Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь нэг жилд тухайн улс оронд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үнэ цэний нийлбэр гэдгийг бид мэднэ. Эл өсөлтийн хэмжээ нэмэгдэх тусам бид илүү их хөдөлмөрлөж, борлуулалт хийн, ашгаа өсгөсөн гэсэн үг. Манай улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2016 онд 1.2, дараа жил нь 5.3, өнгөрсөн онд 6.9 хувиар өсжээ. Энэ хэрээр бид гадаадынханд Монгол Улсад үйлдвэрлэж буй бараа, үйлчилгээний хэмжээ жилээс жилд өсөн, зах зээл идэвхжин, хөгжиж буй улс гэдгээ харуулж буй хэрэг. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаануудын нэг нь ч энэ мөн.
Тэгвэл эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргааг дээшлүүлэн, инфляцыг бууруулахад ямар нөлөө үзүүлж буй бол. Уг өсөлтийн өгөөж хаана, амьжиргааны аль давхаргынхад илүүтэй “тусаж” буйд хариулт “олдоогүй” талаар МУИС-ийн Эдийн засгийн танхим болон Япон Улс дахь Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны төв “Erina” байгууллага хамтран өчигдөр зохион байгуулсан “Монголын эдийн засаг” сэдэвт илтгэл, хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөв. “Erina” нь Монгол, ОХУ, Хятад, Зүүн хойд Азийн орнууд болон Солонгосын хойгийн эдийн засгийн төлөвийг судалдаг аж. Тус байгууллагын мэргэжилтнүүд, шинжээчид тухайн улс, бүс, мужийн их, дээд сургуулиуд, багш, эдийн засагчидтай хамтран судалгаа хийж, үр дүнг нь нэгтгэдэг юм байна. Тэд МУИС-ийнхантай хамтран манай улсын эдийн засгийн байдал, зах зээлд хийсэн зарим судалгааг танилцуулсан юм.
Энэ хүрээнд “Эдийн засгийн өсөлт ба амьжиргааны түвшний хамаарал” судалгаа гаргажээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөх нь орлогын хувьд харилцан адилгүй өрхүүдэд ялгаатайгаар нөлөөлдөг буюу өндөр орлоготой айлуудад төдийлөн анзаарагддаггүй бол орлого багатай өрхийн амьжиргаанд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлдэг гэнэ. Гэхдээ эл нөлөөг маш бага хэмээн хэлж болох юм байна. Тухайлбал, судалгаанд дурдсанаар аймгийн эдийн засаг нэг хувиар өсөхөд ядуурлын түвшин 0.1 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь тухайн аймгийн эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрэхэд ядуурлын хамрах хүрээ дөнгөж нэг пунктээр буурсан гэсэн үг. Мөн аймагт оршин суугчдын амьжиргааны тэгш бус байдлын үзүүлэлтэд нөлөөлөөгүй, орон нутгийн оршин суугчдын амьжиргааны түвшнийг ахиулаагүй гэнэ.
Хөдөлмөрийн хөлс хүн амын олонхын амьжиргааны гол эх үүсвэр болдог. Ажилтай, тогтмол цалинтай байх нь ядууралд өртөх магадлалыг бууруулна. Гэхдээ 2010 оныхтой харьцуулсан цалингийн бодит өсөлт нь хүн амын чинээлэг хэсэгт түлхүү ногдож буй аж. Хэрэв эдийн засгийн өсөлт нийт ажиллагсдад эергээр нөлөөлж, бодит орлогыг нь нэмэгдүүлсэн гэвэл өгөөж нь хүн амын 20 хүрэхгүй хувьд буюу чинээлэг хэсэгт л хүрснийг ойлгож болох нь. Үүнээс гадна манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт уул уурхайн салбарын үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээтэй шууд хамааралтай. Гэтэл уг салбарт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд түлхүү “тоглодог”. Тэр хэрээр салбарын бүтээмж, ашиг гадагшаа чиглэдэг гэв. Хэдий үйлдвэрлэл дотоодод явагдах ч өгөөжийг нь хуваалцах, “өрмийг” нь хамах эзэдтэй гэвэл буруудахгүй нь.
Тиймээс эдийн засгийн өсөлтийн хэмжээг нийт хүн амын амьжиргааг дээшлүүлэн, ядуурлыг бууруулах нөхцөл хэмээн шууд тооцож болохгүйг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, профессор Б.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр “Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн өсөлт дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэх хөрс суурь болж байна. Энэ салбараас манай улсын эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөө буюу татвар, хураамжийн төвлөрөл, ажлын байрны өсөлт зэргийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ салбар бүхэлдээ гадаадын хөрөнгө оруулалт, хамтран эзэмшигчийн хувь, оролцооноос шалтгаалдаг тул бүх орлого, ашгийг манайх гэх арга байхгүй. Үүний оронд бид үндэсний нийт орлогынхоо хэмжээг тодорхойлж, түүнийгээ өсгөхөд анхаарах нь чухал. Үндэсний нийт орлого сүүлийн жилүүдэд хангалттай хэмжээнд өсөөгүй нь сайн үзүүлэлт биш. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд бид дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр, үйлчилгээний газрын тоог аль болох олшруулж, экспортын хэмжээгээ өсгөн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай” хэмээн ярилаа.
Хэлэлцүүгийн үеэр МУИС-ийн багш Б.Алтанцэцэг манай улсын цалингийн бүтцийн түүвэр судалгааны тоон өгөгдөлд хийсэн дүгнэлтээ танилцуулсан юм. Судалгаанд санамсаргүй түүврийн аргаар 2500 орчим аж ахуйн нэгж, байгууллага, 30 000 хүнийг хамруулжээ. 2011-2018 онд эдийн засгийн өсөлт өндөр байсан жил нь ажилгүйдлийн түвшин буурсан ерөнхий дүр зураг ажиглагдсаныг тэрбээр дурдав. Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 6.9 хувиар өссөн нь чамлахаар дүн биш. Ингэснээр ажилгүйдлийн түвшин 6.6 хувьд хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн доод үзүүлэлт болжээ. Эдийн засаг сэргэхийн хэрээр нэг ажилтанд ногдох бодит цалингийн хэмжээ ч өссөн аж.
Түүнчлэн аж ахуйн нэгж бүрийн олдог зуун төгрөгийн орлогоос ажилчдын цалингийн эзлэх хувь харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал, аж үйлдвэрийн салбарынхан орлогынхоо 23, хөдөө аж ахуйнхан 27, үйлчилгээний салбарынх орлогынхоо 30 орчим хувийг цалинд зарцуулдаг гэнэ. Харин улсын дундаж үзүүлэлт 2017-2018 онд 28 орчим хувьтай байжээ. Мөн хүйсийн ялгаа хөдөлмөрийн хөлсөнд чухал нөлөө үзүүлдэг орнуудын тоонд Монгол Улс багтдаг гэнэ. Эндээс Улаанбаатарт, аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төрийн өмчит компанид ажилладаг, өндөр боловсролтой эрэгтэй хүн хамгийн өндөр цалин авдаг хэмээн ойлгож болох юм байна. Үүнээс гадна уг судалгаагаар боловсролын түвшин, харьяалагдах салбар, ажилласан жил, туршлага зэргээсээ хамаарч ялгаатай цалин авдаг олон хувилбарыг танилцууллаа.
Манай улс гадаадын 130 гаруй улстай худалдаа хийдэг ч нийт экспортын 80 гаруй хувь нь урд хөршид ногддог. Экспортын бүтээгдэхүүнд эзлэх жингээр уул уурхайн түүхий эд 90 орчим хувиар тэргүүлдэг. Тиймээс бид уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өсгөх талаар нэлээд олон жил ярьж, төлөвлөн, хөрөнгө мөнгө зарцуулж буй нь үнэн. Гэсэн ч ахиц төдийлөн харагдахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, дэлхийн зах зээл дэх түүхий ноолуурын 40 гаруй хувь буюу жилд 10 000 орчим тонн ноолуур бэлгэдэг монголчууд эл дүнгийнхээ 15 орчим хувиар л эцсийн бүтээгдэхүүн хийж, тоотой хэдэн улсад экспортолж буй. Тиймээс экспортыг төрөлжүүлэхэд санхүүгээс бусад аргыг ашиглан, алсын бодлоготой хөдлөхийг хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм.