Энэ жил манай улсын хүүхдүүд олон улсын олимпиадуудаас арвин “ургац хураалаа”. Францын Парис хотод болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадаас хоёр сурагч хүрэл медаль хүртэв. Тэдний нэг, “Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Ашидтай ярилцлаа.
-Хэзээнээс химийн шинжлэх ухаан сонирхож хичээллэсэн бэ?
-Наймдугаар ангиа төгсдөг зун гүнзгийрүүлэн судалсан. Би өөрөө санадаггүй ч “Олон зүйлийг хольдог мэргэжилтэй болно” гэдэг байсан гэж ээж ярьдаг. Химийг гүнзгийрүүлж үзэхээс өмнө биологийн хичээлд дуртай байлаа. Наймдугаар анги төгсөөд энэ чиглэлээр сургалтад хамрагдахаар шийдсэн. Гэтэл биологийн сургалт ер олдоогүй. Ихэвчлэн химийн хичээлийн сургалт байсан. Ингээд зуны сургалтад хамрагдаж, хими сонирхох болсон.
Манай сургууль Кембрижийн хөтөлбөрөөр сургадаг учраас X анги төгсөчдөөс туршилтын шалгалт заавал авдаг. Тусгай лаборатори ч бий. Би зургадугаар ангид байхдаа лабораторийн багажуудыг угааж өгдөг байсан. Тэгснээр туршилт хийх эв дүйтэй болсон.
-Хамгийн анх ямар олимпиадад оролцов?
-Дүүргийн аварга шалгаруулах олимпиадад анх оролцоод хүрэл медаль хүртсэн. Дараа нь нийслэлийнхэд 35 дугаар байрт орчихсон. Маш муу оролцсон гэж боддог.
-Химийн шинжлэх ухаан судалсны давуу тал юу вэ?
-Амьдралд илүү ойртдог юм болов уу. Тухайлбал, бид өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний аль нь сайн, мууг мэдэх хүн цөөн. Гэтэл хими судалснаар ялгаж чадна. Мөн тэр бүтээгдэхүүн хүний аль эрхтний үйл ажиллагааг дэмждэгийг мэдэх боломжтой. Энэ нь миний сонирхлыг татсан.
-Олон улсын олимпиадад анх удаа оролцсон уу?
-Химийн олимпиадад анх удаа оролцлоо. Өнгөрсөн жил олон улсын биологийн олимпиадад оролцож, хүрэл медаль хүртсэн. Анх удаа оролцсон учраас маш их сандарсан. Туршилт хийх багажаа барьж үй, гар салгалаад байсан. Өөрийгөө тайвшруулах нь чухал юм билээ. Биологийн олимпиадад гурван төрлийн туршилт хийсэн, бодлого бараг байгаагүй. Олонх нь онолын асуулт байдаг юм билээ.
-Тэгвэл энэ жил туршлагатай оролцсон юм байна.
-Өнгөрсөн жилийнхээс арай бага сандарсан. Гэсэн ч туршилт дээрээ алдаа гаргачихсан. Учир нь өнгөрсөн жил биологийн олимпиадад оролцоход туршилт хийх хугацаа багадсан. Тиймээс хурдан хийх ёстой гэдэг ойлголттой болчихсон. Гэтэл энэ жил хурдан хийх гэж сандарч байгаад алдаа гаргасан. Мөн хэцүү гэсэн бодлогыг сайн, нямбай бодоод амархан зүйл дээр хайнга хандсан.
-Олимпиадад бэлдэхэд олон цаг суух шаардлага гардаг байх. Шантарсан үе бий юү?
-Багштайгаа өглөөнөөс орой хүртэл бэлдэнэ. Дараа нь 03.00-04.00 цагт тоо бодно. Ядрах үе бий. Харин шантарч байгаагүй. Учир нь олдохгүй, хэцүү бодлого таарах тусам улам шар хөдөлж, “Яагаад би чаддаггүй юм” гэж өөрийгөө хурцалдаг.
-Цаашид олон монгол хүүхэд уг олимпиадад оролцоно. Олон улсын олимпиадад хоёр ч удаа оролцсоны хувьд юу анхаарах нь чухал гэж бодсон бэ?
-Хими сонирхож буй хүүхдүүдэд хэцүү зүйлээс битгий эхлээрэй. Шууд бодлого бодох нь тийм ч сайн арга биш. Эхлээд онолоо маш сайн ойлгочихвол бодлого бодох амархан. Харин олон улсын олимпиадад оролцох бол тайван байх нь чухал. Мөн амархан гэлтгүй бүх бодлогыг анхааралтай, нягтлах хэрэгтэй юм билээ. Учир нь олимпиадын оноо маш нарийн дүгнэдэг. Медальтай үлдэх, эсэх нь 0.1 оноогоор шийдэгдэх жишээтэй. Ганц л тоо зөв бичихэд нэлээд хэдэн байр урагшилна. Маш өрсөлдөөнтэй. Энэ жил мөнгөн медаль авчих болов уу гэж бодсон ч арай чадсангүй. Дараа жил алтан медаль руу зүтгэнэ.
-Энэ жил XII ангид орно. Мэргэжлээ сонгосон уу?
-Хими, биологи хавсарсан мэргэжил сонгоно. Биохимийн чиглэл гэсэн үг. Гэхдээ Монголд биш, гадаадын аль нэг сургуульд суралцахаар төлөвлөсөн. Монголд судлагдаагүй олон зүйл бий. Тухайлбал, аав минь айраг уучихаад “Бие хөнгөрөөд, сайхан боллоо” гээд байдаг. Тэгэхээр айрагт хүний биед сайн ямар нэгэн бодис бий гэсэн үг. Тэнд ямар бодис байгаа нь сонирхол татдаг. Энэ мэтчилэн судалгаа хиймээр байна.