Цагтаа цалгиж, мэргэжлийн боксын дэвжээнд Монголынхоо нэрийг дуурсгаж явсан Сүхбаатарын Шинэбаяр эх орондоо иржээ. Английн аварга болсон манай улсын анхны төдийгүй цорын ганц боксчин гэдгээр нь түүнийг хүмүүс сайн мэднэ. Мэргэжлийн боксын Монголын анхны аварга С.Шинэбаяр Манчестер хотод клуб байгуулж, цөөнгүй шилдэг шавь бэлтгэсээр байгаа. Тус хотод гэр бүлийнхээ хамт амьдардаг түүнтэй ярилцлаа.
-Дөрвөн жилийн дараа эх орондоо хөл тавилаа. Ямар ажлаар Монголдоо ирэв?
-Эх орондоо амрахаар, гадаад пастортоо сунгуулахаар ирлээ. 2015 онд ирэхдээ хэдхэн хоноод буцсан. Тухайн үед тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтаас авхуулаад клубийнхээ бүх ажлыг ганцаараа зохицуулдаг байлаа. Тиймээс тухтай амрах зав гараагүй.
Есөн жилийн дараа эх орондоо ирчихээд хадмындаа очиж чадалгүй буцсандаа санаа ихэд зовсон. Одоо манай клуб үйл ажиллагаагаа тэлж, олон дасгалжуулагчтай болсон. Тиймээс энэ удаа Баян-Өлгий аймгийн Алтай сумд гэр бүлээрээ очиж, хадам аав, ээждээ золголоо. Тэндээс буцахдаа баруун таван аймгаар найз Жамбалдоржтойгоо сайхан аялаад ирсэн. Хадам ээжийг минь Ерөөлт гэдэг, Гавьяат багш. Насаараа боловсролын байгууллагад ажилласан, хөдөлмөрч хүн бий.
Би хоёр хүүхэдтэй. Том хүү минь 10, бага нь долоон настай. Хүүхдүүдээ монгол ахуйтай танилцуулж, үр өгөөжтэй аяллаа. Том хүү эх орондоо ирэхээсээ өмнө хийх зүйлийнхээ жагсаалт гаргасан. Ихэнхийг нь биелүүлээд байгаа.
-Боксынхонтойгоо уулзаж амжив уу?
-Хэд хэдэн боксын клубээр орж, найзуудтайгаа уулзсан. Хэд хоногоос Эрдэнэт явж, тэнд бэлтгэл хийж буй үндэсний шигшээ багийн тамирчидтай уулзахаар төлөвлөөд байгаа. Тэдэнд чадахаараа туслах, туршлагаасаа хуваалцахаар санаатай. Нөгөөдөр (өнөөдөр) явж амжих нь уу, үгүй юү.
-Боксын олон улсын шүүгч Д.Сүхбаатар таны аав. С.Шинэбаярыг боксчин болоход аав тань их нөлөөлсөн гэдэг.
-Тэгэлгүй яах вэ. Аав бокс мундаг тоглодог, Оросын тамирчид жийрхдэг байсан гэж үеийнхэн нь ярьдаг юм. Харамсалтай нь, авто осолд орсны улмаас залуудаа спортоо орхисон. Түүнээс хойш өнөөг хүртэл бокс, холимог тулааны шүүгчээр ажиллаж байна.
Багадаа би боксчин болно гэж ер төсөөлөөгүй. Нэг удаа Улаанбаатарт болсон олон улсын тэмцээн үзэв. Тэгж байхдаа олимп, дэлхийн хошой аварга, Кубын алдарт боксчин Анхел Эррераг анх харсан юм. Бараг дасгалжуулагчийнх нь дэргэд очоод шимтэж билээ. А.Эррера олимп, дэлхийн медальтай, орос тамирчныг төвөггүй ялахыг хараад биширсэн. Түүнээс хойш боксын спортоор хичээллэхээр шийдсэн юм.
Бокс заалгасан анхны багш минь миний аав. Дараа нь “Алдар” нийгэмлэгт намайг бүртгүүлж, Мөөеө (Мөнхжаргал) багшийн шавь болгосон юм. Жил гаруйн дараа Мөөеө багш “Алтан бээлий” клуб байгуулаад, өрх тусгаарласан. Түүнээс хойш цөөнгүй жил Гавьяат дасгалжуулагч А.Гантулга багшаар бокс заалган, амжилтын төлөө зүтгэсэн. Өсвөр үеийн УАШТ-д түрүүлэхийн өмнөх жил Ардын багш Х.Алтанхуяг багш намайг шавиа болгох санал тавихад А.Гантулга дасгалжуулагч зөвшөөрсөн юм. Тэгж 16 насандаа оюутны шигшээ багийн тамирчин болж байлаа.
Тэр онд бил үү дараа жил нь залуучуудын УАШТ-д өрсөлдөхдөө мэргэжлийн боксын анхдагчдын нэг, Пан Азийн аварга Ю.Димад ялагдан, мөнгөн медаль хүртсэн. Бид хоёр өсвөр үеийн ангилалд өөр жинд өрсөлдөөд хоорондоо учраа таараагүй байсан юм. Хоёулаа солгой өрөлттэй. Би “Олимпын гараа”-д гурав түрүүлж, УАШТ-ий өсвөр үеийн ангиллаас хоёр алт, нэг мөнгө, залуучуудынхаас мөнгө, насанд хүрэгчдийнхээс алт, мөнгө, хүрэл медаль авсан.
1997 онд ОХУ-д болсон олон улсын тэмцээнд түрүүлсэн. Тэгэхдээ “Олимпын гараа”-д дийлдсэн орос тамирчнаас даагаа нэхэж байлаа. Үнэнийг хэлэхэд багадаа өндөр амжилт гаргана гэж бодоогүй. Боксчин болж аавыгаа баярлуулахыг л хүссэн. Тиймээс Лондоны аваргын бүсээ нутагтаа авч ирсэн. Аавдаа үлдээчихээд буцна.
-Жинхэнэ нь мөн үү?
-Биш ээ. Английн аваргаа гурван удаа хамгаалсан тамирчинд бүсээ үүрд хадгалах эрх олгодог юм билээ. Би даанч болзлыг нь хангаж чадаагүй. Миний дасгалжуулагч байсан Крис Фулер “Чи Лондоны аварга цолоо алдахдаа, даагаа нэхэхдээ луйвардуулсан. Аваргаа гурав хамгаалаад бүсээ үүрд хадгалах болзол хангах боломж миний шавьд байсан” гээд дуураймлыг нь хийлгээд 40 насны төрсөн өдрөөр минь дурсгасан юм.
Бүсэндээ ялалтынхаа тоог, “Аавдаа” гэх үгийн хамт шивүүлсэн. Аавыгаа баярлуулж, ачийг нь өчүүхэн ч атугай хариулахын тулд энэ амжилтыг гаргасан юм шүү дээ. Би нээрэн мэргэжлийн боксын Монгол Улсын анхны аварга.
-Анхдагч болсон тухайгаа сонирхуулахгүй юу?
-Мэргэжлийн боксын холбоог 1999 онд байгуулж, анх удаа аваргын тэмцээн хийхэд нь би түрүүлсэн юм. Тэгж мэргэжлийн боксын Монголын анхны аварга болохдоо хэнийг ялснаа сайн санахгүй байна. Лав гурав бил үү дөрөвдүгээр үед хүнд цохилтоор ялсан юм даг. Мэргэжлийн дэвжээнд анх удаа өрсөлдсөн минь тэр. Миний дараа Баяртогтох улсынхаа аварга болсон.
-Ид иртэйдээ яагаад гэнэт мэргэжлийн боксыг сонгосон юм бэ?
-Би бусад тамирчны адил олимп, дэлхийн аварга болох мөрөөдөлтэй байлаа. Даанч тухайн үеийн шигшээ багийн дасгалжуулагчдын амбийц, шавиа, клубийнхээ тамирчныг дэмждэг, бусдыг нь дардаг байдал нь намайг өөр зам сонгоход хүргэсэн. Аав, Мөөеө багштай зөвлөөд ҮБТДС-ийг төгссөнийхөө дараа мэргэжлийн дэвжээнд өрсөлдөхөөр шийдсэн юм. Монголдоо таван тулаан хийгээд БНСУ-д WBC холбооны дэлхийн дэд аваргын төлөө хүч сорив.
Тэгэхдээ дэлхийн гурван удаагийн аварга, Филиппиний тамирчныг арай дийлээгүй. Би түүнийг гурав, долоо, аравдугаар үед сөхөрч унатал нь балбасан. Арванхоёрдугаар үе эхлэхэд филиппин тамирчин миний нүд рүү хатгачихдаг байгаа. Тэгсэн нь тоглолтод их нөлөөлсөн. Өмнөх шигээ тоглож чадахгүй байсаар ялагдаж билээ. Бид хоёрын өмнөх тоглолтод алдарт боксчин Мэнни Пакьяо хүч сорьж байсныг сайн санаж байна. Тэр тэмцээний дараа М.Пакьяо АНУ-ыг, би Их Британийг зорьсон юм. Гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв, кик боксын дасгалжуулагч О.Алтанпүрэв ахтай холбогдоод очиж байлаа.
-Хүний нутагт анх очиход ямар байв. Англичууд таныг хэрхэн хүлээж авсан бол?
-Тухайн үед тэнд Ч.Цэвээнпүрэв ах амьдарч байсан болохоор харьцангүй амар, түшигтэй байсаан. Цэвээнээ гавьяат тэнд аль хэдийнэ хөлөө олчихсон, менежертэй болчихсон байв. Бас болоогүй ээ хүнд цохилтоороо алдаршчихсан. Англичууд намайг түүн шиг тоглодог байх гээд жийрхэж байгаа нь анзаарагдаж байв. Цэвээнээ ах тэнд очихын өмнө “Чиний өрсөлддөг 50.8 кг цөөхөн тамирчинтай. Чадах уу, хэцүү шүү” гэж надад хэлсэн.
Тэгэхэд нь “Юу ч гэсэн үзээд алдъя. Чадахгүй бол ажил хийнэ ээ” гээд Английг зорьж билээ. Очсоны дараа надад өрсөлдөгч олдоогүй. Зургаан тамирчин тоглохоос татгалзсан. Цэвээнээ ах шиг эвгүй нөхөр Монголоос ирчихэж гээд жийрхсэн юм шиг байна лээ. Анхандаа амар байгаагүй ээ. О.Алтанпүрэв ахтай зургаан сар хамт амьдарч, ажил хийсэн. Тийшээ очих гээд хүмүүсээс зээлсэн өрөө дарсныхаа дараа Цэвээнээ ахын багш Ж.Доути агсантай хамтрахаар болсон юм. Тэрбээр намайг Европын аварга тамирчинтай бэлтгэл хийлгэж үзсэнийхээ дараа гэрээ байгуулав. Монголд хийсэн таван тоглолтын дөрвийг нь англичууд авч хэлэлцээгүй. Нэгийг нь яагаад тооцсон нь учиртай. Мэргэжлийн боксоор намайг Монголын, Ю.Димаг Пан Азийн аварга болсны дараа бид хоёрыг өрсөлдүүлсэн юм.
Тэнцсэн тэр тоглолт дэлхийн чансаанд бичигдсэн юм билээ. Намайг Англид очиход мэргэжлийн боксоор өрсөлддөг, хичээллэдгийн баталгаа болсон юм. Би мэргэжлийн дэвжээнд 19 тулалдахдаа наймд нь ялж, зургаад нь дийлдэн, хоёр тэнцсэн. Цөөнгүй шилдэг дасгалжуулагч, промоутер надад санал тавьсан ч би зөвшөөрөөгүй. Намайг хүний нутагт хэн ч биш явахад хөлийг минь дөрөөнд хүргэсэн болохоор Ж.Доути багшдаа үнэнч байхыг хүссэн. Амлалтдаа хүрч, түүнтэй 13 жил хамтарч ажилласан.
-Жин хэр их хасдаг байсан бэ?
-Би “ялаан жин” гэгддэг 50.8 кг-д өрсөлддөг байсан. Тэгэхийн тулд 7-8 кг хасна. Жин өгсөөд 52.25 кг-д тоглох байсан. Гэхдээ надаас гадна Английн 10 аварга, дэлхийн хоёр аварга бэлтгэсэн багшийнхаа зөвлөгөөг зөрж зүрхлээгүй.
-Та Лондоны аварга болсон Монголын анхны боксчин. Аваргын бүсний эзэн болох болзлыг хэрхэн хангав?
-Би 2005 онд Англид нэгт эрэмбэлэгддэг тамирчин боллоо. Тус улсын аваргын төлөө өрсөлдөхийн тулд заавал иргэншлээ солих шаардлагатай. Би тэгэхийг хүсээгүй. Тэгж явсаар 2008 онд Английн дэвжээнд хүч сорьж буй гадаад тамирчдын аварга болж, цэнхэр бүс зүүсэн. Тэгэхдээ “Ноён булчин” хочтой, Испанийн тамирчныг ялсан юм. Тэр тоглолтын дараа Монголд ирж, ивээн тэтгэгч хайсан ч нааштай хариу сонсоогүй. Тэгэхээр нь Англид буцаж очоод иргэншлээ солихоор шийдлээ. Зорилгодоо хүрэх, клубтэй болохын тулд тэгэхээс өөр арга байгаагүй.
Тухайн үед Англид суугаа Монгол Улсын Элчин сайд байсан Алтанхуяг гуайд учир байдлаа хэлтэл иргэншлээ солихыг минь зөвшөөрөөгүй. Тэрбээр “Ийм сайхан монгол залууг Английн иргэн болгомооргүй байна” гээд надад “Иргэншлээ сольсон нь үнэн” гэсэн бичиг өгсөн юм. Алтанхуяг гуайд их баярлаж явдаг. Би түүнийг нь үзүүлээд клубээ нээж, Монголынхоо иргэн хэвээр үлдсэн. Би Английн аваргын төлөө Крис Эдвард гэдэг тамирчинтай өрсөлдсөн. Тэгэхэд олон хүн намайг иргэншлээ солингуут нь шууд Английн аваргын төлөө хүч сориулаа гэж андуурсан.
Намайг 2005 онд Английн №1 тамирчин болсныг мэдээгүйдээ тэр. Би К.Эдвардтай урагш давших бус, хүлээж байгаад угтуулж цохих тактикаар өрсөлдсөн юм. Тэр намайг довтолж тоглоно гэж таамагласан юм билээ. Мэргэжлийн боксын спортод үе бүрийн төгсгөл, ялангуяа сүүлийн 30 секундэд идэвхтэй, санаачилгатай тоглох их чухал. Чингис хаан Английн нутагт хөл тавьж, эзэлж чадаагүй. Их хааныхаа дутууг гүйцээлээ гэж бэлгэшээсэн. Английн аварга болсон надаас өөр тамирчин байхгүй. Аваргаа болохоос хамгаалах нь илүү хэцүү. Би аваргын бүсээ хамгаалах эхний тулаандаа Английн Эшлитэй хийсэн. Тоглолтын өмнө олон хүн намайг ялагдана гэж таамаглаж байв. Бүр 11:4-өөр дийлдэнэ гэх таамаг ч гарчихсан байлаа. Намайг 10 насаар дүү өрсөлдөгчөө ялна гэж таамагласан хүн цөөн байсан үнэн. Тухайн үед би 679 боксчиноос дэлхийд 27, Европт гуравт эрэмбэлэгдэж байлаа.
Аварга цолоо алдсан тулаан үнэхээр харамсалтай. Ялагдаж, өрсөлдөгчөөсөө дутуу байсандаа дийлдээгүй учраас тэр. Өрсөлдөгч маань эхний үед намайг хүчтэй мөргөсөн. Мэргэжлийн ямар ч спортод аварга тамирчин бэртвэл тулааныг шууд зогсоон, хойшлуулдаг дүрэмтэй. Тэгэхэд намайг тэгээгүй. Шууд ялагдсанд тооцсон юм. Улсынхаа аваргын бүсийг өөр орны тамирчинд эзэмшүүлэхгүй гэсэндээ тэр. Тэгж миний ялалтыг луйвардсан хэрэг. Хоёр минут тоглоод мэс заслын өрөөнд 45 минут хэвтэж билээ. Духандаа 17 оёо тавиулсан. Уг нь түүнийг ялсан бол Европын аваргын төлөө өрсөлдөх эрх өвөртлөх байсан юм. Бүр цаашлаад дэлхийн аварга төлөө хүч сорих үүд нээгдэх байсан юм, уг нь.
-Аваргын бүсээ эргүүлэн авах боломж байсан уу?
-Хангалттай байсаан. Бэртлээ эдгээн, зургаан сар эмчлүүлээд өрсөлдсөн сүүлчийн тоглолт бокс бус, нохой зодоон болсон шүү дээ. Өрөлдөгч маань дэвжээнд гарч ирэнгүүтээ намайг мөргөхөд хамар, хацарны арьс задарсан. Төмсөгдөж, мөргөөд ёстой хазахаас бусдыг хийснийхээ хүчинд л намайг ялсан юм. Тэр 18, би 22 удаа оновчтой довтолсон. Гэтэл намайг ялагдуулсан юм. Тэр тоглолтын дараа ганц нэг тулаан хийх бодолтой байлаа. Гэтэл өрсөлдөхөөр төлөвлөсөн цөөнгүй тамирчин ялалтыг минь худалдаж авахыг хүссэн. Тоглолтод ялаад авах мөнгөнөөс хэд дахин илүүг амласан. Би тэдэнд ялалтаа худалдахыг, мөнгөнд сөхрөхийг хүсээгүй. Тэгснээрээ би хаана ч нүүр бардам явдаг. Эд баялаг олдоно, алдар, нэр хүнд дахиж олдохгүй шүү дээ.
-Тэр ялагдал танд хэр хүнд тусав?
-Би сүүлчийн дөрвөн тоглолтод өрсөлдөхдөө 47 оёо тавиулсан, гар хоёр удаа хугарсан. Хэдий болтол бор зүрхээрээ зүтгэж, хавчигдах вэ гээд зодог тайлахаар шийдсэн юм. Тухайн үед 33 настай байсан болохоор дахин зүтгэх цаг хугацаа хомс байлаа. 2009-2011 онд Английн аварга байсныг түүх гэрчилнэ. Бэртээд хүний нутагт олон сар хэвтэрт байх үнэхээр хэцүү. Миний ханийг Ч.Цолмон гэдэг. Намайг маш сайн ойлгож, дэмждэгийнх нь хүчинд л тэр бүхний ард гарсан юм.
-Хүний нутагт клуб нээсэн тань сонирхол татаж байна. Манчестер хотод боксын клуб байгуулах гарцыг хэрхэн олов?
-Нэг талаараа би их азтай. Эсвэл тэнэг зоригтой байх. Зодог тайлсныхаа дараа клуб байгуулахаар шийдсэн. Би бокс тоглохынхоо хажуугаар 2008 оноос Английн нэгэн клубт дасгалжуулагчаар ажилласан. Тэд сүүлдээ надад менежерээр ажиллуулах санал тавихад нь зөвшөөрөөгүй. Тэгээд өрх тусгаарлан, байрны нэг давхрын жижигхэн өрөөнд клубээ байгуулж байв. Болгоно, бүтээнэ гээд л зориглоод зүтгэсэн минь 2013 он. Сургалтад суугаад ахлах дасгалжуулагчийн болзол хангасан. Манай клуб 15-30 насны 30 тамирчинтай, Английн хойд бүсийн хоёр аваргатай. Тэд ирэх сарын сүүлчээр аваргаа хамгаалах тулаан хийнэ.
-Монголын мэргэжлийн спортын өнөөгийн хөгжлийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Холимог тулааны тамирчдын амжилт, ур чадвар жилээс жилд ахиж байна. Нэг тамирчин UFC холбоотой гэрээ байгуулсан гэж дуулсан. Энэ бол том дэвшил. Гэтэл мэргэжлийн боксчид тун тааруу байна. Н.Төгсцогтоос өөр шуугиулж яваа тамирчин хуруу дарам. Гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар мэргэжлийн дэвжээг сонгосныг би буруутгахгүй. Залуудаа мэргэжлийн бокст хүч сориод амжилтын төлөө зүтгэсэн нь дээр. Д.Отгондалай олимп, ДАШТ-ий хүрэл медальтай, нэр хүндтэй тул мэргэжлийн дэвжээ илүү нээлттэй. Би жуулчны визээр Английг зорьсноос тэс өөр нөхцөл түүнийг угтах нь мэдээж. Би тэднээс гадна Э.Цэндбаатар, Б.Чинзориг, Х.Энхмандах нарыг үнэлдэг. Мэргэжлийн боксын дэвжээнд амжилт гаргах боломж тэдэнд бүрэн бий.
-Та Англи руу хэзээ буцах вэ?
-Энэ сарын 20 хавьцаа буцахаар төлөвлөсөн. Бичиг баримтны ажил юу болох нь. Хойшилж ч магадгүй. Очингуутаа Английн хойд бүсийн аваргаа хамгаалах, аваргын төлөө өрсөлдөх дөрвөн тамирчныхаа бэлтгэлийг хийлгэнэ. Аливаа зүйл шат, шатаар ахидаг. Ирэх жилээс 2-3 тамирчнаа мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдүүлэхээр төлөвлөөд байгаа. Гэхдээ бэлтгэл, амжилтыг нь харгалзан байж шийднэ.