Монголбанкнаас банк, санхүүгийн салбарт баримталж буй бодлогын үндэслэл буюу эдийн засгийн тооцооллын үр дүнг хуваалцах, гүйцэтгэлийг тайлагнах зорилгоор гаргадаг эдийн засгийн өсөлт болон инфляцын суурь төсөөллийг шинэчлэснээ өчигдөр танилцууллаа. Одоогоор манай улсын инфляц 7.9 хувьтай байгаа юм. Уг өсөлтөд эдийн засгийн идэвхжлийг дагасан эрэлт, мах, хатуу түлш, шатахууны үнэ нэмэгдсэн нь түлхүү нөлөөлжээ. Оны өмнөх төсөөллөөр 2019 онд инфляц 7.6 хувьтай байна хэмээн таамагласан ч зах зээлийн шинжилгээгээр 7.2 болж буурах гэнэ. Мөн инфляцыг ирэх жил 8.6, 2021 онд 6.8 хувьтай байна хэмээн таамагласан. Гэсэн ч эдийн засгийн өсөлт эрчимжин, хэрэглээний зээлийг танаж, төсвийн алдагдлыг бууруулж буй зэргээс шалтгаалж инфляц 2020 онд 7.8, 2021 онд 6.4 хувьд хүрэхийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл танилцуулав. Түүнчлэн 2019-2020 оны эдийн засгийн суурь төсөөлөлд ч ахиц гарсан байна. Тодруулбал, энэ онд эдийн засгийг 6.9 хувиар өснө гэж таамагласан ч оны сүүлчээр өсөлт 7.3-т хүрэх боломжтой хэмээн тооцжээ. Мөн 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5.1 хувьтай байх төлөв ажиглагдсан ч зургаан хувьд хүрэх боломжтой аж. Уг өсөлтөд уул уурхайн экспортын хэмжээ болон гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж буй нь нөлөөлөх гэнэ. Харин 2021 онд эдийн засгийг 6.8 хувиар өснө гэж мэргэжилтнүүд төсөөлсөн ч 5.8-д хүрч буурах магадлалтайг онцлов.