Реппер Десант буюу С.Батболд ирэх есдүгээр сарын 6-нд бие даасан анхны тоглолтоо “Young OG underground” нэртэйгээр “Крокус ивент холл”-д хийх гэж байна. Түүнтэй тоглолт болон шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-“Young OG underground” тоглолт ямар онцлогтой вэ?
-Би 2006 оноос уран бүтээл хийж эхэлсэн. Энэ хугацаанд бие даасан тоглолт зохион байгуулаагүй. Анхны тоглолт гэдэг утгаараа нэлээд ач холблогдол өгч, аль болох сонирхолтой зүйлийг үзэгчдэд хүргэхийг хичээж байна. Тоглолтыг “Тоонот” рекордс зохион байгуулж буй. Өнгөрсөн 13 жилийн турш зохиосон дуунуудаасаа хүмүүст хамгийн их хүрсэн болон намайг илэрхийлэх уран бүтээлүүдээ голчлон хүргэнэ.
-13 жилийн хугацаанд олон л тоглолтод оролцож байсан байх. Харин өөрөө бие даасан тоглолт хийхээр төлөвлөхөд хүндрэл гарч байна уу. Бас тоглолтоо өөрөө найруулж буй гэсэн.
-Хамтран ажилладаг уран бүтээлчдийн тоглолт, хөгжмийн наадмууд гээд олон л арга хэмжээнд оролцсон. Маш олон үзэгчийн өмнө дуулсан. Харин энэ удаа зөвхөн миний дуунд дуртай, намайг сонсож, манай багийн бэлтгэсэн үзүүлбэрүүдийг үзэхээр зорьж ирэх үзэгчдийн өмнө дуулах нь. Хүндрэл гэх зүйл алга. Тоглолтоо эртнээс төлөвлөж, багаараа маш сайн зохион байгуулалттай ажиллаж байгаа болохоор тэр. Хамтран дуулж байсан уран бүтээлчид тоглолтод минь оролцоно. Тэдэнд түшиглэн тоглолтоо найруулж, дууны жагсаалтаа гаргалаа. Дуунуудаа хэрхэн хооронд нь холбох, яаж баяжуулж, сонирхолтой үзүүлбэр бэлтгэх вэ гээд л бодох, судлах зүйл их гардаг юм байна.
-Энэ тоглолтоороо хөгжим сонирхогчдод юу үзүүлж, юу ойлгуулахыг хүсэж байгаа вэ?
-Утга агуулгатай тоглолт байхаас гадна миний ертөнц, уран бүтээлийн онцлогийг харуулах нь чухал шүү дээ. 13 жилийн хөдөлмөр, уран бүтээлээ тайлагнах гэж байна. Анх уран бүтээл эхэлснээс өнөөдрийг хүртэл хэр өөрчлөгдөж, ахисан байгаагаа бас харуулмаар байна.
-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Тоглолтод өнөөдрийг хүртэл надтай хамтран ажилласан уран бүтээлчид оролцоно. Тухайлбал, “Click сlick boom” бүлэг, “Gangsta service”, “Ballergang”, “Tоонот” рекордс, “Big deal” энтертайнмент бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.
-2006-2019 онд таны уран бүтээлийн өнгө аяс, агуулга өөрчлөгдсөн нь ойлгомжтой. Харин хувь хүний хувьд хэрхэн өөрчлөгдсөн бол?
-Мэдээж илүү төлөвшсөн байж таарна. Би энэ хугацаанд нэг ч удаа шантарч байгаагүй. Аливаа зүйлийн мууг харж, хэцүү байна гэхээс илүү сайн талыг нь харж, түүгээр урамшин урагшилдаг байлаа. 2006 онд гараагаа эхэлсэн халаас хоосон Десант өнөөдөр дүүрэн цүнхтэй болж. Гэхдээ цүнхээ уран бүтээл, сэтгэл ханамж, туршлагаар дүүргэж байгаа юм шүү.
-Ингэхэд уран бүтээл хийе, би үглэж чадах юм байна гэдгээ хэзээ мэдэж, хэн танд сэдэл төрүүлсэн юм бэ?
-Дунд сургуульд байхдаа л шүлэг бичдэг байлаа. Тэр жаахан авьяасаа хөгжүүлэхийг үргэлж хүсдэг байсан. Үглэж, уран бүтээл хийж чадах мэт санагддаг байлаа. Ингээд дунд сургууль төгсөөд их сургуульд орох зун зориглосон. Тэр минь зөв шийдвэр байсан. Гаргасан дуу бүр минь хүмүүст шууд хүрээд л дардан байгаагүй л дээ. Амжилт олоогүй дуу зөндөө бий. Одоо тэр дуунуудаа сонсохоор хүмүүст хүрээгүй нь ч болж гэж боддог юм. Энэ болгоноосоо туршлагажаад л өнөөдрийг хүрлээ.
-Таныг уран бүтээлээ хийж эхлэх үед манайд цахим ертөнц одоогийнх шиг хөгжөөгүй байсан. Хэрэв тэр үед өнөөгийнх шиг байсан бол та хүмүүсээс хэр их шүүмжлэл сонсох байсан бол?
-Хатуу үг, шүүмжлэл, доромжлол нэлээд сонсох байсан биз ээ. 2006-2016 онд хүнд сэдэв, агуулгатай, хатуу үгтэй, нийгэм рүү хандсан, довтолсон дуу олныг хийсэн шүү дээ.
-Хэзээнээс хүмүүс таныг гудамжаар явахад таньдаг болсон бэ?
-“Hood” дууны клип гарсны дараа. Миний анхны клип. Бүгд биш л дээ. Үе тэнгийнхэн, хип хоп сонирхогчид тэр үеэс л намайг илүү мэддэг болсон байх.
-Дуунууд тань Youtube болон бусад цахим хуудсанд нэлээд хандалт ихтэй байдаг юм билээ. Хүмүүсийн сэтгэгдлийг сонирхож уншдаг уу?
-Түрүүн хэлсэнчлэн 13 жилийн хөдөлмөрийн минь үр дүн байх. Нөгөө талаас бид ч гэсэн алдаж, онож өнөөдрийг хүрсэн. Алдаанаасаа суралцаж, уран бүтээлээ улам чанаржуулахаар зорьж яваа болохоор сонсогчдод таалагддаг байх. Уран бүтээлч хүн сонсогчдод тааруулж биш, тэднийг дагуулах дуу зохиох ёстой.
-Сүүлийн жилүүдэд уран бүтээлээ туурвихаас гадна продюсерын ажил хийж буй. Цаашдаа энэ чиглэлээрээ түлхүү ажиллах уу?
-Уран бүтээл хийж эхлэх үедээ л энэ чиглэлээр ажиллахыг хүсдэг байсан юм. Уран бүтээл хийхийн тулд яаж ажиллах, юун дээр анхаарах ёстой гээд туулж ирсэн замнал, туршлага надад бий. Тиймээс залуу реппер, хамтлагуудыг миний гаргасан алдааг битгий давтаасай, уран бүтээлд нь дэм болчих юм сан гэсэн үүднээс энэ ажлыг хийж эхэлсэн.
-Нээрэн, “New-York times” сэтгүүлд энэ онд хамгийн алдартай гэгдэх зарим хип хоп хамтлаг, репперүүдийн дуундаа хэрэглэсэн нийт үгийн тоог харьцуулсан судалгааны тухай нийтэлсэн. Судалгаагаар сүүлийн үеийн репперүүд дуундаа харьцангуй цөөн үг ашигласан нь батлагдсан байна лээ. Энэ мэт өөрчлөлтүүдийн талаар та юу гэж боддог вэ?
-Тэнгэр, газар шиг өөр болоогүй л дээ. Гэхдээ техник, технологийн хөгжил өөрчлөгдөхөд их нөлөөлж байгаа мэт санагддаг. Нөгөө талаас, намайг уран бүтээл хийж эхлэх үед дууны дундаж хэмжээ дөрвөн минут орчим байлаа. Гэтэл одоогийн дуунууд хоёр минут гаруй л үргэлжилж байна. Шинэ залуу олон реппер гарч ирсэн. Өөр өөрсдийнхөө л ертөнцийг дуу болгон илэрхийлж байгаа. Ганцхан Монголын уран бүтээлчдийнх ингэж өөрчлөгдөж байгаа юм биш, дэлхий даяараа л ийм болж.
-Ингэхэд шинэ цомог хэзээ гаргах вэ?
-Шинэ цомгоо ирэх 2020 оны дундуур бэлэн болгохоор төлөвлөсөн. Сонсогчдод аль болох шинэ бөгөөд чанартай бүтээл хүргэхийг зорьж байна. 15 орчим дуутай цомог гаргана. Сүүлийн үед хүмүүс эргээд пянзанд дурлах боллоо. Манай уран бүтээлчид ч пянз гаргаж байна. “The lemons”, “The colors” хамтлаг, дуучин Х.Отгончимэг, дижей Бодьхүү нар пянз гаргалаа. Би пянз гаргасан Монголын анхны реппер болохыг хүсэж, энэ талаар судалж байгаа.
-“Young OG underground” тоглолтынхоо дараа аялан тоглоно гэсэн үү?
-Тийм бодол бий. Эхний ээлжид Европт ажиллаж, амьдарч буй залуучуудад тоглолтоо хүргэх бодолтой байна.