаад, дараа нь ЗХУ руу довтлох төлөвлөгөөтэй байсан. Энэ бол нууц биш. Японы Засгийн газар энэ тухайгаа нуудаггүй байсан шүү дээ. Тэгээд ч тэд Германтай харилцан туслах гэрээ байгуулсан нь тохиолдлын хэрэг биш.
-Үүнтэй холбож асуухад монголчуудын зүрх сэтгэлд ЗХУ-ын маршал Георгий Константинович Жуков их хоногшиж үлдсэн. Дараа нь дэлхийн хоёрдугаар дайнд эх орноо хамгаалсан түүний гавьяа зүтгэлээр ч бахархдаг. Та түүний тухай олон ном бичсэн гэсэн?
-Монголчууд зүрх сэтгэлдээ Г.К.Жуковын тухай сайхан дурсамж хадгалж явдагт би гүн талархдаг. Тэрбээр зүгээр нэг цэргийн дарга биш. Гайхамшигтай домогт жанжин байлаа. Цэргийн жанжин байх хувь заяаг бурхан түүнд хайрласан юм. Дээрээс нь нэмээд сайн хүн байх гэдэг бас л яггүй шүү дээ. Тухайлбал, та хатуу чанга хүнд хэрхэн ханддаг вэ, тэгвэл тийм хүмүүст хүн дандаа татагдаад байдаггүй. Хэрвээ хүмүүст сайн хандаад байвал тэр хүний талаар ярих яриа ч өөр болоод явчихна. Нэмж нэг зүйл хэлмээр санагдаж байна. Украин, Польш, Чех гээд Европт болж байгаа үйл явдлууд миний сэтгэлийг ихэд эмзэглүүлдэг. Ингэлээ гээд Г.К.Жуковын дурсгалыг тэр чигээр нь баллах ямар ч боломжгүй. Ер нь ингэж болох уу даа. Гэтэл Монголд арай өөрөөр хүлээн авч, ханддаг юм байна. Жуковын музейг өчигдөр үзэхдээ түүнийг өндрөөр үнэлж явдгийг мэдлээ. Үүний төлөө Монголын ард түмэнд баярлаж талархсанаа илэрхийлье.
ХАЙР СЭТГЭЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ХЭЦҮҮ, ХОККЕЙ ЯГ ҮҮНТЭЙ АДИЛ
-Тантай нэлээдгүй яриа дэлгэлээ. Спортын төрлүүдээс та хоккейтэй их ойр байдаг. Хувь заяагаа спорттой яагаад холбочихов?
-Шүүгч хоёр янз байдаг. Би шүүгчийн хувьд хоккейн 1000 гаруй тоглолт шүүсэн. Үндэсний хоккейн 500 гаруй, олон улсын 200 гаруй тоглолтыг шүүсэн тоо бий. Үүнээс гадна би нэг комисс толгойлж, шүүгчдийг сургадаг хоккейн сургалт удирддаг байв. Энэ бол миний маш нухацтай хандаж хийдэг нийгмийн нэг ажил байсан юм. Цаашлаад хоккейн шүүгчдийн клуб ажиллуулж, олон улсын шүүгч, бүх холбоотын шүүгч бэлтгэхэд ч оролцсон. Бид 200 шүүгч бэлдэхдээ Монголоос ч суралцуулж амжсан. Свердловскт суралцдаг байсан монгол залуус хоккей тоглодог байлаа. Тэр залуусаас бид шүүгч бэлдсэн. Тэдэнтэй ажиллахад их амар, бас сонирхолтой. Тэдний зарим нь сонирхолдоо хөтлөгдөж, зарим нь зүгээр дагаж ирээд оролцоно. Дасгал хийгээд эхлэхээр сэтгэл нь татагдаж, сургуулилалтад өөрөөр ханддаг байсан шүү.
-Хоккей тив тивийн хүмүүсийн сонирхож үздэг дэлхийн спорт. Ямар ч спортод хүнийг татаж чадах гайхамшиг байдаг. Та энэ тухай өгүүлээч?
-Хайр сэтгэлийг тайлбарлахад хэцүү. Хоккей яг үүнтэй адил. Би Крымээс гаралтай өмнөд зүгийн хүн. Дайны үед биднийг урагшаа цөлөхөд би тэшүүрээр ч гулгаж чаддаггүй байлаа. Хаа холын Крымээс Свердловскт суурьшсан. Хүнд дуртай зүйл нь таалагддаг шиг надад ч бас хоккей тэгсэн. Хоккей бол миний зүрхэнд байдаг спорт.
-Монголын хоккейн шүүгчид болоод тамирчид Таны сургалтад хамрагдаж, зөвлөгөө авдаг байсан тухай сонссон. Манайд хоккейн спорт хэрхэн хөгжиж болох талаар бодлоо хуваалцаач?
-Би залуудаа хоккейн тамирчин байлаа. Харин одоо толгойлох шүүгчдийн нэг болсон гэх үү дээ. АНУ, Англи, Герман, Канад, Австри, Францын шигшээ багийн тоглолтыг шүүх завшаан таарч байлаа. Миний хувьд дасгалжуулагч биш боловч хоккейн зөвлөх, хоккей зөв тоглох талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй болсон. Өөрийн хувийн туршлагад тулгуурласан нь тэр шүү дээ. Монголд хоккейн спортыг дэмжиж байгаа нь таалагддаг. Би Монголд хоккей үзээгүй. Хоккей хэрхэн тоглож байгааг ч хараагүй учраас энэ тухай ярихад амаргүй байна. Гэхдээ Монголын шайбтай хоккейн шигшээ баг Азийн орнуудаас хоёр ч удаа шалгарсан тухай сонссон. Энэ чинь чамлахааргүй амжилт. Миний сургалтад хамрагдсан тэр хэд ч хоккейд дуртай байсан учраас шударга сайн шавь нар минь болсон.
-Спорт таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ. Одоо ч гэсэн та хоккейгоос холдож чаддаггүй байх?
-Би дуртай зүйлээсээ холдож чадахгүй. Спорт тухайн хүнээс сахилга бат их шаарддаг. Тухайлбал, өнөөдөр Москвад шүүгчээр оролцож байхад маргааш Свердловскт лекц унших хэрэгтэй. Бүх зүйлд бэлэн байх ёстой. Оюутнууд маань миний сонирхлыг сайн ойлгож дэмждэг. Манайд оюутны 10 корпус байдаг байв. Канадад очоод яг тиймэрхүү корпусуудад бүгдэд нь очиж үг хэлэх хэрэгтэй болж байсан. Тэд миний лекцээс хойш суух боломжгүй. Энэ чинь бас л сахилга бат. Тэгэхээр хоккей амьдралд тустай байгаа биз.
-Таныг хоккейн тэмцээний шүүгчээр ажиллаж байхад В.Б.Харламов, Б.П.Михайлов, В.В.Петров гэсэн домог болсон алдартай тамирчин Оросыг төдийгүй дэлхийг шуугиулж байсан гэдэг. Тэдний спортын амжилт, алдар хүнд, фэнүүдийнх нь тухай сонирхуулаач?
-Энэ тухай ярихад та дэндүү залуу байна. Тамирчны хувьд В.М.Бобров анхны од байлаа. Тэрбээр номер нэг тоглогч. Тэдний дараа л В.Б.Харламов, Б.П.Михайлов, В.В.Петров нар од болсон. Бурхан тэдэнд хоккейн од болох гайхамшигтай авьяас, мэдрэмж, бас амжилт хайрласан юм шүү дээ. Тэд тухайн үедээ дэлхийг шуугиулдаг тамирчин байлаа. Б.П.Михайловын надад бэлэглэсэн зураг гэрт маань одоо ч бий. Зурагны ард “Мундаг сайн шүүгчдээ зориулав” гэж бичсэн гарын үсэг нь байдаг. Хоккейчид янз бүрийн зан чанартай.Тухайлбал, В.В.Петров дотогшоо бодлогошронгуй, өөртэйгээ ярилцдаг байсан бол Б.П.Михайлов эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй хүн байсан. Мөн тэдний дунд хочтой, нэр муутай ч хүн байдаг байлаа. Гэхдээ тэд хүн байсан юм шүү. Зөвлөлтийн хоккейн спортыг алдаршуулж чадсан гавьяатай улс.
МОНГОЛЫН ХОККЕЙЧДОД БИ ИХ ХАЙРТАЙ, ТА УЛАМЖИЛЖ ӨГӨӨРЭЙ
-Хоккей гэснээс спортын энэ төрлөөр хэвлэж нийтлүүлсэн ном товхимол танд олон байдаг тухай сонслоо?
-Би спортын төрлөөс сагсанбөмбөг, волейбол, бокс, хоккейн талаар зургаан ном бичсэн. Тийм ээ, би спортод дуртай. Миний амьдралын нэг хэсэг яах аргагүй мөн. Монголын шайбтай хоккейн холбооны дэд ерөнхийлөгч Л.Ариунболд болон шигшээ багийн тамирчидтай өчигдөр (уржигдар) уулзаж санал бодлоо хуваалцлаа. Улаанбаатарын барилга байшингуудын хооронд тоглоомын, биеийн тамирын талбай байгаасай. Тэнд залуус хоккей тоглодог болоосой. “Бидэнд хувцас солих газар ч байдаггүй юм” гэж танай хоккейчид надад хэлж байна билээ. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байлгүй дээ. Битүү дээвэртэй ордонтой болчихвол энэ асуудлыг шийдэх амархан. Хоккей хүмүүсийн бодож байгаа шиг амар хялбар спорт биш л дээ. Өвлийн спортын төрөлд ордог. Мөсөн талбайгаа бэлдэхийн тулд техник, багаж гээд зохион байгуулалт хэрэгтэй. Манайд бол “Алтан шайб” гэдэг Залуучуудын эвлэл үүнийг хийдэг байв.
-Та Монголын хоккейн тамирчид болоод энэ спорт сонирхогчдод хэлэх үгээ манай сониноор уламжлан илэрхийлж болно шүү дээ?
-Монголын шайбтай хоккейн шигшээ багийн тамирчидтай уулзсан уулзалт надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Би тэдэнд их хайртай шүү, та уламжилж өгөөрэй. Хоккейг хөгжүүлэхэд дэмжлэг их хэрэг болдог. Монголын хоккей зөв зам дээр явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголын тамирчдад эхний амжилтдаа хүрчихээд зогсохгүй цааш үргэлжлүүлэх хэрэгтэй шүү гэж захья.
-Баярлалаа, Сергей Николаевич. Танд энх тунх урт удаан наслахыг хүсье.
-Баярлалаа.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг