Бидний хэдэн зохиолчийг тавдугаар сарын дундуур “Эмээлт” хэмээх хөл толгой нь мэдэгдэхгүй, хөглөрсөн, эмх цэгцгүй тэр газрын дэнж өндөрлөгт цэмцийтэл өндийж боссон “Протейн” үйлдвэрт урьлаа. “Бид Монголдоо иймийг үзнэ гэдэг сайхан, Монголын минь үйлдвэр гэхээр бахархал төрж байна. Сэтгүүлч, зохиолчид дэмжиж бичихээс аргагүй юм байна” гэж зохиолч Д.Энхболд сэтгэл хөдлөн хэлэв. Ийм хүнийг дуугүй хараад, магтаад, бишрээд өнгөрөх эрхгүй мэт санагдсан болохоор үүнийг тэрлэж байна.
“Энэ улсад болж байгаа юм алга гэж гасалж байхад “Болгож байна, бүх юм нураагүй, хөгжлийн гэрэл асаалттай” гэдгийг дэлхийн жишигт тэргүүлэгч итали технологи, европ стандарттай “Протейн” үйлдвэрийн гадаад, дотоод байдал, нүргэлсэн хөдөлгүүрүүд нь “хэлээд” өгнө. Хөдөө өсөж өндийсөн бидэнд малын бууцны үнэр шиг санагдав. Үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, “Ийм үйлдвэрийг зориглож босгосон нь сайн байна. Хаа сайгүй хаягдаж, үрэгддэг малын ясыг ингэж дэлхийн жишгээр боловсруулдаг үйлдвэрийг монголчууд хүлээж байсан, цаашдаа дэмжих болно” гэж хэлсэнд үйлдвэрийнхэн маш их урам, зориг итгэл авч, баяр хөөртэй үлджээ. Дэмжихээс аргагүй үйлдвэр гэвэл мөнөөсөө мөн юм аа.
Тасхийтэл оносныг “нүдээ олжээ” гэдэг. Тасхийтэл хийчихсэн юмыг “Тултал нь хийжээ, чамаас өөрөөр хэн ч ингэж амжуулахгүй” гэдэг. Ийм нүсэр үйлдвэрийг Италийн технологиор, монгол эмэгтэй зүтгэж бүтээжээ. Түүнийг Нямдэлэгийн Оюунбат гэдэг. “Монголд янз үйлдвэрүүд босож байгаа ч захын монгол хүн “Ёстой нэг хүсэн хүлээсэн эд байна, ямар сайхан юм бэ” гэж дуу алдмаар, бахадмаар юм. Үүнийг миний бие гоёчилж хөөргөж хэлээгүй шүү, үзсэн бүх хүн сэтгэл тэнүүн хэлж байна лээ.
Сүүлийн 30 жил яс хэмээх “цагаан алт”-аа хээр, хөдөө хөсөр хаяж, уул овоо шиг хог бөөгнөрч, онгон байгалиа бохирдуулж, хэдэн зуун булаг, шанд ширгэж, халдварт өвчин дэгдэж, “биологийн хорт зэвсэг” гэж гадаадын орнуудад үздэг дайвар бүтээгдэхүүнийг шийдэхгүйгээр, ялангуяа манай орны хувьд хөгжлийн тухай ярих хэцүү.
Өнөөгийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Мах, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян” зохион байгуулах зорилт дэвшүүлсэн нь олон түмний сэтгэлд ихээхэн нийцсэн. Энэхүү аяныг таван зорилтын хүрээнд зохион байгуулж иржээ. Аян хэрэгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй хөгжүүлж, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах, мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдүүлэх, боловсруулах салбарыг хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглээ, экспортыг дэмжих гэсэн оновчтой бодлого дэвшүүлсэнтэй нь энэхүү “Протейн” үйлдвэрийн зорилго яв цав нийлж байна гэж бодов.
Хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дундажаар 12 сая орчим мал буюу 400 000 тонн мах бэлтгэдэг байна. Ийм их хэмжээний махны ясыг хэрхэн, яаж боловсруулах вэ? Ийм их ясыг органик бүтээгдэхүүн болгож, экологийн эргэлтэд оруулах үйлдвэрлэлийг төр, засгийн цогц бодлого болгож, тусгай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай нь хэнд ч ойлгомжтой. Малын бой, нядалгааны газар дайвар бүтээгдэхүүн, гэдэс дотрыг тэр чигээр нь хаяж байгаль орчин бохирдуулж буйд анхаарах эзэн, хяналт шалгалт, судалгаа тооцоо байна уу? Энэхүү биологийн хор хөнөөл, байгалийн бохирдлоос гаргах гол арга нь онцолж байгаа “Протейн” шиг хэд хэдэн том үйлдвэр барьж байгуулах хэрэгтэй гэдгийг олны анхааралд оруулах гэсэн юм. Манай малын тоо толгой жил бүр өсөж 60, 70 саяд хүрч, сүүдрээс нь бусдыг ашигладаг малынхаа шимийг бүрэн ашиглаж чадвал, зах замбараагүй ухаж төнхөөд дуусгаж байгаа уул уурхайгаас дутахааргүй монгол үндэсний асар их нөөц, хязгааргүй баялаг гэдгийг баталж цөхөх юмгүй.
Худалдаа арилжаа, явуул суугуулын бужигнаан, нохой, шувууны үүр болчихоод байгаа Эмээлт хавийн уулыг бүтэн ороохоор 900 000 гаруй адууны ширийг гадагш гаргаж чадалгүй, хог болгоод, өвс ногоог үхүүлж, агаар бохирдуулж байгаа тухай зурагтаар үзээд эмзэглэн, гашуудсан билээ. Ашгүй, сүүлийн үед Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, арьс ширийг Хятад руу гаргахын зэрэгцээ дотооддоо ашиглах нь бололтой.
Эх орондоо ээлтэй үндэсний үйлдвэрүүдийг байгуулсан түүхийг сөхөж үзвээс, “Протейн” үйлдвэрийнх шиг дан ганц хүний зүтгэл чармайлтаар бус, төр засгийн бодлогоор, гадаад оронтой гэрээ, хэлэлцээр байгуулж, тэдний хөрөнгө оруулалтыг ухаалгаар шийдэж ирснээс амжилттайгаар хөл дээрээ босжээ. Геологи, арьс шир, гутлын үйлдвэрийг гэхэд л Чехославак Улсын тусламжаар байгуулж, улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан. “Говь” үйлдвэрийг 1981 онд Японы хөрөнгө оруулалтаар байгуулсан бол “Эрдэнэт”-ийг Зөвлөлтийн техник, тоног төхөөрөмжийн туслалцаатайгаар байгуулсныг хэн хүнгүй мэднэ. Малаа үйлдвэрийн аргаар нядалж, хотын иргэдийг махаар хангах зорилгоор өнөөгийн “Мах импекс” компанийг 1946 онд “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулсан юм. 1968 онд өргөтгөл хийсэн хиам, консервын үйлдвэр байгуулснаар өнөөдөр 9600 бог, 480 бод, 300 гахай нядлах хүчин чадалтай мал нядалгааны үйлдвэр, 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах, хөргөх үйлдвэр ашиглалтад оруулсан жишээтэй. Томоохон төсөв хөрөнгөтэй үйлдвэр байгуулна гэдэг нь ганц компанийн асуудал биш, улс орнуудын хамтын ажиллагаа, зээл тусламж, төр засгийн шат дараалсан бодлогын түвшинд хийдэг, бүтээдэг том бүтээн байгуулалт юм байна.
Ганц компани хэчнээн ухаан хүч сийллээ ч, тамир хүрэхгүйн зовлон “Протейн” хэмээх үйлдвэрт ч бус, бусад компанийн хувьд байсаар байна. Дөнгөж хөллөж ядаж байгаа үед нь л төр, засаг бодлогоор туслан дэмжиж, нэг хэсэгтээ татвараас чөлөөлж, зээлийн хүүг бууруулах зэргээр анхаарч, босгоод ирвэл Монгол хөгжинө, урагшилна, дэвжинэ. Бизнесээ дэмжих тухай их ярьдаг ч ажил болгох нь үүнээсээ илүү. Эх орон, Монголоо гэсэн Н.Оюунбатын худал хэлдэггүй, үнэнчийн царай эсгэдэггүй, эрс шийдмэг, эх оронч оргилсон халуун сэтгэлтэй нь, хэсэг ярихаас нь тодорхой. Давна, туулна гэсэн оргилуун хүсэл нь “Протейн” үйлдвэрийн ирээдүйн итгэл, найдвар болж байна. Тэрбээр Италид хэсэг хугацаанд амьдрахдаа олон найз, нөхөдтэй болжээ. Тэрбээр хэзээний нээлттэй, ил тод, дэргэдэх байтугай тэртээх хамаагүйг хүртэл өөртөө татдаг, итгэлтэй, аялаг нийцлэг харилцаатай, тулсан үед сүүлчийн талхаа ч хуваалцахад бэлхэн, монгол ухаан, монгол үг яриагаар бол “Хүний аман дахийг булааж идмээр бүсгүй” гэхийг найз нараас нь сонсов. Ийм нэгэн эмэгтэй “Монголдоо үйлдвэр” байгуулья гэж эрс шийджээ.
Монгол орон олон сая малтай байж яс, мал махны үйлдвэр хомс байгаад итали анд нөхдүүд нь гайхжээ. Тэдний үг зөвлөгөө хэзээний романтик бүсгүйг гар хумхин суулгалгүй хатгаж эхлэв. Үйлдвэр байгуулахаар эрс шийдлээ. Ингэхдээ хүндхэн байгаа төр, засгийг царайчилсангүй. Ёстой л бор зүрхээрээ, өвдөг дээрээ өндийж, борвин дээрээ босов. Түүнд яваагүй мөр, ажиллаагүй газар бараг байсангүй. Цөөнгүй салбарт 20 гаруй жил гүрийж босгосон бүхний мөнгө санхүүгийнхээ уутны ёроолыг нь гартал сэгсрэв.
Манайдаа энэхүү үйлдвэрийн хүчин чадал улсын хэмжээний бүх ясыг орчин үеийн техник, технологийн шат дамжлагатайгаар боловсруулж чадна. Өдөрт 100 тн яс боловсруулах хүчин чадалтай. Энэ нь наад захын хэрэг, цаанаа нь манай ясны 90 хувь нь гадаа хэвтэж байна. Ингээд Испани, Аргентин, Уругвай, Бразил зэрэг 39 орны 100 гаруй үйлдвэрт тоног, төхөөрөмжөө нийлүүлсэн Италийн “Impianti carrera” үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн ноу-хауг зориглон худалдаж авчээ. Сүүлийн 30 жилд Европыг байлдан дагуулсан дэлхийн хэмжээний үйлдвэрийн патентыг худалдаж авна гэдэг бол тоглоом биш. Энэ бол асар их итгэл, хариуцлага, үүрэг. Төр, засаг бодлогоор энэ чиглэлийн ийм үйлдвэрийг бүхнээс түрүүнд барьж, байгуулах ёстой байтал нэгэн монгол сэхээтэн эмэгтэй эх орондоо байхгүй үйлдвэрийг байгуулж чадлаа.
Бүрэн автомат “Протейн” шиг үйлдвэр Азид Израил Монгол хоёрхон оронд л одоогоор байна. Малын гаралтай мах, ясны гурил, тос, органик бордоо үйлдвэрлэж дэлхийн зах зээлд таван хошуу малын гаралтай техникийн тос, лак будаг, бүх төрлийн тослох материал, түлш шатах материал болон гоо сайхны бүтээгдэхүүнийг голлох түүхий эдээр бүрэн хангаж чадна. Сүүлийн жилүүдэд энэ үйлдвэрээс олон улсад эрчим хүч гарган авахад ч хэрэглэдэг нь ашиг шим, нөөц бололцоог дурдаад баршгүй аж. Үйлдвэрийн ажиллагаа энгийн юм шиг атлаа асар нарийн ажиллагаатай. Дэлхийд “монгол чанарыг” “монгол бүтээгдэхүүнийг” түгээх зорилготой газар тариалан, ногоон байгууламж, бүх төрлийн таримал ургамал, жимс жимсгэнэ, байгалийн нөхөн сэргээлт, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтэд зайлшгүй шаардлагатай азот, кали, фосфорын баялаг дархлаатай байгалийн дээд зэргийн цэвэр бордоо гаргана. Үхрийн баас, шээс, бууцаар бордох гэхчилэн элдвээр зүдэрдэг, эсвэл гадаадаас өндөр өртөгтэй хуурамч бордоо худалдаж авдаг тариаланчид томоохон зовлон бэрхшээлээсээ гарах үүдийг энэхүү үйлдвэр нээж, Монгол орны үйлдвэржүүлэлтэд гайхалтай үр дагавар авчирлаа.
Монголчууд атар хээр газарт анх шан татсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Газар тариалангийн өндөр ургацад бордоо шиг амин чухал юм байхгүй. Тэгвэл дотооддоо хаанахын ямар ч орныхоос илүү, үнэ өртөг тэднээс хямд бэлээхэн бордоог “Пройтейн” үйлдвэр гаргаж байгааг ашиглаж, үйлдвэрлэгч, бүтээгчид нэгнээ нөхөн ажиллах л үлджээ. Энэ хамтын ажиллагаанд хөдөө аж ахуйг хариуцсан яам онцгой үүрэгтэй нь тодорхой. Ийнхүү “Газар тариалангийн хувьсгал” гэж бахархан ярьдаг болсон үед эх орныхоо арвин шимт хээр бэлчээрийн малынхаа бордоогоор бордвол өгөөж нь хэдэн арав дахин өсөж, хэрэглэгчид хамгийн цэвэр органик төмс, хүнсний ногооноос эхлээд “ногоон хувьсгалд” яс хэмээх “цагаан хувьсгалын” үр шимийг шууд хүртээх сайхан замыг бий болгожээ. Байгалийн цэвэр бордоог ашиглаж зарим оронд нэрд гарсан дарс хийдэг.
“Үндэсний үйлдвэрийг хөгжүүлнэ” гэж амаа цангатал ярьдаг улстөрийн хүчин, хүмүүсийн нүд сортосхийж, халуун гар сэтгэлээ зориулах л үлджээ. Нэгд, хог болж хаа сайгүй хөл дор хэвтэж байгаа яснаас салгаж байгаа хэрэг. Мөн яс боловсруулан, дээд чанартай шимт “Бона” хэмээх органик бордоо үйлдвэрлэж, бас үүний зэрэгцээгээр тос гаргаж, бусад үйлдвэрлэгчид алтан боломж олгож байна. Оюунбат бүсгүй энэ үйлдвэрээ зөвхөн ганцаараа эзэмших гэсэнгүй. Хамтраач, хөрөнгө оруулаач, хувьцаа эзэмшээч, эх орондоо үйлдвэрээ тал талаасаа босгоцгооё гэж хэлж, ярьдаг нь таатай санагдлаа. Монгол малын гайхамшиг бол дэлхийд байхгүй гэж эрдэмтэд дуу нэгтэй хэлж байна. Яснаас нь дээд зэргийн байгалийн цэвэр бүтээгдэхүүн тос гардаг, түүгээр дээд зэргийн чанартай, сөрөг нөлөөгүй саван үйлдвэрлэе гэвэл энэ үйлдвэрийн тосыг хэрэглэхэд л өнөөгийн нефтний шаараар хийдэг савангийн дэргэд юугаар ч орлуулшгүй эрдэнэс ажээ.
Оюунбаттай сүүлд уулзахад, жаахан урам хугарсан шинжтэй байсан ч гэлээ, нөгөөх л гялалзсан итгэл нь хэвээрээ байна. Хааяа ахадсан ачаа өөртөө үүрүүлжээ гэж боддог болсон байх юм. “Үүний оронд амтат ус ундаа, зайрмаг боов, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулсан бол... Зүгээр л “Benetton” брэндийн дэлгүүрээ ажиллуулаад санаа амар явдаг ч байсан уу. Монголд маань цэлийтэл нээлттэй хаалга шиг боломж бололцоогоор дүүрэн саадгүй чөлөөтэй зовлонгүй бүтэх ажил алга.
Алхам бүрт зовлон бэрхшээл, төвөг чирэгдэл, бул хар чулуу, хүнд суртал, амин хувийн ашиг. Бизнесээсээ ажиллаж хөдөлмөрлөхийн аз жаргал, амт шимтийг хүртэх нь их хол бололтой” гэж тэрбээр өгүүлэв. Монгол хүн болж төрснийх эх орондоо буян хийе гэсэн биш, өөрийн толгой дээр лай овоолжээ гэж бодох болсон нь харамсалтай. Монголд ийм боловсруулах үйлдвэрийг бүх талаар дэмжин туслах бодлого үгүйлэгдэж байна шүү гэдгийг чангаар хашгиран хэлмээр санагдав. Банкны зээлийн хүү цахилгааны тоолуур шиг мөч бүрээр шажигнан эргэлдэж, төсөөлбөл, нүцгэн хөл дороос нь хайрга чулуу хатгах шиг болдог бололтой.
Аливаад сэргэг жинхэнэ шинжлэх ухаанчаар ханддаг, байгалиараа байдаг бүтээгдэхүүнийг үнэлж чаддаг Японы бизнесменүүд гэхэд л “Бона” бордоог авах сонирхолтой байдаг аж. Орчин үеийн технолгиор шат дамжуулан цэвэршүүлж, ямар ч хөнөөлгүй үйлдвэрлэсэн бордоог “Танай мал шүлхийний голомттой” гээд бас нэг зохиомол там үүсгэнэ. Зүтгэсэн бүхэнд зүдгүүр зовлон салхи шуурга шиг босож ирдэг нь гачлантай. Ёстой дээрээ төр засагтай, дэргэдээ түмэн олонтой бол энэхүү нэгэнт босгоод ирчихсэн үндэсний үйлдвэрээ сүнхийтэл татаад, байгалийг бохирдуулан хэвтэж байгаа ясыг эрдэнэс болгох сон. Сум, байгууллагын бой гэхэд л гэдэс толгой шийр, элэг уушги, гэдэс дотрыг шууд хаяж байгалийг сүйтгэж байгааг харахад харамсмаар. Гэтэл идэх хоолгүй боллоо, өлслөө цангалаа гэж гасалж, гангинах нь хязгааргүй.
НҮБ-ын индэр дээрээс ч химийн бодис хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийж, байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнийг уриалж, улс орнуудын мянганы зорилт болгож байгаа үед ийм л хүчирхэг үйлдвэрүүдээ дэмжиж дэвжээх нь чухал гэдгийг хаана хаанаа ойлгох цаг холгүй байх аа. “Протейн” үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнээрээ монгол чанарыг дэлхийд гайхуулах цаг ирнэ гэсэн итгэл төрсөн билээ. Уран бүтээлийн минь анд О.Дашбалбар “Өвгөд дээдэс минь бидэнд өвлүүлж өгсөн. Үр ачдаа бид хүлээлгэж өгнө” гэсэн шүлгийн мөрний эзэн бол энэхүү монгол үндэсний үйлдвэр мөнөөсөө мөн.
Бэлтгэсэн: До.Цэнджав