Өнгөрсөн оны нэгдүгээр сард улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас сэргээш илэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан. Шийтгэлийнх нь хугацаа ирэх жил дуусах байсан тэд МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл бичин, уучлалт гуйсан.
Улмаар МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар тэдний эрхийг сэргээн, барилдахыг зөвшөөрсөн нь бөхчүүдийн хооронд маргаан үүсгэн, олныг талцуулаад буй. Бид өмнө нь МҮБХ-ныхны тайлбарыг хүргэсэн. Уншигчдад мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд энэ удаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хагас жилийн дараа дуусах шийтгэлийн хугацааг наашлуулан, сэргээшийг өөгшүүллээ гэж олон хүн шүүмжилж байна. Үнэхээр ингэж болох хууль зүйн үндэслэл бий юү?
-Бид барилдах гэж муйхраар зүтгээгүй, бүх зүйлийг хуулийн дагуу хийж буйг онцолъё. Спорт залуу насны ажил. Ид барилдаж буй тамирчдад хоёр жил гэдэг урт хугацаа. Бид хуулиа хүндлээд өнгөрсөн жил улсын наадмыг өнжсөн. Нэлээд ярилцан, зөвлөж байгаад барилдах эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан юм. Баянзүрх дүүргийн шүүхээс бидний эрхийг сэргээсэн ч хоёр холбооны маргааны улмаас хойшилсоор өдий хүрлээ.
Тэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар энэ онтой золгосон. Бид шийтгэлийнхээ 70 гаруй хувийг эдэлснээ бодолцож, МҮБХ-ны удирдлагад өнгөрсөн сарын 14-нд өргөдөл гаргасан юм. Үүний дагуу МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаад олонхын саналаар бидний барилдах эрхийг сэргээлээ. Эрх бүхий хоёр ч байгууллага ийм шийдвэр гаргасан.
Тиймээс би наадмын сорилго барилдаанд бөхийн хорхойтнуудаа, нутгийнхаа арсланг (Ш.Ванчинхүү) хүндлээд сайхан зодоглоё гэж бодсон юм. Барилдааны өмнөх өдөр цахимаар бүртгүүлсэн, маргааш нь Бөхийн өргөөнд очтол зарим бөх эсэргүүцлээ. Шүүх, МҮБХ-ны шийдвэрийг хүндэтгэн, биднийг зөвөөр ойлгоосой гэж бөхчүүдээсээ хүсье.
-Та бүхнийг наадмын сорилгод барилдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гээд МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав, Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр нарыг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон гэж дуулсан.
-Хаана хаанаа л хууль, дүрмээ биелүүлэх учиртай болов уу. МҮБХ-ныхны хувьд биднийг наадмын сорилгод барилдуулахаар бүртгэсэн. Яалт ч үгүй зарим бөх эсэргүүцэн, үл ойлголцсон болохоор тэдэнд ч бас шийдвэр гаргах амаргүй байсан болов уу. Надад ч хэцүү байсан. Нутгийнхаа арслангийн барилдааныг хүндэтгэн зодоглох гэтэл тийм асуудал үүсээд, эвгүй байдалд орсон.
Тухайн барилдаанд бүртгүүлсэн Ховдын хамгийн том цолтой бөх нь би байсан юм шүү дээ. Гэтэл намайг тийм байдалд орохыг харах манай нутгийнханд хэцүү байсан болов уу. Намайг барилдаанаас хассан шийдвэрийг Ховдын бөхчүүд эсэргүүцээд зодоглоогүй.
-Сэргээш хэрэглэсний улмаас барилдах эрхээ хасуулсан, цолоо хураалгасан цөөнгүй бөх бий. Тэд та бүхэнтэй барьцан, шийтгэлийнх нь хугацаа дуусахаас өмнө эрхээ сэргээлгэх гэж эрх бүхий байгууллагад хандвал яах вэ гэдэг асуулт гарах нь.
-Наадмын болон наадмын бусад үед сэргээшийн шинжилгээ авах өөр. Юугаараа өөр гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс сайн мэднэ. Бид тав наадмын бус үеэр авсан шинжилгээнд бүдэрсэн. Биеийн тамир, спортын тухай хуулийн хоёрдугаар зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэс ний хяналт-1” төсөл хэрэгжүүлж байгаа. Эл төслийн хүрээнд 2017 оны арванхоёр, өнгөрсөн жилийн нэг, хоёрдугаар сард спортын 16 төрлийн 198 тамирчнаас сэргээшийн шинжилгээ авсан юм.
Үүнд үндэсний бөхийн 43 тамирчин хамрагдсан. Наадмаас бусад үед бөхчүүдээс анх удаа сэргээшийн шинжилгээ авсан нь тэр. Түүнээс хойш дахиж аваагүй нь харамсалтай. Ийм шударга бус зүйл байж болохгүй. Улсын наадамд шөвгөрсөн 16 бөх Ерөнхийлөгчийн зарлигаар цол, чимэг авдаг. Тэднээс сэргээшийн шинжилгээ авах хуулийн заалттай. Ямар нэгэн зөрчил илэрвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар шийддэг. Биднээс наадмын бусад үед авсан болохоор тийм биш, зөвхөн МҮБХ-ны асуудал.
Тиймээс бид бөхчүүдийн эрхийг зөрчсөн МБҮХ-г шүүхэд өгсөн юм. Тухайн үед судлахад Л.Чинбатын удирдсан МҮБХ хүчин төгөлдөр байсан. Тэгэхэд Баянзүрх дүүргийн шүүхээс бидний барилдах эрхийг сэргээн, аль ч наадамд зодоглохыг зөвшөөрсөн юм. Өнгөрсөн жил наадмын өмнө гарсан шийдвэр шүү дээ, уг нь. Түүнээс хойш бид хүлээцтэй хандсаар өдий хүрсэн.
-Б.Бат-Эрдэнэ аваргад бичсэн та тавын захидлаас харахад эхэндээ Л.Чинбатын тэргүүлж буй МҮБХ-нд хандан, эвлэрлийн гэрээ байгуулсан юм шиг байна лээ. Тэгсэн мөртлөө яагаад Б.Бат-Эрдэнэ аваргын удирдаж буйд нь өргөдөл гаргасан юм бэ?
-Одоогоор Б.Бат-Эрдэнэ аваргын удирдаж буй МҮБХ үйл ажиллагаа идэвхтэй явуулж, барилдаан зохион байгуулж байгаа. Тиймээс бид тэдэнд өргөдөл гарган, Монголынхоо ард түмнээс уучлалт гуйсан юм.
-Тамирчин хүн янз бүрийн шалтгаанаар, зарим нь санамсар болгоомжгүйгээс сэргээш хэрэглэдэг. Та ер нь санаатай хэрэглэсэн үү, эсвэл...
-Юу гэж тэгэх вэ. Би улсын заан цолтой, Төрийн наадамд гурван удаа шөвгөрсөн. Тухай бүрт нь сэргээшийн шинжилгээнд хамрагдсан. Элдэв бодис хэрэглэх ямар ч шалтгаан, шаардлага надад байхгүй. Бөхчүүд жил жилийн дөрөв, тавдугаар сараас наадмын бэлтгэлдээ гардаг.
Бусад үед нутаг руугаа явж, бэлтгэлээ цалгардуулдаг тал бий. Би хүнд бэртэн, түүнийгээ эмчлэхийн тулд хэдэн төрлийн эм уусан юм. Тэгж эмчлүүлж байх үеийн өвчтөний түүх надад бий. Тэнд бүх зүйл дэлгэрэнгүй, тодорхой байгаа. Бэртсэн үедээ спортын мэргэжлийн эмчид хандаж, эмчлүүлж, зөвлөгөө авч байгаарай гэж бөхчүүддээ захья.
-Бөхчүүдийг сэргээш хэрэглэдэг гэж хардаж, шүүмжлэх нь олон. Та түүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Бүх бөхийг тэгж хардан, хөдөлмөр, амжилтыг нь үгүйсгэж болохгүй. Хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөн, зүтгэсэн хүн л амжилтад хүрдэг. Хэн илүү хөдөлмөрлөнө, тэр л том цол хүртэнэ. Эцэг, эхээс өвлөсөн бяр тэнхээ, авьяас гэж бий.
-Та бүхний хүч сорих эрхийг сэргээхээс өмнө Ө.Бат-Орших гарьд “Увс нуур” галын 20 жилийн ойд, улсын начин Э.Даш Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаанд зодоглосон. Та ер нь ямар нэгэн барилдаанд хүч сорьсон уу?
-Бараг барилдаагүй. Бэлтгэлээ тууштай хийн, формоо хадгалсаар өдий хүрсэн. Жаргалант хайрхны тахилга наадам манай нутагт тавдугаар сард болсон. Улсын заан Ч.Батзориг ах зохион байгуулсан тус наадамд нутаг усаа, нутгийн олноо хүндлээд барилдсан.
-Та дөрвийг улсын наадамд барилдуулбал зодоглохгүйгээ Ч.Санжаадамба аварга тэргүүтэй бөхчүүд илэрхийлсэн. Үнэхээр тийм юм болбол, наадмын үеэр бөхчүүд эсэргүүцэн, маргаан гарвал яах вэ?
-Юу юунаас илүү Баяр наадмын комисс, Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэрийг хүлээж байна. Тэд ямар ч шийдвэр гаргасан бид хүндэлж, биелүүлэх учиртай. Хэрвээ барилдуулахыг зөвшөөрвөл улсын наадамд зодоглоно. Наадмын үеэр аль болох маргаан гаргахгүйг хичээнэ.
Үүсээд буй нөхцөл байдал, үнэн мөнийг Ч.Санжаадамба аварга сүүлд ойлгосон байх. Надтай л адил үндэсний бөхийн буянаар амьдарч яваа хүн шүү дээ. Аварга хүн тавиухан бодолтой, алсын хараатай байх хэрэгтэй. Би улсын наадамд барилдлаа гээд Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээ даахгүй гэх биш. Шүүхийн болон МҮБХ-ны шийдвэрийг бөхчүүд дагаасай, хүндлээсэй.
-Та наадмын бэлтгэлээ нутгийнхаа бөхчүүдтэй хамт хийж байгаа юу?
-Тийм ээ, Сүүжид базааж байгаа. Тодорхой шийдвэр гараагүй, нэг бол барилд, эсвэл боль гээд л ацан шалаанд орчихоод сууж байна. Бид амжилт гаргах, гэр бүлээ тэжээхийн төлөө л ингэж хөдөлмөрлөж яваа. Бидний хөдөлмөрийг үнэлээсэй. Барилдах бол миний ажил. Би зодоглож байж л гэр бүлээ тэжээнэ, амьдралаа дээшлүүлнэ. Миний ард гэр бүлийнхэн минь, “Нью прогресс” групп, хилийн 0208 дугаар тусгай салбар, “Лидер буянт холдинг” компанийн хамт олон бий.
Тамирчин хүний амьдрал ийм л байдаг. Хүмүүс авах гээхийн ухаанаар хандах байх. Хэрвээ энэ жил улсын наадамд барилдвал цолоо ахиулж, наадамчин олноо баясгахын төлөө зүтгэнэ. “Өнөөдөр” сониноор дамжуулан Монголынхоо ард түмнээс уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу.