Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвшилцсөн ажлын хэсгийн саналыг УИХ дахь олонхын бүлэг дөрөв дэх өдрөө хэлэлцлээ. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид өнөөдөр (өчигдөр) шийдвэрээ эцэслэчих болов уу. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэж байгааг харгалзах ёстой. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй олон санал байгаа. Түүний хүрээнд зөвшилцөх, ярилцах, саналаа нэгтгэх гээд нэлээн ажил бий. Бүлгээрээ Ерөнхийлөгчийн оруулж ирсэн бүх саналыг ярилцсан. Одоо тоймтой хэдхэн санал л үлдсэн. Бид олонхоороо шийдвэрээ гаргана” гэх мэдээлэл өгсөн. МАН-ын бүлгийн хуралдаан завсарлах үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын байр суурийг сонслоо.
Ташрамд дурдахад, бүлгийнхээ хурал дээр МАН-ын дарга У.Хүрэлсүх “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд өөрсдөө шийдэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах саналыг УИХ-д олон удаа сонгогдсон гишүүд нэлээд дэмжсэн гэнэ. Үүнээс гадна тэд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ,чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, таван жилийн хугацаатай сонгоно” гэх заалтыг хүлээн авсан байна. Тус бүлгийн хуралдаанд 40 орчим гишүүн оролцож байгаа аж.
-МАН-ын бүлэг олон өдрийн турш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцлийн саналыг хэлэлцэж байна. Ямар саналын хүрээнд ойлголцож чадахгүй байгаа юм бэ?
-1992 онд Үндсэн хуулийг батлах үед Монгол Улсын нийгэм, эдийн засаг, олон улсын харилцаа, гадаад худалдааны цар хүрээ ямар байсан билээ. Харин одоо өөр нөхцөл байдалтай болсон. Тиймээс “хөгжлийн” гэж тодорхойлмоор Үндсэн хуультай болохын тулд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Үүнийг манай нам өнгөрсөн сонгуулиар мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Үндсэндээ энэ ажил 2016 оноос эхэлсэн гэсэн үг. Судалгаа хийж, олон талаар зөвшилцөх ажлууд үргэлжилсээр өнөөдөр хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд ирээд байгааг юуны түрүүнд хэлье.
Ойрын хэдэн өдөр бид зөвшилцлийн ажлын хэсгийн саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналыг хаяад, МАН дангаараа энэ нэмэлт, өөрчлөлтийг баталж болдоггүй юм уу гэж хэлэх хүн ч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг байх учиртай. Тиймээс Ерөнхийлөгчийн оруулсан саналын талаар бид зөвшилцөх хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавих эрх нь ч бий. Тиймээс бид хоригийг хүлээж авахгүй явж чадах уу гэдгээ бодох ёстой. Түүнчлэн үүнийг батлах хэд хэдэн шатанд Ерөнхийлөгчийн оролцоо байх талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан байдаг.
Зөвшилцөж чадахгүй байгаа санал нь УИХ-ын гишүүдийн тоо. 108 гишүүнтэй болгох Ерөнхийлөгчийн саналыг манай бүлэг хүлээж авахгүй гэсэн. Улмаар дундын хувилбар бий болгох санал гарсан. Тодруулбал, АН-ын зүгээс 99 гишүүтэй болгох санал дэвшүүлсэн. Ер нь хууль тогтоох үйл явцад нэг гишүүний жин дарах хувь, хэмжээг багасгая, хувийн ашиг сонирхлыг нь хязгаарлая, томоохон компаниудын нөлөөллөөс сэргийлье гэсэндээ гишүүдийн тоог нэмэх талаар ярьж байгаа. Миний хувьд дундын хувилбартаа тогтох нь зүйтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр хэдхэн том компанийн ашиг сонирхлыг хамгаалсан хууль, бусад шийдвэр гаргахад арван хэдхэн гишүүн нөлөөлөхөөр байгаа нь нууц биш. Томоохон компанийн ТУЗ-ийн гишүүн, дэд захирал байсан хүмүүс олноороо парламтентад сууж байна шүү дээ. Тиймээс эдийн засаг, бизнестэй холбоотой шийдвэр гаргахад тэдгээр компанийн нөлөөлөл орохоос болгоомжлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цөөхөн гишүүнтэй байх тусам том компанийн лобби их.
-“Эцэг хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийг тойрсон хэлэлцүүлэг, зөвшилцлийг та хэрхэн харж байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил гурван үндсэн уриан дор өрнөж байна. Нэгдүгээрт, хяналт, хоёрдугаарт, тэмцэл, гуравдугаарт, хариуцлага. Өнөөдөр жижиг тойргоос сонгогдсон гишүүд улсын төсөв хэлэлцэхээр яадаг билээ. Үе үеийн Сангийн сайд нар өөрийнхөө нутаг, тойрог руу хамаг төсвийг хуваарилдаг. Гишүүн бүр тойрогтоо төсөв тавиулах гэж гүйдэг. 2011 оноос хойш Монгол Улсын эдийн засаг дорвитой тэлэхгүй байгаагийн учир нь энэ. Өөрөөр хэлбэл, тойрог руугаа чиглэсэн популист “улс төр хийгээд”, нийтлэг эрх ашгийг орхигдуулдаг. Ирэх оны төсвийг есдүгээр сарын 15-нд өргөн бариад аравдугаар сараас хэлэлцэж эхэлнэ. Хэн том лоббитой, фракцтай гишүүдийн тойрог руу улсын төсвийн дийлэнх нь хуваарилагддаг. Гэтэл бид мега төслүүдийнхээ талаар ярьж чадахгүй 10 гаруй жил болчихлоо. V цахилгаан станцын талаар ярьж эхэлснээс хойш 15 жил өнгөрчихөж. Боловсруулах үйлдвэрүүдийн талаар 20 жил ярилаа. Гэтэл яг эцсийн дүндээ тойрог руугаа л төсвөө татсан байдаг. Аялал жуулчлал Монгол Улсын томоохон бүтээгдэхүүн гэдэг атлаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нь үүнийг хөгжүүлэх төсөл байдаггүй. Жуулчид модон жорлон хэрэглэсээр л байна. Үүнийг цаашдаа том зургаар нь харж, яаж хурдан хөгжих вэ гэдгээ ярихгүй бол бид урагшлахгүйг өнгөрсөн 30 гаруй жил гэрчилнэ. Дөрвөн жил төр барьсан намынхаа бодлогыг дараагийнх нь зөв байсан ч үгүйсгэдэг. Төрийн залгамж чанар байхгүй. Аливаа зүйлийг өчүүхэн эрх ашгийнхаа үүднээс биш, томоор харъя. Зарим нь гишүүдийн тоог нэмбэл сонгуулиар ялагдах эрсдэлтэй гэж байна. Ирэх сонгуульд ялж, ялагдах чухал зүйл биш. Энэ шийдвэр өнөөдөр зөв байгаад улсын ирээдүйд эерэгээр нөлөөлөх нь чухал.
Б.Уран