Улсын наадмыг үндэсний бөхгүйгээр, эл спортыг засуул, тайлбарлагчгүйгээр төсөөлөх аргагүй. Үндэсний бөхийн давс, хужир, хачир нь яах аргагүй тайлбарлагч. Наадамчин олны талархлыг хүлээж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн олон шилдэг тайлбарлагч бий. Тэдний тэргүүн эгнээнд бичигдэх эрхэм бол Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Бямбадоржийн Цогтбаатар юм.
МҮБХ-нд нарийн бичгийн даргаар 21 жил ажиллан, үндэсний бөхийн спортын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй тэрбээр 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн улсын наадмыг МҮОНР-гоор анх тайлбарлажээ. Түүнээс хойш өдий хүртэл улсын наадмын төдийгүй бусад барилдааныг радио, зурагтаар тайлбарлахдаа өнжсөн жил цөөн. Үүний сацуу Б.Цогтбаатар үндэсний бөхтэй холбоотой хамгийн олон цуглуулгатай судлаач. Намтар баян архивтай түүнтэй ярилцлаа.
-Та үндэсний бөхийн зүтгэлтэн, судлаач, тайлбарлагч гээд олон хос морьтой. Эл спорттой амьдралаа хэрхэн холбосон дурсамжаар тань ярилцлагаа эхэлье.
- Бага насны минь хамгийн сайхан дурсамжууд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумтай холбоотой. Би хөдөөний бусад хүүхдийн адил барилдан, алдарт бөхчүүдийн домог, хууч яриаг сонсож өссөн. Тухайн үед өнөөгийнх шиг цахим ертөнц хөгжөөгүй, мэдээллийг зөвхөн радио, сониноос л авдаг байв. Аав бөхөд их дуртай, Улаанбаатар хотод ирэхээрээ барилдаан заавал үзнэ. Радиогоор бөхийн барилдаан сонсож, тэмдэглэл хөтөлнө. Намайг бага байхад улсын арслан Ц.Бадамсэрээжид, улсын начин Ш.Чанрав агсан нар радиогоор бөх тайлбарладаг байлаа.
Барилдааны үеэр тухайн бөхийн нутаг ус, амжилтын тухай содон, сонин зүйлс ярих нь миний сонирхлыг их татаж билээ. Малын бэлчээрт, адуунд явахдаа гээд хаана л бол хаана тэднийг дуурайна. Яг бөхийн барилдаан тайлбарлаж буй мэт төсөөлөн, ганцаараа яриад л суудаг байлаа. Би айлын ганц өргөмөл хүүхэд, нэлээд дураараа өссөн. Зав л гарвал үндэсний бөхийн тухай ховор түүх, ярилцлага уншиж судална. Аав минь намын гишүүн байлаа. Хэвлэл их захиална. Одоо бодох нь ээ их олон сонин захиалдаг байж. Надад үндэсний бөхийн тухай бичсэн материалтай сонин л сайхан санагдана. Аль сонины, хэддүгээр нүүрт нь бөхийн тухай бичиж вэ гээд хайна.
Түүнийгээ шимтэн уншина, хайчилж цуглуулна. Тэр бүхэн намайг үндэсний бөхийн спортод хорхойсож судлахад, тайлбарлагч болоход их нөлөөлсөн. Тэгж явсаар ХААИС-д мал зүйч мэргэжлээр элсэн, Улаанбаатар хотод ирлээ. Манай сургуульд улсын арслан Л.Сосорбарам, улсын заан Д.Амгаа тэргүүтэй олон бөх багшилдаг байсан. Бид оюутны ажлаар Төв аймгийн сангийн аж ахуйд очиж, ногоо хураалцдаг байлаа. Томоо гэгчийн талбайн голд нэг чанга яригчтай. Бид чөлөөт цагаараа өнөөхийг нь ёстой эзэгнэнэ. Зарим нь дуулж, шүлэг уншина, манай ангийнхан надаар бөхчүүдийн амжилт, наадмын тухай яриулах дуртай.
Тэр жилийн наадмын бөхийн барилдааныг тайлбарлаад өгөөч гэнэ. Би дуртай нь аргагүй зөвшөөрнө. Тэр бүхэн багш нарын анхаарлыг татсан бололтой. ХААИС-ийн аварга шалгаруулах цөөнгүй барилдааныг тайлбарлуулсныхаа дараа агуу А.Ганбаатар багштай танилцуулж билээ. Тэгж багшийнхаа шавь нь болсон түүхтэй.
-А.Ганбаатар агсан танд юу гэж захидаг байв?
-Ямар ч барилдааныг тайлбарлахдаа хэн нэгний талд орж, бусдыг дуурайж болохгүй. Хоолойгоо шахаж болохгүй, цэгцтэй ярих чухал гэж захьдаг сан. Анхандаа багшид их гологдсон байх. Багшаасаа үлгэрлэж явсаар өдий зэрэгт хүрсэн хүн дээ, би.
-МҮБХ-ноос 1991 онд улс даяар анх удаа хийсэн шалгаруулалтад тэнцэн, бөх тайлбарлах эрхийн үнэмлэх авсан хүн танаас өөр бий юү?
-Байгаа, радиогоор олон жил бөх тайлбарласан Ойдовын Батмөнх ах. Тэр жил улсын наадмын барилдааныг бид хоёр радиогоор хамт тайлбарласан. МҮОНР-д Цагаан гэдэг мундаг найруулагч байв. Одоо тэг, ингэ гэж зөвлөнө, түүнд их загнуулсаан (инээв).
-Таны тайлбарласан анхны наадам уу?
-Тийм ээ. А.Ганбаатар багш өмнөх жил нь улсын начин цол хүртээд байв. Тиймээс багшийг барилдаж байх үед улсын наадмыг тайлбарлах хүн хэрэгтэй болсон юм билээ. Тэгээд бид хоёрыг сонгосон гэсэн. МҮБХ-ноос зохион байгуулсан шалгаруулалтад тэнцсэн нь нөлөөлж, мундгуудад тоогдсон юм шиг байна лээ. Бид хоёр наадмын өмнө, зургадугаар сард болсон улсын их сорилгыг тайлбарласан нь их нэмэр болсон. Тэгээгүй бол бүр их сандрах байсан болов уу.
1991 оны наадам Ардын хувьсгалын 70 жилийн тэгш ой тохиосон тул өргөн дэлгэр болсон гэж жигтэйхэн. Тэр хэрээр бид хоёроос өндөр ур чадвар, хариуцлага шаардсан. Төдийгөөс өдий хүртэл тайлбарласан наадмуудаас хамгийн дурсамжтай, сэтгэл түгшээсэн нь яах аргагүй тэр жилийнх. Тухайн үед ээж минь бурхан болчихсон байв. Аав их баярласан, хүүгээрээ бахархаж байна гэсэн.
-Б.Бат-Эрдэнэ аварга босоо явсан үе. Тэр жил улсын наадамд түүнийг түрүүлэх болов уу гэсэн олны таамгыг П.Сүхбат гарьд эвдсэн. Гэвч О.Балжинням аваргад өвдөг шороодон, үзүүрлэсэн шүү дээ. Тийм сонирхолтой, урьдчилан таашгүй наадам болно гэх багцаа танд байсан уу?
-Байсан гэвэл худлаа ярьсан болно. Үнэндээ надад ч тийм багцаа байгаагүй. Наадмын өмнө Сүүжид болсон нэгэн барилдааныг би тайлбарлалаа. Тэгэхэд тухайн үед ЦЕГ-ын дарга байсан Пүрэв генерал “Наадмын түрүү, үзүүр бөх манай галд бий” гэсэн юм. 1989 онд улсын наадамд үзүүрлэсэн О.Балжинням аварга дахин түрүү булаалдана гэх таамаг бөхийн хорхойтнуудад байсан болов уу. Улсын наадмын шөвгийн дөрөвт Б.Бат-Эрдэнэ аварга П.Сүхбат гарьдад унасан. Тэгээд О.Балжинням аваргатай түрүү булаалдсаныг хүмүүс сайн мэднэ.
А.Ганбаатар багш П.Сүхбат гарьдын багынх нь найз. Барилдааны үеэр багш гарьдыг дэмжиж буй нь нүүрний хувирал, хөдөлгөөнөөс нь илт. Гэхдээ тайлбартаа түүнийгээ юу гэж ил гаргаж, мэдэгдэх вэ. Радиогоор тайлбарласан анхны наадам минь тийм сонирхолтой, дурсамж дүүрэн болж билээ. Бас 1995 оны улсын наадмыг дурсах дуртай. Тэр жил би Ш.Чанрав гуайтай хамт тайлбарласан юм. Есийн даваанд Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан хоёр хүч сорихдоо хоёр цаг гаруй барилдсан шүү дээ. Тийм удаан үргэлжилж буй барилдааныг тайлбарлах амаргүй, ярих юм дуусна, чилнэ. Сүүлдээ ч бүр Ш.Чанрав багш залхаад гэр лүүгээ явчихаж билээ. Барилдааны төгсгөлийн хэсэг миний тайлбартайгаар үлдсэн нь бий.
-Та төдийгөөс өнөөг хүртэл улсын наадмын төдийгүй бусад барилдааныг тайлбарлаж байна. Ер нь өнжсөн тохиолдол бий юү?
-Оюутан байхдаа ганц нэг жилийн улсын наадмыг өнжсөн тохиолдол бий. Бас их сургуулиа төгсөөд нутагтаа мал зүйчээр гурван жил ажилласан. Тухайн жилүүдэд улсын наадмыг тайлбарлаагүй. Би 1998 оны сүүлчээр МҮБХ-нд ажилд орсон юм. Түүнээс хойш улсын наадмыг ганц ч жил өнжөөгүй, радио, телевизээр тайлбарласаар өдий хүрлээ. Зурагтаар анх тайлбарласан телевиз бол “25 дугаар суваг”. Тэнд гурав, “TV5”-д тав, 2008 оноос өнөөг хүртэл МҮОНРТ-тэй гэрээ байгуулан, үндэсний бөхийн барилдаан тайлбарлаж байна. Энэ жил манай холбоо SPS телевизтэй гэрээ байгуулж, 10 гаруй барилдааныг шууд дамжуулсан. Тэдгээрийг би О.Наранбаатар гэдэг залуутай хамт тайлбарлаад байна.
-Спортын тайлбарлагч С.Шижирбат үндэсний бөхийн тайлбарлагчдыг шүүмжилж, сэтгэл дундуур явдгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Та түүнтэй санал нийлэх үү?
-Аливаа зүйлд авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй болов уу. Үндэсний бөхийн тайлбар эртний үүсэлтэй, нарийн дэг жаягтай. Бидний ур чадварыг ганцхан хүний үзэл бодлоор дүгнэх нь өрөөсгөл. Барилдааны явцыг мэдрэх, тайлбарлах талаасаа орчин үеийн тайлбарлагч дутагдалтай байгаатай санал нийлнэ.
-Тайлбарлагч хүнд байх учиртай хамгийн чухал чанар юу вэ?
-Мэдрэмж, мэдлэг, ур чадвар, тайлбарын үеэр аль нэг бөхийг дэмжихгүй, нутаг усаар нь ялгаварлахгүй байх нь чухал. Үндэсний бөх өөрийн гэсэн олон онцлогтой. Чөлөөт бөх, жүдо гэхэд дэвжээнд хоёр бөх гарч, тодорхой хугацаанд барилдана. Тэгэхээр тухайн хоёр бөхийн тухай тухтай ярих боломжтой. Гэтэл үндэсний бөх тийм биш. Дэвжээнд нэгэн зэрэг олон бөх барилдана. Ялангуяа доогуур даваанд бүр ч олуулаа өрсөлдөнө. Шууд дамжуулалтын үеэр нэг бөхийн тухай төдийлөн удаан ярих боломжгүй. Цэнхэр дэлгэцээр хоёр бөхийн барилдааныг хэсэг хором гаргаад, өөр тамирчных рүү камераа шилжүүллээ гэж бодъё. Тэр хооронд амжиж л товч, тодорхой мэдээлэл үзэгчдэд өгөх хэрэгтэй. Нэг зүйлийг улиг болтол яривал үзэгчдийг залхаана. Тэгэхээр давс, хужирыг нь тааруулах их чухал. Нэг бөх ес давж түрүүллээ гэхэд тухай бүрт нь өөр, өөр шинэ мэдээллийг товч хүргэх хэрэгтэй.
-Та ер нь улсын наадмыг Төв цэнгэлдэхээс тайлбарласан бил үү?
-Ёстой тэгж үзээгүй. Дандаа радио, телевизээр тайлбарладаг.
-Тайлбарлагчийн ур чадварыг 100 хувиар хэмжвэл та одоогоор хэдийг нь эзэмшээд байна вэ?
-Өөрийгөө тэгж дүгнэх ч ёстой шаггүй даваа байх. Үүнд би бус бусад хүн хариулбал илүү оновчтой болов уу. МҮБХ-нд ажилд анх орохдоо л Р.Нямдорж, Д.Данзан, П.Даваасамбуу нарын удирдлагад зүтгэснээрээ бахархдаг. Тэднээс би маш их зүйл сурч, үлгэрлэсэн. Хэзээд зөв, үнэн зүйлийн төлөө зүтгэдэг.
-МҮБХ-ны нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж байна. Анх ямар албан тушаалд томилогдож байв?
-Энэ асуултад хариулахаасаа өмнө МҮБХ-нд ажилд орсон дурсамжаасаа хуваалцъя. Би МҮБХ-ны дэд тэргүүн асан Д.Данзанд “Би үндэсний бөхөд үнэхээр дуртай, хайртай. Хөдөө орон нутагт амьдардаг болохоор бөхийн барилдаан төдийлөн үзэж чадахгүй байна. Бөхийн өргөө ашиглалтад орсноор МҮБХ-нд шинээр олон ажлын байр гарах сурагтай. Танай холбоонд ажиллан, үндэсний бөхийн хөгжлийн төлөө зүтгэх хүсэлтэйг минь хүлээн авна уу” гэсэн утга бүхий захидал бичсэн юм. Тэгэхэд Д.Данзан тэргүүн зөвшөөрч, 1998 оны аравдугаар сард Улаанбаатар хотод шилжиж ирж байлаа. Бөхийн өргөөний сандлыг нь будахаас авхуулаад хоёр сар цалингүй ажилласан.
Хамаг ажлыг нь нугалалцан, ёстой уйгагүй зүтгэсэн дээ. Ингэж ярихаар зарим хүн гайхаж магадгүй. Улаанбаатарт шилжиж ирээд удаагүй, эхнэр ажилд ороогүй, хоёр нялх хүүхэдтэй байсан надад цалингүй ажиллах амар байгаагүй. Хань минь намайг үндэсний бөхөд үнэн сэтгэлээсээ хайртай, дуртайг мэддэг тул дургүйцээгүй. Их хөлийн газар хөлөө олох шаггүй байсан ч хүнд үеийг сайн хань, сайхан хадмууд, аавынхаа ах, дүү нарын буянаар давсан. Юмыг болгоё, бүтээе гэвэл гаргалгааг нь олдог юм билээ. Бөхийн өргөөг 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад оруулсны дараа МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж намайг албан ёсоор туслахаараа ажилд авлаа. Түүнээс хойш холбоондоо өнөөг хүртэл ажиллаж байна. Бүхий л бичиг цаасны, дотоод ажлыг нь хариуцдаг.
-Танай холбоонд тан шиг олон жил тогтвортой ажиллаж байгаа хүн хуруу дарам байх.
-Энэ талаар ёстой бодож байгаагүй. Асуухаар чинь л “Нээрэн юу билээ” гэж бодож сууна. Бодоод байх нь ээ, тийм юм байна. Над шиг олон жил тууштай ажиллаж байгаа хүн МҮБХ-нд цөөхөн байх.
-Та үндэсний бөхийн холбогдолтой ховор зүйлс цуглуулдаг. Одоогоор хэчнээн цуглуулгатай вэ?
-Ёстой тоолж байгаагүй. Багаасаа эл спорттой холбоотой ном, сонин, гэрэл зураг, медаль, цом, марк, ил захидал гээд хадгалах боломжтой бүхнийг цуглуулсаар өдий хүрлээ. Надад барагцаагаар 600-гаад ном, 10 мянга гаруй зураг, “Бөх”, “Таван цагариг”, “Спортын мэдээ” зэрэг спортын цөөнгүй сонин, сэтгүүлийн бараг бүх дугаар бий. Өнөө цагт хүмүүс дагнан, сэдэвчилж цуглуулдаг болж. Тэгэх нь илүү үр дүнтэй байж ч мэднэ. Тиймээс би “Монгол бөх-цуглуулагчдын бүлгэм” Төрийн бус байгууллагыг 2016 онд байгуулсан. Бид хоёр жилийн өмнө Бөхийн өргөөнд анхны үзэсгэлэнгээ дэлгэсэн. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил олон бий.
-Үндэсний бөхийн талаар танаас олон цуглуулгатай хүн Монголд бий юү?
-Нийт цуглуулсан цуглуулга, хүрээнийхээ хэмжээнд байхгүй болов уу. Өнөө хүртэл олон цуглуулагчтай уулзсан ч надаас олон цуглуулгатай хүнтэй таарч байгаагүй. Аль нэг төрлөөр дагнаж, ном юм уу зураг цуглуулсан нь минийхээс олон байхыг үгүйсгэхгүй. Би цуглуулгаа гэртээ хадгалдаг, ажил дээр цөөнгүй нь бий. Бие даасан үзэсгэлэнгээ гаргах бодолтой. Цаашид ном, тэмдэглэл, дүйз цуглуулахад түлхүү анхаарна.
-Зөвхөн танд л байдаг цуглуулга аль нь вэ?
-Цөөнгүй бий. Ийм л ном, зурагтай болох сон гэж араас нь нэлээд хөөцөлдөн байж өөрийн болгосон цуглуулга олон. Намайг анх цуглуулж байхад техник, технологи өнөөгийнх шиг хөгжөөгүй байлаа. Нэн ховор зурагтай хүнтэй таарлаа гэхэд мэдээж надад өгөхгүй. Хуулбарлаад авах боломжгүй тийм үе ёстой гачлантай байсан шүү. Өнөө цагт ориг эхийг нь өөрийн болгож чадахгүй юм гэхэд канондоод, бүр ядахдаа гар утсаар зургийг нь дараад ч болтугай авчихна. Би МҮБХ-ны номын сан, архивыг хариуцдаг. Манай холбооны номын санд олон ховор бүтээл бий.
-Таны хоёр хүүхэд цуглуулгыг нь сонирхдог уу?
-Үнэнийг хэлэхэд төдийлөн сонирхдоггүй. Энэ их цуглуулгаа хэнд өвлүүлж, яаж хадгалах вэ гэж санаа зовдог. Хоёр хүү минь үндэсний бөхийг над шиг сонирхон, шимтэхгүй л байна. Мэдээж ирээдүйд ач, зээтэй болно. Үндэсний бөх сонирхдог, цуглуулах дуртай хүүхэд төрөх байх. Тэгвэл түүндээ өвлүүлнэ. Бүр болохгүй бол улсын архивт шилжүүлэн, тэнд хадгалуулж магадгүй.
-Наадамчин олон өөр, өөрийн таамгаа дэвшүүлж суугаа нь мэдээж. Таны бодлоор энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол?
-МҮБХ-нд ажилладаг, үндэсний бөхийн тайлбарлагч тул наадмын төдийгүй бусад барилдаанд ямар нэг таамаг дэвшүүлэх утгагүй. Тэгэх ч учиргүй. Би тэр түрүүлж, энэ нь цолоо ахиулна энэ тэр гэж ярих дургүй. Улсын наадмын өмнө хүмүүс надаас тодруулдаг түгээмэл асуулт л даа. Би тэдэнд ч бас ингэж л хариулдаг.
-Үндэсний бөхчүүдээс хэнтэй ойр дотно нөхөрлөж явдаг вэ?
-Би багаасаа нутгийнхаа Д.Цэрэнтогтох аваргыг шүтэж, Б.Ганбаатар арслан, З.Дүвчин зааныг дэмжсээр ирсэн. МҮБХ-нд ажиллаж, үндэсний бөх тайлбарладгийнхаа буянаар олон хүчтэнтэй сайхан нөхөрлөж, ойр дотно явдаг. Бөхчүүдийн жаргал зовлонг сайн мэднэ.
-Та улсын наадмаар хэрхэн баярладаг вэ. Үндэсний бөхийн тайлбар гэсээр гэр бүлдээ хангалттай цаг гаргаж, тухтай наадаж амждаг уу?
-Үнэнийг хэлэхэд Цагаан сар, наадмаар ёстой амждаггүй. Хүүхдүүд бага байхад Цагаан сарын бөхийн барилдааныг тайлбарлан, гэртээ харьсныхаа дараа л идээ засаж, хамаг ажлаа амжуулдаг байлаа. Одоо том болчихсон болохоор аргатай. Хэдийгээр улсын наадмын бөхийн барилдааныг Үндэсний их баяр наадмын салбар хорооноос зохион байгуулдаг ч түүнд нь МҮБХ-ны цөөнгүй төлөөлөл багтдаг, бидэнд түшиглэдэг. Бөхчүүдийг бүртгэж, оноолт гаргахаас авхуулаад тайлбарын хажуугаарх ажил мундахгүй.
Үндэсний бөхийн барилдааныг аль болох будилаангүй, шударга зохион байгуулахыг хичээдэг. Сүүлийн жилүүдэд нэг, хоёрын давааг ч бүтэн дамжуулах болсон. Тэгэхээр бүр ч завгүй, өдөржингөө тайлбарлахаас өөр аргагүй. Хажуугаар бөхийн барилдааны зохион байгуулалтын арын ажлыг нь хамжилцана. Гэр бүлийнхэндээ цаг гаргаж ёстой амждаггүй. Тэд минь намайг үнэхээр сайн ойлгож, дэмждэг. Наадам дууссаны дараа л ядарснаа мэдэрдэг.