Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтана гэж монголчууд ярьдаг. Энэ бол эр хүн тулга тойрсон бус, их зүйл, том үйлсийн талаар цараатай сэтгэх ёстойг сануулсан сайхан үг. Монголчуудын бэлгэшээдэг өөр нэгэн зүйр үг нь сайн санааны үзүүрт тос. Санаа сайн бол заяа сайн ч гэдэг. Бэлгэ дэмбэрэлтэй, аливааг зүйрлэлээр ухааруулсан ийм үгс өнөөдөр ярилцсан энэ залууд тунчиг тохирмоор санагдлаа. Нийгэмд зөв хандлага, эерэг үйлдлээрээ тодорхой хэмжээнд танигдаж яваа түүнийг С.Мөнхбат гэдэг. Жирийн иргэд түүний зүсийг үл мэдэх ч “Түмний байр” төсөл санаачлагч гэдгээр нь эчнээ танил болов уу.
2015 онд эл төслөө санаачлан, утааг бууруулахад иргэдээ орон сууцжуулах нь хамгийн зөв шийдэл гэсэн төр, засгийн бодлогын дагуу энэ чиглэлээр судалгаа хийж, ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулахад өөрийн зүгээс боломж, бололцоог эрэлхийлж явсан түүнд иргэд үл итгэгчийн байр суурьнаас хандаж, магадгүй “Энэ шоудаж л байгаа биз” гэж хардаж, сэрдсэн байж мэднэ. Гэхдээ эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэгчлэн С.Мөнхбат хэлсэндээ хүрэхээр хичээж яваа өнөөгийн залуусын нэгээхэн төлөөлөл. Яг түүнтэй адил зөв, бодол, сэтгэлтэй залуучууд хүч хавсран дугтраад, түүнийг нь төр, засгийн зүгээс дэмжээд өгвөл ёстой л нөгөө Сүх жанжны хэлдгээр бүтэхгүй, болохгүй зүйл үгүй мэт санагдав.
Ямартай ч “Ханан Шишгэд” компанийн захирал залуугийн санаачилсан “Түмний байр” төслийн багийнхан судалгаагаа гурав гаруй жилийн хугацаанд хийгээд, бодит ажил болгож, нэг иргэнийг байртай болгоод буй. Төслийнх нь талаар болон хувь хүнийх нь үзэл бодлын тухай түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Тантай уулзахаар хүлээж байхад танай төслийн талаар асууж, сурагласан, бүртгүүлэх гэсэн хэд хэдэн хүнтэй таарлаа. Бодит үр дүн нь гарсан учраас иргэд итгэж эхэлсэн шиг байна. Одоогийн байдлаар хэчнээн хүн танайд хандаад байна вэ. Ямар шалгуураар бүртгэдэг юм бэ?
-“Ханан Шишгэд” ХХК маань уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийм ажил эхлүүлж, бусдыгаа уриалан дуудах зорилготой. Эхэндээ гэр хорооллын утааг бууруулах зорилгоор судалгаа хийж яваад энэ чиглэл нь илүү үр дүнтэй, бодит ажил болгох боломжтой гэсэн шийдэлд хүрсэн юм. Утааг бууруулахад иргэдийг орон сууцжуулж, яндангийн тоог цөөлөх нь хамгийн зөв арга гэж төр, засгаас үе шаттай бодлого хэрэгжүүлэхэд ч бидний төсөл бага боловч хувь нэмэр болоосой гэж хүссэн. Нөгөөтээгүүр, компани, аж ахуйн нэгж, хувь хүн гээд хэн, ямар байгууллага байх нь хамаагүй дор бүрнээ өөрсдийн чадахыг хариуцлагатай хийе. Тэгж байж төр, засгаасаа дэмжлэг хүсье гэдгийг үлгэрлэхийг хүссэн юм.
Юу ч хийж, бүтээгээгүй байж л юм нэхээд, шаардаад, хийж байгааг нь болохгүй, бүтэхгүй байна гэж ярих нь утгагүй шүү дээ. Тиймээс л бүтээж үлгэрлэе, бусдадаа харуулъя, тэгээд хамтдаа хөгжие гэсэн үг. Өөр нэг зүйл нь, улсдаа татвараа цаг тухайд нь төлж, аливаа ажлыг зөв, эерэгээр хийхийг, мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс чулуу хөдөлгөж, олборлож, худалдаж олж байгаа ашгийнхаа багахан хэсгийг бусдын сайн сайхны төлөө зарцуулъя гэж уриалах нь бидний бас нэгэн зорилт. Зөвхөн уул уурхайн гэлтгүй бусад чиглэлийн компаниудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, иргэдийн амьдралд бодитоор дэмжлэг үзүүлж, нөлөөлөхийг уриалж байна.
Төсөлд хамрагдах хүн 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн, өмнө нь орон сууц худалдан авч байгаагүй, урьдчилгаа 20 хувиа бүрдүүлсэн байх гэсэн үндсэн шалгууртай. Компанийн зүгээс тухайн хүний амьдрах орчин, цалингаараа зээлээ төлөх боломж зэргийг судална. Бидний зүгээс зарим иргэнд боломж олгож, ажлын байранд зуучлах боломжтой. Одоогийн байдлаар манайд 12 мянгаад хүн өргөдөл, хүсэлтээ гаргаад байна.
-“Түмний байр” төсөлд хамрагдсанаар иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн 20-ийг нь, үлдсэн 10-ыг нь танай компани гаргах юм билээ. Иргэдийн хувьд ашигтай, буянтай хэдий ч танай компани тодорхой хэмжээний эрсдэл үүрнэ. Нөгөөтээгүүр, “Ханан Шишгэд” компани иргэдийн батлан даагч болж, орон сууцтай болоход нь бодитоор дэмжлэг үзүүлэх боломж хэр цар хүрээг хамрах бол. Цаашдаа үйл ажиллагаагаа хэрхэн тэлэх вэ?
-Манайх барилгын чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Магадгүй зарим хүн манайхыг энэ чиглэлээр ажилладаг учраас барилгаа борлуулах арга гэж бодож байж мэднэ. Би дахин хэлье. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийм ажил эхлүүлсэн. Өнөөдөр ипотекийн зээлийн шалгуурыг давж чадаж байгаа нь хэд вэ. Судалгаагаар бол иргэдийн олонхын хувьд ипотекийн шалгуурт ямар нэгэн байдлаар “бүдэрдэг”. Хамтран зээлдэгч, батлан даагч, сарын орлого, урьдчилгаа 30 хувь болон түүнийгээ хэрхэн бүрдүүлснээ нотлох гээд чирэгдэлтэй байдаг талаар хэлдэг. Тиймээс л эл зээлийн урьдчилгааг 20, жилийн хүүг нь таван хувь болгохыг төр, засгаасаа хүсэж буй юм. Төслийн багийнхан маань бараг дөрвөн жилийн хугацаанд Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 1740 гаруй өрхөд судалгаа хийсэн. Газар дээр нь очиж, нөхцөл байдал, амьдралтай нь танилцаж явахдаа маш их эмзэглэж, олон ч зүйл бодсон. Иргэд үнэхээр хүнд хэцүү амьдарч байна.
Зарим хүний хувьд итгэхэд бэрх ч талхыг хувааж, будаа, тосыг граммаар авч байна. Ганцхан жишээ хэлье. Дэлгүүрт өсвөр насныхаа охинтой орж ирсэн нэг ээж үхрийн бөөр таллаж, атга будаа граммлуулж аваад, сонгино авах уу, яах вэ гэж нэлээд эргэлдэж байснаа больсон. Мөнгө нь хүрэхгүй учраас тэр. Давс байхгүй бол хажуу айлаасаа гуйна гэж охинтойгоо ярьсан тэр ээжээс би сая авсан бөөр, будаагаар хэдэн хүн хооллохыг нь асуухад “Манайх найман ам бүлтэй” гэсэн. “Хүүгийнхээ төрсөн өдрөөр толгой аваад, цаттал хооллож, баярлуулъя” гэх ээжтэй ч таарсан. Зургаан сарын хугацаанд би багийнхантайгаа хамт Сонгинохайрхан дүүрэгт судалгаагаар явж, энэ мэт хэцүү амьдралын зах зухаас харж, сонсоход сэтгэл нэг л хүнд оргиод байсан. Хаягдал дугуй шатаадаг айлуудаар ч орж үзсэн. Хаймрын тортог агаарт тогтохгүй тэр доороо буудаг юм билээ. Түүнээс болж 10 гаруй настай нэг хүүгийн гар нил цэврүү болсныг ч харсан. Тиймээс л иргэдийг орон сууцжуулах нь хамгийн чухал юм байна гэдгийг илүү ойлгосон. Гэхдээ банкны шалгуурыг аль болох бууруулж байж, дээрээс нь компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж боломжийнхоо хэрээр иргэдэд бодитоор тусалбал багагүй ахиц гарах болов уу. Ийм боломж байгаа шүү гэдгийг харуулах нь “Түмний байр” төслийн гол зорилго. Бидний жишээг бага багаар дагасаар олон компани ийм жишиг тогтоочихвол зорилго минь бүтнэ шүү дээ. Тэр цагт төр, засгаас ирэх дэмжлэг ч бодитой болно гэж найдаж байна. Хийчихээд дэмжлэг хүсье гэсэн санаа юм.
-Эл төслийг 2024 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үнэхээр санаж сэдсэнээр тань явбал нийслэлд нэгэнт барьчихсан, борлуулалтгүй байгаа шинэ орон сууцнуудыг эргэлтэд оруулах, ипотекийн журам, шалгуурыг иргэдийн бодит амьдралд илүү ойртуулан өөрчлөх, Улаанбаатарын утааг бууруулах, иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зэргээр хувь болон хувьсгалын олон эерэг боломж харагдаж байна.
-Одоогийн байдлаар есөн дүүрэгт борлогдоогүй 5000 гаруй шинэ орон сууц байна. Бидний тооцоолсноор хүү, урьдчилгааг нь бага зэрэг буулгаад ипотекээр борлуулчихвал тэр хэрээр яндангийн тоо буурах, иргэдийн амьжиргаа дээшлэх зэрэг боломжтой. Мөн иргэд орон сууцанд шилжсэнээр бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөгдөх асуудал ч бий.
Энд нэг зүйлийг тодруулъя. Төсөлд маань хүсэлтээ гаргасан иргэд “Ямар хүмүүсийг нь шалгаруулах юм бэ. Ингэж олноор нь хүсэлт аваад дараа нь яах юм бэ” гэж асуудаг. Бид “Түмний байр” түмэнд нээлттэй” гэсэн уриатай. Үүнийг ойлгомжтой байлгах үүднээс нэг жишээ татъя.
Та таван хүн хүлээж авах хүчин чадалтай эмнэлгийн захирал гэж бодьё. Тэгтэл танай эмнэлэгт 10 хүн ирлээ. Та тэднээс хүчин чадлынхаа хэмжээнд тавыг нь л авна. Гэхдээ нөгөө тавыг нь хаяж чадахгүй. Тэгэхээр “Юутай ч яаралтай таван хүнээ эхлээд хүлээн авъя. Дараа нь үлдсэн тавыг нь авна аа” гээд эрэмбэ тогтооно. Бид ийм л зарчмаар явна. Бүр тодруулбал, хүсэлт гаргасан хүн болгоныг хүлээн авна, тэгээд эрэмбэлээд нэн яаралтайгаас нь эхлээд асуудлыг шийдвэрлээд явна. Нэгэнт тийм сайхан боломж олоод зээлд хамрагдсан хүмүүс банканд барьцаанд байгаа байрныхаа гэрчилгээг авахын төлөө тодорхой ажил эрхэлж, орлоготой байхыг хичээнэ шүү дээ. Хамаг байдгаа хамаад 20 хувиа бүрдүүлсэн хүмүүс зээлээ төлөхгүйгээр байраа ч, мөнгөө ч алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Шаардлагатай гэж үзвэл зарим хүнийг бид хамтран ажилладаг, тогтвортой үйл ажиллагаатай компаниуддаа ажилд зуучилж байгаа. Өөрөөр хэлбэл, тэр хүнийг батлан даасныхаа хувьд байраа өмчлөлдөө автал нь хамтран зүтгэнэ гэсэн үг.
С.Мөнхбаттай ярилцаж суутал цамцных нь завсраар хагалгааны бололтой нэлээд том сорви харагдав. Асууж зүрхэлсэнгүй. Түрүүнээс хойш хэд хэдэн удаа “Хүн энэ дэлхий дээр нүцгэн ирээд, нүцгэн л буцдаг” гэж хэлснийх нь учрыг олчих шиг болов. Тэрбээр магадгүй амь дүйсэн хагалгаанд орсон юм болов уу. Амьдрал, үхлийн заагт очиж үзсэн хүний ухаарал учраас тийнхүү хэлсэн байж мэдэх юм. “Энэ насандаа бусдад бага ч гэсэн буян хийж, нийгэмд тодорхой ажил бүтээлтэй, түмэндээ сайн нэртэй байхыг хичээдэг. Бизнесмэнд мөнгөнөөс илүү нэр төр чухал гэсэн алтан зарчим бий. Нөгөө талаараа уул, усаа ухаж байгаагийн хувьд эргээд хүмүүст сайн санааны үүднээс тусалъя” гэсэн нь ч ийм учиртай байх. Тиймээс л олон хүнд туслахыг хүсэж, “Түмний байр”-аа эхлүүлсэн биз ээ. Гэхдээ энэ бол миний л бодол.
Тэрбээр “Иргэн бүр ухамсартай, хариуцлагатай байснаар төр, засагтаа бодит дэмжлэг үзүүлнэ. Тэр цагт төр нь эргээд иргэдээ дэмжинэ” гэх. Залуу хүн гэхэд хэрсүү аж. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд заавал улс төртэй холбогдох ёстой мэт ойлгодог залуусаас тэрбээр тэс өөр санагдлаа. Энэ талаар асуухад “Би хэзээ ч улс төрөөр явахгүй. Чадах чадахаа л хийсэн нь дээр. Хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Улс удирдана гэдэг чинь ухаантай хүмүүсийн л ажил. Хүссэн болгоных нь санаанд багтах амар юм биш байх. Нарийн ширийнийг нь мэдэхгүй байж удирдлагаа, төр, засгийнхнаа муулж, гоочлох нь өөдтэй зүйл лав биш, дэмий юм. Тэрний оронд эхэлсэн ажлаа хийж, хүмүүст бодит дэмжлэг болж, өөрийн бизнесээ хөгжүүлэх минь” гэлээ.
Түүнээс компанийнх нь нэрний талаар асуухад “Хөвсгөл аймагт Ханан гэдэг сайхан хайрхан бий. Үеийн үед нутгийн түмэн олон тахин шүтэж ирсэн уул. Шишгэд бол мөн л Хөвсгөлийн голын нэр. Энэ голын урсац Монгол руу эргээд урсдагаараа их онцгой. Тиймээс л хангай дэлхийгээ бэлгэдээд Ханан уул шигээ бат бэх, нэр төртэй, Шишгэд гол шигээ гаднаас хөрөнгө татаж оруулна гэсэн утгаар компаниа нэрлэсэн” гэлээ.
-Ийм сайхан утга бүхий бэлгэдэлтэй компанийн цаашдын зорилт юу бол?
-Юуны өмнө нийгмийн давалгаа болгохыг хүссэн “Түмний байр” төслөө хэрэгжүүлж, улам хөгжүүлж, бусдад үлгэрлэх нь нэн том зорилт. Энэ маань захаасаа үр дүнд хүрч байгаагийн нэг жишээ гэвэл, “Түмний байр” төсөлд уул, уурхайн чиглэлээр ажилладаг 30-аад компани нэгдэхээр санал бодлоо солилцож байна. “Зөв зүйтэй, “хөөрхөн” ажил санаачилжээ. Нэг хүнд банкны зээлийн 10 хувь их боловч, мөнгөтэй компани, хүмүүсийн хувьд айхтар дарамт биш. Олуулаа нийлээд зүтгэвэл нэг үнэтэй машин авч унах хэмжээний мөнгөөр олон хүнд тус болох юм байна” гээд дэмжиж байна. Бидний нэг тооцооллоор бол эдгээр компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бидэнтэй нэгдээд, хөдөлж чадвал 5000 иргэнд ипотекийн зээлийнх нь 10 хувийг бүрдүүлэх боломжтой юм билээ. Тэгээд бодохоор асар их боломж, нөөц бий. Саяхан нэг банкнаас “Төслийн хэмжээнд хамтран ажиллахад татгазах зүйлгүй” гэж дуулгалаа. Эхлэл сайн байгаа шигээ хэрэгжүүлэх ажлын минь үр дүнд төр, түмний дэмжлэг чухал. Ингээд ирэхээр илүү олон хүний мөрөөдлийг биелүүлэхэд бодитоор туслах боломж бүрдэнэ шүү дээ.
Би нэг зүйлийг дахин хэлмээр. Хүн энэ амьдралдаа нүцгэн ирсэн шигээ нүцгэн л буцдаг жамтай. Би энэ ажлаа эхлүүлэх бас нэг шалтгаан байсан. Тэр талаар дэлгэрүүлж яриад дэмий байх. Ямартай ч мөнгө чухал биш гэдгийг би дээд цэгтээ тултал мэдэрсэн.
-Таны амьдрал, цаашлаад үр удмын нэр төр, заяа буянд ч чухал нөлөөтэй сайхан ажилд тань амжилт хүсье. Төр, засгаас дэмжээд, өргөжүүлээд явбал үнэхээр буянтай үйлс санагдлаа.
-Сайн үйл цагаан мөртэй байдаг шүү дээ. Төр, засгийн дэмжлэгээр ажил минь өргөжин тэлээд, олон хүнийг баярлуулбал хүмүүс намайг хүндлэх болно. Энэ л чухал. Хүнд сайн нэр төр, олны хүндлэлээс илүү сайхан зүйл байх уу. Хүний амьдрал ямар байхыг таашгүй. Үр хүүхэд минь яаж явахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан толгойг нь цэнэглэхийг би хичээдэг. Уул, уурхай ухсан ч гэсэн олон хүнд буян болсон хүн шүү, эдний аав гээд хэрэв миний үр хүүхэд ядарч явбал хүмүүс аяга хоол өгнө. Монголчууд маань тийм л гоё сэтгэлтэй ард түмэн. Өнөөдөр мөр бүтэн, гэдэс цатгалан явах нь аз жаргал гэдгийг би илүү ойлгосон. Тэрнээс биш уул овоо шиг их мөнгө, тансаг машин, эд зүйлээр аз жаргалыг хэмжих боломжгүй гэдгийг би яс махандаа тултал мэдэрсэн. Эрх чөлөө, эрүүл мэнд, элэг бүтэн амьдрал л туйлын аз жаргал юм. Өнөөдөр ингээд кофе уугаад, ярилцаад сууж байгаа минь ч үнэхээр аз жаргал.
“Хүнд туслахад өндөр албан тушаал, овоолсон их мөнгөнөөс илүүтэй сэтгэл, сэдэл, санаачилга, тэмүүлэл, чин хүсэл байхад л болно. Чамаас үлгэрлэсэн олон хүн сайн үйлийг чинь дэлгэрүүлсээр нийгэмд давлагаа үүснэ. Тэр давлагаа нийгмийг өөрчлөх их хүч болно. Төр, засагтаа дэмжлэг болох иргэдийн хүч ч болно” хэмээсэн С.Мөнхбат хэмээх энэ залуу “Түмний байр” төслийнхөө нээлтийг бэлгэшээгээд нэгэн багшид байр бэлэглэснийг иргэд мэддэг болжээ. Ирэх есдүгээр сард хоёр иргэнийг ипотекийн зээлд хамруулаад, батлан даахаар хамтран ажиллагч барилгын компанитайгаа тохиролцоонд хүрсэн гэж байлаа. Тэрбээр холбогдох эрх бүхий хүмүүсээс эл төслийг нь дэмжихийг хүсэхдээ зүгээр суугаагүй гэдгээ ажлаараа харуулахаар хичээж явна. Ингэхдээ сэтгэлийн хөөрлөөр бус, тооцоо, судалгаан дээр үндэслэн төслөө эхлүүлжээ.
Хөдөлмөрлөж байгаа хүнийг бурхан мялаадаг гэдэгчлэн бүтээхийн төлөө зүтгэж, нийгэмд эерэг уур амьсгал түгээж буй түүнийг дээр, дооргүй дэмжээсэй хэмээн ерөөгөөд ярилцлагаа өндөрлөе.
С.Мөнхбат орон сууцтай болох хүсэлтэй иргэдийг дэмжиж, ипотекийн зээлийнх нь 10 хувийг компаниасаа гаргаад “хожих” зүйл нь ердөө л итгэл гэсэн. Ямар нэгэн ашиг, хонжоо, мөнгө, эрх мэдэл, сонгууль, өрсөлдөөн биш зөвхөн итгэл. Тэр итгэлээр жигүүрлэн “Ханан Шишгэд”-ээ үндэсний хэмжээнд итгэгдэж, үнэлэгдэх компани болгох. Тэгснээр тогтвортой хөгжиж, тэр хэрээр бусадтай аз жаргалаа хуваалцана гэж байлаа. Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтана гэж энэ бөлгөө.