Геологийн асуудлуудын улмаас зэсийн “Оюутолгой” далд уурхайн төслийн зардал 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, уурхайн ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараар хойшилж магадгүй гэж “Rio Tinto” компаниас мэдээлснийг “Reuters” агентлаг уламжиллаа. Дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болох уг төслийн үйл ажиллагаа үргэлжилж, өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хянах өрөөний байгууламж, эрүү бутлуурын систем зэрэг дэд бүтцийн зарим ажил дуусаж, гурав, дөрөвдүгээр босоо амны барилгын ажил хийж байна.
Хоёрдугаар босоо амыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна. “Хөрсний байдал таамаглаж байснаас илүү хүндрэлтэй байгаа тул төлөвлөгөөгөө хянах хэрэгтэй болсон. Том хэмжээний төслийн хувьд хугацаа хойшлох нь хэвийн үзэгдэл. Уг төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хянаж, өөрчлөх шийдвэр гаргавал ирэх сарын 1-нд мэдэгдэнэ” гэж “Rio Tinto” компанийн мэргэжилтэн Стивен Макинтош хэлжээ.