“Монголиан гайд тур” компани, аялал жуулчлалын боловсрол олгох “Гайд” төв болон дотоод, гадаадын жуулчдад зориулсан Жуулчны мэдээллийн төвийн захирал Ч.Буянбадрахтай ярилцсан юм. Япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй тэрбээр Монголын радиогийн япон хэлний редакцид ажиллаж байхдаа Монгол орны тухай сонирхож, төрөл бүрийн асуултад хариу авахыг хүссэн япончуудын захидалд хариу бичих гэж эх орныхоо тухай уншиж, судалсаар Монголоо гадаадынханд танилцуулах ажилд дурласан түүхтэй. 2006 онд байгуулж, өнөөг хүртэл идэвхтэй ажиллуулж буй жуулчдад мэдээлэл өгөх төвөө татан буулгах гэж байгаа гэдгийг нь дуулаад яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар нь асуунгаа Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдалд ямар дүгнэлт хийж буйг нь сонирхож ярилцлаа.
-Жуулчны мэдээллийн төвөө яагаад татан буулгах болов?
-Манай улсад төрөөс санхүүждэг жуулчны мэдээллийн хоёр, гурван төв байдаг ч, гадаадын жуулчид манай төвд дахин дахин ирж мэдээлэл авах дуртай. Жуулчдын энэ хандлагад “автсаар” нэг мэдэхэд 10 жил өнгөрчээ. Хувийн байгууллагынх гэх тодотголтой учраас төр, нийслэлээс санхүүжүүлдэггүй. Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтарч ажиллая гэж удаа дараа санал тавьсан ч хамтран ажиллахын ач холбогдлыг тэд ойлгохыг хүсээгүй. Монголд дөнгөж буусан жуулчид хонох байр, зочид буудал, хоолны газар, угаалга үйлчилгээ, худалдаа үйлчилгээний газрууд, “Нарантуул” захаас өгсүүлээд Тэрэлж, Хархорин, Хөвсгөл явах нийтийн тээвэр, нислэг, олон улсын галт тэрэгний тасалбар захиалга, виз сунгах гэх мэт хүссэн бүхнээ асууж ирдэг. Тэр болгонд хариулж, аятайхан сэтгэгдэлтэй гаргахыг хичээдэг. Тэгж хариулж зааж өгсний төлөө тэд нэг доллар ч төлдөггүй. Нэг талаар тэдний аюулгүй байдлыг хангаж, цаг хугацааг хэмнэж, төөрч будилахаас нь авардаг үйлчилгээ юм. Дэлхийн хаана ч жуулчин ийм үйлчилгээ авсныхаа төлөө мөнгө төлдөггүй. Тиймээс аль ч улсад энэ төрлийн мэдээллийн төвийг төрөөс санхүүжүүлдэг. Нэгэнт аялал жуулчлалын ажил хийж байгаа юм чинь давхар аваад явъя гэсэн юм. Одоо санхүүгийн алдагдлаа дийлэхээ болиод татан буулгах гэж байна. Харин манай хамт олон энэ тал дээр туршлагатай учраас цахим хэлбэрийн төв болгож, менежментээ цоо шинээр эхлүүлэхээр бэлтгэл ажилд орсон.
-Гадаадын аялал жуулчлалын мэдээллийн томоохон лавлах ном, хэвлэлүүдэд танай хаяг байдаг гэсэн. Ийм сайн харилцаа, сүлжээ үүсгэсэн байгууллага үүдээ хаачих хайран юм даа.
-Надад ч гэсэн тэгж санагдаж байгаа. Хамтарч ажиллах боломжийн талаар хамгийн сүүлд Нийслэлийн аялал жуулчлалын газарт хандахад дарга нь болсон “Номин талст” хамтлагийн дуучин Батсүх “Танайхыг дэмжиж, монополь болгомооргүй байна” гэж хэлсэн. Ингэж хэлж байхад нь би зүтгээд яах вэ гэж бодсон.
-Монголыг зорих жуулчдын тоо буураагүй, харин ч өсөж байгаа гэх юм. Бодит байдалд тэгж харагдахгүй, мэдрэгдэхгүй байх юм. Та юу гэж хэлэх вэ?
-Салбарын яам жуулчдын тоо өсөж байгаа гэдэг. Намын бодлого шүү дээ. Төрийн эрх барьж байгаа нам Мөрийн хөтөлбөртөө жуулчдын тоог саяд хүргэнэ гэсэн байвал түүндээ хүрч байгаа мэтээр тоон үзүүлэлт хэлэхгүй бол болохгүй. Түүнээс биш жуулчдын тоо нэмэгдсэн шинж аялал жуулчлалын ажил эрхэлдэг бидэнд мэдэгдэхгүй байгаа. Харин солонгос жуулчид л хаа сайгүй, бөөн бөөнөөрөө явж харагддаг. Тэр л өсөлт болж харагдах болов уу. Наймдугаар сард харин баазууд жуулчидтай байна.
-Манай улсад аялал жуулчлал хөгжиж байна уу?
-Ерөнхий тоймоор нь харахад хөгжиж байгаа. Гэхдээ маш замбараагүй, бас чанаргүй.
-Шалтгаан нь юу вэ?
-Хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, гадаад хэлтэй нэртэй монголчууд энэ салбар луу дайран орсон. Солонгост ажиллаж байгаад ирсэн хүн бүр шахам аяллын компани байгуулж байна. Манай улс 2018 онд хүүхэд, залуучуудынхаа англи хэлний чадварын түвшнээр Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд эхний 80 оронд ч багтаагүй. Тэгэхээр гадаад хэлийг дутуу дулимаг сурч байна гэсэн үг. Сайн эзэмшсэн, оюун ухаан хичээл зүтгэлээрээ цойлж байгаа залуучууд байгаа хэдий ч тэдгээр нь цөөхөн. Аялал жуулчлал төдийлөн хөгжихгүй байгаа хоёр дахь шалтгаан нь нөгөө л эв нэгдлийг хангаж хамтран ажиллаж чаддаггүй, дарга байх дуртай зан юм. “Монголчууд бид хэзээ нэгдэж, хамтарч ажиллаж чадаж байсан юм бэ” гэж их ярина, түүнийгээ өөгшүүлнэ. Таарахгүй бол салаад явна, тусдаа ажиллана гэдэг. Гуравдугаарт цэгцтэй бодлого алга. Ялангуяа газар олгох талд ер анхаардаггүй. Нэг нуур тойруулж маш олон байгууллага, хувь хүмүүст газар олгох жишээтэй. Аялал жуулчлалын бизнесийг чанартай хийе гэсэн байгууллагууд хэдэн зуун саяын хөрөнгө зарж бааз байгуулаад байхад бусад байгууллага, хүнд түрүүчийн баазын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйцээр газар олгодог. Ойр орчмын малчдад ч газар өгчихдөг. Тэгэхээр газартай болчихсон хүмүүс хоорондоо “дайсагналцаж” эхэлдэг.
-Жуулчнаа булаацалдаад уу?
-Тийм. Мөн манай улсад аль ч салбарт судалгаа маш их хийдэг хэрнээ шинжилгээг орхигдуулдаг. Аялал жуулчлалын салбарт ч адил. Судалгаанд шинжилгээ хийж, зорилгод хүрэх арга замуудыг тодорхойлдоггүйгээс юу хийж, хаана хүрэх гээд байгаа нь тодорхойгүй. Жишээ хэлье. БНХАУ аялал жуулчлалын орлогоор АНУ-ыг гүйцдэггүй ч тус улсад аялал жуулчлалын салбар маш хурдтай хөгжиж байна. БНХАУ 2011 оноос эхлэн аялал жуулчлал хөгжиж буй хэд хэдэн бүсэд, мөн ядуурал ихтэй газар нутгуудад орон тоо гаргаж байгаад Тандалт, судалгааны төвүүд байгуулсан. Эдгээр төв тухайн газар нутагт жилд хэдэн жуулчин ирж байна, оршин суугаа хүмүүсийн орлого, амьжиргаанд яаж нөлөөлж байна, тухайлбал, тэндхийн сүм хийд, хөшөө дурсгалын элэгдэл ямар байна, ирж, очиж байгаа хүмүүст зам хүндрэлтэй байна уу, үгүй юу, жуулчдыг машинаар явуулсан нь дээр үү, автобусаар уу, дотоодын нислэг хэрэгтэй юү, галт тэрэг нэмэх үү, хөл хөдөлгөөн ихсэхэд эерэг болон сөрөг ямар нөлөө байна гэх мэтээр бүх зүйлийг нарийвчлан судалсан. Судалгаа хийхэд ийм дүн гарлаа, энэ үзүүлэлт тийм хугацаанд ингэж буурлаа, тэгж өслөө, эерэг, сөрөг нөлөө нь энэ гэх зэргээр шинжлээд, гарцыг тодорхойлоод Засгийн газартаа оруулахад цаг алдалгүй бодлого боловсруулан улмаар хэрэгцээтэй төсөв хөрөнгийг хүртэл шууд гаргаж өгсөн. Жан Зья Жи гэх “Тэнгэрийн хаалга” буюу “Аватар” киноны зургийг авсан гэх тэр газарт аялал жуулчлал ердөө гурав, дөрөвхөн жилд асар хурдтай хөгжлөө. Тийшээ Бээжингээс орон нутгийн хурдны галт тэргээр 12-14 цаг явж очдог байсныг Бээжингээс онгоц нисгэдэг болгосноор жуулчдын тоо эрс өссөн.
-Энэ бол аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын дэргэд Тандалт, судалгааны төв байгуулсны үр дүн үү?
-Тийм ээ. Жишээ нь, Бээжингээс 1000 км-ийн зайд байгалийн сайханд байдаг Дабэ гэдэг маш ядуу тосгоныхны амьдралыг сайжруулах зорилгоор ажиллаад богино хугацаанд жуулчны хөл тасардаггүй газар болгож чадсан. Төрийн байгууллагын ажилтнууд айл болгоноор орж уулзаж, ажил бизнесийг нь зааж өгсөн байдаг. “Танайх энэ сийрсэн малгайгаа л сайн хийгээд байдаг юм шүү”, “Та нар ногоон цайгаа тариалаад бай”, “Жуулчин хонуулах айл нь танайх” гэх зэргээр ажил, үйлчилгээг төрөлжүүлж зааж өгсөн. Тэгэхээр давхардахгүй, бие биеийнхээ бизнесийг хаахгүй. Ингэсээр байгаад жуулчны маш гоё гудамж бий болгосон. Одоо тэр тосгонд жилийн дөрвөн улиралд жуулчин тасардаггүй. Тосгоныхны амьдрал эрс сайжирсан.
-Тэгэхэд манайх Жуулчны гудамж байгуулах гээд хэдэн жил болж байна даа.
-Тийм. Тандалт судалгааны төвийг зөвхөн Азийн орнууд байгуулаагүй. Баруунд ч, Америкт ч байдаг. Канадууд нэг нуураа хэрхэн үр дүнтэй ашигладаг талаар хэлье. Өвөл, зунгүй жуулчин тасардаггүй энэ нуурыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахын тулд тандалт судалгаа хийсэн. Эрэг дагуу газрыг гурав ангилж, тус тусад нь үйлчилгээ хөгжүүлсэн. Хэсэг газрыг явган зугаалдаг бүс болгосон. Тэнд ямар ч барилга байшин бариагүй. Нэг хэсэг талбайд хоорондоо зайтай хэдхэн бааз байгуулаад, өвөл ажиллах зочид буудал байгуулах зөвшөөрлүүд өгсөн. Гурав дахь хэсгийг ан амьтан хамгаалах бүс болгосон юм. Буудалд буухгүй гэсэн жуулчдад зориулж майхан барих талбай гаргаж өгсөн. Нийтийн гал тогоо, ариун цэврийн өрөө, угаалтуур, шүршүүр гээд аялж яваа хүнд хэрэгтэй бүхнийг бэлдэж өгсөн. Бид энэ жишгээр өөрсдөө сэтгээд хийдэггүй юм гэхэд шууд хуулах жишээ олон бий. Энэ чиглэлд төр ажиллаад өгөөсэй. Би Аварга тосонгийн рашаанд очоод гайхлаа. Тэр жижиг нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 200 гаруй байгууллага, хүнд өгөх ямар хэрэг байдаг юм бэ. Хэнтийн аймгийн Гүрмийн гэж жижиг нуурын эрэгт мөн аль хэдийнэ арав гаруй амралтын газар бий болжээ. Ингээд яриад байвал БОАЖЯ, аймаг, сумын Засаг дарга нарын газрын наймаанд аялал жуулчлалын бизнес хөл алдаж байгаагийн жишээ олон.
-Анзаарахад гадаадын жуулчдад үзүүлдэг үйлчилгээ улам л хямдраад байх шиг. Энэ сайн уу, муу юу?
-Үйлчилгээ стандарттай байх ёстой. Түүнийг баримталдаг нь ховор. Дэлхийн стандартаар жуулчныг өдөрт машинаар 250 км-ээс хол явуулах ёсгүй. Гэтэл манайхан Монголын нутаг өргөн уудам, объектууд нь зайтай гэдэг нэрээр 350, зарим үед түүнээс ч хол авч давхидаг. Үүнд нь жуулчид зүдэрдэг. Монголд аялах хэцүү гэдэг мэдээлэл цааш нь түгээдэг. Компаниуд жуулчдыг үнийн хямдаар татах гэж өрсөлддөг болсон. Одоогоос арваад жилийн өмнө ийм байгаагүй. Үнэтэй, үйлчилгээ сайтай байдаг байсан. Одоо томоохон компаниуд маань ч өдрийн аялал авахын төлөө байдаг болж. Энэ мэт үзүүлэлт бол аялал жуулчлалын салбарт ахиц төдийлөн гарахгүй байгаагийн нотолгоо. Мэдлэггүй, мэдээлэлгүй, судалснаа шинжилдэггүй байх нь гол алдаа. Би энэ талаар сүүлийн хэдэн жил байнга хэлж байгаа.
Арав гаруй жилийн өмнө хөтөч нь хоол хийгээд явдаг байсан аялал ховор байлаа. Хөтөч нь хөтчийн, тогооч нь тогоочийн, жолооч нь жолоочийн ажлаа хийгээд явдаг байлаа. Гэтэл одоо хөтөч нь тогоочийн ажлыг давхар хийх болж. Саяхан говь руу яваад ирлээ. Тэнд арван аяллын зургаагийнх нь хөтөч нь хоол хийж байсан. Хямд үнийн өрсөлдөөн яван явсаар аялал жуулчлалын бизнесийг ийм дорой байдалд оруулж байна. Үүнийг хөгжил гэж харахад хэцүү. Аялал жуучлалын салбар хүрсэн түвшнээсээ уруудаад байгаа юм биш үү.
-Яаж сайжруулах вэ?
-Нэгдүгээрт, Аялал жуулчлалын хуулийг яаралтай шинэчлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, МИАТ-ийг либеральчлах, түүнтэй өрсөлдөх компаниудад үйл ажиллагаа явуулах эрх олгож, агаарын тээврийн байгууллагуудын өрсөлдөөн бий болгох. Онгоц, нислэгийн хуваарийг нэмэхгүйгээр аялал жуулчлалын салбарын хөгжлийн тухай ярих хэцүү. Маркетингийн өрсөлдөөн бас чухал. Гэхдээ хамгийн түрүүнд нислэгийг чөлөөлөх шаардлагатай. Гурав дахь тулгамдсан асуудал бол аялал жуулчлалын салбарт судалгаа шинжилгээний байгууллагатай болох. Салбарын
юу нь болоод, юу нь болохгүй байгаа юм бэ гэдгийг шинжилж, оношлох хэрэгтэй. Яагаад Хархорин, Эрдэнэзуу хэвээрээ байгаад байдаг юм бэ. Нэг газар шавсан жуулчны баазуудыг ингээд байлгаад байх юм уу. Судалгаа, шинжилгээ, тандалт хийдэг, түүн дээр үндэслэж бодлого боловсруулдаг баймаар байна. Ийм байгууллагыг аялал жуулчлалын салбар хариуцсан яамны дэргэд байгуулж, төрөөс санхүүжүүлэх ёстой. Монгол орныг таван бүсэд хувааж, бүс тус бүрийг хариуцсан хэлтэс байгуулан, даргаар ахлуулаад ажиллуулмаар. Хурал, семинар маш олон удаа хийдэг. Гэхдээ нэг юм давтаж ярьдаг, ямар ч үр дүнгүй. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн санаачлахгүй байна. Бизнес аялал ашигтай гэдгийг олж хардаггүй. Энэ төрлийн аялал ашигтай болохыг мэддэг зах зээлүүд хоорондоо яаж өрсөлдөж байгааг бид хардаг. Жишээ нь Бээжин, Сөүл хоёр олон улсын томоохон арга хэмжээнүүдийг хотдоо зохион байгуулахын төлөө өрсөлддөг. Бээжин гэхэд олон улсын арга хэмжээ зохион байгуулагчдад ажиллах комиссын хүмүүсийг 40 ч бай, 50 ч болов бүгдийг нь үнэ төлбөргүй хүлээж авъя гэж санал болгоод зохион байгуулах эрхийг авдаг. Манай улсын хувьд анхны алхмуудыг хийж байна л даа.
Тухайлбал Хархоринд спортын байгууламж барьснаас хойш улсын чанартай тэмцээнүүд хэд хэдэн удаа зохион байгуулахад ойр орчмын дэлгүүр, гуанзны орлого нэмэгдээд ирсэн. “Бүргэдийн баяр” гэдэг сайхан баяраа бататгаж авахгүй бол Казахстан улс илүү хийдэг болох гээд бүх талаар хичээж байна. БОАЖЯ дэргэдээ Аялал жуулчлалын хөгжлийн төв гэдэг нэртэй төсөл горьдсон өөрийгөө санхүүжүүлэх үүрэгтэй төрийн бус байгууллага бий болгох бус, төрөөс санхүүжилттэй Аялал жуулчлалын судалгаа шинжилгээний төв гэх нэртэй, нэрэндээ тохирсон үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай болох нь хамгийн чухал. Тэр төв Монголд аялал жуулчлал хөгжиж эхэлсэн цагаас эхлэн өнөөг хүртэлх бүх өөрчлөлтийг судалж, өнөөгийн байдалд бодит дүгнэлт өгч, аялал жуулчлалын мэдээллийн “дата сан”-тай болж, цаашид юуг яах ёстойг дэвшүүлэн санал гаргаж, яамаараа дамжуулан Засгийн газраар шийдвэр гаргах хүртэл нөлөөлж чаддаг, гүйцэтгэлийнхээ хойноос хөөцөлддөг байгууллага байх ёстой. Гэх мэтчилэн дурдаад байвал жишээ олон байна, ярих зүйл ч цаг их авах нь ээ.