Зочин И.ЧИНБАТ Доктор (PhD) Уншигч-сурвалжлагч Л.БАЯР Дэд хурандаа, доктор (PhD)
Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг удахгүй өргөн дэлгэр тэмдэглэнэ. Энэ дайны түүхийн судалгааг гүнгийрүүлэх шаардлага өнөөг хүртэл хэвээрээ буй бөгөөд чухам хэдийд эхэлсэн, дайн, байлдаан, мөргөлдөөний аль нь вэ гэдэгтэй эрдэмтэн, судлаачид байр сууриа нэгтгээгүй байгаа билээ.Тэгвэл энэ талаар ҮБХИС-ийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дүн шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (PhD), дэд хурандаа Лхамсүрэнгийн Баяр манай уншигч-сурвалжлагчаар ажиллаж, тус сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн багш, доктор Ишхандын Чинбаттай ярилцав. Манай уншигч-сурвалжлагчаар ажилласан доктор, дэд хурандаа Л.Баяр ч бас энэ дайны талаар судалсан эрдэмтэн юм.
-Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг манай улс энэ жил өргөн дэлгэр тэмдэглэх болсон. Энэ ой бол манай улсын тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалан тэмцсэн XX зууны сүүлчийн дайн байлаа. Тиймээс манай улсын төр засаг, олон нийт энэ дайны ач холбогдол, түүх сургамжид нэлээд анхаарч байгаа. Түүний нэг нь “Өнөөдөр” сонины хамт олон биднийг “Уншигч-сурвалжлагч” буландаа урьж оруулж байгаад энэ ташрамд талархсанаа илэрхийлье. Ингээд Халхын голын дайны үйл явц, үүсэл шалтгааны талаар доктор И.Чинбат та өөрийн судалгаандаа үндэслэн санал бодол, байр сууриа бидэнтэй хуваалцана уу? Монгол төдийгүй Япон, ОХУ-ын судлаач нар ч Халхын голын дайны үйл явцыг өөр өөрөөр дүгнэдэг шүү дээ.
-Монгол Улсын нутаг дэвсгэр, хил хязгаарт өрнөсөн 1939 оны Халхын голын зарлаагүй дайны оршил буюу үүсэл, шалтгаан нэлээд эртнээс тавигдсан гэж үзэж болно. Ялангуяа 1920-иод оны сүүлчээр Алс дорно дахинд Японы цэрэг дайны түрэмгий бодлого газар авсан. Бүр 1927 онд Японы Ерөнхий сайд Танака “Япон Улсын оршин тогтнох гол үндэс бол Зүүн хойд Ази, Манжуур, Гадаад Монголыг эзлэхээс шууд хамаарна. Энэ зорилтоо биелүүлбэл Япон улс цаашид хүчирхэгжих нөхцөл бүрдэнэ” гэж мэдэгдсэн нь хэрэг дээрээ өөрсдийн түрэмгий бодлогоо ил тод зарласан хэрэг юм.
Түүгээр ч зогсохгүй Японы зүгээс 1931 онд зүүн хойд Хятадыг эзэлж, дараа онд нь цэрэг, дайны зорилгоор Манж Го улсыг байгуулсан. Мөн Европ дахинд дайн өдөөхөөр илэрхий заналхийлсэн Герман улс лугаа холбоотон болж, түрэмгий бодлогоо эрс идэвхжүүлж эхэлсэн. Энэ үеэс үндсэндээ Ази, Европт нэгэн зэрэг дайны аюул занал бодитой хүчин зүйл болсон төдийгүй Монгол, Зөвлөлтийн хувьд Японы цэрэг, дайны бодлого, байр суурь илүү анхаарал татаж эхэлсэн байдаг.
Алс дорнодын бүс нутагт үүссэн Японы цэрэг, улс төрийн бодлогоос шалтгаалж Монгол, Зөвлөлтийн удирдагчид 1934-1936 онд удаа дараа уулзаж, харилцан тохиролцсоноор 1934 онд Харилцан туслалцах аман гэрээ анх байгуулж, тус хоёр улсын нутаг дэвсгэрт гуравдагч этгээдээс халдан довтолбол харилцан бие биедээ тусламж үзүүлэхээр болсон. Тухайн үед цагийн байдал эрс хурцдаж байсны улмаас уг аман гэрээг 1936 оны гуравдугаар сарын 12-нд Харилцан туслалцах протокол болгон байгуулж, албан ёсоор дахин баталгаажуулан “Энэхүү гэрээг тогтоосон нэгэн этгээдийг цэргээр довтолбол, бие биедээ элдэв тусламж, мөн цэрэг, зэвсгийн тусламжийг үзүүлэх үүргийг хүлээсэн” нь тус хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг хангахад чухал эрх зүйн үндэс болсон юм.
Эдгээр үйл явдлууд нь Японы халдлага түрэмгийлэл улам бүр өргөжиж, бодит хүчин зүйл болсныг давхар нотлон харуулсан хэрэг. Мэдээж, Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах протокол байгуулсныг Японы зүгээс таатай хүлээж аваагүй. Тийм ч учраас цэрэг, дайны бэлтгэлээ хангах, улмаар Монгол Улсын дорнод хил хязгаар, газар нутагт ил, далд янз бүрийн өдөөн хатгалга, хилийн зөрчил будилааныг удаа дараа зохион байгуулах, цэрэг, зэвсгийн хүчээр халдан түрэмгийлэх зэргээр элдэв шалтаг хайсаар байсан нь удахгүй тодорхой болсон.
-Тухайн үеийн Зөвлөлтийн удирдагчдын баримталсан бодлого, байр суурийн талаар тодруулна уу?
-Халхын голын дайн бол үнэн чанартаа дэлхийн томоохон, хүчирхэг гэгдсэн улс гүрнүүдийн өөр хоорондын зөрчил тэмцлийн үр дагавар байсан. Өөрөөр хэлбэл, ЗХУ болон Японы зүгээс явуулсан Алс дорнодын улс төр, цэрэг, стратегийн чухал түшиц газрын төлөөх тэмцэл эцэстээ томоохон дайн, байлдааны хэмжээнд хүрсэн гэсэн үг. Тухайн үед Зөвлөлтийн удирдагч И.В.Сталины бодлого, байр суурь Монгол Улсын хувьд ч тэргүүн зэргийн ач холбогдолтой байсан нь түүхэн үнэн.
Тэрбээр 1930-аад оны дундуур Ерөнхий сайд П.Гэндэн, ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмид тэргүүтэй төлөөлөгчдийг удаа дараа хүлээн авч уулзах үеэрээ Монгол ардын хувьсгалт цэргийн хүн хүч, зэвсэг техникийн хүчин чадлыг бэхжүүлэх талаар онцгой анхаарал хандуулсан байдаг. Түүний гол зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт өөрийн цэргийн хүчийг оруулах асуудлыг Монголын удирдагчдаар хүлээн зөвшөөрүүлж, нэн даруй хэрэгжүүлэх явдал байсан. Тиймээс Зөвлөлтийн талаас Монгол ардын хувьсгалт цэргийг бэхжүүлэхэд багагүй тусламж дэмжлэг үзүүлсэн юм.
Хэдийгээр Монголын удирдагчид Зөвлөлтийн цэргийн хүчийг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулах талаар болгоомжлон, аль болохоор зэвсэг, техникийн тусламжийг илүүд үзэж байсан ч Зөвлөлтийн удирдагчдын шахалт, шаардлагыг хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Гэвч хожмын үйл явдлын өрнөлөөс үзэхэд, И.В.Сталины байр суурь тийм ч буруу, зөрүү байгаагүй, харин ч манай армийг бэхжүүлэхэд туслах замаар өөрийн цэргийн хүчийг Монголд илгээж, 1939 оны Халхын голын дайнд Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтарсан хүчээр Японы эсрэг шийдвэрлэх ялалт байгуулсныг зүй ёсоор үнэлэх учиртай болов уу.
-Тэгэхээр Халхын голын дайны үүсэл, шалтгаан 1920-иод оны сүүлч, 1930-аад оны эхээр хэдийн эхэлсэн гэж үзэж болох юм байна. Харин Монгол Улсын хувьд уг үйл явц хэрхэн нөлөөлсөн бэ?
-Юуны өмнө Алс дорнодын түшиц газар, орон зайн төлөөх ЗХУ болон Японы цэрэг, улс төрийн бодлогын зөрчил тэмцлийн явцад Халхын голын дайны үүсэл, шалтгаан нэгэнтээ тавигдсан тухайд түүхч, судлаачид хүлээн зөвшөөрөх хандлагатай болж буйг хэлэх хэрэгтэй байх. Харин Монгол Улсын хувьд тэрхүү цэрэг, стратегийн чухал түшиц газарт оршин тогтносон нь хэрэг дээрээ Халхын голын дайнд хүссэн, хүсээгүй шууд татагдан орох гол хүчин зүйл болсон нь тодорхой. Тэгээд ч ЗХУ-ын зүгээс Монголд цэргийн хүчээ оруулах асуудлыг яаравчлан шийдэхээр зорьж байсан бол Японы талаас Монголын хил хязгаарт халдан довтлох, цэрэг, зэвсгийн хүчээр эзлэн түрэмгийлэх үйлдлээ бүр 1930-аад оны эхэн гэхэд тасралтгүй хэрэгжүүлж эхэлсэн юм.
Тухайлбал, 1935 оны нэгдүгээр сар гэхэд Монгол Улсын хилийн шугамаас дотогш хоёр км-т орших Халхын сүм, 1936 оны зургадугаар сард улсын хилийн харуулын газар болох Булан дэрс, Улаан худгийг Япон, Манжийн талаас их, бага хэмжээний цэргийн хүчээр эзлэн аваад зогсохгүй түрэмгий ажиллагаагаа цаашид шатлан өргөжүүлсэн байдаг. Энэ үеийг хүртэл Монгол ардын хувьсгалт цэрэг, хил хязгаарын ангиуд Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаал ёсоор дайсны эсрэг гал нээж эсэргүүцэл үзүүлэх нь байтугай, гар далайх ч хориотой байсан нь аль болох улс төр, дипломатын аргаар шийдвэрлэхийг зорьж байсантай холбоотой.
Мөн Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар нараас удаа дараа эсэргүүцлийн нот бичиг илгээж, Япон, Манжийн түрэмгийллийг эрс буруушааж байсан нь Халхын голын дайны аюул занал, бүр тодруулж хэлбэл, улс орны газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн байдал алдагдаж эхэлсэн болохыг арга буюу хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.
-Халхын голын дайны эхлэлийн тухайд 1939 оны тавдугаар сарын 11, 28-ны өдрөөр судлаачид авч үздэг. Харин таны хувьд уг дайны эхлэл, төгсгөлийг хэрхэн үзэж буйгаа тайлбарлана уу?
-Халхын голын дайны ялалтын ойн үеэр зохион байгуулагддаг Монгол, Зөвлөлт (Орос), Японы эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурлын үеэр уг асуудлыг тусгайлан авч үзээгүй боловч зарим нэг санал, дүгнэлтүүд гарч байсан.
1989 онд Халхын голын дайны эхлэлийг 1939 он бус, 1935 оноос эхэлж авч үзэх хандлага гарсан боловч 2004 оноос хойш 1939 оны тавдугаар сарын 11, эсхүл 28-ны өдрийг дайн эхэлсэн өдөр гэж үзэх болсон нь өнөөг хүртэл хэвээр байна. Ялангуяа өнөөгийн цэрэг, түүхийн судалгаанд сүүлчийнх нь хувилбараар авч үзэж буй нь 1939 оны тавдугаар сарын 28-ны өдрийн дайтагч талуудын оролцсон цэргийн хүн хүч, цар хүрээг голлон авч үзсэнтэй холбоотой юм.
Харин миний хувьд Халхын голын дайны эхлэлийг 1989 онд анх дэвшүүлсэн түүхч, судлаачдын нэгэн адил 1935 оноос эхлэн авч үзэх нь илүү зохилтой гэж үздэг. Учир нь, 1935-1939 он хүртэлх хугацаанд Монгол Улсын газар нутаг, хил хязгаарт халдан довтолсон Япон, Манжийн түрэмгийлэл нь дан ганц бага хэмжээний зэвсэгт мөргөлдөөн, хилийн будилаан байсангүй, харин ч нэлээд их хэмжээний цэргийн хүчээр удаа дараа халдан довтолж байсныг бодоход, уг дайны эхлэл 1935 оны нэгдүгээр сар гэхэд хэдийн тавигдсан болохыг харуулж байна.
Энэ хугацаанд Япон, Манжийн мянга гаруй цэрэг, төдий хэмжээний танк болон агаарын тулалдаан хүртэл цөөнгүй удаа явагдаж байсныг анхаарахгүй байж боломгүй. Цус асгаруулсан удаа дараагийн томоохон байлдаанаас Улсын баатар Ш.Гонгор, Д.Дэмбэрэл нарын анхдагчид хүртэл төрөн гарсан нь Халхын голд зарлаагүй дайн хэдийн эхэлсний бас нэгэн баримт гэж үзэхээс аргагүй.
Аливаа улс орны тусгаар тогтнолын гол баталгаа, оршин тогтнохуйн үндэс нь газар нутаг, хил хязгаарын бүрэн байдал гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Энэ утгаар нь авч үзвэл, Монгол Улсын дорнод хил хязгаар, Халхын голын районд буун дуу гарсан тэр л өдрийг дайны эхлэл гэж үзэж болно. Нөгөө талаар, дайны үйл явц, өрнөл, төгсгөлийг улс төр, цэргийн шинжлэх ухааны үүднээс цогц, системтэй авч үзэж байж л уг дайны үе шат, үечлэлийг үнэн зөв тогтоох боломж бүрдэнэ.
Түүнчлэн уг дайны эхлэл, төгсгөлийн түүхэн цаг хугацааг үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын үүднээс авч үзэх шаардлага ч байдаг. Эдгээр хүчин зүйлийг тооцвол, Халхын голын дайн нь 1935 оны нэгдүгээр сар гэхэд Япон, Манжийн цэрэгт эзлэгдсэн Халхын сүмийн хэрэг явдал буюу Монгол Улсын газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн байдал алдагдсан тэр үеэс эхлэлтэй байж болох үндэстэй юм.
-Тэгвэл 1939 оны Халхын голын дайн багагүй хугацааны туршид үргэлжилсэн гэж үзэж болох уу?
-Дайны үйл явц тухайн байдлаас шалтгаалж, янз бүрийн хугацаанд үргэлжлэх нь бий. Халхын голын дайн 1935 оноос эхэлсэн гэж үзвэл, 1939 оны есдүгээр сард дайтагч талууд гал зогсоох хэлэлцээр байгуулах хүртэл даруй дөрвөн жилийн туршид үргэлжилсэн. Ингэж үзэх нь өнөөгийн цэрэг, түүхийн судалгаанд шинээр гарч буй шинэ хандлага боловч цаашид улам гүнзгийрүүлэн судлах шаардлага хэвээр байгаа.
Гэхдээ Халхын голын дайны эхлэл тавигдсан 1935 оноос 1939 оны хооронд өрнөсөн үйл явц нь гол төлөв цэрэг, улс төр, дипломатын олон талт аргаар шийдвэрлэхийг зорьж байсан үе. Харин 1939 оны 5-9 дүгээр сар хүртэлх хугацаанд дайтагч талууд цэрэг, дайны ажиллагаагаа идэвхжүүлсэн шийдвэрлэх, төгсгөлийн үе байснаараа нэлээд онцлогтой гэж үзэж болно. Иймээс Халхын голын дайны үүсэл шалтгаан, эхлэл төгсгөлийн асуудлыг дахин шинээр авч үзэж, нэгдмэл ойлголтонд хүрэх нь өнөөгийн тулгамдсан асуудал болохыг энэ ташрамд дахин онцлон тэмдэглэе.
-Энэ тэгш ойгоор Монгол Улсын баатар цолтон төрөх учиртай гэж үздэг хүмүүсийн нэг нь Та. Ер нь баатар цол нэхэн шагнахгүй гэсэн тогтоол шийдвэр хэзээ, хаанаас гарсан юм бэ?
-Монгол Улсын тусгаар тогтнолын түүх бол бүхэлдээ цэргийн түүх байдаг. Цэргийн түүхийг ярихын тулд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн эрэлхэг баатруудаа дурдахгүй байхын аргагүй.
Халхын голын дайны гал дүрэлзэж байсан эхэн үед буюу БНМАУ-ын Улсын бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн 1936 оны хоёрдугаар сарын 21-ний 14 дүгээр тогтоолын II зүйлд “Улс орныхоо батлан хамгаалах үйл хэрэгт амь хайргүй зүтгэж, цусан гавьяа байгуулсан хүмүүст БНМАУ-ын баатар цол олгоно” гэж заасан. Энэ тогтоолд “цусан гавьяа” гэж онцлон заасныг анхаарах хэрэгтэй юм. Халхын голын дайнд оролцсон 22 хүн энэ цолыг хүртсэний 17 нь Монгол ардын хувьсгалт цэргийн эгнээнээс, бусад нь хилийн цэргээс төрөн гарсан байдаг.
Хамгийн сүүлд 2014 онд Халхын голын ялалтын 75 жилийн ойгоор П.Шагдарсүрэн агсанд Монгол Улсын баатар цол олгосон байдаг. Халхын голын дайнд тухайн үеийн Цэргийн ерөнхий сургууль одоогийн Үндэсний батлан хамгаалахын их сургууль чухал үүрэг гүйцэтгэж байсны үр дүнд Халхын голын дайнаас есөн баатар төрсөн нь хамгийн олон тоотой нь юм. Тухайлбал, дайны үеийн Улс төрийн газрын дарга, дивиз командлан захирагч, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, VIII дивизийн захирагч Д.Нянтайсүрэн болон Л.Гэлэгбаатар, Ц.Олзвой, М.Экей, Д.Дэмбэрэл, Д.Хаянхярваа, В.Шарав, П.Шагдарсүрэн нарыг нэрлэж болно.
Халхын голын дайны 80 жилийн ой тохиож байгаа өнөө жил аймаг, орон нутгийн ард иргэдийн дунд төр, засгаасаа хүлээж буй зүйл бол энэ дайнд оролцсон эрэлхэг хөвгүүдийнхээ алдар гавьяаг нь зүй ёсоор үнэлж, Улсын баатар цол нэхэн шагнуулахаар тодорхойлсон хүсэлтүүд юм. Улсын баатар цолыг нэхэн шагнахаа больсон гэдэг тодорхой шийдвэр, тушаал одоо болтол байдаггүй. Гэтэл Улсын баатар цолоор нэхэн шагнах ёстой, онцгой гавьяа байгуулсан олон хүн бий.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, Монгол ардын хувьсгалт цэргийн Жанжин штабын дарга Ж.Цэрэн, Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, Тамсагийн VI морьт дивизийн дарга Ч.Шаарийбуу, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, эрэлхэг хилчин М.Гаасүрэн, Дорнод аймгийн Булган сумын харьяат М.Гэндэн нарын олон арван эрэлхэг дайчдыг нэрлэж болно.
Ахмад дайчдын дурдатгалд энэ хүмүүсийн байгуулсан гавьяаг тодорхой өгүүлснээс гадна тухайн үедээ ихэнх нь “Эх оронч” гэгдэн алдаршиж явсан түүхтэй байдаг нь ихээхэн сонирхол татдаг юм. Зарим ахмад дайчдын дурдатгалаас үзэхэд, 1939 оны долдугаар сарын 20-нд маршал Х.Чойбалсан VIII морьт дивизийн байдалтай танилцаж, цэрэг байлдагчидтай уулзаад “Та бүхэн эх оронч сайн цэргүүд байна” гэж үнэлж, хэлснээс нь хойш “Эх оронч” гэдэг нэр албан ёсны зарлиг, тушаалгүй боловч ихээхэн алдаршсан түүхтэй юм билээ.
Ер нь ХХ зууны дунд үеэс эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө баатарлагаар тэмцсэн, “цусан гавьяа” байгуулсан хүмүүстээ улс баатар цол олгохдоо их л хойрго хандаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд барагцаалбал 20-50 хүртэлх жилийн урт удаан хугацааны дараа л сая уг алдар цолыг нэхэн олгосон жишээ олон байдаг нь харамсалтай. Тиймээс өнөө жил тохиож буй Халхын голын түүхт 80 жилийн ойн хүрээнд ард түмний олон жилийн хүлээлт тайлагдаж, төр, засгаас Улсын баатар цолоор нэхэн шагнах асуудал зохих хэмжээнд нааштайгаар шийдэгдэх байх гэж найдаж байна.
Л.БАЯР: БАЯНЦАГААНЫ НУРУУГ ЭЗЭЛБЭЛ ЦААШДЫН ДАВШИЛТАД АШИГТАЙ БАЙРЛАЛ ГЭЖ
ЯПОНЧУУД ҮЗСЭН БАЙДАГ
Манай хоёр оролцогч энэ удаад “ажлаа” солилцсон юм. Мөн тэдэн дээр нэмэгдэж, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дүн шинжилгээний төв дарга, доктор (PhD), профессор, хурандаа Т.Соронзонболд ярианд нь хүч нэмлээ.
-Одоо би танаас зарим судалгааны чинь талаар асуумаар байна, Баяр ах аа. Энэ дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг яаж оролцсон юм бэ?
-Халхын голын дайныг цаг хугацаагаар нь хэд хэдэн үе шатад хуваан үзэж болох юм. Тодруулбал, 1939 оны тавдугаар сард Хайлааст голын раойнд болсон байлдаан, зургадугаар сард голчлон агаарын орон зайд ноёрхохын төлөөх тулалдаанууд, долдугаар сард нь Баянцагааны болон Халхын голын зүүн эргийн түшиц газрыг хамгаалан байлдсан байлдаан, наймдугаар сард Монгол, Зөвлөлтийн цэргийн ерөнхий давшилт, есдүгээр сард фронтын шугамын гадна тал дахь байлдаан гэж хувааж үздэг.
Эдгээр байлдаанд Монгол ардын хувьсгалт цэргийн V, VI, VIII морьт дивизүүд оролцсон байдаг юм. VI морьт дивиз гэхэд 1939 оны тавдугаар сарын 17-ноос бүх байлдаанд оролцож байв. VIII морьт дивиз Буйр нуурт байрлаж байгаад мөн оны долдугаар сарын 3-наас эхлээд бүх байлдаанд оролцсон бол V морьт дивизийн 14 дүгээр морьт хороо VIII морьт дивизийн бүрэлдэхүүнд багтаж байлдсан байдаг. Агаарын цэргийн эскадрилууд шөнийн нислэг үйлдэх маягаар Тамсагийн хээрийн аэродромд байрлаж байсан. “И-15” загварын онгоц нь тухайн үедээ техникийн хүчин чадал хамгийн бага байж л дээ. Судалгаагаар үзэхэд, Монгол ардын хувьсгалт цэргийн мото хуягт бригадууд дайнд төдийлөн гүнзгий оролцоогүй юм билээ.
Хайлааст голын байлдааныг судлан үзэхэд тавдугаар сарын 11-нд японы 200 гаруй цэрэгтэй, хуягт, миномёт, их буугаар дэмжүүлсэн томоохон хүч орж ирсэн. Харин тавдугаар сарын 28-нд дайн эхэлсэн гэж үзэх болсны учир нь Монгол, Зөвлөлтийн цэргийн үндсэн хүч Халхын голын раойнд очиж байлдсанаас үүдэж, дайн эхэлсэн гэж дүгнэсэн болов уу.
-Баянцагааны төлөөх ширүүн тулалдааны талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч.
-Баянцагааны байлдаан 1939 оны долдугаар сарын 2-5-ны хооронд болсон юм. Улсын хил, Халхын гол хоёрын хооронд манай цэргүүд хориглож байжээ. Халхын голын наад талд Баянцагааны нуруу оршиж байгаа юм. Баянцагааны нуруу гэхээр өндөр сүрлэг уулс гэж очиж үзээгүй хүмүүс төсөөлж байж болзошгүй. Тийм биш. Тэгш сайхан тал дээр намхан үргэлжилсэн өндөрлөг газар байгаа юм. Улсын хил талаасаа баруун хойш харахад 25-30 км үргэлжлэн харагдана. Тэр өндөрлөг газрыг зургадугаар сарын агаарын байлдааны үеэр Японы тагнуулын онгоцноос зургийг нь авч командлал нь “Энэ газрыг эзэлбэл цаашдын давшилт, дайралтад тактикийн хувьд ашигтай байрлал” гэж үзэн Баянцагааныг эзлэх зорилт тавьжээ.
Үүнийгээ биелүүлэхийн тулд Кабоша, Ясүка зэрэг генералуудаар удирдуулсан отрядынхан нь Халхын голд гүүр тавьж гатлан Баянцагааны нурууг эзлэх, хоёрдугаарт Халхын голын зүүн эрэгт хориглосон Монгол, Зөвлөлтийн цэргийг бүсэлж устгах зорилгоор давшсан байгаа юм. Ингээд Кабошагийн отряд Монгол, Зөвлөлтийн цэргийн хориглолтын зүүн жигүүрээр нь ороож, төв хэсгээр Ясүкагийн бүлэг дайрч, улмаар Баянцагааны нурууг эзлэн хориглолт байгуулж бэхжүүлэх зорилт тавьж л дээ. 1939 оны долдугаар сарын 3-нд эл ажиллагаагаа эхлүүлсэн боловч Халхын гол улсын хил хоёрын дунд байрлах нэгэн нуурыг Халхын гол гэж андууран дайсны тал цаг алдсан байдаг. Улмаар үүр цайх үед Халхын голыг гаталсан нь Японы талын дайралт бүтэлгүйтэх нэг шалтгаан болжээ гэж дүгнэж байгаа.
Япончууд Халхын голыг гатлаад Баянцагааны нуруунд байрлаж байсан VI морьт дивизийн 15 дугаар морьт хороо руу дайрч, тус хорооны хүн хүч хүрэлцээгүй тул ухарчээ. Энэ үед Монгол ардын хувьсгалт цэргийн сургагч, ахмад И.М.Афонин тухайн газар орныг шалгаж явахдаа мэдээд, Хамар даваанд байрлаж байсан маршал Г.К.Жуковын командын байр руу мэдээ хүргүүлсэн байгаа юм. Г.К.Жуков Халхын голыг япончууд гаталсан мэдээг аваад М.П.Яковлевийн удирдсан танкийн 11 дүгээр бригад, хошууч И.И.Федюнинскийн командалсан 24 дүгээр мотобуудлагын хороо, хошууч И.Лесовойн даргалсан долдугаар мото хуягт бригад, нисэх эскадрилийн бөмбөгдөгч онгоцуудыг тийш илгээх шийдвэр гаргажээ. Эдгээр хүчийг очтол Баянцагааны нуруунд байрлаж байсан VI морьт дивиз, мөн 175, 185 дугаар их бууны хороог Японы давшилтыг тогтоон барих тушаал өгсөн байна.
Энэ байлдаанд Японы талаас 8000 гаруй цэрэг орсноос 1200-1300 нь амиа алдсан гэсэн судалгааны баримт бий. Ингээд долдугаар сарын 3-нд Монгол, Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлсэн. Япончууд маш хүнд ширүүн эсэргүүцэл үзүүлж байсан тул Монголын цэрэг давшилтаа зогсоосон. Япончууд таван км өргөн, гурав орчим км гүнтэйгээр хориглож байв. Үдээс хойш нь Японы цэргүүд сөрөг давшиж, улмаар 19.00 цагийн үед нэмэлт хүчээр дайрсан байна. 1939 оны долдугаар сарын 3-4-нд тулалдаад 4-ны өдөр Японы 23 дугаар явган цэргийн дивизийн захирагч, генерал Камуцубара Баянцагааны нуруунд өөрөө очоод “Ийм хүчээр тулалдаад цаашид дийлэхгүй юм байна” хэмээн ухрах тушаал өгсөн байдгийг судалгааны бүтээлүүдэд бичсэн байгаа юм.
Энэ байлдаанд гарсан нэг онцлог бол 11 дүгээр танкийн бригадын командлан захирагч М.П.Яковлев явган цэрэггүйгээр, шууд явдал дундаас давшилтад орсон нь цэргийн урлагийн түүхэнд гарсан шинэ үзэгдэл байв. Өмнө нь явган цэргүүдийг дэмжиж хуягт танкууд дайрдаг байсан бол Г.К.Жуковын тушаалаар ийнхүү шинэ арга хэрэглэжээ. Энэ ажиллагаанд Монгол ардын хувьсгалт цэргээс VIII мото хуягт хороо маш сайн оролцсон гэж Г.К.Жуков дурдатгалдаа бичсэн байдаг. Ийнхүү Японы цэргүүд зорилгоо биелүүлэлгүй буцжээ. Япончууд үүнээс хойш Халхын голыг гатлаагүй юм. Монгол, Манж-Го улсын хилийг япончууд Халхын голоор зааглаж байгаа хэмээн үзэж энэ голыг эзэлж авах гээд байсан гэж Танака Камацура гэх халх гол судлаач эрдэмтэн хүн бичсэн байдаг.
-1939 оны наймдугаар сард манай цэргүүд давшиж нутаг дэвсгэрээсээ япончуудыг хөөсөн талаар ярихгүй юу.
-Монгол, Зөвлөлтийн цэргийн ерөнхий давшилт 1939 оны наймдугаар сарын 20-нд эхэлсэн. Г.К.Жуков, штабын дарга М.А.Богданов, корпусын комиссар Д.Н.Никишев, ЗХУ-ын ЗХЖШ-ын дарга, маршал К.М.Ворошиловт бүх мэдээллийг өгч, арга тактикаа боловсруулж батлан, маш өндөр нууцлалтайгаар бэлтгэсэн юм. Энэ давшилт болно гэж хэн ч мэдээгүй. Өвөлжихөөр болж, хориглолтод шилжиж байгаа мэтээр өнгөлөн далдлалт, хориглолтын саад, шуудуу татаж, дайсныг төөрөгдүүлэх ажиллагаа маш их хийсэн. Дайралт гэнэтийн байх ёстой гэж бэлтгэсэн учраас хэнд ч мэдэгдээгүй. Монгол, Зөвлөлтийн анги, нэгтгэлийн дарга нар наймдугаар сарын 18, 19-нд мэдэж байх жишээтэй.
Ийнхүү наймдугаар сарын 20-ны 05.45 цагт Монгол, Зөвлөлтийн ерөнхий давшилтын операц эхлэв. Давшилт эхлэхийн өмнө Г.К.Жуков, Г.М.Штерн нар нэгдүгээр армиа өмнөд, төв, хойд гэсэн гурван хэсэгт дайсны зүүн баруун жигүүрээр ороон бүсэлж, фронтын өвөр талаас татан байлдах тактик боловсруулсан. Монгол ардын хувьсгалт цэргийн VI, VIII морьт дивизийг фронтын зүүн, баруун жигүүрт байрлуулж, Япон, Баргын морьт хороодтой байлдуулахаар тактик боловсруулжээ.
Дайн эхлэхэд фронтын зүүн талаас VI морьт дивиз давшилтад орж, Янху нуурын дэргэд дайсны явган цэргүүдийг ухраав. Харин баруун талаас нь дайралт хийсэн VIII морьт дивизийнхэн Эрс, Хулд, Нөмрөг ууланд тулж очсон. Энэ үед төв хэсгээр хуягт танкаар дайрахын өмнө цэргийн тактикийн хувьд артиллерийн буюу их буунуудаар дайсны байрлалыг буудаж, онгоцоор өвөр эгнээнд болон гүнд нь бөмбөгдөх зэргээр 09.00 цаг хүртэл Японы талд цохилт өгсөн байдаг. Дайсныг сандрааж, эмх замбараагүй байдалд оруулж галын цохилт өгч хүн хүч, техникийн хохирол үзүүлснээр фронтын төв хэсгээр ерөнхий давшилтын гол хүч дайралтанд оржээ. Наймдугаар сарын 20-27 хооронд хүнд ширүүн тулалдаанууд болсон байдаг.
Наймдугаар сарын 28-нд Ремизовын өндөрлөгийн төлөө маш ширүүн тулаан болсон байгаа юм. Энэ өндөрлөг бол цэргийн тактикийн хувьд нэн ашигтай байрлал юм л даа. Энэ өндөрлөгийг Японы тал гурван ч удаа эзэлж байжээ. Дөрөв дэх удаад нь манайхан чөлөөлсөн. Үүнийг эзэлж авах тушаал наймдугаар сарын 28-нд маршал Г.К.Жуков тусгайлан гаргаж буцаан эзэлсэн юм. Ийнхүү ерөнхий давшилт 1939 оны наймдугаар сарын 30, 31 гэхэд зогссон ч Эрс, Хулд уул, Нөмрөгийн орчмоор тулгаралт болсоор байсан.
-Халхын голын дайны үеэр цэргийн урлагт оруулсан өөрчлөлт, шинэчлэлтийн талаар Т.Соронзонболд хурандаа Та судалгаанаасаа уншигчидтай хуваалцана уу.
-Цэргийн судлаачид бид үүнийг дайн байлдааны ажиллагааны театрыг судалж, үүнд оруулсан өөрчлөлтөөр нь цэргийн урлагийн хөгжил, тактикийн ажиллагаан дээр нь анализ хийж цаашдын хөгжлийнх нь чиг хандлагыг тодорхойлдог.
Л.Баяр доктор сая долоо, наймдугаар сарын байлдааны ажиллагааг дэлгэрэнгүй ярьлаа. Баянцагааны байлдаанд танкийн цэрэг дангаараа бие дааж үүрэг гүйцэтгэснийг тодруулж хэдэн үг хэлье. Байлдааны урлаг талаас нь харвал энэ тулалдаан цэргийн урлагт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан байгаа юм. Танкийн цэрэг үүссэн цагаас эхлэн дангаараа үүрэг гүйцэтгэсэн туршлага өмнө нь байгаагүй. Заавал явган цэрэгтэй, эсвэл морин цэрэгтэйгээ хавсарч давшдаг байв.
Энэ байлдаанд хоёр талаасаа 600 гаруй танк байлдаж, 11 дүгээр бригадын танк, хуягт машины 70 хувь нь устгагдсан байв. Гэхдээ ийм их хэмжээний хохирол амссан ч байлдааны үр дүн нь үүргээ биелүүлж чадсан нь энэ тулааны онцлог юм. Ийм их хохирол гарсан нь чанар муу танкуудаас гадна хуягт машинууд нь суманд өртөмтгий, бензин хөдөлгүүртэй учир хурдан шатчихдагт байсанд байгаа юм. Тус байлдаанаас сургамж авч, Зөвлөлтийн нөхөд өөрсдийн танкуудаа сайжруулж, дунд болон хүнд танк түлхүү үйлдвэрлэж эхэлсэн. Үүнээс цэргийн урлагийн, танкийн хөгжил, байлдааны урлагт оруулсан дэвшил харагдаж байна. Энд хийсэн байлдааны ажиллагаа Дэлхийн II дайны фронт дээр дандаа давтагддаг. Г.К.Жуков жанжин ялалт байгуулаад ирэхэд нь ЗХУ-ын удирдагч И.В. Сталин “Та байлдах энэ ажиллагааг хаана суралцсан юм бэ” гэж асууж л дээ. Тэрбээр “Монголд, Халхын голын байлдаанаас” гэж хариулсан гэдэг. Ийнхүү Баянцагааны байлдаан цэргийн урлагийн түүхэнд байлдаанд танкийн анги, салбарууд дангаараа үүрэг гүйцэтгэж болох юм гэж хүлээн зөвшөөрөгдсөн.
Түүнчлэн Халхын голын байлдааны бас нэг онцлог нь агаарын тулаан. Агаарын тулаанд 600-800 онгоц хоёр талаасаа оролцож байсан. Энэ дайн цэргийн урлагт артиллерийн бэлтгэл явагдаад, түүний дараа ерөнхий давшилт хийж, түүнийгээ агаараас дэмждэг тактик шинээр бий болгосон. Давшилт эхлэхээс өмнө артиллерийн бэлтгэлийг удаан хугацаагаар хийж, дараа нь дайрдаг. Давшиж байгаа ангиа дэмжихийн тулд бөмбөгдөгч, дайрагч, сөнөөгч онгоц ашигладаг. Эхлээд бөмбөгдөгч, араас нь дайрагч, явж тэднийг агаарт нь сөнөөгч онгоц хамгаалан байлдах арга технологи энэ үеэс хөгжсөн гэж үздэг юм. Халхын голын байлдааны ажиллагаа 70 км өргөн, 20 км-ийн гүнтэй газарт явагдсан. Энэ багахан орон зайд маш их хүч төвлөрүүлж байлдааны ажиллагаа явуулсан нь цэргийн урлагт оруулсан шинэ ололт юм. Мөн Халхын голын раойнд анх удаа бактериологийн зэвсэг туршсан гэж үздэг. Малын сахуу, татранг Японы 731 дүгээр анги туршин тарааж байсан. Дэлхийн I дайны үед анх химийн зэвсэг туршсан бол, Халхын голын дайнд ийнхүү бактериологийн зэвсэг туршсан, өөр бусад шинэ зэвсэг, байлдааны шинэ арга текникийг хэрэгжүүлсэн нь дэлхийн цэргийн урлагт оруулсан шинэ үзэгдэл.
-Л.Баяр доктор оо, 1939 оны наймдугаар сард ерөнхий давшилт зохион байгуулахад ямар хүч хэрэгсэлтэй оролцож байсан юм бол оо?
-Байлдааны ажиллагаанд оролцож байсан тоо баримтууд хоорондоо зөрүүтэй байдаг. Гэхдээ бид тухайн байлдаанд өөрөө оролцож, удирдаж байсан гэсэн үндэслэлээр Г.К.Жуков жанжны дурдатгалыг судалгаандаа түлхүү ашигладаг юм.
Ерөнхий давшилтыг зохион байгуулахад манай талаас буудлагын, мотобуудлагын тус бүр хоёр дивиз оролцсон. Мөн танкийн хоёр, мото хуягтын гурав, буудлага пулемётын, агаарын десантын тус бүр нэг бригад оролцжээ. Харин Монгол ардын хувьсгалт цэргийн хоёр дивиз, нэг морьт хороо ерөнхий давшилтад оролцсон байна. Нийтдээ 57000 цэрэг, дарга нар үүрэг гүйцэтгэж, 500 гаруй их буу, миномёт, мөн тооны танк, 385 хуягт машин, 515 сөнөөгч, бөмбөгдөгч онгоц оролцсон байдаг.
Халхын голын дайны үед дараах хэмжээний хохирол учирсан гэж үздэг. Монгол, Зөвлөлтийн цэргийн 26645, Япон, Манж-Гогийн 22699 хүн хохирчээ. Амиа алдсан, шархадсан, сураггүй алга болсон гээд янз бүрийн байдлаар дээрх хэмжээний хүн хүчний хохирол учирсан байна. Монгол ардын хувьсгалт цэргийн 990, Манж-Гогийн 2985 хүн амиа алдаж, сураггүй болж хохирсон. Статистикаас авч үзвэл Монгол ардын хувьсгалт цэргээс 4860 хүн ойролцоогоор оролцсон байна.
Халхын голын дайны талаар судалсан эрдэмтэд ийн ярьж байна. Тэд зөвхөн энэ дайны талаар яриад зогссонгүй, Халх гол сум дахь “Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэнг ихэд онцолсон юм. Тэд “Л.Мягмарсүрэн гуайгаас гадаад, дотоодын олон судлаач мэдээлэл, баримт, цуглуулсаар байна. Мөн Халхын голын раойнд байгаа дайны үлдэгдлийг хамгаалж, Монголд анх удаагаа 3.5 км-ийн маршруттай 1939 оны дайны түүхийн хээрийн үзүүлэг байгуулсан” гээд олон ажил хийсэн түүний хөдөлмөрийг ялалтын 80 жилийн ойгоор төр засаг үнэлнэ гэдэгт найдаж буйгаа дээрх гурван хүн онцолсон. Мөн тэд баатар цол нэхэн шагнана гэдэг бол зөвхөн нэр хүндийн асуудал биш. Халхын голын дайнд онцгой гавьяа байгуулж, үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн намтар түүхийг хойч үедээ мэдүүлэх, эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулж төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Бид баатруудаараа бахархахгүй юм бол өөр хэн бахархах билээ хэмээн ярилцлагаа өндөрлөлөө.
Тэмдэглэсэн Г.ЦОЛМОН