ADRA олон улсын байгууллагын Азийн бүсийн хөтөлбөрүүдийн дарга Брэндон Ирвинтэй ярилцлаа. Тэрбээр саяхан манай улсад ирж, хонины ноосны судалгаа хийсэн юм.
-Монголын нутгаар явж, хонины ноосыг судалсан байна. Аль, аль аймагт ажилласан бэ?
-Дархан-Уул, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт очиж судалгаа хийлээ. Би өмнө нь монгол хонины ноосыг судалж байсангүй. Судалгаа хийх үед Монголын хонь цаг уурын эрс тэс уур амьсгалд дасан зохицож, хатуу өвлийг давах шаардлага тулгардгаас өөхөн давхарга ихтэй байдгийг мэдлээ. Ноос нь их ширүүн юм. Хоёр үе давхаргатай гэж хэлэхэд болно. Нэг хэсэг нь ширүүн хялгас байхад нөгөө хэсэг нь ноосорхог байсан. Хялгастай, ширүүн ноосоор эсгий, хивс хийхэд л тохиромжтой. Завхан аймагт сартуул үүлдрийн хонь байна.
Тус хонины ноос бусдаасаа арай зөөлөн юм билээ. Уг үүлдрийн хонины ноосыг одоогийнхоос нь ч илүү зөөлөн, нарийн ширхэгтэй болгох боломжтойг олж харсан. Дээр дурдсанчлан Монгол их ширүүн уур амьсгалтай орон. Хүйтэнд тэсвэртэй чанарыг нь алдагдуулахгүйгээр ноосыг нь арай нарийн, зөөлөн болгох боломжтой. Гэхдээ нэн нарийн болгох боломжгүй. Монгол эрдэмтэд 1943 онд хангай үүлдрийн хонь гаргаж авсан юм билээ. Шинэ Зеландын меринос хонины гүн хөлдөөсөн үрийг авчирч, монгол хонинд суулгаж, эрлийзжүүлсэн.
Ингэснээр ноосны ширхэг нь нарийн, зөөлөн болж. Меринос хонины ноосны ширхэг нь 13.3 мкм (микрон) байхад хангай үүлдрийнх 21 мкм байна. Хамгийн гол нь монгол хонины хүйтэнд тэсвэртэй чанарыг нь алдагдуулахгүйгээр ноосыг нарийн, зөөлөн болгох нь чухал.
-Монголд хонины ноосыг маш хямд үнээр худалддаг. Дэлхийн зах зээлд хэр үнэлгээтэй байдаг юм бол?
-Ноосны ширхэг нарийсах тусам үнэ нь өсдөг. Монгол хонины ноосны ширхэг нь бүдүүн учир 500-1000 төгрөгөөр худалдаж авч байна. Харин нэн нарийн ширхэгтэй, меринос хонины нэг кг ноосыг дэлхийн зах зээлд 250 ам.доллароор худалддаг. Тиймээс эрлийзжүүлэх ажлыг зөв хийж, ноосны чанарыг сайжруулснаар үнийг нь өсгөх боломжтой. Хангай үүлдрийн хониных шиг ноосыг дэлхийн зах зээлд есөн ам.доллароор борлуулдаг. Харин угааж, самнасны дараа 22 ам.долларт хүрдэг. Гэтэл Монголд 6000 төгрөгөөр худалдаж авдаг юм билээ. Энэ бол хэтэрхий хямд үнэ.
Цэвэр монгол хонины ноосоор эсгий болон хивс хийхэд л тохиромжтой гэж хэлсэн. Ийм төрлийн ноосыг дэлхийн зах зээлд хамгийн багадаа гурван ам.доллароор үнэлдэг. Мөн Монголын зах зээлд ноосны ханш тогтвортой байдаггүйг ажиглалаа. Тухайлбал, өнгөрсөн жил 5000 төгрөг хүртэл өссөн ноосны үнэ энэ жил 500-1000 төгрөг болтол буурчээ. Зах зээлийн эрэлтээс шалтгаалж үнийн хэлбэлзэл үүсдэг байх гэж бодсон. Тиймээс үр ашигтай байх, тогтмол ашигтай ажиллахын тулд ноосны чанарыг сайжруулж, үнийн хэлбэлзэлд өртөхгүйгээр 7000-8000 төгрөгөөр борлуулах боломж байна.
-Манайх меринос хонийг эрлийзжүүлж, хангай, орхон үүлдрийг гаргаж авсан. Тэдгээр үүлдрийн хонины ноосыг нарийн судлав уу?
-Судалсан. Хангай үүлдэр меринос хонины шинж чанараас 75 хувийг нь хадгалсан байна. Орхон бол 50 хувийг нь хадгалжээ. Өөрөөр хэлбэл, хагас меринос гэж ойлгож болно. Тиймээс орхон үүлдрийн хонь хангайнхаас ширүүн ноостой байгаа юм. Орхон хонийг анх гаргаж авахад ноосны ширхэг нь 22-23 мкм хэмжээтэй байсан. Харин болгоомжгүй, хайхрамжгүй хандсанаар ноосны ширхэг нь 28-31 мкм хүртэл бүдүүрч, ширүүн болжээ.
Хангай үүлдрийг гаргаж авч байхад ноосны ширхэг нь 18 мкм хэмжээтэй байсан бол одоо 21 болжээ. Гэхдээ хангай үүлдрийн хонийг мериностой дахин эрлийзжүүлбэл 87-88 хувийн шинжийг нь агуулж, ноосны ширхэг нь ч нарийсах боломжтой гэж харсан. Орхон үүлдрийг дахин нэг удаа мериностой эрлийзжүүлбэл ноосны ширхэг нь буцаад 22-23 мкм хэмжээтэй болно гэж тооцсон.
-Монгол хонины ноос дэлхийн зах зээлд гарах боломжтой гэсэн үг үү. Хамгийн өндөр үнэд хүрдэг ноостой хонь хаанахынх вэ?
-Мэдээж боломж бий. Гэхдээ одоогоор бүх зүйл эмх замбараагүй байна. Борлуулалтын тогтолцоог нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлагатай. Шинэ Зеланд, Австралийн меринос хонины ноос хамгийн ашигтайд тооцогддог. Хурга байхаас л ноосыг нь өндөр үнээр худалддаг.
Гэхдээ меринос нь Монгол шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай оронд дасан зохицох чадваргүй. Тиймээс ийм төрлийн хонийг шууд Монголд нутагшуулах шаардлагагүй. Шат дараатай эрлийзжүүлж, үржүүлгийн ажлыг нарийн хийснээр монгол хонины чанарыг сайжруулах замаар ашиглах боломжтой.
-Та монгол хонины ноос их хялгастай байна гэж хэлсэн. Эрлийзжүүлэхээр хялгасгүй болох уу?
-Хангай үүлдрийн ноос хялгасгүй байсан. Хялгасгүй ноосыг хайчилж аваад угаагаад л утас ээрдэг. Гэтэл монгол хонины ноосыг хайчилж авсны дараа заавал хялгасыг нь түүх шаардлагатай. Уг нь танай улс олон хоньтой. Гэтэл нэг хониноос гарах ноосны хэмжээ маш бага. Нэг хониноос дунджаар 1.5 кг ноос (ашиглаж болох) гарч байна. Үүнийг өсгөх боломжтой л доо. Ингэхдээ хонь бүрийн үзүүлэлтийг хэмжих шаардлагатай.
-Манайх уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай улс. Гэхдээ сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд ярих болсон. Танд манай улсын нөхцөл байдалд аль нь илүү тохиромжтой санагдав?
-Мэдээж эрчимжсэн болон уламжлалт бэлчээрийн аж ахуй хоёрын аль алинд нь бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх давуу тал бий. Бэлчээрийн аж ахуйд ганцхан зүйлийг анхаарах шаардлагатай. Энэ нь бэлчээрийн ургамалд нөхөн ургах хугацаа өгөх. Судалгаа хийж байхад үүнд анхаарах шаардлага тулгарсан нь харагдлаа. Энэ нь бэлчээрийг доройтуулж, идээшилж буй малын шим тэжээлийн хангамжийг бууруулдаг. Улмаар бүтээгдэхүүний чанар, гарц муудах нөхцөл бүрдүүлж байгаа юм. Монголын нөхцөлд бэлчээрийн ургамлыг 45-60 хоногийн дараа сэргэн ургах боломжтой гэж үзэж байна. Энэ нь хур тунадас бага үед нэг удаа бэлчээрлүүлснээс хойших хугацаа гэж ойлгож болно.
Харин эрчимжсэн мал аж ахуйг эрхлэхийн тулд усалгаатай тэжээлийн талбай шаардлагатай. Тэжээлийг зөвхөн хур, борооны усаар усалж, ургуулах боломжгүй. Эрчимжсэн мал аж ахуйн ганц сул тал нь техник, тоног төхөөрөмж их шаардлагатай. Бусад нь хувь хүн, байгууллагын менежментээс шалтгаалдаг учраас өөр сул тал байхгүй. Зохицуулж чадвал аль аль нь тохирно.
-Судалгаагаар явж байхдаа малчидтай уулзсан уу. Тэд ноосны чанар, гарц сайжруулах тал дээр хэр анхаарч байна?
-Уулзалгүй яах вэ. Тэд ноосны гарц, чанарын тухай маш сайн ойлгож байна. Тиймээс илүү сайн байх ёстой, сайжруулах ёстойг ойлгуулж, ухуулсан. Монголчууд ноосноос илүү махны гарцад анхаардаг юм шиг санагдсан. Үржүүлгийн ажлыг зорилготойгоор хийж, зөвхөн мах, ноосны чиглэлийн гэж тус тусад нь үүлдэр гаргах нь илүү тохиромжтой. Махны чиглэлийн хонины ноосны гарц бага. Учир нь махны чиглэлийн хонины идэж буй уураг нь мах бий болоход зарцуулагддаг бол ноосных нь ноосоо өсгөхөд зохицсон байдаг. Мах болон ноосны чиглэлийн үүлдэр бий болгох боломжтой. Гэхдээ нэн нарийн ноосны чиглэлд энэ арга тохиромжгүй.
-Манай орны нөхцөлд ноосоо үнэ хүргэхэд ямар ажил хийвэл тохиромжтой гэж харав?
-Хамгийн түрүүнд ажигласан зүйл бол малчид хонины ноосоо хайчаар хяргаж буй нь үнэ цэнээ алдахад хүргэж байна. Учир нь хайчаар хяргасан ноосны урт жигд байж чаддаггүй. Тиймээс машинаар хяргах нь зөв шийдэл. Хоёрдугаарт, ноосны зах зээлийн үнийг маш сайн анхаарч байх хэрэгтэй. Мөн хяргасан ноосныхоо бохир хэсгийг цэвэрлээд худалдвал үнэд хүрнэ. Мөн малчид хонио ялгахын тулд будгаар тэмдэглэдэг юм билээ. Энэ нь ч ноосны хэмжээ, үнэд нөлөөлж буй. Хамгийн чухал зүйл нь малчид “Би зах зээлд түүхий эд бэлтгэж өгч байна. Тиймээс залилах, хуурах асуудал байх ёсгүй” гэдгийг ойлгох, мэргэжилтнүүд ч тэр чиглэлийн мэдээллийг түгээх хэрэгтэй мэт санагдлаа.
Монгол бэлчээр нутаг ихтэй. Энэ тал дээр нөөц боломж байна. Мал тооллогын 2006 оны дүнг энэ жилийнхтэй харьцуулахад хэд дахин нэмэгджээ. Мал хэт өсөх нь нэг малын идээшлэх талбайн хэмжээг хумьж, бэлчээрийн даацад нөлөөлөх нь мэдээж. Ингэснээр малын шим тэжээлийн хангамж буурч, улмаар бүтээгдэхүүний чанарыг бууруулах сөрөг талтай. Үүнд л анхаарах хэрэгтэй байна.