“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компанийн хувьцааны ханш уржигдар Торонтогийн хөрөнгийн биржид 40 гаруй хувиар суларч 0.79 канад долларт хүрсэн нь түүхэн доод үзүүлэлт болов. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш суларсаар буй тус компанийн үнэт цаасны ханш ийнхүү огцом буурсан нь “Rio tinto” компанийн гаргасан мэдэгдэлтэй холбоотой гэж үзэх үндэстэй аж. Учир нь тус компани “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө, зардалд өөрчлөлт оруулснаа мэдээлсний дараа хувьцааных нь ханш “уруудсан” юм.
Тодруулбал, өмнө батлагдсан зураг, төслийн дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд хөрс, чулуулгийн нөхцөл нь тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх магадлалтай нь геотехникийн нарийвчилсан үнэлгээнээс илэрхий болжээ. Иймээс төслийг амжилттай үргэлжлүүлж, дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн харах шаардлага тулгарсан гэнэ. Улмаар тээвэрлэлтийн дунд түвшний зам, хүдэр зөөвөрлөх систем зэрэг далд уурхайн дэд бүтцийн нэн чухал байгууламжийг өөр газарт барих, эсвэл барихаа болих магадлалтай гэжээ. Эдгээрт үндэслэн олборлолтын эхний блокийн зураг, төслийг дахин гаргах бөгөөд уг ажлыг энэ оныг дуустал хийхээр төлөвлөсөн байна.
Улмаар нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтийг ирэх оны хоёрдугаар хагаст багтаана гэж тооцжээ. Энэ нь гүний уурхайн ашиглалтыг төлөвлөснөөс 16-30 сараар хойшлуулж, бүтээн байгуулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллароор өсгөх дүн аж. Мөн Нью-Йоркийн хөрөнгийн биржид уржигдар тус компанийн хувьцааных нь ханш 43.9 хувиар суларч 0.6 “ногоон”-д хүрээд байгаа юм.