Говийн заан хэмээдэг зэрлэг тэмээ өдгөө хоёрхон улсын нутагт байдгийн нэг нь Монгол. Бэлчээр, усыг нь хүн, мал эзэлснээс, махыг нь ашиглах зорилгоор хулгайгаар агнадгаас болж хавтгайн тоо толгой цөөрчээ. Манай улс 1930 оноос хавтгай агнахыг хуулиар хоригложээ.
Мөн тархац нутаг нь болох Говийн их дархан цаазат газрын А хэсгийг 1975 оноос улсын тусгай хамгаалалтад авсан байна. Монголын болон олон улсын “Улаан ном”-д багтаасан уг амьтныг хамгаалах, судлах, тоо толгойг нь олшруулах зорилгоор Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааныхан Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгонд Хавтгай үржүүлгийн төв байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбаттай ярилцлаа.
-Хавтгай үржүүлгийн төв хэдэн жил үйл ажиллагаа явуулсан бэ. Өдгөө хэдэн хавтгайтай болсон юм бол?
-1987 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй хавтгай үржүүлэх дэлхийн анхны төв Монголд байна. 2010 онд БНХАУ-д тийм төв байгуулсан. Манай хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид эхээсээ салсан ботго говиос олж, тэжээсэн нь үржүүлгийн төв байгуулах үндэс суурь болсон.
Бид 2005 оноос хойш Английн хавтгай хамгаалах сантай хамтран албан ёсоор Хавтгай үржүүлгийн төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Одоогоор 38 хавтгай бий. Энэ онд зургаан ингэ ботголж, дөрвөн эм, хоёр эр ботгоор бүл нэмлээ. Эр ботгыг 3-4 нас хүрэхээр нь зэрлэг хавтгайн сүрэгт нийлүүлдэг.
-Хамгаалалтын захиргааныхан төвдөө ажилладаг уу. Эсвэл тусгай ажилтнууд бий юү?
-Тусгай маллагч хоёр хүн бий. Английн хавтгай хамгаалах сангийн дэмжлэгээр тэдний цалин, ажиллах орчин нөхцөлийг нь хангадаг. Нутгийн малчин, урьд нь тэмээ хариулж байсан туршлагатай хоёр хүнийг сурган ажиллуулсан л даа. Хавтгай маллах арга нь монгол тэмээ хариулахтай төстэй. Тэднээс гадна хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд ч судалгаа, шинжилгээ хийхээр төвдөө ажилладаг.
-Үржүүлгийн төвийн хавтгайнуудыг хашдаг уу. Байгальд нь хариулдаг юм уу?
-Үржүүлгийн төв Баянтоорой тосгоны төвөөс 17 км зайтай, 60 га талбай бүхий хашаатай. Хавтайнуудыг өвөл хашиж, байнга өвс тавьж өгнө. Санхүүжилтийг нь Английн хавтгай хамгаалах төвийнхөн хариуцдаг. Зун хашаанаас гаргаж, бэлчээрээр хариулдаг.
-Монгол орны нутагт зөвхөн Говийн их дархан цаазат газрын А хэсэгт л хавтгай байна. Сүүлийн жилүүдэд тоо толгой нь өссөн үү, буурав уу?
-2014 оны тооллогоор 500-600 байна гэсэн дүн гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны захиалгаар манай захиргааныхан Лондоны амьтан хамгаалах нийгэмлэгтэй хамтран тоолсон юм. Сүүлийн үеийн судалгаанаас харахад, тоо толгой нь тогтвортой байна. Манай дархан газартай хил залгаа БНХАУ-ын нутагт 500 орчим бий. Дэлхийн хоёрхон улсад ердөө 1000 орчим хавтгай байна гэсэн үг.
-Ус, бэлчээрийн хомсдол, хүний үйл ажиллагаатай холбоотойгоор хавтгайн тоо цөөрсөн талаарх хэдэн жилийн өмнөх судалгааны дүн харлаа. Говийн их дархан цаазат газрын А хэсгийг улсын тусгай хамгаалалтад авснаар хавтгайнууд хүн, малын нөлөөнд өртөлгүйгээр өсөж үржих боломж бүрдсэн үү?
-Хавтгайн гол байршил нутаг Говийн их дархан цаазат газрын А хэсэг бол Монголд төдийгүй дэлхийд гайхагдахаар, хүний гар хүрээгүй, онгон дагшин. Айлууд өвөлжиж, хаварждаггүй, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаггүй. Ховор, зэрлэг амьтдын гол нутаг учраас улсын тусгай хамгаалалтад авсан. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, байгаль, цаг агаарын нөлөөллөөс болж ус хомсдох боллоо. Өнгөрсөн гурван жилд манай дархан газарт гантай байсан. Говьд байнгын болон түр гардаг 54 булаг, уст цэг бий. Зун бороогүй бол ширгэнэ. Өвөл цас орохгүй бол маш хүндрэлтэй. Хөлдсөн булгууд цусанд будагдчихдаг. Амьтад мөсийг нь долоосоор тийм болгочихдог. Тиймээс манай байгаль хамгаалагчид өвөл амьтдад зориулж байнга мөс хагалж, тавьдаг. Харин өнгөрсөн өвөл өнтэй, цас нэлээд орсон.
Хавтгай, мазаалай болон бусад амьтныг усаар хангах зорилгоор БОАЖЯ-ны захиалгаар Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн санхүүжилтээр 2018 онд манай дархан цаазат газарт усны хайгуул хийж, долоон цооног өрөмдсөн юм. Таваас нь ус гарсан. Тэдгээрт нарны эрчим хүчээр ажилладаг худаг барихаар хөөцөлдөж явна. Мөн бид Чех улсын Прагын амьтны хүрээлэнтэй хамтран хавтгай үржүүлгийн хоёр дахь төв байгуулахаар санал солилцож байгаа. БОАЖЯ, Прагын амьтны хүрээлэнгийнхэн хамтран ажиллах санамж бичигт 2017 онд гарын үсэг зурсан. Тус хүрээлэнгийнхэн саяхан манай дархан цаазат газарт ирж, хоёр дахь төвийг байгуулах санхүүжилтийг шийдэхээ илэрхийлсэн.
-Хоёр дахь төв одоогийнхоос юугаараа өөр, онцлог байх бол?
-Гол зорилго нь хавтайг монгол тэмээтэй ойртуулахгүй, зөвхөн үржүүлэх чиглэлээр ажиллах юм. Одоо бол бид хавтгайнуудыг зун хашаанаас нь гарган хариулж, монгол тэмээтэй ойрхон байлгадаг.
-Тэгэхээр монгол тэмээтэй эрлийзжих асуудал тулгарч байгаа гэсэн үг үү?
-Яг ч тийм биш л дээ. Хавтгайн орооны үе 11-3 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Тэр үед нь хашдаг. Харин шинэ төв байгуулснаар бэлчээрт гаргахгүй, зөвхөн үржүүлэх, судлах зорилгоор жилийн дөрвөн улиралд хаших юм. Манай байгууллага, Монголын хавтгай хамгаалах сан, Прагын амьтны хүрээлэнгийнхэнтэй хамтран энэ онд багтаан байгуулахаар санал нэгдсэн. Ирэх он гэхэд шинэ төвтэй болно гэж найдаж байгаа.
-Байгуулах газраа олсон уу. Өртөг зардлыг нь тооцов уу?
-Дархан цаазат газрын хилийн дотор бус, орчны бүсэд нь байгуулахаар ярьж байгаа. Бүх тооцоо, судалгааг хийсэн. Дархан газар нь дотроо хамгаалалтын, хязгаарлалтын, онгон бүстэй. Орчны бүс гэдэгт нь хилийн гадна байрлах сумуудыг хамруулдаг. Хоёр дахь үржүүлгийн төв байгуулах газар нь монгол тэмээтэй айлуудаас хол байх юм. 5-10 га газрыг хашна. Урьд нь судалгааны зориулалтаар барьсан нэг барилга тэнд бий. Түүнийг тохижуулж, олон улсын жишигт нийцсэн судалгааны төв болгохоор зорьж байгаа. Мөн орчны бүсэд нутаглаж буй малчдад зориулж Чехийн тал гүн өрмийн худаг гаргахаар төлөвлөсөн.
-Хэдэн хавтгай үржүүлж, байгальд нь тавьсан бэ. Төвдөө буцаж ирсэн тохиолдол бий юү?
-17 хавтгайг байгальд тавьж, судлах зорилгоор байршил тогтоох хүзүүвч зүүсэн. Зарим буур буцаж ирсэн тохиолдол бий ч олонх нь байгальдаа хурдан дасан зохицдог. Хавтгай үржүүлгийн төв байгуулснаас хойш уг амьтны зан төрхийг судлахын зэрэгцээ хэд насалдгийг нь тогтоохоор ажиллаж байна. Урьд нь манай судлаачид хавтгайн сүргийн бүтэц, идэш тэжээлээс авхуулаад олон зүйлийг судалж тогтоосон. Харин зан төрхийг сайн судлаагүй юм билээ. Байгаль дахь амьтдыг барьж аваад, судлах боломж тун хомс байлаа. Харин төв байгуулснаар судалгааны бааз суурь бүрдэж, шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой мэдээллүүдийг цуглуулах болсон.
-Зан төрхийн судалгааны үр дүн гарсан уу. Хавтгай хэд насалдаг юм бэ?
-Монголын хавтгай хамгаалах сангийн тэргүүн, доктор Я.Адъяа болон манай байгууллагын мэргэжилтэн, хавтгай маллагч нар хамтран уг амьтны зан төрхийг камераар тогтмол ажиглаж, хянаж байна. Үр дүн хараахан гараагүй. Насны тухайд анх авчирсан ингэ 33 жил амьдраад байгалийн жамаар үхсэн. Үүнээс гадна гадаад, дотоодын судлаачидтай хамтран генетикийн судалгаанууд ч хийж буй.
-Үржүүлгийн төвийнхөөс гадна зэрлэг хавтгайнуудыг хамгаалах чиглэлээр ямар ажил хийдэг вэ?
-Нутгийн иргэд “Хавтгайнууд хилээр гарчихаад буцаж ирэхгүй байна” гэсэн мэдээлэл манай хамгаалалтын захиргаанд байнга ирүүлдэг байлаа. Нөхцөл байдлыг тодруулахын тулд бид доктор Я.Адъяатай хамтран Лондоны амьтан хамгаалах нийгэмлэг, Английн хавтгай хамгаалах сан зэрэг байгууллагад хандсан. Тэдгээр байгууллагын дэмжлэгтэйгээр өнгөрсөн оноос хил дагуу камерууд байршуулж эхэллээ.
Одоогоор хилийн бүсэд 100 камер байрлуулсан. Мөн уст цэгүүдэд 160 камер суурилууллаа. Ингэснээр зэрлэг амьтад, ялангуяа ямар амьтад хил даван одож байгааг тодруулж, эргэж орж ирсэн, эсэхийг нь судалж эхэлсэн. Үр дүнг нь ирэх онд гаргаж, түүндээ үндэслээд цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Одоо судалгааны шатанд байна.
-Хавтгайн тоо толгой хомсдох шалтгаануудын нэг нь хулгайгаар агнах гэж “Улаан ном”-д тэмдэглэжээ. Хууль бус анчид олон уу?
-Говийн их дархан цаазат газрын А хэсгийн улсын тусгай хамгаалалттай газарт айл байхгүй, ус ховор, бас зам маш хүнд шүү дээ. Үүнээс гадна 500 орчим камер суурилуулсан учраас анчид, хууль бусаар алт олборлогчид ирэхээ болсон гэж хэлж болно. Мөн говьд байрлах хоёр цэргийн анги, дөрвөн заставтай бид байнга мэдээлэл солилцон, хамтран ажилладаг.
-Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хавтгайнаас гадна зайлшгүй хамгаалах шаардлагатай ямар амьтад бий вэ?
-Манай хамгаалалтын захиргааг 1975 онд байгуулсан. 1991 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын дэлхийн жагсаалтад бүртгэсэн. Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь хоёр аймгийн таван сумын 4.6 сая га талбай эзэлдэг. Монголдоо хамгийн том газар нутагтай, улсын тусгай хамгаалалттай газар. Сүүлийн гурван жилд манайд олон улсын байгууллагууд маш их анхаарч, бидэнтэй хамтран ажиллаж байна. Жишээ нь, мазаалай хамгаалах, техникийн туслалцаа үзүүлэх томоохон төслийг Монгол, БНХАУ-ын Засгийн газар хамтран 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улсын “Улаан ном”-д орсон 33 зүйл хөхтөнөөс 15 нь Говийн их дархан цаазат газарт бий. Бид мазаалай, хавтгай хоёрыг голлон анхаарч ажилладаг ч зээр, хулан, аргаль, янгир зэрэг амьтныг ч хамгаалахын төлөө био техникийн арга хэмжээ авч, бас судалгаа хийдэг. Прагын амьтны хүрээлэнгийнхэнтэй хамтран Говийн их дархан цаазат газарт амьдардаг хөхтөн амьтдыг тоолохоор ярилцаж байна.
Санхүүжилтийг нь тэд гаргах боломжтой гэсэн. Мөн бид ховор ургамлуудыг үржүүлэхэд ч анхаардаг. Хавтгай үржүүлгийн төвийн ойролцоо говийн нэн ховор модлог ургамлуудыг үржүүлдэг талбай бий. Сухай, тоорой, хайлаас, буйлс зэрэг ховор ургамлыг үрээр болон мөчрөөр үржүүлээд, орчны бүсийн иргэдэд өгч, тариулдаг. Жилд 2500-3000 суулгац авдаг. Үүний үр дүнд Баянтоорой жишиг ногоон тосгон болсон. Мод үржүүлгийн төв 1992 оноос өдий хүртэл тасралтгүй ажиллаж, одоогоор 2.5 га талбайг хамарсан байна.
-Манай улсын хамгийн том тусгай хамгаалалттай газар гэлээ. Нэг байгаль хамгаалагчид хэдий хэмжээний газар нутаг ногддог вэ. Хүн хүч хүрэлцээтэй юү?
-30 орон тоотойгоос 21 нь байгаль хамгаалагч. Нэг хүн 238 000 га талбай хариуцаж, маш хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Хариуцсан талбайгаа нэг удаа эргэхдээ 680-1500 км зам туулна. Мотоциклдоо ус, хоол хүнс, шатахуунаа ачаад гарна. Замд нь айл байдаггүй, ус хомс. Нэг уст цэгээс нөгөөд хүрэхэд 150-200 км явахаас аргагүй. Зун 38-40, хөрсөнд 70 градус хүрч халдаг. Өвөл 35 градусын хүйтэнд ажиллана.
Хээрээр явахад айл байхгүй учраас байгаль хамгаалагч хоноглох хэд хэдэн байр барьсан. Тэндээ хоноглоод, хариуцсан газар нутгаа нэг удаа эргэхэд багадаа гурав хоног, дээд тал нь сар явах тохиолдол ч бий. Гэртээ ирээд тав, зургаа хоночихоод буцаад л гарна шүү дээ.