Банкны салбарын зургадугаар сарын зарим статистикийг өчигдөр Монголбанкнаас танилцууллаа. Тайлант сард банкууд 780 зээлдэгчид 58.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Уг зээлийн 46 хувийг Засгийн газрын хөтөлбөрийн дагуу санхүүжүүлсэн бол үлдсэн хэсгийнх нь хөрөнгийг банкууд өөрийн эх үүсвэрээс бүрдүүлжээ. Түүнчлэн хөтөлбөрийн бус санхүүжилтээр олгосон зээлийн жигнэсэн дундаж 11.2 хувьд хүрсэн нь тавдугаар сарынхаас 0.3 хувиар өссөн дүн болсон аж. Үүнээс гадна өнгөрсөн сард хоёр тэрбум гаруй төгрөгийн зээл олгож, 1.7 орчим тэрбумын зээлийн эргэн төлөлтийг бүртгэсэн байна.
Чанаргүй зээлийн хэмжээ нийт дүнгийн 10.6 хувийг эзэлсэн нь тавдугаар сарынхаас 0.5, хугацаа хэтэрсэн зээлийн 4.1 хувийг бүрдүүлсэн нь нэг сарын дотор 0.4 хувиар тус тус буурсан дүн аж. Харин иргэдийн зээлийн үлдэгдлийн хамгийн өндөр буюу 37 хувийг ипотекийнх, байгууллагын зээлийн үлдэгдлийн дийлэнхийг буюу 24 орчим хувийг худалдааны салбарын зээл бүрдүүлж буй гэв. Үүнээс гадна өнгөрсөн сард нийт төлбөрийн тэнцэл 460 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц дөрөв орчим сая “ногоон”-оор нэмэгдсэнийг Төвбанкны мэргэжилтнүүд дурдаад, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хийж буй ажлынхаа тайлангаас танилцууллаа.