Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдааг сайжруулах зорилгоор “Coal Mongolia-2019” чуулганыг 2011 оноос “Гложекс Консалтинг” компани зохион байгуулж байсан билээ. Харин энэ жилээс тус чуулга уулзалтыг “Монгол нүүрс ассоциаци” зохион байгуулахаар болсон байна. Азийн зах зээлд Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ес дэх удаагийн чуулга уулзалт болно. Энэхүү уулзалтаар анх удаа бүс нутгийн харилцаа, орон нутгийн хамтын ажиллагааг хэлэлцэх юм. Мөн Өмнөговь аймаг болон Өвөр Монголын Өөртөө засах орны Баяннуур аймгийн удирдлагууд оролцох бөгөөд хоёр улсын хил гаалийн байгууллагын төлөөлөл, уул уурхай, тээврийн компаниудын захирлууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Чуулга уулзалтын эхний өдөр уламжлал ёсоор Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум болох юм. Харин хоёр дахь өдөр нь нүүрс олборлолт, баяжуулалт, тээвэр ложистикийн асуудлыг ярилцахаар төлөвлөсөн аж.