“Экспорт олон улсын худалдааны төв” (EITC) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын зах зээлд борлуулалтаараа эхний гуравт жагсдаг Чикаго хот дахь “Oatbrook center” худалдааны төвд анх удаагаа Монголын брэндийн худалдааны төвийг албан ёсоор нээхээр боллоо.
Энэ оны наймдугаар сарын 1-нд Чикаго хот дахь “Oatbrook center”-т нээгдэх Монгол брэндийн худалдааны төвд эхний ээлжинд Монголын 6-8 брэнд байрших ба кашмер, арьсан төрлийн бүтээгдэхүүн, дизайнеруудын оёмол сүлжмэлийн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл болон аксесуорын бүтээгдэхүүн худалдаална. Мөн АНУ-ын Вашингтон DC хотноо Монгол брэндийн худалдааны дараагийн төвийг албан ёсоор нээхээр төлөвлөсөн. Ирэх аравдугаар сард Нью-Йорк хотноо гурван сарын хугацаатай “Pop Up shop” буюу түр худалдаа явуулах бөгөөд ирэх оноос байнгын худалдааны төвийг нээхээр болжээ.
Ийнхүү АНУ болон Япон, Канад, Европын зах зээлд Монголын аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ гаргах, борлуулах, хөрөнгө оруулалт татах, онлайнд худалдаанд нэгдэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг боломжийг авах юм.
Ташрамд дурдахад, Монголын брэндүүдийг олон улсын зах зээлд гаргахад гол гүүр болж буй “Экспорт олон улсын худалдааны төв” EITC (https://www.facebook.com/exportmongolia/) төрийн бус байгууллага нь 2015 оноос эхлэн Япон, АНУ, Канад Европын зах зээлд үзэсгэлэн худалдаа, экспо удаа дараа зохион байгуулан Европын зах зээлд ложастикийн төвүүдээ нээж Амазон, Ebay зэрэг онлайн худалдаанд хэдийнээ нэгдсэн байгаа билээ.