Жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл, самбогийн ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Натик Багировтой ярилцлаа. “Атланта-1996” олимпод зодоглохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд Гавьяат тамирчин Д.Нармандахад ялагдан, V байрт шалгарснаар нь түүнийг монголчууд илүү сайн мэднэ. Ерөнхийлөгчийн нэрэмжит самбо бөхийн холимог багийн “Мазаалай” Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч, Беларусийн “БелАЗ” компанийн урилгаар тэрбээр манай улсад ирсэн юм.
Беларусийн жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, улсынхаа Гавьяат тамирчин Н.Багиров самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, “БелАЗ”-ийн захирал Владимир Япринцевтэй хамт Монголын тамирчдад сургалт явуулан, долдугаар сарын 14-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох Дэлхийн цомд зодоглох самбочдын бэлтгэлийг хангалцаж байна. Монголын самбо бөхийн холбоо (МСБХ)-ны элч В.Япринцевийн сэтгэгдлээс хуваалцахад “1985 онд Дархан-Уул аймагт болсон нэгэн тэмцээнд оролцохоор Монголд анх удаа ирж байлаа.
Дахиж ирэхийг хүссээр өдий хүрсэн. Манай компани МСБХ-той гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Би 68 кг-ын жинд барилддаг байлаа. Миний жинд хамгийн хүчтэй өрсөлдсөн бөх бол Г.Жамсран. 1987 оны ДАШТ-д зодоглохдоо түүнд дийлдэн, мөнгөн медаль авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр мундаг тамирчин. Угсраа олон мэхтэй, сийрэг барилдаантай түүнтэй цөөнгүй удаа уулзсан. Самбо бөхийн спортын хөгжил ялимгүй суларч, хичээллэгсдийн тоо цөөрч буйд харамсдаг. Олимпын хөтөлбөрт дахин багтаж, өмнөхөөсөө илүү хөгжинө гэдэгт итгэдэг” гэв.
-“БелАЗ”-аас Монголын самбочдад сургалт явуулах санал тавихад нь хэрхэн хүлээж авав?
-Юуны өмнө надад ийм боломж олгосон Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, “БелАЗ-ын захирал В.Япринцев нарт баярлалаа. Монголчууд бөхийн спортоор амжилт гаргасаар ирсэн. Танай улсын тамирчдыг дасгалжуулна, туршлагаасаа хуваалцана гэдэг нэр төрийн хэрэг. Дэлхийн цомд оролцох есөн тамирчин миний үгийг маш сайн сонсон, суралцаж байгаа.
-Манай тамирчдад юу зааж, сургахыг илүүд үзэж байна вэ?
-14-хөн хоногийн хугацаанд бүхнийг зааж, сургах боломжгүй нь тодорхой. Тиймээс тамирчдын бэлтгэлийг нарийн хуваарь, төлөвлөгөөний дагуу хийлгэж байна. Барьц хэрхэн авах, ялахын төлөө яаж зүтгэх, сэтгэл зүйгээ хурцлах аргаас авхуулаад өөрийн мэддэг, чаддагаас заана.
-Та өмнө нь Монголд 30 жилийн өмнө иржээ. Хоёр дахиа ирэхэд тань хамгийн их өөрчлөгдсөн зүйл юу байна вэ?
-Одоогоос яг 30 жилийн өмнө ирснээ тод санаж байна. Тэгэхэд би энд (Спортын төв ордон) болсон олон улсын тэмцээнд оролцоод, түрүүлсэн юм. Монголын дэвжээ надад ээлтэй. Танай улсад хоёр дахиа ирэхэд олон зүйл өөрчлөгдөж. Үнэнийг хэлэхэд ингэж хөгжсөн, тэс өөр болсон гэж төсөөлөөгүй. Барилга, байгууламжаас авхуулаад олон зүйлийг тодотгож болно. Нүүдлийн соёл иргэншлээр нь монголчуудыг хүмүүс сайн мэднэ.
Харин суурин ахуйгаар нь төдийлөн мэдэхгүй. Гадаадынхнаас монголчуудын тухай асуухад олонх нь “Морь унаж давхидаг, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг” гэж хариулах болов уу. Миний сонирхлыг нэг зүйл их татаж байна. 30 жилийн өмнө ирэхэд Улаанбаатар хотын төвд, Сүхбаатарын талбайн хажууд нэг зочид буудал (“Улаанбаатар”) байсан юм. Тэр буудал одоо ч байна билээ. Яг өмнөх шигээ байхыг нь хараад хуучны танилтайгаа уулзсан мэт дотно санагдлаа.
Ямар ч нийслэлийн төв хэсэгт нэг байгууламж олон жил үйл ажиллагаа явуулах амаргүй байдаг. Ихэвчлэн оронд нь өөр, өндөр байшин сүндэрлүүлдэг шүү дээ.
Зүүн гар талаас Владимир Япринцев, Натик Багиров
-Та нефтийн инженер мэргэжилтэй. Самбо, жүдогоор хичээллэхэд юу нөлөөлөв?
-Би Азербайжаны Баку хотод төрж, өссөн. Эхээс гурвуулаа, би дундах нь. Дүү минь Азербайжаны самбо, жүдогийн шигшээ багт ажилладаг. Би гурван хүүхэдтэй, хоёр нь хүү. Бага хүү минь самбогоор хичээллэдэг байсан, дэлхийн аварга. Ээж минь спортоор хичээллэдэг байсан нь намайг тамирчин болоход их нөлөөлсөн. Аав олон жилийн өмнө бурхан болсон юм. Манайх спортлог гэр бүл. Спортын салбарт хөл тавьсан минь ийм учиртай. Нэгдүгээр ангид байхад аав, ээж хоёр намайг усанд сэлэлтээр хичээллүүлсэн юм.
Би төдийлөн сонирхоогүй. Тиймээс хажуугаар нь самбо бөхөөр хичээллэв. Дуртай гэж жигтэйхэн. Бэлтгэлийн танхим манайхаас нэлээд зайтай. Нэг удаа явж байтал автобус эвдрэн, дөрвөн км алхаад очиж билээ. Гэтэл бэлтгэлээс таван минут хоцорчихож. Багш намайг хөөгөөд, оруулсангүй. Тэгэхэд би модны доор гурван цаг шахам уйлж билээ. Багшийг оруулаагүйд бус, хоцорсондоо өөрийгөө буруутгаад. Дахиж хоцрохгүй, амжилт гаргахын тулд бүхнээ зориулна, шавхана гэж өөртөө амласан. Нагац ах минь намайг аргадаж, тайвшруулснаа жүдогийн дугуйланд бүртгүүлсэн юм. Тэгж самбо, жүдогийн спортод хөл тавьж байлаа.
-Иргэншлээ солино гэдэг хүн бүхэнд хэцүү сонголт байдаг. Та яагаад Беларусийн тамирчин болсон юм бэ?
-Би их сургуулиа нефтийн инженерээр төгсөн, мэргэжлээрээ ажиллаж байлаа. Дараа нь спортоор тууштай хичээллэхээр шийдсэн юм. Гэтэл Бакуд самбо, жүдогоор мэргэжлийн түвшинд хичээллэх боломж, нөхцөл байгаагүй. Эдгээр спорт тэнд төдийлөн хөгжөөгүй байлаа. Тийм хүнд үед “БелАЗ”-ын захирал Владимир Япринцев намайг Беларусьт ирэхийг урьсан. Тэгээд бид Минскт амьдран, бэлтгэл хийх болсон юм. Тэгснийхээ хүчинд л өнөөгийн амжилтад хүрсэн болов уу.
-Та жүдогийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, самбогийн дэлхийн хоёр, Европын дөрвөн удаагийн аварга. Эдгээрээс хамгийн дурсамжтай нь тэмцээн бэ?
-Бүх тэмцээн чухал. Өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, дурсамжтай. 1995 онд Японд болсон жүдогийн ДАШТ хамгийн дурсамжтай, санаанаас ер гардаггүй нь. Тэр жил би хүрэл медалийн төлөө Германы бөх Ричард Траутманнтай өрсөлдөв. Үнэхээр хүнд барилдаан болсон. Барилдаан дуусахад 14 секунд дутуу байв. Түүнээс барьц авах мөчид надад ямар олон зүйл бодогдсон гэж санана. Бакуд очиж, ээжтэйгээ ярилцаж буйгаар хүртэл төсөөлсөн.
Тэгэхэд би ээжид “Медаль миний яг өмнө байгаа ч барьж чадахгүй нь” гэхэд ээж инээмсэглэснээ “Миний хүү битгий санаа зов. Энэ барилдаанд ялагдах чамд хэцүү байх нь тодорхой. Гэхдээ чи өрсөлдөгчдөө аз жаргал бэлэглэж чадна. Амжилтаа бусдаас битгий харамла, тамирчидтай хуваалц” хэмээх юм. Бас болоогүй ээ, гайхаад гэрээсээ гартал манай найзууд “Чи чадна, тэвчээртэй бай” гээд намайг хурцалсан. Тэрүүхэн хооронд тийм олон зүйл бодсон гээд төсөөл дөө. Бодол тийм хүчтэй. Тэр барилдаанд би ялж, ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн.
-Дараа жил нь “Атланта-1996” олимпод зодоглохдоо Гавьяат тамирчин Д.Нармандахад ялагдан, V байрт шалгарсан. Олимпоос бусад тэмцээнээс медаль авсан дутуугаа гүйцээж чадаагүйдээ хэр харамсдаг вэ?
-Тэр өдрийг тод санаж байна. Учир нь тамирчны замналын минь хамгийн чухал, хариуцлагатай барилдаан байсан. Би бэлтгэл сайтай, өөртөө итгэлтэй байсан ч “Атланта-1996”-д өрсөлдөхөд бие тавгүйрхсэн. Тухайн үед би 32 настай, Беларусийн тамирчин болчихсон байлаа. Хүрэл медалийн төлөө Д.Нармандахтай барилдахдаа сандраагүй, ялна л гэж бодсон. Даанч санасныхаа дагуу хүч сорьж, бүхнээ шавхаж чадаагүй.
Барилдааны явцад би түүнээс хоёрхон удаа барьц авсан. Би хоёр, тэр нэг сануулгатай байв. Түүнийг шийдсэн мэхээ хийхийг нь таамаглаж, хамгаалсан ч яаж ч чадаагүй. Д.Нармандах намайг үүрэх мэхээр цэвэр ялсан. Дэвжээнээс буусныхаа дараа л “Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдчихлаа” гэж бодох сөхөө надад орсон.
-Та олимпоос сарын өмнө болсон тэмцээнд Д.Нармандахыг ялсан. Тиймээс өөртэй итгэлтэй байсан болов уу. Энэ нь алдаа болсон тал бий юү?
-Юу гэж тэгэх вэ. Олимпын наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Д.Нармандахыг өмнө нь ялсан, эсэх ер хамаагүй. Анх удаа учраа таарсан мэт бүхнээ шавхан, хянуур барилдах учиртай. Тэр тэмцээнд дийлдээд, “Атланта-1996”-д ялсан ч болоосой гэж харамсдаг. Хооронд нь сольчихдог бол сайхан л байна. Нэгэнт өнгөрсөн зүйлийг яалтай билээ. Д.Нармандах бид хоёр хамгийн сүүлд 1996 оны ДАШТ-д учраа таарсан. Одоо ойр дотно харилцаатай, сайхан нөхөрлөдөг. Тэрбээр “Атланта-1996” олимпоос монгол тамирчдын цорын ганц медалийг авсан гэж дуулсан. Үнэн үү?
-Тийм ээ, үнэн. Олимпоос медаль хүртсэн Монголын гурав дахь жүдоч.
-Мундаг юм аа. Монголчууд их бахархдаг гэж дуулсан. Олимпоос медаль авах ямар хэцүү, өндөр босготойг би сайн мэднэ.
-Ирээдүйд хүмүүс таныг ямраар дурсаасай гэж хүсдэг вэ?
-Сайхан сэтгэлтэй, сайн хүн байсан гэж дурсвал болно доо. Түүнээс илүү зүйлээр яах вэ. Цаг хугацааг ухраадаг ч болоосой. Хэрвээ тэгвэл өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөн, хичээх юм сан. Би залуудаа бүхнээ зориулж, шавхаж байна гэж боддог байлаа. Гэтэл тийм биш байж. Надад жүдогийн дэлхийн аварга болж, олимпоос медаль хүртэх боломж байсныг би ашиглаж чадаагүй юм билээ.
-Та Азербайжаны жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчаар цөөнгүй жил ажилласан. Тус улсын багт гурван монгол жүдоч хүчин зүтгэдэг. Та бүхэн тэдэнд хэр итгэл хүлээлгэж байгаа бол?
-Тэднийг Азербайжаны тамирчин болгосон нь амжилтад хүргэх, улсынхаа эмэгтэй жүдочдын ур чадварыг ахиулах, хөгжүүлэх зорилготой. М.Ичинхорлоо Европын нээлттэй тэмцээнд түрүүлсэн, П.Буянхишиг Италид тэмцээнд оролцож байна. Э.Базаррагчаагийн тохой бэртсэн тул одоогоор тэмцээнд өрсөлдөхгүй байгаа. Би тэдэнд их хайртай, төрсөн охин шиг минь дотно санагддаг.
-Нутаг руугаа хэзээ буцах вэ?
-Долдугаар сарын 17-нд. Болдог сон бол буцмааргүй л байна (инээв). Холимог багийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 14-нд эхэлтэл Монголын самбочдын бэлтгэлийг хангалцана. Тэгсний үр дүн гарч, өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
-Тэгэхээр наадмын үеэр манай улсад байх нь. Хэрхэн наадахаа төлөвлөж амжсан уу?
-Наадам үзэх сэн гээд хоног тоолон хүлээж сууна. Бэлтгэл ихтэй, завгүй байгаа болохоор төлөвлөсөн зүйл одоогоор алга. Монголчууд бөхийн төрлөөр өндөр амжилт гаргадаг нь үндэсний бөхтэй салшгүй холбоотой. Тиймээс наадам болдог ордон (Төв цэнгэлдэх хүрээлэн)-д очин, барилдаан үзэхийг хүсэж байна. Наадмын нээлт их сонирхолтой болдог гэнэ лээ.