Найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог алтны эрэлт нэмэгдсэнээр фьючерс ханш нь өчигдөр 1500 ам.доллар давсныг “Bloomberg” уламжиллаа. Тодруулбал, “Comex” биржид үнэт металлын ханш 1.2 хувиар өсөж, унци нь 1502.3 ам.долларт хүрчээ. Энэ нь 2013 оноос хойших хамгийн өндөр дүн аж. Ер нь энэ он гарснаас хойш уг таваарын үнэ 17 хувиар өссөнийг мөн тодотгов. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа, Төвбанкууд мөнгөний бодлогоо сулруулж буй нь шар металлын ханшид нөлөөлж буйг тэмдэглэсэн байв. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан даамжирвал унци алтны ханш 1600 “ногоон”-д хүрч өсөхийг үгүйсгэхгүй хэмээн Швейцарын UBS банк үзэж буй гэнэ.