ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал даваа гарагт Төв аймгийн шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. Шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаагаад байгаа. Тэгвэл энэ талаар Тагнуулын гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа С.Баярын өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.
-Даваа гарагийн шүүх хуралдаанаар Б.Хурц тэргүүтэй хүмүүсийн хэргийг прокурорт буцаалаа. Үүнд иргэд их бухимдалтай байгаад зогсохгүй шүүх засаглалд итгэх итгэл нь суларч байгаа нь ажиглагдаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл алдарсан гол шалтгаан нь улс төрчид. Үндсэн хуулийн 16.14-т заасан "Шүүхээр гэм буруу нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй" гэсэн хууль ёсны зарчим алдагдсан. Иймд шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг элдвээр муулах нь зохисгүй үйлдэл юм. Өмнө нь Салхитын мөнгөний ордны хэргийг шүүж байсан шүүгч авлига авсантай холбоотойгоор шүүгчдийн нэр хүнд огцом унасан. Энэхүү хэрэг иргэдийн хуулийн системд үл итгэх байдал үүсэхэд нөлөөлсөн. Б.Хурцын шүүх хурлын үеэр ч энэ байдал нэлээдгүй ажиглагдлаа.
-Хэргийг дахин прокурорт буцаалаа. Яагаад?
-Мөрдөн шалгах ажиллагаанд буруутгах талын нотлох баримтууд хуульд заасны дагуу хангалттай цуглараагүй байсан учраас хэрэг буцаагдсан. Мөн зүйл анги нь тохирч байгаа эсэх дээр маргаантай олон асуудал бий.
-Тав хоногийн дотор прокурор эсэргүүцэл бичихгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэх юм.
-Хэрэв хуульд заасан хугацаанд прокурор эсэргүүцэл бичихгүй бол хэрэг прокурорт буцна. Харин эсэргүүцэл бичвэл дараагийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэнэ.
-Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг цагаатгах үндэслэл бий юу?
-Аливаа яллагдагчийг цагаатгах эсвэл хэргийг хөнгөрүүлэхэд шаардлагатай нотлох баримт гэж зүйл бий. Энэ шүүх хуралд талууд Б.Хурц ТЕГ-ын дарга байхдаа эрүүдэн шүүх тушаал өгсөн эсвэл өгөөгүй гэх асуудлаар маргалдаж байна. Саяхан Амгаланбаатар, Итгэлтөгс зэрэг ялтнууд Содномдаржааг зодож байсан бичлэгийг иргэд МҮОНРТ-ээр харсан. Тэгвэл ялтнуудад нэгнийгээ зодох тушаалыг үнэхээр Б.Хурц өгсөн гэх шууд нотолгоо байхгүй. Амгаланбаатар өөрөө л тушаалаар хөдөлсөн гэж ярьсан шүү дээ. Хэдийгээр хоригдол ч гэсэн "Би таны даалгаварыг биелүүлэхгүй" гээд гомдол санал гаргах эрх нь ялтнуудад байж л байсан шүү дээ.
-Бичлэг дээр Содномдаржааг зодож байсан хүмүүсийн нэг нь хорих ангийн харгалзагч байсан гэж Ж.Батзандан гишүүн ярьсан байдаг.
-Содномдаржааг дарамталж, зодож байсан хүн шоронгийн харгалзагч биш. Иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлсэн. Магадгүй тэр хүн 21 жилийн өмнө илрээгүй хэргийг мөрдөж байсан тагнуулын ажилтан байхыг ч үгүйсгэхгүй.
-Та Б.Хурцыг эрүүдэн шүүх тушаал өгөөгүй гэж ярьж байна. Тэгвэл тухайн үед хорих ангид болж өнгөрсөн "хүчирхийлэл" ямар хуулиар зохицуулагдах ёстой байв?
-Ийм хэргийг "Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх" тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын хариуцлага хүлээлгэх ёстой. Үүнийг эрүүгийн гэмт хэрэг болгох гэж зүтгэх нь буруу. "Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн этгээд зөвхөн өөрөө ял хүлээнэ" гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 6.2 дээр бичсэн байгаа. Тухайн этгээд нь зөвхөн өөрөө л ял хүлээх ёстой болохоос Б.Хурц, Г.Эрдэнэбат нар зодохыг үүрэгдсэн мэтээр ярих нь зохисгүй. Үүнийг хуульч, прокурорууд гэмт хэрэг гэж үзэж байгаа нь хэтэрхий сүржин юм.
-Тэгвэл уг хэрэг хуулиараа хэрхэн шийдвэрлэгдэх ёстой вэ?
-Тус шүүх хуралд улс төрийн болон бусад янз бүрийн гадны нөлөө орохгүй бол хэрэг хэрэгсэхгүй болох ёстой. Мянга мянган хоригдол үеийн үед бие биенээ дээрэлхэж, дарамталсаар ирсэн. Тэр болгоныг хуулийн байгууллагын буруу гээд байвал Монголд ял хүлээдэг гэмт хэрэгтэн гэж байхгүй болно. Бүгд ялзарна. С.Зориг агсаныг хөнөөх захиалга өгсөн хүмүүс хэргийг булзааруулах гэж оролдож байна. Б.Хурцын хэргийг шийдчихвэл С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэг буцаагдана. Ингэснээр С.Зоригийн хэрэг дахиж сөхөгдөхгүйгээр замхраад алга болно.
-Хэрэв Б.Хурц шүүхээр яллагдвал С.Зоригийн амь насыг хөнөөсөн захиалагч илэрнэ гэсэн иргэдийн хүлээлт байгаа шүү дээ.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд тухайн хэргийг шийдвэрлэх явцад мэдэгдээгүй, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт шинээр илэрвэл "Шинээр илэрсэн нөхцөлд тооцно" гээд хэргийг цаашид хүчингүй болгох гэж байгаа юм. Далд санаа нь ийм учиртай.